ОДОО БҮГДЭЭРЭЭ УЛС ОРНОО Ч, АМЬ АМЬДРАЛАА Ч БОДОЦГООЁ

(ХЭЛЭЛЦЭН ТУНГААХАД ЗОРИУЛАВ)

Монгол улс 300 жилийн турш өөрийн бие даасан төргүй явж ирлээ. Манжийн үед ч, Зөвлөлтийн үед ч тусгаар байсан. Энд монгол хүмүүс л хувь хувьдаа бие даан хонио хариулж явсан. Харин төр, төрийн бодлого нь хилийн чанадаас удирдаггдаг байв. Хүлээн зөвшөөрөгдсөн өөрийн бие даасан төртэй, төрийнхөө бодлого зохицуулалтыг өөрийн үзэмж санаагаараа хөтлөн явуулдаг болоод ердөө гуч гаруй жил болж байна. Алдсан ч оносон ч бидний л хувь тавилан. Юутай ч энэ өнгөрсөн гуч гаруй жилд монголчууд хэзээ ч олж байгаагүй амжилтад хүрсэн. Соёл гэгээрэл, эрүүл мэнд, ахуй, орлого, амьдралын төвшин, ертөнцийг үзэх үзэл, эрх чөлөөний мэдрэмж, танин мэдэхүй... Дэлхийн хамгийн ядуу хэдхэн орны тоонд орж байснаа өнөөдөр урдаа зуун орны ард байгаа ч хойноо зуун улс жагсаажээ. 

Энэ хооронд алдсан зүйл тоолохын аргагүй ихээ. Өнөөгийн байгаа төвшингээс хавьгүй дээр байх байсан гэсэн онош байдаг. Гэхдээ ийм оношинд баталгаа байхгүй. Төр улсыг тохинуулах туршлага байхгүй (Тийм туршлага байсан ч мартагдсан, эсвэл өнөөгийн үнэлэмжээс хоцорсон) учир хөлд орж байгаа хүүхэд шиг юм болгон дээр алдаж, эндүүрч, үл мэдэрч (эсвэл мэдэмхийрч) явсаар өдий хүрлээ. Бүхэл бүтэн хүний 1-2 үеийг тууллаа. “Бүү мэд, мэдсэний үгэнд бүү ор” хамгийн муухай хараал юм гэнэлээ. Турж үхэж байгаагаа гайхан шагширсан жингийн хэтрэлттэй хүмүүсээр улс орон дүүрчээ (Урьд нь жаргаж үхэж байсан юм шиг?). Гуч гаруйхан жилд хориод Засгийн газар солигдлоо, урдахаа үгүйсгэн бүх шийдвэрийг нь хүчингүй болгоод, шинэ амьдралыг цоо шинээр дахин хорин нэгэн оноос эхлүүлнэ.

Гэвч өнгөрсөн гуч гаруй жилд асар их туршлага хуримтлууллаа. Ямарч байсан яавал болдоггүйг ойлгосон байх. Наад зах нь л төр өмч тэвэрчихээд тэрийгээ төрийн нэрээр мэнэжмэнт марктинг хийхээр хулгай дээрэмд баригддаг юм байна гэдгийг мэдрэх шиг болсон. Нэг сайхан нартай өдөр буянтай сайн хүн гарч ирээд бүгдийг нь зохицуулан цэнгэлийн манлайд хүргэнэ гэж гучин жил хүлээлээ. Года-г хүлээсэн хоосон горьдлого! Харин Года нэр барьсан буянгүй хүмүүс бүх хонтоорыг дүүргэжээ. Года гэх аврагч энэ хорвоод огт байдаггүй юм байна гэдгийг одоо ойлгосон болов уу?

Нийгмийн болон төрийн ардчилсан тогтолцоо, нээлттэй систем нь 300 жилийн хоцрогдолтой ард түмэнд ахадсан хорвоо. Гэвч ухамсарлаж ойлгон хичээснээр энэ тогтолцоондоо дасан зохицож амьдарлаа авч явахаас өөр арга байхгүй. Года байхгүй, мангас л байдаг хүний орчлон. Өөрийн төртэй болох гэсэн зуун жилийн тэмцэл шаналал, өөрийн бие даасан төртэй болж хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр “зовсон” гучин жил. Одоо амьдралаа бодох болсон цаг! Гэвч алдаан дээрээ суралцсан аугаа баялаг намтар.

