Акул ба жижиг загаснууд

Сүүлийн үед ХКН-ын зүгээс дорнын онцлогтой хөгжлийн загварын талаар ихээхэн сурталчлах болжээ. Энэ ямар загвар вэ? Тэд хэлж байна. Хэрэв бид Европчуудын заасныг ягштал хэрэгжүүлээд явсан бол Африк л болох байсан. Харин Ази ондоо байгаа биз дээ?...

Хамгийн энгийн жишээнээс эхэлье. Монголд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар 20 жил ярьж, яриад зогсохгүй ажил хэрэг болгохоор чамгүй ажил хийсэн ч  өнөөдрийг хүртэл амжилт олоогүй байна. Мао Зэдун соёлын хувьсгалын үед Английг ган хайлуулалтаар гүйцэхийн тулд айл бүр хашаандаа ширэм хайлуулах зуух байгуулсантай адил “субботник”. Хожим Дэн Сяопин үүнийг шүүмжилжээ. Хэрэв тэр их ганг ашиглах үйлдвэр байхгүй бол асар их хэмжээний чанар муутай ширэм хэнд ч хэрэггүй зарлага болж байгаль орчин, хүн амын орлогын өөртөө шингээгээд эдийн засгийг нь сүйтгэчихэж байгаа юм.

Коммунист нийгэм зах зээлийн нийгмийн ялгаа нь зах зээлийн нийгэм борлуулалтандаа анхаарч өөрөөр хэлбэл эрэлтэнд тохирсон бүтээгдэхүүн л үйлдвэрлэдэг бол коммунист нийгэмд алдагдалтай ч байсан үйлдвэрлэлийн  хэмжээг тоон утгаар нь өсгөхөд анхаарч байсан юм. Үйлдвэрлээд л байвал хөгжөөд байна гэж хялбар ойлгодог байж. Гэтэл жишээ нь Монгол Улс малынхаа түүхий эдийн бүрэн боловсруулаад, эцсийн бүтээгдэхүүн хийгээд гаргаж байсан ч ЗХУ дэлхийн зах зээлийн үнээс бага үнээр авч алдагдалд оруулах ба зөрүүг нь зээл тусламжаар нөхсөнөөр Монголын эдийн засаг асар ашиггүй, үрэлгэн систем болж, эцэст нь 11,4 тэрбум ам.долларын өрөнд оржээ.  

Гэтэл өнөөдөр Азийн орнуудын хөгжлийн онцлог нь өндөр хөгжсөн, технологи сайтай жижиг дунд үйлдвэр. Р.Рейганы засаг захиргааны үед хямралаас гарахын тулд жижиг дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлсэн нь эдийн засгийн амжилт авчирсныг бүр 1990-ээд оны эхээр ярьдаг байсан. Тэгээд ханцуй шамлаад дайрсан авч энэ чиглэлийн асар олон төсөл, хөтөлбөр бүгд нуран уналаа. Эцсийн дүгнэлт нь “жижиг дунд үйлдвэрлэл бие даан хөгжих чадваргүй юм байна” гэдгийг ойлговол ойлгохоор болсон ч өнөөдөр жил бүр 30 тэрбум төгрөг төсөвлөн салхинд хийсгэсээр байна. Маргагчид нь Тайваний жижиг үйлдвэрлэгчид компьютерийн чип үйлдвэрлээд баяжиж байна гэлцэнэ. Харин тэр чипийг захиалагчид нь ‘’Dell’’, “Apple”, “HP” зэрэг компьютерийн томоохон үйлдвэрлэгчид юм.

Жижиг дунд үйлдвэр яаж хөгждөг вэ? Том үйлдвэрүүдээ л дагаж хөгждөг ажээ. Яг акулыг дагаж хооллодог жижиг загас шиг. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрүүд томоохон зах зээлд бие даан өрсөлдөх чадваргүй юм, харин том компаниудын захиалгыг хийх замаар оршин тогтнож чадна.

2008 оны эхээр Засгийн газраас зохиомлоор эхлүүлсэн эдийн засгийн хямралд Монголын жижиг аж ахуйн нэгжүүд хамгийн их өртөн сүйдсэн. Зөвхөн Дархан-Уулд оны эхний хагаст 850 орчим аж ахуйн нэгж дампуурсан ба улсын хэмжээнд хэдэн мянгаар тоологдож байв. Яагаад? Яагаад гэвэл хямралд том аж ахуйн нэгжүүд өртөж, захиалгаа багасгахад тэд сүйрч байна. 

