”Бид иргэншсэн үү?” гэдэг мухар асуулт тулгалаа гэж бүү бод! Байхгүй учраас л энэ асуудлыг зориглон хөндөх гэж байна. “Яагаад байхгүй гэж?” гэж Та асуу! Нөгөөх “нүүдлийн соёл иргэншил” гэдэг чинь хаачсан бэ гэж Та лав асуулт урсгана. Түүнийг би ойлгож байна. Харин яагаад сөргүүлэх болсон тухайд дараахийг уншиж тунгаана уу.

Иргэншил гэдэг нь ёс суртахуун, шашин, боловсрол, урлаг, гүн ухаан, технологи, материаллаг баялаг болон магадгүй бусад олон  зүйлийн дээд түвшин дэх  хольц нийлэмж юм. Дээрхи бүрдэлүүд заавал нэгэн зэрэг бүрдэх албагүй, бас нэгэн зэрэг өөрчлөгдөх албагүй. Иргэншил үүсэхийн босгон дээр ард түмэн ихэвчлэн эрчимтэй, эрч хүчтэй, хэрцгий, хөдөлгөөнтэй, нягтарсан байдаг. Харьцангуйгаар иргэншээгүй үедээ тэд тийм байна. Энэ бол Их Монголын эзэнт гүрний дунд үе хүртлэх түүхэн үнэн.

Иргэншлийн хөгжлийн түүхэнд иргэншилт байдал хамгийн ихээр унасан тэр мөчийг эрдэмтэд зовлонгүй тодорхойлсоор иржээ. Иргэншил хөгжих явцдаа мандан бадрах болон унах тийм схемийг томъёолж болох уу гэсэн асуулт залгаж байна. Тэгвэл Монгол руу татаж авчирбал түүхэндээ Монголд иргэншил төлөвшин алдан явсаар, харин тэр “нүүдлийн” гэх иргэншил байдаггүй хэмээн дэлхийн томхон түүхчид үзсэн байх юм. Огт байгаагүй юмыг шарын шашин үүсгэсэн байж болох нэг хувилбар бий. Учир нь энэ шашин Монголд хүчтэй нэвтэрснээс сүм хийд тойрсон хот суурин үүсч төлөвшиж, тэнд амьдрал буцалсан байх юм. Шарын шашнаар сууриа хийсэн ёс суртахуун, боловсрол, урлаг, гүн ухаан, технологи, материаллаг баялаг, онцлог төрх нь монголчуудад XIX зууны сүүлч гэхэд гайгүй төлөвшсөн. Энэ бол “Монгол иргэншлийн” эхний мөчлөг нь болов уу. Түүнийг нь ХХ зууны 1930-1950-иад онд хүчтэй нурааж, оросын (хагас европын) иргэншлийг хүчээр суулгаж өгсөн ба чухам 1960-аад оноос хагас европ иргэншлийн наад захын элеменүүд бүрдэж эхэлжээ. Харин үлэмж өндөр түвшинд хүртлээ иргэншээгүй явж байгаад 1990-ээд он хүрсэн дараагийн мөчлөг байна. Гэвч дөнгөж төлөвшин байсан иргэншилдээ  модернизац хийх талаар бид олигтой ажиллаагүй. Иргэншлийн дотор орж ирээд төөрчихсөн. Зөвлөлтөөс бүх юм шууд орж ирсэн, өөрсдөө бүтээсэн нь өчүүхэн.

Тэгвэл манай өмнө этгээдэд буй Хятадын иргэншил ХХ зууны иргэний дайн, коммунист хувьсгалын балгаар хэсэг дампуурч, гацаж зогссон. 1980-аад он гэхэд иргэншлийн олон элементээр  бид хятадуудыг ардаа орхисон байсан ба энэ нь наад захын ахуйн соёл дээр харагдаж байв. Гэхдээ өрнийнхөн ба лалынхнаас хятадын угсаатны бүх нийгмийг нь ялгаж салгаж байдаг соёлын тэр онцлог төрх нь цаанаа бат бэх үлдсэн байв.