Иргэншиж соёлжсон, шинжлэх ухаанжсан, техник технологижсон өнөөгийн ертөнц 800 жилийн өмнөх Чингисийн үеэс шал өөр! Тэр үе эргэж ирэхгүй, цалин тавихгүй. Чөлөөт ардчилсан тогтолцоо хамгийн төгс шийдэл биш байх л даа, гэхдээ өнөөгийн хүн төрлөхтөн энэнээс илүү олигтой систем олж чадаагүй л байна. Одоогийн нөхцөлд оршин тогтнохын тулд өгсөн өгөгдөл (Илүү төгс төгөлдөр нийгмийн тогтолцоо бодоод олчихсон гэх хүмүүс олон байдаг ч түүнээ баталж чаддаггүй, ер нь тэрийг нь батлах гэж туршилтын туулай, лаброторын хулгана болж амьдарч үзэх нь арай л эрсдэлтэй байх аа, тиймээ?).

Нийгмийн байгууламжаасаа үл хамаараад өнөөгийн хаанахын ч төр нь улс орноо авч явахын тулд түүхээр туршигдсан ижил төстэй горим механизмаар ажиллаж байна. Өнөөгийн нөхцөл байдалдаа тохируулан амьдрах гэж шүү дээ. Үүнээс сондгойрон зөрсөн “ориг ухаантнуудтай төр” зөөлөн хэлэхэд амжилт олохгүй аж. Иймээс хуулах, дуурайх, ориг юм бодож олохгүй байх. Эерэгээр хэлбэл туршлага дээрээсээ үндэслэх. Шинэ хуучныг нь мэдэхгүй, юутай ч түүхийн нугачаан дахь бас нэгэн эргэлийн цэг өдгөө бидэнд тулан ирж буй бололтой. Гарсан (ирсэн) бололцоог ашиглаж чадсан нь хожиж, хий өнгөрүүлсэн нь амаа барин гасалсаар хоцордог. Түүхийн шоглоом доо!

Монголчууд өөрөө өөрсдийгөө хямраасан тул өөрсдөө л зоримог хөдөлж байж энэ шавраас гарна. Эдийн засаг ид шидээр биш эрүүл бодлогоор сэргэнэ. Ардчилсан ардчилаагүй намын бодлого, баруун зүүний шийдвэр, шашин шүтлэг, сайхан сэтгэл, өр зүрх, сэтгэлийн хандив, гомдол гаслал, тайвшрал зэрэгтэй эдийн засгийн сэргэлт ямар ч холбоогүй.

УЛСЫН ИХ ХУРАЛ БУЮУ ХУУЛЬ ТОГТООХ ДЭЭД ИНСТҮҮЦ:

o  Одоо үйлчилж байгаа уул уурхай, банк, холбоо, барилга, боловсрол дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулийг бүрэн хүчингүй болгох

(Куба, Хойд Солонгос зэрэг гажиг тогтоцтой цөөн орныг эс тооцвол Гадаадын хөрөнгө оруулалтын төлөө улс орнууд байтугай нэг улсын мужууд хоорондоо өрсөлддөг.)

o  Одоо үйлчилж байгаа урт нэртэй хуулийг бүрэн хүчингүй болгох

(1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн буянгаар 2003 оноос Гадаадын хөрөнгө оруулалт цутгасаар 2012 онд ДНБ-ий өсөлт 17.5% болон Эдийн засаг мянган хувь өссөн. Урт нэрт гэх энэ хууль батлагдсан нь мөнөөх 1997 оны хуулийг нураах эхлэл болжээ. Гол мөрөн булаг шандыг хамгаалах Төрийн бус байгууллага гэх рекэт дээрэмчдийн 600 бүлэг шинээр байгуулагдав)

o  Одоо үйлчилж байгаа стратегийн ордын тухай хуулийг хүчингүй болгох

(Авилга, хулгай дээрмийн нэг гарц шүү дээ)

o  Компаний хуульд өөрчлөлт оруулж бүх компанийг татварт бүрэн хамруулах

(Хэдэн зуун төрийн болон олон нийтийн, хувийн компани бий боловч ихэнх нь татвар төлдөггүй. Татвар төлөхгүй компаний эрхийг хүчингүй болгож доод ангилалд оруулах ёстой) 

o  Хөрөнгийн баталгааны хууль батлах

(Хөрөнгийн бүртгэл байдаггүй учир хөрөнгө нь баталгаатай болдоггүй, иймээс шүүхийн гомдол тасардаггүй, шүүх ч барьцаа байдаггүй тул үзэмжээрээ шийдэх нь их.)