Гэтэл Япон, Солонгос Азийн бусад орнуудад жижиг дунд үйлдвэрүүд яагаад хиартчихгүй тэсээд байна гэвэл том компаниудын захиалгыг хийж байна. Жишээ нь Японы олон мянган жижиг үйлдвэр “Тоёота”-гийн захиалгыг хийж амьдардаг. Зөвхөн боолт хийдэг, зөвхөн салхины шил л хийдэг, хаалганы бариул хийдэг гэх мэт нэг машины шүйлдвэрийг дагасан олон мянган үйлдвэрлэгчид оршин тогтнож байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эдийн засгийн шилжилт хийж буй хуучин посткоммунист орнуудын адил олигополь зах зээлийн харилцаа бодат байдал болон тогтчихжээ. Бид яаж ч муулаад, яаж ч шүүмжлээд байгаа байдал маань л энэ. Яагаад гэвэл улсын монополь үйлдвэрүүдийг задлан хувьчилахад л олигополь зах зээл үүснэ. Өмнөх өгүүлэлдээ дурдаж байсан. Олигархууд амжилт олсон шалтгаан нь хуучин хоцрогдсон үйлдвэрүүдийг авсан биш, харин тэр үйлдвэрүүдийнх нь зах зээлийг авсанд байна гэж.

Өнөөдөр том жижиг үйлдвэрүүдийн хөдөлмөрийн хуваарь зах зээл нэгэнт бий болжээ. Томоохон барилгын компани газраа аваад, банкнаас томоохон зээл аваад гүйцэтгэгч компаниудаар барилгаа бариулж байна. Өрлөг, цутгалтаас эхлээд засал, чимэглэл хүртэл жижиг бригадууд гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх ба захиалагч хүлээн аваад зах зээлд борлуулалтаа хийж байна. Ердийн жишгээр бол үйлдвэрлэлийн эцсийн үр дүн борлуулалтад чиглэх агаад нийт зардлын 40 орчим хувь дан ганц рекламанд зарцуулагддаг. Ийм зардлыг жижиг үйлдвэрлэгчид даахгүй юм.

Бас нэгэн жишээ нь “Ухаа худаг-Нарийн сухайтын” засмал зам юм. “Энержи ресурс” компани томоохон хөрөнгө оруулалтаар Ухаа худгийн ордыг ашиглаж байгаа ба тэд замын компани байгуулах ямар ч шаардлагагүй юм. Харин зах зээлд байгаа замын компаниудад захиалга өгч, шалгаруулан ажиллаж байна. Үүний үр дүнд Монголчууд хэнд ч үл гологдох хүнд даацын автомашины 300 шахам километр замыг замыг үндсэндээ ганцхан жилд бие даагаад тавьчихаж байна. Муу жишээ ч дурдая л даа. Эрдэнэт бол шахааны бизнесийн ганц цэцэг гэдэг. Үнэндээ том “Эрдэнэт” байж байж жижиг дунд шахааны бизнес цэцэглэж байна гэсэн үг шүү дээ. Улстөрөөс салгаад харвал ийм л аж ахуйн харилцаа.

Энэ юуг харуулж байна вэ? Юуны өмнө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжие гэвэл тэдэнд захиалга өгдөг цөөн том компаниудыг дэмжинэ гэсэн үг ажээ. Шуудхан хэлэхэд нөгөө муу хэлээд байгаа олигархуудаа дэмж гэсэн үг.

Азийн орнуудын туршлагыг харвал яг ийм систем байна. Бүхэлд нь тоймловол улсын хэмжээний томоохон компаниудыг бүх хүчээрээ дэмжиж байна. Том компаниуд нь босмогцоо дагалдах ажлын захиалгыг жижиг, дунд компаниудад өгч байна.

