Тагнуулчийн дууль II
Чингэс хаан өглөө бүр “Тангуд улс байгаа” хэмээн сануулж байхыг зарлигласан түүхийг бид мэддэг.
-вээрсүүд-
Нэг.Гохон дээрх хурууны хээ
Чингэс хаан өглөө бүр “Тангуд улс байгаа” хэмээн сануулж байхыг зарлигласан түүхийг бид мэддэг. Харин барууны төр бол “хууль цааз оршин байгаа” гэдгээ өглөө бүр сануулдаг уламжлалтай. Чухам ийм шалтгаанаар аль хагас зууны өмнө ороолдсон хэргийнх нь төлөө нэрт найруулагч Роман Полонскийг яаж зовоож байгааг дээр бид харсан. Харин Монголын тагнуулч Хурцыг Лондонд саатуулж, түүнийг шийтгэсэн төдийгээр өрнөдийн хууль цааз амирлана гэдэг юу л бол? Түүнийг шийтгэснээр хүн зодохдоо хэрэглэсэн ташуурыг хугачих төдийгөөр ажлаа хязгаарлаж, зодсон эзнийг нь зүгээр орхисон төдий зүйл болно. Хамгийн гол нь тэр бол гүйцэтгэх ажилтан. Зүйрлэн хэлбэл тэр бол зүгээр зэвсэг, тухайлбал буу гэж ойлгож болно. Барууны хууль сахиулагчдын хамгийн их сонирхож байгаа зүйл бол бууны эзэн, гох дарсан этгээд. Тэд Хурцаас илүүтэйгээр түүнд хүн хулгайлах үүрэг даалгавар өгсөн этгээдийн талаарх мэдээлэл сонин байгаа. Өөрөөр хэлбэл бууг биш бууны гохон дээр үлдсэн хурууны хээг сонирхож байгаа болов уу? Хурц хэмээх зэвсэг дээр хурууныхаа хээг үлдээсэн эзнийг саатуулах, түүнийг хууль цаазныхаа илдэн дор аваачин гэсгээх нь барууны хууль сахиулагчдын жинхэнэ мөрөөдөл мөн болов уу? Тэд жинхэнэ эзнийг аль хэдийнээс таамаглаж, тандсан, хэн болох тухай логик дүгнэлтийг аль хэдийнэ гаргасан байгаа байх. Одоо зөвхөн баримтаар л түүнийгээ батлагаажуулах үлдсэн байж. Харин Хурцыг олж авснаар энэ ажил үндсэндээ гүйцэлдсэн байх. Хэргийн эзнийг хэзээ, хэрхэн яллах нь зөвхөн цаг хугацааны асуудал. Тэд хүлээж чаддаг улс юм гэсэн.
Хоёр. Үнэмшилгүй тусмаа үнэн
Хурцын сэдвээс болж хальтарсан үндсэн сэдэв рүүгээ эргэн нэг оръё. Манай үндэсний топ сэдэв бол тагнуул болох тухай бид өмнө нь ярьсан. Топ сэдэв хичнээн уянгын гажилттай байна тэр чигээрээ олон түмний сэтгэлд нийцдэг уламжлалтай байв. Өөрөөр хэлбэл тагнуулчийн дуулиуд үнэмшилгүй байхын хэрээрээ итгэл үнэмшил төрүүлнэ гэсэн үг. Энэ яагаад ийм байна гэхээр, дарангуйлагч дэглэмийн тархи угаалттай холбоотой. Социалист төрийн тулган хүлээлгэж байгаа “үнэн мэдээлэл”-ийн зай завсраар, ам дамжсан цуурхал маягаар ганц нэг үнэн орж ирж байсантай холбоотой.