o  Хөрөнгийн биржийг хувьчилж үнэт цаасны гүйлгээ хийх явдлыг чөлөөтэй болгосон хууль батлах

(Төрийн мэдлийн хөрөнгийн бирж ажиллаж чадахгүй. Нөгөө талаас зах зээлд хувийн бусад хөрөнгийн бирж гарч ирэх бололцоо хаалттай.)

o  ТББ-ын статус болон үүргийг тодорхой болгосон хууль батлах

(Одоо бүртгэгдсэн ТТБ хорин мянга хол гарч байна. Үүнээс лавтай 5-6 мянга нь рэкэт, шантажны зориулалттай. Мөн компаниуд болон хувь хүмүүс татвараас зугтах зориулттайгаар ТТБ байгуулан ажиллуулж буй. Үүнийг бүртгэн шалгаж хуулинд ямар нэг хязгаарлалт тавих ёстой. Үндсэн хуулиар иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй боловч хэн нь ч хуулиас гадуур байж болохгүй.)

o  Гэрээний хууль батлах

(Алив нийгэм гэрээн дээр тогтдог. Гэр бүлээс эхлээд улс хоорон хүртэл. Манайд одоо хүртэл гэрээний хууль байхгүй учир нийгэм даяараа төр-компани-олон нийтийн байгууллага-хувь хүмүүс-гэр бүлийн хооронд зарга тасардаггүй. Иргэний хуульд оруулсан хэдэн өгүүлбэр гэрээний хуулийг оролдог ч мэдээж тодорхой биш учир үргэлжийн хэрүүл. “Тодорхой бус хуультай байснаас огт хуульгүй нь дээр” гэсэн номнол бүр эртний Ромд байжээ)

o  Татварын бүх төрлийн хөнгөлөлтийг үгүй болгож, үүнийг өөр байдлаар урамшуулах хуулийн өөрчлөлт хийх

(“Төрөх, үхэх, татвар төлөх нь зайлшгүй үнэн” гэсэн үг байдаг. Татварт бүх инстүүц, компани хувь хүн хамаарч ашиг орлогын мэдүүлгээ жил бүр бөглөж өгдөг системд шилжих хэрэгтэй байна. Тодорхой заагдсан хэмжээнд орлого нь хүрээгүй бол эхэлж төлчихөөд дараа нь хөнгөлөлт болон буцаан олголт болж байж нийгэмд арай шударга ёс тогтоно. Үндэслэлгүй хөрөнгөжилт ч эндээс харагдана.)

o  Нийгэмд учруулсан эд, мөнгөн хохирлыг юун түрүүн эргүүлж төлөн хохиролгүй болгох талыг баримталсан хуулийн заалт буй болгох

(Ялтантай шүүх тохиролцож хэргээ хүлээн хохирлыг барагдуулах болон хамсаатнаа илчилсэн тохиолдолд ялыг хөнгөлдөг хууль бол шүүн таслах процессийг асар их хөнгөлдөг шударга тогтоц юм. Энэ нь нийгмийг хохиролгүй болгох, нуугдсан гэмт хэрэгтний илчлэхэд тусалдаг. Шоронд чилээж хонзон тайлснаас илүү ашигтай. Тиймээс гэрчийг хамгаалах хууль байдаг. Банкны нягтлан байсан нэг гар 10 сая доллар шамшигдуулчихаад 3 жилийн ял авч суллагдангуутаа гадагшаа гараад явчихсан байдаг. Эсвэл тохиролцож байгаа нь энэ гээд Жидүүгийн гэмт хэргийг толгойлон асар их хохирол учруулсны дараа 40 сая төгрөг буюу зүүж яваа цагныхаа үнийн хэдхэн хувиар торгуулаад ялаас мултарсан тохиолдол ч саяхных. Нүүрсний сонсголоор илэрсэн асар их мөнгийг буцааж авах нь дээр үү, шоронд хэдэн жил хорьсон болоод таашаал авах нь дээр үү?)