30 тэрбумын шоу


Өнөөдөр УИХ төсвөөс хэрэлдэж хэрэлдэж өгдөг 30 тэрбум төгрөгийн жижиг дунд үйлдвэрийн зээл эцсийн дүндээ хэнд ч хэрэггүй шахам хий хоосон хөрөнгө оруулалт болж байна. Гэтэл төсвийн энэ өглөг нь эргээд банкуудын зээлийг эрсдэлтэй нөхцөлд оруулчихаж байна. Учир нь үйлдвэрлэл эрхлэгчид банкны зээлийг бус төрийн зээлийг сонирхож эхэлж байгаа юм. Төр зээлийг шууд олгож чадахгүй учраас банкуудаар дамжуулна. Хэрэв банкуудаар дамжуулахгүй бол төр зээлээ эргүүлэн төлүүлж чадахгүй гэдгийг 10 жилийн өмнө асар их мөнгө салхинд хийсгэж байж ойлгосон. Гэвч зээлийг банкаар дамжуулахад банкууд өөрийн зээлийг өгөх сонирхолтой учраас төрийн зээлд зохиомол саад тотгор учруулж эхэлжээ. Төрийн энэ зээл нь эргээд санхүүгийн зах зээлд зохиомол орчин үүсгэснээс банк санхүүгийн байгууллагуудаа нэрвэж сүйтгэх нэг хүчин зүйл болж байна.

Харин үүнээс 10 дахин их, урт хугацаатай зээлийг банкууд том компанид олгож чадвал санхүүгийн салбар найдвартай зээллэгэд тулгуурлан босохын дээр банкны салбарийн эрсдэл эрс буурч байгаа юм. Тэр их хэмжээтэй, урт хугацаатай, бага хүүтэй зээлээр хөрөнгө оруулалт хийж, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дайчилбал үй олон ажлын байр бий болгож чадна. “Оюу толгой” компани л гэхэд 10 000 мянган ажлын байр бий болгоно, үүнээс 6 000 ажлыг байрыг ийм байдлаар өөрөөр хэлбэл захиалга өгөх байдлаар бий болгоно гэж тайлбарлаад байхад манай улстөрчид “Үгүй ээ, 10 000 монголыг аваачаад, концлагер ч болов байгуулаад, хүрз бариулаад газар ухуул, тэгээд сая төгрөгийн цалин өг, тэгвэл би очоод тэр газрыг чинь ухаад өгье” гэж зүтгээд байгаа юм. Энэ бол сэтгэлгээний ялгаа.

Олон хүн санаж байгаа бол 1998 оны Азийн эдийн засгийн хямралын үед БНСУ-ын Засгийн газар “Самсунг” группэд 54 сая ам.долларын зээл олгож байсан. Түүнээс жижиг дунд үйлдвэрүүд рүүгээ цацаагүй юм. Гэтэл Монгол банк зах зээлээс 970 тэрбум татаж олон мянган жижиг дунд үйлдвэр сүйтгэчихээд хариуд нь 30 тэрбумыг өгч гялайлгаж байгаа юм. 30 тэрбумын зээлийг яг үнэндээ эрх мэдэлтнээр дамжуулан 30 хүн л авчихаж байгаа шүү дээ. Яг юу хийхээ мэдэхгүй байж.

Авдаг ийм гэхэд өгдөг нь яадаг билээ. 30 тэрбумын зээлийг олгохын тулд наад зах нь жижиг дунд үйлдвэрийн газар гэгчийг байгуулаад УИХ-ын гишүүн асан хүнээр удирдуулсан ба яам бүрт энэ зээлийг олгох хэлтэс, зээлийн хэрэгжилтийг хянах албад, орон нутаг дахь төлөөлөгчид, дээр нь банкуудад бий болж буй орон тоо, зардлыг тооцвол 30 тэрбумыг тарааснаасаа эс юм болж, их зардал гарч байгаа шүү дээ. Иймэрхүү буруу тогтолцоо л 100 орчим мянган албан хаагч байхад болчих төрийн албыг өнөөдөр 165 мянган албан хаагчтай болгож байна.

Гэтэл Өмнөд Солонгосын долоон том корпораци, түүнийг санхүүжүүлэгч цөөн том банк, Японы том компаниуд ба томоохон банкуудын найдвартай харилцаа улсынх нь эдийн засгийн өөд нь татаж байна. Тэдний санхүүгийн харилцаа зээлийн нөхцлийг эрс сайжруулдаг бөгөөд энэ нөхцөл нь эргээд жижиг дунд үйлдвэрлэгчдэд таатай орчин бий болгодогт асуудлын бас нэг нууц сайн тал бий. Улсаас жижиг, дунд үйлдвэрийн хэрэгт оролцох хэрэггүй тул ачаа нь илт хөнгөрч байгаа билээ. Гэтэл манай Ерөнхий сайд 30 тэрбумаа хоосон рекламдахын тулд үнээний ферм хэсэж явдаг ажилтай шүү дээ.

Дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих нь


Хэдийгээр алдаж оносоор удсан ч Монголд том банк, том группууд чадлаараа нэгэнт бий болсон байна. Одоо тэдэнд бодлогын хувьд ганцхан дэмжлэг хэрэгтэй  харагдаад байна. Ганцхан гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хуулийг цуцлахад л болно. Өмнө нь Монгол гадаадын хөрөнгө оруулалтад дулдуйдахыг хичээж ирсэн. Харин өнөөдөр үндэсний компаниуд гадаадынхнаас дутахгүй хэмжээний дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болсон байна. Тэр ч байтугай тэрбумаар нь хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож чадаж байна. Зуун зуун саяар нь гадны банкуудаас зээл авч чадаж байна. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хуулийн заалтууд нь дотоодын компаниуддаа тэгш бус нөхцөл тулгачихдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай л бол жишээ нь Хятадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлэхэд эхний 3 жил 100 хувь, дараагийн 3 жил 50 хувь татвараас чөлөөлөгдчихөж байгаа юм. Үйл ажиллагаа жигдрээд эхэлэхэд л татварын ачаалал үүсэх тул татваргүй нөхцөлд ажиллаж байгаа хэр нь ашигтай компаниа дампууруулах, эсвэл үйлдвэрээ өөр компанид худалдаж буй маягаар дахин шинэ компани байгуулах замаар гадныхан татвараас үүрд зугтаах нөхцөл бүрдчихээд байна. Тэд ийм маягаар Монголын баялгийг, мөн дотоод хуримтлалыг тоночихож байна.

Гэхдээ Монголчууд бас тэнэг биш. Хуулийн энэ цоорхойг ашиглан гадаадад компани бүртгүүлээд тэр компани нь хөрөнгө оруулалт хийсэн маягаар татвараас бултаж байна. Жишээ нь Ховд дахь Хөшөөтийн уурхайг эзэмшигч Хонгконгод бүртгэлтэй компани нь Монголын компани гэж сонссон. Зүгээр л гадаадынхантай татварын ижил нөхцөл олж авахын тулд тэнд нь компани байгуулаад бүртгүүлчихэж байгаа юм.

Жижиг таван толгойн эзэн УИХ-ын гишүүн ”Ажнай” Бат-Эрдэнэ эх оронч санаачлагаасаа болоод балрах шахсан түүх ч бий. Нүүрс зөөдөг компаниа дотооддоо байгуулж, Монголчуудыг ажилтай болгох гэж оролдсоныхоо шанд эхнэрээ шоронд илгээчих дөхжээ. Яагаад гэвэл Монголын компанийн оруулж ирж байгаа хүнд даацын автомашинаас нь татвар нэхээд олон тэрбумын татварын асуудалтай орооцолджээ. Гэтэл бусад нь яадаг вэ гэхээр бичиг үсэгтэй эсэх нь ч тодорхойгүй өвөрлөгч голдуу нөхрийн нэр дээр Хятадад компани байгуулаад нүүрс зөөхдөө “гадны” компани болоод явчихаар татвараас чөлөөлөгдчихөж байгаа юм.

Тиймээс өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарч байна. Нэг бол заалтаа хүчингүй болгох, эсбөгөөс дотоодын хөрөнгө оруулагчдын гаргаж чадах хэмжээний хөрөнгө оруулалтын дээд хэмжээг тооцоод энэ үзүүлэлтээс дээш хэмжээтэй хөрөнгө оруулалт хийвэл л татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж зааж болно. Тэгэхгүй бол манай үндэсний компаниуд өөрийн нутаг дээрээ гадаадынхантай өрсөлдөхдөө санаачлагаа гадныханд алдах хэмжээнд хүрээд байгаа билээ.  

Жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих нь

БНСУ-д 20 сая юоноос доош эргэлттэй жижиг үйлдвэрүүдийг татвараас шууд чөлөөлж байгаа ба улс зөвхөн бүртгээд л явж байна. Өөрөөр хэлбэл амиа аваад явж байгаад нь төр нь “баярлалаа” гээд урамшуулж байна. Гэтэл Монголд ямар билээ. Нэг жижиг ТҮЦ-ийг л гэхэд хороон даргаас эхлээд татвар, цагдаа, хяналтынхан нийлээд 45 түшмэл дарамтлан авилга авах бололцоотой байна. Ийм нөхцөлд жижиг бизнес эрхлэгч амиа авч, ар гэрээ тэжээх биш төрийн албан хаагчдыг тэжээсээр байгаад дуусч байгаа юм.  Ийм нөхцөлд наад зах нь төр жижиг бизнес эрхлэгчдээ “Төрийн түшмэлүүдийн гэмт халдлагаас хамгаалах” ёстой юм. Ингэх боломж нь төгрөг воны ханш 1:1 байгаа нөхцөлд БНСУ-ын жишгийг дагаад 20 саяас доош төгрөгийн эргэлттэй жижиг компаниудиас татвар авахгүй, мөн төрийн албан хаагчид жижиг үйлдвэрлэгчид дээр очиж дарамталбал арга хэмжээ авах заалт оруулчихаж болно.

Татварын энэ хөнгөлөлт нь төсвөөс 30 тэрбумыг тарааснаас хамаагүй илүү үр дүнтэй үйлчилнэ. Бид л чөлөөт зах зээлтэй орон гэж боддогоос бус Азийн орнууд бол голдуу төрөөс дэмжлэгтэй олигополь зах зээл дээр тогтдог юм. Хятадууд Европын чөлөөт өрсөлдөөний зарчмаар замнасан улсууд хөгжихгүй байгааг шүүмжлэхдээ  ийм үндэслэл гаргаж байна. Европын эдийн засаг, санхүүгийн орчин, шинээр хөгжиж буй улсуудын орчин хоёр шал өөр байгаа учраас Европын хуулбарласан улсууд хий эргэчихээд байгаа нь ил болжээ. Бид ч гэсэн хий эргэгчдийн нэг биш гэж үү? Дэлхийн банк, ОУВС-ийн зөвлөгөө нэг л биш, 20 жил гацаачихаад байгаа учраас сүүлийн жилүүдэд манай сангийн яам тэдэнтэй илэрхий зөрчилддөг болоод байна. Анх М.Энхсайханы Засгийн газрын үед зөрчилдсөн, дараа нь О.Чулуунбат Монгол банкны Ерөнхийлөгч байхдаа зөрчилдсөн, өнөөдөр нөгөө гадныхан чинь манай төсвийг шүүмжилсээр л байна. Уг нь хүлээж авмаар л байна, даанч тэдний зааснаар яваад өнөөдөр бид юу олов?

Ази загварын гол нь олигополь эдийн засаг, тэдэнд үзүүлдэг төрийн хүчтэй дэмжлэг, эдийн засгийг цөөн том компаниудад даатгахад оршиж байна. Дээрээс нь эдийн засгийн нээлттэй орчин, мөн хөгжингүй орнуудын зах зээлийн нээлгэж чадсан нь хожиж байна. Эхнийх нь Азийн хөгжингүй орнуудад хангалттай бий, харин сүүлийн хоёр нь манайд бий. Наад зах нь Монголын үйлдвэрүүд 7200 нэр төрлийн барааг Европын зэх зээлд татварын хөнгөлөлттэй нөхцлөөр экспортлох боломж нээлттэй байгаа юм.

Өнөөдөр бид олигопольчлолоос айх хэрэг байна уу, айлаа гээд бодат байдал болчихоод байхад яах ч юм. Харин Азийнхны зангаар муу талаа давуу тал болгох ухаантай байвал болж байна. Ази загвар нь илүү дээр юм биш үү? Азийн хоёр загвар байна. Маш ойлгомжтойгоор товчилоход улстөрийнхөн таалагдаагүй  санхүүгийнхнийгээ бариад хорьчихдог байх уу, санхүүгийнхэн нь таалагдаагүй улстөрчдөө зайлуулчихдаг байх уу гэж. Хятадууд болон стануудын авторитар дарангуйлагчид нь улстөрийн хязгааргүй эрх мэдлээр бүхнийг зохицуулах гэж оролдож байна, харин бусад хөгжингүй орнууд барууд нь санхүүгийнхний эрх мэдлээр дамжуулж улсаа хөгжүүлж байна. Монгол бол тун саяхнаас хоёр дахь замаар нь эргэлт буцалтгүй орж байна уу гэж дүгнээд байгаагаа энд дахин давтая.