Энэтхэг улс.
Агра –Гаяа чиглэлийн онцгой үүрэгийн нислэг
2019 оны 9-р сарын 21 ны бямба гараг.
14 цаг 50 минут.

Бид  Энэтхэгийн агаарын тээврийн онцгой үүргийн нислэгээр Гаяа хотыг зүглэн нисэж явлаа.

Тусгай нислэгийн онгоц учир суудал заахгүй бөгөөд дураар суудлаа сонгох учир Випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэв багштайгаа суудал зэрэгцэж тухлав.

Тэрээр 1990 ээд онд Энэтхэгээс Монголд элчин сайдаар ажиллаж асан Бакула ренбучийн сонголтоор Энэтхэгийн Варанаси хотод шашин судлалын дээд сургуульд орж суралцаад  англи, орос , төвд, хинди , санкарит, пали хэл эзэмшиж дорно дахины шашин судлалаар  алтан медальтай төгсөж ирсэн нэгэн. Бакула ренбучигийн нөгөө сонгосон хүн нь бурханч лам Г.Пүрэвбат билээ. Д.Ширэндэв Энэтхэгт сурч байхдаа олон бясалгалд сууж үзсэн бөгөөд хамгийн сүүлд нэгэн Хүннү лам бурхан багшийн ориг бясалгал бол випашня бясалгал , энд одоогоор тийм ч их дэлгэрээгүй байгаа гэж дагуулж бясалгалд суулгаснаар тэрээр бурхан багшийн бясалгал болох бараг буддизмийн судар бүрт нэр нь дурдагдсан байдаг Випашяна  бясалгалыг сурч улмаар С.Н.Гоенка багштай таарч бясалгалын багш болсон бөгөөд  арван таван жилийн тэртээгээс Монгол улсад бурхан багшийн өөрийн хийж одоо очих гээд нисэж  буй Бодь Гаяад   гэгээрэлд хүрсэн тэр бясалгалыг зааж яваа төдийгүй Гаанжуур судрын бүрэн эхийг  пали хэлнээс орчуулан гаргаж буй хүн учир би үг сонсохыг хүсэж байлаа.

-Бодгаяа бол Исламын шашны Мекка шиг. Буддистуудийн хамгийн ариун дагшин газар гэдэг дээ. Харин яагаад Монголчууд Очирт суурин гэдэг байсан юм бэ?

-Бодь Гаяа бол Энэтхэг улсын хамгийн хатуу хөрстэй газар гэгддэг. Тэгээд очирт суурин гэж хэлж байж. Очир гэдэг алмаз шүү дээ. Гэгээрэлд хүрнэ гэдэг тийм ч амархан зүйл биш билээ. Тэр их хувирлын энерги эрчим хүчийг даах газар хэрэгтэй нь энэ Бодь Гаяа бөгөөд ганц Сидхарт Гоутам буюу бурхан багш энд гэгээрсэн төдий бус бүх цагийн бурхдын гэгээрэх газар учир   замбуулингийн хүйс гэдэг  юм. Ирэх цагийн Майдар бурхан ч энэ хавьд л гэгээрч бурхан болноо гэсэн үг.

-Махабоди буюу Их бодь суваргыг Ашок хаан бариулсан гэдэг байх аа?

-Энэтхэгийн Ашок хааны тухай  эхлээд жоохон ярья. Энэ маш агуу хүн. Ашокын түүх цуст Ашокоос номын Ашок болсон түүх юм.  Ашок хаан МЭӨ 268-232 оны хооронд Энэтхэг орныг захирч байхдаа бурхан багшийн випашяна бясалгалд шамдаж энэ бясалгал номыг Ази даяар  дэлгэрүүлж сурталчилж чадсан хаан юм.

Ашока хаан маш хүчтэй байлдан дагуулагч байсан бөгөөд олон цуст дайныг хийжээ. МЭӨ 263 онд тэрээр байлдан дагуулах хүслээсээ болж Калингад болсон  дайнд 100,000 гаруй хүн нас барж, 150,000 иргэдийг албадан нүүлгэсэн их цуст дайны дараа тэр их цусан далайг харж гэмшээд бурхны номд орсон гэдэг. Тэр цагт Ашок хаан дэлхийн улс орнуудад бурхны ном бясалгалыг түгээхээр ачияара буюу бясалгалын багш нарыг илгээн явуулсан байдаг. 