Тухайн иргэншил хувьсан өөрчлөгдөхийн хэрээр илүү “суурьшмал” болж,  мэдлэг, техникийн дадал нь илүү иргэншсэн болдог. Энэ бол манайхнаар нөгөө социализмын материал-техникийн бааз байгуулах их бүтээн байгуулалтын “алтан үе” юм. Тэр үед манай урлаг, уран зохиол, ахуй, үзэл суртал, дэглэм  цэцэглэж, цэрэг, эдийн засаг, улс төрийн боломжууд дээд цэгтээ тулсан. Иргэншлийн хувьд уруудаж эхлэх мөчлөг 1990-ээд онд тохиож, тэр уруудалт зогсоогүй байна. Энэ үеийн Монголын онцлог нь иргэншсэн байдлын түвшин нь доошилж, иргэншсэн байдлын хувьд өөрсдөөс нь илүү доогуур боловч өсч өндийж буй тийм иргэншлийн дайралтад өртөж байна. Монголд хөлхөлдөх ажилчин барлаг хятадуудаар үүнийг жишээлж болж байна. Хятадын жинхэнэ иргэншлийн гүнээс манайх руу бараг довтлохгүй болов уу. Учир нь бид эндээ нэг хэсэг түргэн өндийхгүй. Мөхөж яваа иргэншил, улс үндэстэн дуу хуур, урлаг уран сайхандаа живдэг гэх бас нэгэн онол өнөөгийн Монголыг хатгаад авах шиг. Хэрэв урлаг уран сайхан нь цэцэглэж л байвал цаанаа “но”-той гэж иргэншлийн онолд тэгж заадаг.  

Ер нь 1990-ээд оны үед олон улсын харилцаанд  “Жинхэнэ хаосын”  зарчим үйлчилж байсны тусгал нь манайхны иргэншлийн тэр доройтол юм. Үнэндээ дэлхий даяараа хууль ёс, дэг журмыг үл хайхран, улс орнууд дампуурч бутран, дэлхийн олон хэсэгт анархи байдал газар авч, дэлхий даяар гэмт хэрэг,  үндэстэн дамнасан мафи, хар тамхины картел цэцэглэж, олон оронд хар тамхинд донтох явдал ихсэж, гэр бүл суларч, итгэлцэл болон нийгмийн эв нэгдэл унаж, олон улс орон угсаатан, шашин, иргэншлийн хүчирхийлэлд нэрвэгдэн, зэвсэгт хүчнээр (нударга, хүчтэний хууль) маргааныг шийдвэрлэх явдал дэлхийд хязгааргүй тархсан нь нууц биш. Москва, Рио де Жанейро, Бангкок, Шанхай, Лондон, Ром, Варшав, Токио, Йоханнесбург, Дели, Карачи, Богота, Вашингтон гээд дэлхийн бараг бүх хотод гэмт хэрэг эрчтэй өсч, иргэншлийн хамгийн наад захын элементүүд устсаны тусгал нь алслагдсан бөглүүд Улаанбаатар байсан гэдэгтэй хүмүүс эвлэрэх биз.

Дэлхий даяархи эмх замбраагүй байдлын уршгаар олон иргэншил олон тохиолдолд варваризмын цохилтод өртөн ухарч, өмнө нь ер  тохиолдож байгаагүй гоц үзэгдэл – глобал харанхуй зуун руу шилжлээ гэх дүгнэлт ч  түгээмэл байна. Яг ийм цохилтын бай болж буй иргэншил бол манайхны хагас дутуу холбогдоод авсан оросын хагас европжсон иргэншил бөгөөд Москвагаар хөгжлийн баримжаа, дэлхийн гарцаа хийж ирсний хувьд бид хүнд цохилт давхар амсаад сэхэж амжаагүй байна.