Үзэл суртлын түм буман хаалтыг нэвтлэн онцгой итгэлтэй хүний шивнээ яриагаар дамжин орж ирсэн ховорхон “үнэн”-ийг хүмүүс нандигнан хайрлаж байлаа. 1960-аад онд Ц.Лоохууз гэгч этгээд нам төр, ард түмэн, тэр бүү хэл манай гаригийн дэвшилтэт хүн төрөлхтөний дайсан болох тухай зүү орох зайгүй социалист суртал нэвтрүүлэг явж байлаа. Гэвч бүхнийг сөрөн “Яг нарийндаа Лоохууз гэдэг хүн чинь манай Монголын нэг амьд ямааг нэг ширхэг хаймар ямаан тоглоомоор сольж байна гэж оросуудыг шүүмжлээд буруутсан юм гэнэ лээ” гэсэн цуурхал-мэдээлэл орон даяар шивнээ яриагаар тарж байлаа. Тийм болохоор мянга мянган хүн сэтгэл зүрхнийхээ гүнд Зөвлөлтийн булаан эзлэгчтэй тэмцсэн баатрын дүрээр Лоохуузыг хайрлаж байв.
Эрх баригчид ч гэсэн өөрсдийнх нь тарааж байгаа албан ёсны үнэнээс гадуур түүнээс хавьгүй хүчтэй “ардын мэдээ” оршин тогнож буйг хүлээн зөвшөөрдөг төдийгүй зохих ёсоор үнэлдэг байв. Ингээд албан ёсны мэдээлэл, цуурхал хоёрыг хослуулах замаар үзэл явуулж эхэлжээ. Ингээд нам төрд тааламжгүй этгээдийн талаар янз бүрийн цууг зохих шугамаар тараана. Ялангуяа хятадын эрлийз энэ тэр юм гэнэ гэсэн цуу тараад байвал түүнийг тагнуул гэж ойлгуулах гэсэн хэрэг болоод явчихна.
Ингэж байтал ардчилсан хувьсгал яллаа. Нүүдэлчнээс иргэнших явцдаа нь хомосоветикус болон төлөвшсөн бидний хувьд мэдээллийн эрх чөлөө нь сэтгэл зүйн айхавтар хямрал дагууллаа. Юуны өмнө албан ёсны мэдээлэл, бодит үнэн хоёр ерөнхийдээ ижилсээд гайхаш барах болов. Албан ёсны үнэнийг төрөөс тогтоохоо болихтой зэрэг мэдээллийг янз бүрийн байр сууринаас тайлбарлаж эхлэв. Балмагдсан уншигчдын зүгээс “энэ олон сонины чинь алинд нь үнэмших болж байна” гэсэн гомдол сонсогдож эхэлсэн. Энэ бол хуучин инерцээрээ “аль нь албан ёсны үнэн, аль нь жинхэнэ үнэн бэ, надад ялгаад аль” гэж нэхэж байгаа хэрэг. Үнэмшихийн тухайд бол, хамгийн үнэмшилгүйд нь итгэж “за даа, аягүй бол муу нь л үнэн байгаа даа” гэж эргэцүүлж суугаа.
Чухам ийм, төвийн мэдээллээс гажсан агуулгатай мэдээллийг хүсэмжлэх, илүүтэй үнэмших хандлага дээр шар хэвлэлийн бизнэс цэцэглэн хөгжсөн юм. Шар сонин гаргасан мэнэжерүүдийг муулах юм алга. Олон түмэн аль болох үнэмшил багатай мэдээнд дуртай байгааг л гярхай ажигласан бизнэсмэнүүд. Хүмүүс ерийн нэгэн хутганы хэрэг гарсан тухай цагдаагийн төлөөлөгчийн мэдээллээс илүүтэйгээр “есөн есийн наян нэг бүлж алсан” дэгс аллагын тухай унших дуртай байгаа хойно яалтай билээ.
Гурав. “Тагнуул” ба “тагнуул биш” үндэстэн.