o  Гэнэтийн ашгийн татвар мэтийг УИХ-аас санаачлахгүй байх

(Сумогийн 68 дахь аваргаар монгол хүн тодорснийг бэлгэдэн зэс, алтанд мөн ийм тоотой гэнэтийн ашгийн татвар тогтоосноор Төв банкинд зүгээр тушааж байсан алтны хэмжээ 10 дахин буурсан төдийгүй, маш олон залуус шоронгийн хаалга татсан гашуун сургамж бий шүү дээ!)


ЗАСГИЙН ГАЗАР БУЮУ ГҮЙЦЭТГЭХ ДЭЭД ИНСТҮҮЦ

o  Гадаадын хөрөнгө оруулалтаас ямар ч тооцоогүйгээр тодорхой хувийг Засгийн газар эзэмшдэгийг болиулах

(Ямар ч тооцоогүй, ажлын туршлага үгүй, тэр байтугай ойлголтгүй байж Хөрөнгө оруулагчтай хувьцааны 50% давсан хэсгийг төр эзэмшинэ гэсэн хийрхэл ерөөс хөрөнгө оруулалтыг зогсоох, эсвэл хулхидуулах үндсэн алдаа болно. Туршлага мэдлэггүй ядуу буурай орон их бодож шийдвэр гаргах бодлогын алтан хувьцаа аваад мэнэжмэнт маркетингаас хол байсан нь ашигтай байдаг.)

o  Үндэсний аюулгүй байдалтай холбоотой биш бол УИХ-аас хөрөнгө оруулалт дахь Засгийн газрын шийдвэрт дэгээ тавихгүй байх.

(Алив Засгийн газар нь парламетад олонх болж төрийн эрх мэдлийг атгаж байгаа бүлгийн итгэл хүлээлгэж томилсон гүйцэтгэх засаглал юм. Гэтэл хууль тогтоох инстүүцээс Засгийн газрынхаа шийдвэрийг удирдан хөтөлөх нь нийт тогтолцоог утгагүй болгож буй хэрэг. Парламент Засгийн газраа шүүмжилж болно, болохгүй бол огцруулж болно, харин үйл ажиллагааг нь хөтөлж шийдвэр бүрийг нь парламент хэлэлцэн өмнөөс нь шийдэж өгөх нь хортой.)

o  Нинжа болон рэкэт мэтийн хууль бус уул уурхайн үйлдвэрлэлийг Засгийн газар бие даан шийдвэрлэх

(Энийгээ хуульчлан цэгцлэхгүй бол оройтно шүү. Энэ бол нийгмийн эмгэнэлд тулд очсон)

o  Геологийн хайгуулыг чөлөөтэй болгох

(Геологийн хайгуул нь улс орны хөрсөн дор буй үнэт баялагийг илрүүлдэг учир тухайн улсын төр болон хувийн компаниудын зээлжих эрхийг нэмэгдүүлдэг. Иймээс аль ч улс орон геологийн хайгуулыг чухалчлан чөлөөтэй тавьдаг, урьж оролцуулдаг, Засгийн газраас хайгуулийн үр дүнгийн илтгэлийг компаниас шаарддаг. Монголд компаниуд геологийн хайгуул хийх эсэхийг тухайн нутгийн ард түмэн мэдэн шийдэж байх уриалга 2013 онд гарсан ба удалгүй бараг хориглосон. Өдгөө Монголын гадаад өрийн хагас нь хувийн хэвшилд хамаарч буй шалтгаан нь 2010-2014 онд хайгуул, ашиглалт чөлөөтэй, зээлжих эрх өндөр байсан явдал. Чингис, Самурай зэрэг төрийн бонд ч ийм учир амар олдож байв. Дараа нь хориг гарснаас болж зээл олдохгүй, тэр хэрээрээ тавьсан өрөө төр ч, хувийн хэвшил ч эргүүлж төлөх чадваргүй болсон. Монголын өргөн уудам нутгийн ердөө нэг хувь (1%) нь геологийн ашиглалтын лицензтэй, харин яг ашиглаж ажиллуулж байгаа нь нийт газар нутгийн 0,27%!  Эрдэнэт, ОТ, ТТ-г оруулаад шүү!)  