Ашок хааны явуулсан хоёр  азар (Ачияара гэсэн пали үгний гажсан монгол хувилбар) Монголд Хүннү гүрний үед ирж бурхны ном бясалгалыг анх дэлгэрүүлсэн түүхтэй…Одоогийн ерөнхий сайд Н.Модигийн гадаад бодлого ч мөн л Ашокын бодлого шиг “Будда дипломаси” гээд байгаа нь ийм учиртай юм. Бас энэ ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөрт Бодь Гаяа ороод зогссонгүй Наландрийн хийд багтсан нь тун гайхалтай. Манайд шарын шашин Төвдөөс л орж ирж дэлгэрсэн гэсэн ташаа ойлголт байдаг. Цогт Наландрийн хийд мөн л Ашок хааны үетэй холбоотой бөгөөд буддизмийн хамгийн анхны их сургууль бөгөөд 10 000 лам оюутан  2000 багш байсан гэдэг бөгөөд Монгол хамба ч байсан тухай Энэтхэгүүдийн мэдээлэл байдаг юм. Тансан ламын үлгэрт ч монгол нэр гардаг.

-Тансан лам тэр Наланрад сурч байсан юм билээ. Тэхээр их дээр цагийн улбаа юм даа.…гэх мэтийг ярилцсаар бид Гаяа хотын нисэх онгоцны буудалд газардав.


Бурхан багшийн гэгээрсэн ариун дагшин газар Бодь Гаяа.

2019 оны 9 р сарын 21.  Бямба гараг 17 цаг 05 минут

Бодь Гаяа бол Буддын шашинтнуудын хамгийн ариун газар юм.  Неранзана голын эрэгт байрлаж байсан энэ газрыг тэр үед Урувэла гэж нэрлэдэг байжээ. МЭӨ 250 онд Будда энэ газарт төгс гэгээрэлд хүрснээс 200 орчим жилийн дараа Ашок хаан  ариун дагшин газрыг сэргээж  бүтээн  байгуулахаар Бодь Гаяад иржээ .

Description: escription: Macintosh HD:Users:summit:Desktop:800px-Mahabodhitemple.jpg


Тэрээр Махабоди суваргыг байгуулахдаа бурхан багшийн дор нь сууж гэгээрэлд хүрсэн Бодь модыг олж тогтоогоод түүнийг өмнө Их бодь суваргыг  босгосон байна. Хожим энэ суваргын оройд байрлах алтан ганжрыг Нагаржуна бүтээсэн гэдэг аж. Их бодь суваргын ард байх бодь мод  хоёр мянга таван зуун жилийн өмнө байсан тэр мод мөн гэжүү хэмээн гайхах хүн байдаг. Үнэхээр анх тэр цагт байсан бодь модыг Ашок хааныг  бурхны номд орсонд дургүйцсэн нэгэн  эхнэр нь  шатаачихсан гэдэг  бөгөөд дараа нь  Шри Ланкад тэр бодь модноос таслаж  суулгацийг нь  эргүүлэн авчирж ургуулсан  гэдэг ажээ.

Энэ газар нь 13-р зуунд Туркийн армид эзлэгдэх хүртлээ олон зууны турш Буддын шашны соёл иргэншлийн гол цөм байсан ч  муслимүүд устгаж орхисны дараа Их бодь суварга шороонд дарагдаж МЭ 18-р зууныг хүртэл ашиглагдаагүй ажээ. Их бодь суваргын дотор бурхан багшийг төгс гэгээрэлд хүрсний 100 жилийн хойно бүтээсэн  бурхан багшийн анхны сэрэг дүр залаатай байдаг бөгөөд эл шүтээн дүрийг бурхан багшийг нүдээр үзсэн хүний амаар бүтээсэн учир бурхан багштай туйлын адилхан сэрэг дүр хэмээн үздэг байна.

Тэхээр энэ ариун дагшин газар бол бурхны шашин шүтдэг 510 сая Буддистүүдийн  хамгийн ариун дагшин газар билээ. Махабоди суваргыг ЮНЕСКО –ын Дэлхийн өвийн жагсаалтад 2002 онд бүртгэсэн байдаг.

Монгол улсын төрийн тэргүүнүүд өмнө ч төрийн айлчлал хийхдээ энэ ариун дагшин газарт заавал ирдэг ёсоор өнөөгийн Монгол улсын төрийн тэргүүн, ерөнхийлөгч Х.Баттулга дагалдан яваа хүмүүсийн хамтаар Их Бодь суваргад морилж хүндэтгэл үзүүллээ. 