Иргэншилтэй болох монголчуудын олон удаагийн оролдлогууд талаар болж байна. Анх шарын шашнаа цэцэглүүлэх гэж чөлөөтэй тавьснаар буддын иргэншил Тайланд, Камбожийн дайны байг ээ гэхэд ядаж Бутан шиг төлөвшин тогтсонгүй.  Лам, сүм хийдийн тоо механикаар өсч, шашны элдэв зан үйл газар авсан. Үр дүн нийгэм-эдийн засаг, ёс суртахуун дээрээ байхгүй. Иргэншлийн бүрдэлүүд заавал нэгэн зэрэг бүрдэх албагүй, бас нэгэн зэрэг өөрчлөгдөх албагүйг энэ нь нотлов.

Рок-поп, кола пепсийг шүтсэн өрийнхний иргэншил наашаа хүчтэй нэвтрээд монголчууд өрнөжихнө үү гэтэл бас бүрдэлүүд нь алаг цоог, хэлбэр ахуй давамгайлсан, харин ёс суртахуун, сэтгэхүй рүү нэвтэрсэнгүй. Эзэн Чингисээ мандуулаад эзэнт гүрний үе рүүгээ эргэж орох нь гэлтэй хэсэг манаргаад урлагийн бүтээлээс хальсангүй. Найр наадмаа ёс жаягийн дагуу хийдэг болсон гэдгээс цаашаа нийгэм-эдийн засаг, ёс суртахуун дээр туссан ашиг тус гарсангүй. Иргэншсэн байдлын түвшин нь доошилж, иргэншсэн байдлын хувьд өөрсдөөс нь илүү доогуур боловч өсч өндийж буй тийм иргэншлийн дайралтад өртөж, Монголоор дүүрэн хөлхөлдөх барлаг хятадууд, Эрээнээс зогсоо зайгүй хийгдэж буй хангалт зэргээр хятадын иргэншлийн варваризмын хайчинд хяргуулсан мэт.

Монголын нийгмийн бүтцээр авч үзвэл дараахи байдлаар иргэншсэн хэмжүүрийн хувь тогтоож болох юм. Үүнд:

1)    Хүн амын 10-20 хувьд иргэншиж чадсан, гэхдээ ихэвчлэн өрнийнхний хэв маягаар элит дээд хэсэг буюу сэхээтнүүд ба шинэ хөрөнгөтнүүд
2)    “Нүүдлийн” хэмээх иргэншлээс ухарч няцан, түүнд итгэл алдран хотжих, тэгснээрээ дараагийнхаа 1-2 үе дээр “өрнөжих” нэг хэсэг, хүн амын 30 хүртэл хувь
3)    Үлдэх 50 орчим хувь нь огт иргэншээгүй буюу иргэншиж байснаа больсон нийгмийн ядуу, ядуувтар хэсэг. Эд бол иргэншихгүй явсаар мөхөх буюу гаднын иргэншлийн довтолгоонд хамгийн түрүүн өртөнө. Буяны нэртэй шашны байгууллагуудын өгөөш, барлаг хятадуудын түрэмгий авир зэргээр үүнийг өлхөн нотолж болно.

Ирээдүйд манайд ямар иргэншил давамгайлах вэ гэдэгт дээрхи хувь процент бараг хариу өгчиж байгаа болов уу. “Нүүдлийн” гэж байхгүй, “нүүдлийн” гэж бий болохгүйн гайгаар иргэншил хоорондын дэлхийн их тулаанд Монгол орон, монголчууд бид оролцох боломж алга. Хэрэв  үсрэнгүй хурдаар хөгжиж Зүүн Азийн эдийн засгийн хамтын нийгэмлэгт оръё гэвэл Хятадаар төвлөрсөн Синикийн (үнэндээ бол Зүүн Азийн) иргэншлийг дагах, эсвэл түрэгжиж лалжих, өөрөөр гурав дахь хувилбарыг хий дэмий эрсээр цаг алдах, ийм л гарц байна.