o  Төрийн мэдэлд байгаа улсын алдагдалтай үйлдвэрүүдийг хувьчлах, татан буулгах, мэнэжмэнтийн хувьчлал хийх

(Бараг 150 шахам төрийн өмчийн компани бий. Бараг бүгдээрээ алдагдалтай. Хувийн хэвшилтэй давхцсан үйл ажиллагаа явуулдаг олон компанийг шууд татан буулгахад улс орон хожино уу гэхээс юу ч алдахгүй. Хайран санагдаад байвал цахилгаан дулаан, тоос шороог нь хүртэл төр хариуцаж байгаа байшин барилга контоор өрөөг нь зах дээр үнэ хаялцуулан зарчиж болохуйц. Төр өмчлөөд, төр өөрөө мэнэжмэнтийг нь хийж байгаа болохоор эдгээр компаниуд үнэн хэрэгтээ эзэнгүй гэсэн үг. Ийм газар хулгай шамшигдуулал гүн бат үүрэлж байгаад гайхах нь илүүц зан.)

o  Үнэ чөлөөлтийн бодлого явуулах

(Монгол улс чөлөөт үнийн тогтолцоонд 30 жилийн өмнө орсон гэх боловч маш олон бараа үйлчилгээ үнийн хувьд төрийн хатуу хяналтад байсаар байна. Хэрэв цахилгаан, дулаан, шатахуун, тээвэр, гээд маш олон бараа үйлчилгээний үнэ ханшийг төрийн мэдлээс гарган сул орхисон бол эдгээр нь аль хэдийнээ өөрснөө учраа олоод мөнхийн хомсдол, байнгын гомдлоос гараад явчих байлаа. Үүнийг өрсөлдөөн шийдчих байсан гэдгийг харилцаа холбооны салбар тод харуулдаг. Бодлогоор зарим тун цөөн бараа үйлчилгээнд төр өөрийн эрхгүй хяналт тавих шаардлага бий. Хавтгайд нь биш шүү дээ. Ер нь хөндлөнгөөс, тэр дундаа төрөөс оролцож болдоггүй, оролцсоноор улам дордуулдаг юм бол үнэ, хэл хоёр гэж ярьдаг. Монгол үнэ байтугай хэлний хуультай орон.)

o  Жуулчлалыг дэмжиж үүнд саад болж буй иргэний харъяаллын, хилийн, нисэх үйлчилгээний хуульд өөрчлөлт оруулж чөлөөтэй болгох

(Аялал жуулчлал нь юутай ч өнөөдөртөө асар их олз олон гайхуулах салбар биш. Гэхдээ сүүлийн жилүүд мэдэгдэхүйц хөгжин цэцэглэж байгаа нь нүднээ ил. Хилээр орж гарч байгаа хүний тоо нь аялал жуулчлалын салбартай шууд хамаатай юм биш л дээ. Монголд үнэхээр голдуу зуны улиралд 100 мянга орчим гадны жуулчин ирж байгаа нь өмнө үзэгдээгүй том амжилт. Гэтэл адилхан тэмээтэй адуутай, морин хууртай, монгол дээлтэй, эсгий гэртэй, говьтой Өвөр Монголд жилд хэдэн сая жуулчин ирдэг аж. Гол ялгаа нь төрийн хүнд суртал, төрийн оролцоо. Төрийн онгоцны үнэ хөлсөөс авахуулаад хүнд суртал, өрсөлдөөнийг хааж боосон аргачлал зэрэг нь гадны жуулчинг байнга айлгадаг.)

o  Боловсрол болон эрүүл мэндийн салбарын хуульд өөрчлөлт оруулж үүнийг бизнес гэдгийг нь хүлээн зөвшөөрөхийн сацуу нийгмийн ядуу хэсгийг ямар үйлчилгээнд төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээнд хамруулахыг тодорхой болгох.

