“Энэ чинь арабын орон мөн үү?”
“Ойрхи Дорнодын агаарын тээвэр” гэсэн лут нэртэй онгоцоор Каираас хөөрөөд ердөө 50-хан минут болоод цэлэлзсэн далай дээр газардахна уу гэлтэй дор ус мэлтэгнээд юу юугүй Бейрутэд буучихав.
Ливан (1)
“Ойрхи Дорнодын агаарын тээвэр” гэсэн лут нэртэй онгоцоор Каираас хөөрөөд ердөө 50-хан минут болоод цэлэлзсэн далай дээр газардахна уу гэлтэй дор ус мэлтэгнээд юу юугүй Бейрутэд буучихав. Өмнө нь дэлхийн хамгийн шашинжсан лаллаг (лалын шашинт) арабын оронд (Саудын Араб) очиж байсантайгаа харьцуулахад Бейрутэд бууж очсон даруйдаа “Энэ чинь арабын орон мөн гэж үү?” гэдэг хачин асуултыг өөрийн эрхгүй өөртөө тавьж билээ. Хэн ч гэсэн тэгэх л юм билээ.
Миний бие өөрийн хавсран хариуцдаг Ойрхи Дорнодын орнуудын нэг болох Ливан улсад өнгөрсөн оны 12 дугаар сард ажлын айлчлал хийж байсан бол энэ удаа мөн л албан ажлаар, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг айлчлуулахаар хүүтэйгээ хамт очиж байгаа нь тэр байлаа. Ноднин би тэнд гурав хонохдоо тус улсын Аялал жуулчлалын сайд Фади Аббуд, Соёлын сайд Салим Варди нартай уулзаж, мөн Бейрутын араб их сургуульд зочилж, тус сургуулийн 50 жилийн ойн баярт уригдаад Монгол-Ливаны харилцааг боломжийн салбарт хөгжүүлэх эхлэл тавихаар уухайлж байсан бол энэ удаа мөн тийм зорилготой очив. Албан ажлаа сүүлээрхээр нь тайлагнаад эхлээд монголчуудын хөл хүрээгүй Арабын тэр орныг таниулъя. Арабын орон мөн эсэхэд яагаад эргэлзэх болсноо өчсү!
Дэлхий дээрхи хамгийн жижиг орны нэг хэмээн энд тэндхийн нэвтэрхий тольд бичдэг юм билээ. Энэ бол газар нутгаар нь жишээлж байгаа хэрэг л дээ. Миний ойлгосноор, миний хөл хүрснээр бол тэндхийн газар нутаг ердөө гурван төрлөөс бүрдэх мэт- далай, далайн эрэг нь нэлдээ уул, тэгээд битүү ой, гэхдээ цөл тал багашаархан бий л дээ. Манай эриний өмнөх 5000 жилийн тэртээ энд Финикийн төр улс үүсч иргэншил соёлын их өвийг хүн төрөлхтөнд түүчээлсэн ба эндээс бичиг үсэг (цагаан толгой) бий болж түгсэн хэмээн түүхэнд үздэг тул яах аргагүй оюуны онгон дагшин газрын нэг мөнөөсөө мөн.
Хөгжил дэвшлийн баялаг өв сан, газар зүйн ашигтай байршил, үзэсгэлэнт байгаль, нэн таатай цаг агаар, дэд бүтэц-аялал жуулчлалын аж үйлдвэр нэн ихээр хөгжсөн зэргээс улбаалан энэ орныг “Дорнын Швейцарь”, нийслэл Бейрут хотыг нь “Бага Парис” хэмээн нэрлэж хэвшсэн тул тийшээ очиж үзье гэх сэтгэл хэнд ч төрөхөөр юм. Мөн улс төр нь олон жил буцалж ирсэн, 18 янзын шашинтан аж төрдөг, шашнаасаа болж (аль нь улс төрд давамгайлах вэ) өвөр хоорондоо 1975 оноос 1990-ээд оны эх хүртэл дайтацгаасан, Израиль, Сири, Палестин, ойрноос Иран гээд бүс нутгийн нөлөө бүхий улс орнуудын геополитикийн өрсөлдөөний талбар болж ирсэн тул дэлхийн улс төрчид, дипломатчид энэ орныг сонирхох нь гарцаагүй юм. Ийм сонирхлоос Монгол Улс хоцрохгүй байхсан гэсэндээ би тийшээ хоёрантаа зорчоод байгаа хэрэг л дээ.
Иргэний дайны гал ид дүрэлзэж байхад нь эхлээд Ливанд сирийн цэрэг анх орж, тэнд 29 жил байрлажээ. Израилийн цэрэг 1978, 1982 онд цөмөрч ороод 1985 онд буфер зон гэгчийг байгуулж бэхжээд 2000 онд буцаад гарсан байх юм. Би ноднин Ливаны Соёлын сайд ноён Салим Вардийн урилгаар Бекаагийн хөндий дэх Монте Алберто харшид үдийн зоогт уригдаад Бейрутээс Бекаа хүртэл уулын замаар ширүүн аадар бороонд нүдүүлэн эхнэр хүүгийн хамт бүтэн цаг хагасыг туулсан юм. Тэгж явахад минь 1980-аад онд энэ хөндийд израилийн танк хөлхөлдөж ширүүн байлдаан болж байсныг манай Өргөмжит консул надад зааж тайлбарлаж, сирийн цэрэг, агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг нь ойролцоо хил дээр, тэнд бий хэмээн бараг дурандуулахын наагуур ярьж байсансан. Бекаагийн хөндийн баруун талаархи их уулс нь Ливан-Сирийн хилийн зурвас газар ба бид хяраар нь давхиж явах зуур 1980-аад оны тэр их дайн тулааныг туулаад өнгөрсөн мэт сэтгэгдэл тэрхэн зуур төрж билээ.