Энгийн үед түм түжгэнэж бум бужигнаж байдаг энэ газар мөн л төрийн айлчлалын ёс журмаар хорио тогтоосон учир зөөлөн шиврэх борооноор Монголын төлөөлөгчид ирж тухтай тайван үзэж сонирхож билээ. Их Бодь суваргын баруун талд байх бодь модны дэргэд бурхны сууж гэгээрсэн гэдэг улаан чулуу байх агаад гэгээрснийхээ дараа 49 хоног алхаж явсан газрыг тэмдэглэн үлдээсэн дурсгал хийгээд Ашок хааны ирж бараалхсан тухай тэмдэглэл зэрэг байх ажээ. Дараа нь бид Бодь Гаяад байх монгол сүмд зочилсон бөлгөө.


ЦОГТ НАЛАНДРИЙН ИХ СУРГУУЛЬ

2009 оны 9 сарын 22 ням гараг .10 цаг 10 минут

Цогт Наландрийн хийд хэмээн нэрлэдэг энэ их сургуулийн туурь бол Жагар улс ямар эртнээс эрдэм соёлын эх булаг байсныг гэрчлэх газар бөгөөд зөвхөн Буддистуудын төдийгүй хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний, хамгийн том боловсролын төв байсан гэж үздэг учир дэлхийн долоон гайхамшгийн нэгд зүй ёсоор ордог.


Description: escription: Macintosh HD:Users:summit:Desktop:70699151_475662126611797_6192338630233554944_n.jpg

Наландар нь Энэтхэгийн хойд хэсэг буюу одоогийн Бихар мужид энэ тооллын 427 онд байгуулагдаж долоон зуун жар гаруй жил оршин тогтнож эрдэм номын уурхай байсан ажээ. Зарим судлаачид бүр Ашок хааны үед буюу гуравдугаар зуунд эх суурь нь тавигдаж мянгаад жил оршин тогтносон ч гэж үздэг аж.

Наланда их сургууль (мөн Наланда олон улсын их сургууль гэж нэрлэдэг) нь Энэтхэгийн Наланда мужийн ойролцоо орших Ражгир  хотод байрладаг олон улсын, судалгаа шинжилгээний их сургууль байсан бөгөөд эртний хийдүүдийн хамгийн агуу, хамгийн сүр жавхлант гэгддэг  анхны их сургууль байжээ. Наланда их сургуулийн  оргил үед  Азийн өнцөг булан бүрээс 10,000 оюутан ирж байрлан ном эрдэмд суралцдаг байжээ. Наландарт Энэтхэг Шри Ланк, Хятад, Төвд, Балба Индонез, Перс , Кашмир , Япон , Солонгос хүмүүс ирж суралцдаг байсан бөгөөд Монгол хүмүүсийн нэр ч дурдагдсан байдаг байна. Энд зөвхөн Буддизмийн гүн ухаан судахаас гадна одон орон, анагаах ухаан, хэл шинжлэл, математик, логик ухаан, урлахуйн ухааны  сургалтыг цогцоор нь судалдаг академик сургалтын төв байжээ.

Наландрын их сургууль дүүргэгсэдээс дэлхий дахинд алдар нэр нь түгсэн хүмүүсийг цухас дурдвал Энэтхэгийн арван долоон архад бөгөөд тэр дундаас Арьяадэва, Асанга, Атиша, Будапалита, Басунбанду, Нагаржунай, Шантидэва…зэргийн алдартангуудыг нэрлэж болно.

1193 онд Муслимыг дэмжигч Бахтияар Халджигийн удирдсан Туркийн арми Наландрыг довтолж галдан шатаажээ. Тэр халдлагад өртсөн олон мянган лам нар сургуультайгаа амьдаараа шатаж байсан тухай эх сурвалжид олонтоо дурдсан байдаг бөгөөд зөвхөн тэр сургуулийн номын сан 9 сар шатаж дууссан гэлцдэг.  Энэ цагаас санскрит эх сурвалжууд устаж үгүй болсон ч их бага таван ухааны төгс ном судар пали хэлдээ үлдсэн, мөн бусад хэлрүү орчуулсан нь өнөөг хүрсэн гэдэг бөгөөд монгол хэлээр ч тэр цагт орчуулсан судар ном манайд уламжлагдан ирсэн байдаг байна. Тэндээс амьд гарсан мэргэд Төвд Балбад очиж Наландрын сургалтаа үргэлжлүүлсэн гэдэг бөгөөд тэр цагаас хойш Наландар дахиж сэргээгүй ажгуу.