(Өнөөгийн дэлхийд хамгийн ашигтай том бизнесийн тоонд боловсрол, эрүүл мэнд ордог бол Монголын хуулиар эдгээр салбар нь буяны үйлс хэмээн хуульчлагдсан. Бүх хүүхдэд анхан ба дунд боловсрол олгох, бүх иргэдийг нийгмийн гоц халдварт өвчин болон торхой аюулт өвчний тархалтаас сэргийлэх нь төрийн үүрэг. Хаана ч тийм байдаг. Дээд болон тусгай мэргэжилд сургах нь илүүтэй бизнесийн хэрэг. Хүн болгон доктор профессор болж байх албагүй. Ахлах сургуулийг төр хариуцах ч түүнд хамрагдах хүсэлгүй нэгийг нь төрөөс албадах шаардлагагүй. 10 мянган хүнд ноогдох их дээд сургуулийн оюутан, дипломтон, мастер, магистэр докторын тоогоор дэлхийд тасархайд тэргүүлж байгаа нь бахархал гэхээсээ ичмээр явдал болжээ. Чанар төдийгүй ерөөс ердийн хөдөлмөрийн фронтод ажиллах сонирхолгүй доктрууд олонтой болов. Гэтэл ажлын сул байр маш их, нийгэмд боловсон хүчин, мэргэжилтний өлсгөлөнд орлоо. Төр боловсролыг бүрэн хяналтандаа авсан төдийгүй нэгэнт буяны үйлс гэж хардаг болохоор сургалтын үнэд хатуу норм хязгаар тавьжээ. Эрүүл мэнд ч төрийн хатуу хяналтанд учир тэнд бизнис байхгүй, тэр хэрээрээ чанар маш муу. Хүн ам цөөтэй, алслагдсан суурин газар зэрэгт төрийн тусгайлсан анхаарал хэрэгтэй нь мэдээж. Бизнис хийх бололцоог нь чөлөөлөөд өгвөл даатгалын тогтолцоо ч хөгжинө, жинхэнээсээ сайн санааны буяны байгууллагууд ч олшроно. Шудрага ёс ч сэргэнэ)

o  Нийгмийн салбарын өргөн хувьчлал болон түрээс, мэнэжмэнтийн хувьчлалын бодлого явуулах

(1997 оноос тушилтын журмаар аймаг болгонд 2-3 эмнэлэгийг мэнэжмэнтийн хувьчлалд оруулсан нь маш үр дүнтэй болох нь харагдсан. Эмнэлэгийн үйлчилгээ, хэмнэлт, идэвх санаачлага эрс дээшилсэн. Харамсалтай нь 2000 онд шинэ Засгийн газар бүгдийг нь цуцалсан. Ганц үлдээсэн нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг. Хэрхэн дээшилж хөгжиж дэвжсэнийг очоод харж болно. Муу тал нь зарлага ихтэй өвчтөнөөс зугтаж, бусад улсын эмнэлэг рүү түлхэж, өөрснөө даатгалаар амьдрахыг илүүд үзэх болжээ. Яагаад гэвэл мэнэжмэнт л болохоос мөн л төрийн мэдлийнх шүү дээ.)

o  Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж иргэдийг давхар орлого олох бололцоог нэмэгдүүлэх 

(Хуулийн хүрээнд бол энэ нь ойлгомжтой зүйл)

o  Халамжийн бодлогыг өөрчилж халамжид тун шаардлагатай хэсгийг хамруулах

(Бид дэлхийн хамгийн халамжлагч төртэй болчихлоо. Жишээ татах нь илүүц биз. Шинэ тивүүдэд бий болсон улс орнуудад нутгийн уугуул иргэдийг олон жил тэтгэлэг халамжаар авч явсны үр дүн илэрхий харагддаг. Нийгмийн ядарсан иргэд, олон хүүхэдтэй гэр бүл, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төрөөс тодорхой хэмжээгээр халамжлан тэтгэх нь төрийн үүрэг мөн. Түүнээс биш бүх иргэдээ халамжлан хамаг мөнгөө шавхдагийг тэнэглэл гэхүү дээ.)

o  Төрийн (Засгийн газрын) болон улсын, олон нийтийн өмчийн статусыг ойлгомжтой ангилж тодорхой болгон өөр өөр татварын орчин бүрдүүлэх