Зөвлөлт Хятадын харилцаа 1960-аад оноос хүйтэрч эхлэв. Монголчуудад сонголт байсангүй. Хятадуудыг нэг өглөө л үзэн ядчихсан сэрэв. Тагнуул гэдэг бол дайсны гол ажил. Дайсан улс байгаа юм чинь манайд тагнуул дүүрэн байгаа. Хэн тагнуул байж болох вэ? Монголд он удаан жилд суусан хятадууд, эрлийзүүд тагнуул байж таарна. Төр иргэн хоёрын “хар” энэ сэдэв дээр нийлсэн гэж жигтэйхэн. Хэн нэгэн сайн ажилтан огт үнэлэгдэхгүй, гавъяа шагнал хүртэхгүй байгааг дотроо гайхаж явсан нэгэнд “зайлуул хятадын...” гэхэд “зүйтэй зүйтэй, тийм бол арга байж уу” л гэж хэлэхээр болсон байв. Гэнэн хонгор нүүдэлчдийн нэгэн үеийнхэн нь мод хөрөөдөж, ус зөөж байгаа хятад хүнийг хараад мод хөрөөдөнгөө, ус авангаа биднийг тагнаж байна гэж боддог байсан. Хятад айл, эрлийз хурлийз айл орой үдэш халуун бүлээрээ хоолоо идээд зүгээр юм ярихын оронд өдөржин цуглуулсан мэдээллээ нэгтгэж, маргааш хэрхэн тагнахаа төлөвлөж байгаа гэж үнэмшдэг өсвөр үе өсч байлаа.
Хувь заяа тохуутайг яана аа. Хятадыг үзэн ядах энэ синдромын хажуугаар социалист бүтээн байгуулалтдаа өндөр амжилт гаргасан хүнээ урамшуулдаг хамгийн чанартай шагнал нь хятад халуун сав, хятад хоргой, хятадын сумтай үзэг байваа, гэж.
Хятадаас өөр орны тагнуул байж болох тухай ажиг сэжиг монголчуудад байсангүй. Оросын тухайд бол тэд тагнуул хийх шаардлага байхгүй. Хүсч байгаа юмаа аваад ир гэхэд л манайхан алтан царан дээр тавиад очих юм чинь. Одоо болтол “Оросын тагнуул” гэдэг хэллэг амнаас унахдаа бэрх байдаг юм.
Харин бусад орны хувьд бол Монголыг тагнахад газар холдоно гэж үзэж байсан бололтой.
Дөрөв.Бидний эмзэг цэгүүд
Манай тагнуулч гадаадад баригдсан биш, гадаадын тагнуулууд жинхэнээсээ хаана нуугдаж болох вэ гэдэг асуудлыг жирийн хүмүүс хүртэл эргэцүүлэхэд хүрч байна. “Хятад гаралтай хүн, Өвөр Монголоос эх үндэстнээ бараадан ирэгсэд тагнуул гэсэн урьдын бидний ойлголт маань хэр бодитой вэ” хэмээн эргэцүүлэхэд ч хүрч байна.
Хамтдаа жаахан тагнуулын адал явдал зохиох гээд үзье. Бид өөрснөө гадаадад тагнуул явууллаа гэж бодоход тэнд харласан монголчууд, монголын эрлийзүүдийг сонгох нь зөв үү? Хамгийн түрүүнд л тухайн орны иргэдийн хараанд өртөх улсаар тагнуул тавих нь хэр оновчтой вэ? Харин хэний ч санаанд орохгүй тагнуултай байх арга юу байна. Ингээд харахаар гадаад харласан монголчуудыг бус харин ч Монголд дургүй, болж өгвөл Монголын эсрэг хөдөлгөөн энээ тэрээд багтдаг нэгнийг элсүүлбэл мөн догь юм болно оо. Үлгэрлэвээс Солонгост тагнуул явууллаа гэхэд “харласан монголчууд харьтугай” гэдэг экстермист хөдөлгөөнд багтдаг, ганц нэгээрээ яваа монгол хүнийг зодчихдог этгээдийг, Хятадад туршуул олно гэвэл “Ар Монголыг эргүүлж нэгтгэнэ” гэж дүвчигнэдэг нөхрийг тус тус сонговол олон түмний хардалтаас хол байж болмоор санагдаад байх жишээний. Тагнуулынхаа номоор бол ямар байдгийг бол мэдэхгүй. Харин бид бүхний санаанд орж байгаа “идей”-нүүд хүний өөрийн чекистүүдийн санаанд ороогүй байна гэж ёстой гонж.
Гэтэл Орост ямар тагнуул байхав гэхээр санаанд олигтой юм орохгүй байгааг бодоход манай үндэстний хамгийн сул дорой нэгэн цэг энд л байх шиг байна.