Хожим 1351 онд Төвдөд анх Наландрын хийд байгуулагдсан бөгөөд Монголын их хүрээ Гандан хийдийг Наландрын хийдийн зарчмаар байгуулж Энэтхэг, Төвд, Монголын мэргэдийн гүн ухааны номыг судалдаг байсан уламжлалтай билээ.

“Барын сүүл явснаас батганын толгой бол!”

Төрийн тэргүүнүүдийн айлчлалыг Төрийн, Албан ёсны , ажлын гэж гурав ангилдаг бөгөөд энэ удаагийн айлчлал төрийн буюу хамгийн дээд төвшний айлчлал байлаа. Нийтлэлч миний бие анх удаа төрийн айлчлалыг дагаж явж үзсэн бөгөөд замын турш “Барын сүүл байснаас батганын толгой байсан дээр” гэдэг үг сэтгэлд ургаж явлаа. Энэ айлчлалын талаар олон албан мэдээ бэлтгэх зорилготой олон сэтгүүлчид дагалдан явж албан мэдээ бэлтгэж хүргэсэн болохоор би тэр бүр айлчлалаар яригдсан зүйлсийг тодотгох зорилго агуулсангүй .

Замын тэмдэглэлийн эхэнд Жагар орны ерөнхий сайд Нарэндра Моди АНУ д айлчилж 50 000 энэтхэгчүүдийн өмнө АНУ ын ерөнхийлөгчийг танилцуулах үг хэлэхдээ мөн л “барын сүүл бус батганын толгой…” гэдгээ сануулж чадсан лугаа тэрээр дараа нь хинди хэлээр урт илтгэл тавьж удаах өдөр нь НҮБ ын индэр дээрээс ч мөн хүчтэй үг хэлж дэлхий дахины анхааралд Энэтхэг орноо тодотгон мандуулсан лугаа манай улсын тэргүүн ч өнө эртний соёлын өлгий Жагар улсад тодорхой зорилго маш сайн бэлтгэсэн программын дагуу төрийн айлчлалаа амжилттай хийгээд ирлээ.

Ийм айлчлалыг их эртнээс бэлтгэдэг бөгөөд Монгол улсаас Энэтхэг улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Ганболд тэргүүтэй элчингийн нөхөд нягт нямбай бэлтгэл хангасаны үр дүнд төрийн айлчлал  үр дүнтэй болсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди болон Монгол улсын төрийн тэргүүн Х.Баттулга нарын уулзалт ч маш элэгсэг дотно болж өмнө тогтоосон  хугацаанаас хальж, урт уулзалт болсоны үр дүнд олон том төсөлд хамтран ажиллах гэрээ хийж тохиролцоонд хүрсэн билээ.

БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилж, энэ үеэр газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг талууд анхлан баталсан билээ. Төслийн дагуу баригдах энэ үйлдвэрийн дэд бүтцийн ажлууд буюу төмөр зам, автозамын ажил манай талын гүйцэтгэлээр хийгдэж дууссан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт өөрийн биеэр очиж танилцсан талаараа түүнд хэлсэн юм.

Мөн Энэтхэг улсын Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд нэмэлтээр шаардлагатай болсон 236 сая ам.долларыг олгох шийдвэр гаргаснаа уулзалтын үеэр зарласан юм. Энэ шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга талархалтай буйгаа илэрхийлж, үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад монгол компани, бараа бүтээгдэхүүн оролцуулах зэргээр хамтран ажиллах нь хойшдын хөрөнгө оруулагч, бизнесийн харилцаанд эерэг нөлөөтэй болохыг цохон тэмдэглэсэн юм.

Мөн харилцан ашигтай эдийн засгийн харилцааг эрхэмлэж буй Ерөнхийлөгчийн хувьд бизнесийн салбарыг дэмжих асуудалд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Нарендра Модигоос хүслээ.

Талууд мөн уулзалтаар манай хоёр улсын соёл, шашны харилцаа, урлаг спортын арга хэмжээгээр дамжуулан иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон …зэргийг товч өгүүлээд Жагар оронд зорчсон тэмдэллээлээ жаргаая.

2019 оны 10 сарын 10. Энэтхэг, Монгол улсад тэмдэглэв.