(Үндсэн хуулиар Монгол улсад өмчийн бүх хэлбэр ижил тэнцүү эрхтэй, шүүхийн өмнө ижил тэнцүү хариуцлага хүлээх ёстой. Мөн өмчийн бүхий л олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл одоо болтол хэнд хамаарах ялгааг нь тодорхойлоогүй учир аль нь Засгийн газрын, аль нь олон нийтийн, аль нь хамт олны өмч нь зааглагдаагүйгээс болоод хэрэг гарвал бүгд булаацалдана, хэрэггүй бол хэн ч үл хайхрана.)

o  Газрын, газрын хэвлийн доорхи баялаг, бэлчээрийн талаар ойлгомжтой шилжилтийн бодлого гарган татварт хамруулах

(Хувьчлагдсан болон эзэмшилд очсон газар нь тэр чигээрээ дээш доошоо эзэмшигчийн мэдэл гэсэн үг биш. Тухайлбал аль нэг компани, хувь хүн нүүрс олборлох лиценз эзэмшиж байгаа бол тэндээс олдох бусад баялаг түүнд хамаагүй. Гэтэд юуны ч юм лиценз эзэмшигч тэр нутгаас шинээр олдсон давхрагын хий, усны нөөц, занар зэргийг өөрийн мэтээр харамлаж ашиглалт байтугай хайгуул хийлгэхгүй мөнгө нэхэж боогдуулах тохиолдол байнга гарч байна. Бусад оронд үүнийг хэрхэн зохицуулдагийг судлан хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Нүүдлийн малын билчээрийг олон жилээр тодорхой айл хүмүүст эзэмшүүлэн, байгаль экологийн нөхцлийг нь сайжруулдаггүй юм гэхэд хэвээр хадгалах үүрэг хүлээлгэх, үүнийг ноцтойгоор зөрчвөл торгохоос эхлээд хурааж авах зохицуулалт маш чухал байна.)

o  Татваргүй бүс зарлах

(Далайгаас хол, дэд бүтэц сул хөгжсөн орны хувьд худалдааны чөлөөт бүс, татварын нэн хөнглөлттэй бүс нь худалдааг ч дэд бүтцийг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой байдаг. Алтанбулагийн, Замын-Үүдийн, тэрбайтугай Улаанбаатарын чөлөөт бүс байгуулна гэж баахан хөрөнгө мөнгө сүйтгэснээс өөр олзгүй өдий хүрлээ. Гол шалтгаан нь төр. Төрөөс хуулиа гаргалаа, дүрэм журмыг нь баталлаа, хяналт тавьлаа, бусдыг нь иргэд компаниуд өөрснөө хийчихнэ.)

o  Малын хөлийн татвар, даатгалын системийг бий болгох

(Өнөөдөр Монголын нийгэм дахь хамгийн чинээлэг давхрага нь малчид болжээ. Мал ч бэлчээрийн даацнаас хэтэрч байгаль экологид хор учруулах болов.)

o  Эдийн засгийн хамаарал нэг цэгээс шалтгаалж байгаа өнөөгийн байдлаас аль болох яаралтай салах бүхий л ур ухаан арга самбаагаа гаргах.

(Хоёр мянгаад оны эхээр Монгол улсын худалдааны хамгийн том түнш нь Швейцарь байлаа. Эрдэнэтийн зэсийн баяжмалыг гол импортлогч компани Глинкорын төв АНУ-аас Швейцарийн Баар хотод шилжжээ. Монголын цор ганц экспортын бараа нь зэсийн баяжмал. Өдгөө зэс боловсруулах ихэнх үйлдвэр Хятадад бий. Үүнээс гадна Монголын голлох экспорт нь Хятад руу гаргаж буй нүүрс, ингэхээр худалдааны нэгдүгээр түнш Хятад. Гэвч Хятад нь Монголын худалдааны гол түнш болохоос эдийн засгийн ерөнхий хамаарагч биш. Өнөөдөр Монгол улс эрчим хүчний хувьд Галуут нуурын цахилгаан станцаас, шатахууны хувьд Ангарскаас, ложисткийн хувьд Сибирийн төмөр замаас бүрэн хамааралтай. Энэ гурван “бараа үйлчилгээ” Монголын цаашдын хөгжил дэвшлийн гол түлхүүр.)

2023.12.25