Байгаль дэлхий- экологийн цэвэр ариун тунгалагийг мэдрэе гэсэн хэн ч Ливан руу татагдана. “Бур бур хийсэн бумбын орон” гэж эртний Гэсэрийн туульст гардаг тэр орон нь Ливан ч юм шиг, өнөөгийн нүдээр харахад. Зундаа халахгүй, өвөлдөө хүйтрэхгүй, чийглэг зөөлөн, юу ч гэмээр юм. Өвлийн цагт өндөр уулсын орой цасанд дарагдаад цана чаргаар гулгаж болж байхад, дахиад жаахан уруудахад хөндийгөөр нь намираа бороо шиврээд л. Цаснаас уруудаж буугаад шууд далайд сэлж, наранд шарж болно. Өвөл зунгүй өвс ногоо нь мөнх ногооноороо. “Ливаны алим” гэж нэг амтлаг жимс манай Каирт их үнэтэй, эрэлт ихтэйг мэдэх юм. Экологийн цэвэр хөрсөнд ургуулсан жимс жимсгэнэ Ливанд л байх шиг.
Ливанд гаднын зочид гийчдийг даллан дууддаг, нүд хужирладаг зүйл хэдхэн байх шиг санагдсан. Энэ нь юуны өмнө Ливаны төрийн далбаан дээр дүрслэгддэг Седар (оросоор Кедр) хэмээх мөнх наст ногоон хуш мод (хушны төрөл ч юм уу) юм. Тэр гайхамшигт модыг үзэх гэж, болж өгвөл өөрийн нэрээр дурсгалын модны бут сөөг суулгах гэж зочид гийчэд тийшээ хөл тасрахгүй. Зөвхөн тэр оронд ургадаг, өөр хаана ч ургадаггүй, ЮНЕСКО-гийн өвийн санд бүртгэлтэй, “Аль Шуф Седар” хэмээх үндэсний жижиг парк Бейрутээс холгүй, Барук хэмээх уулархаг дүүрэгт буй. Энэ ой тус орны нутаг дэвсгэрийн хоёрхон хувийг эзлэх боловч улс төр-оюун санааны хувьд үзүүлэх нөлөө нь Ливаны иргэдийг яалт ч үгүй эзэмджээ. Санхүүгийн ашиг орлого ч чамгүйгээр улсын санд нь ордог бололтой.
Би бүр гайхдаг юм. Огт үхэж гандахгүйгээр 3000 жил ургаж байгаа мод тэр ойд байнаа гэхээр. Бейрут дэх Америк их сургуульд зочилж байхдаа бид нэгэн этгээд ховор үзмэр үзсэн нь бүхэл бүтэн 7000 жил үнэрээ хадгалаад, хатаж хорчийлгүй, холтос нь хэвээрээ байгаа Седар модны тайрдас байв. Бэлгэшээл талаасаа ч энэ лут тайрдасыг барилж үзэн үнэрлэж, дэргэд нь патиараа татуулна гэдэг хэн хүнд тохиогоод байх завшаан биш мэт санагдаж билээ.
Нүд хужирлах бүү хэл дотор нь ороод байгаад баймаар, бүр сүрдмээр бас нэгэн агуй байх аж. Энэ бол жуулчдыг ёстой даллан дуудаж мөнгийг хүүлж байх шиг. Дэлхий дээр ганцхан Ливанд байдаг гэж өөрсдөө танилцуулна лээ. Кубад байдаг гэж би бас дуулсан. Ёстой тэр гэж дурслэхийн аргагүй, үгээр эвлүүлж хэлж болдоггүй, дотор нь зураг хөрөг авахуулахгүй тул үнэмшүүлэхэд ч бэрхтэй тэр нэгэн агуйг “Жейта Гротто” хэмээнэ. Байгалийн хосгүй үзэсгэлэнт агуй хүний гараар бүтээгүй, үлгэрийн ертөнц л ийм байдаг болов гэмээр, тэр хэдэн зуун метрийн өндрөөс доошоо харахад тээр дор ус мэлтэлзээд, чийг ханхлаад хүхэр ч үнэртэх шиг. Тэгснээ өөр нэг агуйгаар дамжиж ёроолын усаар нь зугаацахад үгээр зүйрлэж хэлэхийн аргагүй мэдрэмж төрөөд, цэнгэг цэл хүйтэн томхон гол агуй дотор урсаж байна гээд бодчих. Энэ үзмэр мөн л Бейрутаас нэг их холгүй.
Ливан нь христосын маронит шашинтнуудын өлгий нутаг учраас тэр шашны гол сүм, Есүсийн эх Ариун Мариад зориулсан хөшөө бүхий Харисса хэмээх дурсгалт газрыг үзэж сонирхох нь аялал жуулчлалын нэг чухал хөтөлбөр байдаг. Манай Зайсан толгойгоос лав хоёр дахин өндөр уулын орой дээр байгаа сүм, хөшөө л дөө. Тэндээс Бейрут хот, залгаа Жуния хот нь гарын алган дээр байгаа мэт, Газар дундын тэнгисийг хөвөөлөөд л, мөн л үгээр зүйрлэж хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Рио-де-Жанейрод байдаг аврагч Христосын гараа алдалсан нөгөө нэг лут цагаан хөшөөний жижиг хувилбар нь мөн Бейрутын нэг уулан дээр сүрдэрлэжээ. Бас л очууштай үзүүштэй газар юм билээ.
(Үргэлжлэл бий)