Одоо цөмөөрөө манайд тагнуул байрлуулах гэж байгаа гадаад орны дүрд цааш нь тоглох гээд үзье. Улс үндэстнээрээ хардаж байгаа эрлийзүүдийг эхлээд тооноос хасна. Дараа нь Монголд түр болон бүр оршин сууж буй “тагнуул” хочтой цагаач иргэдийг хассан нь дээр. Огт хардууламгүй этгээдийг л хайх гээд байна шүү дээ. Дээр нь бүх хүн түүнд итгэдэг байвал чухал шүү дээ.
Монголчууд дарга дургагүй үнэнээсээ итгэдэг, долоон булчирхайгаа итгэж тоочдог, харин сэжиглэх, үл итгэх байдал үзүүлэхээс үхтлээ айдаг, дээр нь мөнгөнд ухаангүй дуртай этгээдүүдэд Монголд бий юм шүү. Тэд бол үзмэрч төлөгч нарын арми юм аа. Ийм нэг үг байдаг юм. “Олон юмыг мөнгөөр худалдан авдаг. Мөнгөөр худалдан авч болохгүй юм гэж бий. Түүнийг илүү их мөнгөөр худалдан авдаг” гэж.
Монголчууд, ялангуяа эрх мэдэлтнүүд дэрнийхээ үзмэрчид толгойгоо мэдүүлсэн байх нь элбэг. Улс төрийн алхмуудаа хүртэл тоочиж “зөв буруу алин болохыг нь хэлж, замын мөрийг зааж зааж хайрла” гээд сууж байгаа. Эднийг ашиглавал мөн их юм бүтээнэ дээ. Зарим нууцыг нь хэлэхээс нь өмнө зохих шугамаар мэдэж аваад мэргэнээ гайхуулж болно. Заримыг нь хэлүүлж бас нөлөөлж болно. Төрийн түшээ хүүг суулгаж байгаад “За хүү минь та холоос ирсэн, урдаас ирсэн хоёр том түншийн аль нэгийг сонгох гээд байгаа юмаа даа” гэж нэг бишрүүлж, далдыг хардгаараа гайхуулна. Дараа нь “холоос ирснийг нь түншээрээ сонговол насанд цөвтэй гэсэн төлөг буулаа даа хүү минь, өөрөө л мэд” гээд айлгачихна. Энэ бүхнийг холоос бодлогоор удирдана гээд бод доо. Тун давгүй төлөвлөгөө болчих шиг санагдах юм. Хэрэг дээрээ тулаад ирэхээр хүний өөрийн тагнуулчдын арга хол явчихсан байгаа энийг хараад инээд нь хүрэх л байлгүй.
Харин бид улс үндэстнийхээ хоёрын хоёр эмзэг цэгийг мэдээд авчихлаа. Иймээс дараа дараагийн тагнуулын жинхэнэ дуулиуд огт өөрөөр бичигдэх байх аа. Дээр нь өдгөө өрнөж буй тагнуулийн дууль дараахь сургамжийг бидэнд хэлж байна.
Төгсгөл. Ард түмэнтэй хийх тооцоо
Хорин жилийн өмнө социализмын торноос гарсан монголчууд ба түүний төр хорвоогийн дэг журмыг гүйцэд ухаарч амжаагүйгээс хамаг балаг эхтэй. Эрхтэн дархтнууд маань өөрийн орондоо дураараа дургиж болдог шигээ дэлхийн хаана ч авирлаж болно гэж найдаж явсан нь ташаа аж. Торныхоо хэмжээгээр сэтгэсний илэрхийлэл нь хилийн чанадаас хүн хулгайлсан явдал байлаа.(Дээр нь бас хүний наймаатай тэмцэнэ барина гэж бүлтрэхийг нь яана) Одоо ч нөхөр Хурцыг хэд гурван хүнтэй тохироод, аргалаад аваад ирэх юм шиг бодоод захиа занаа бичих, тэр хавиар танилтай хүн олох, хэд гурван цаас шидвэл ч шидэх энээ тэрээ болоод яваа. Бүтэхгүй л дээ. Нөгөө талын эцсийн зорилго юу байна вэ гэхээр Хурцыг баривчлах, удирдагчийг шүүх төдий биш. Монголчуудыг өөрсдийг нь олон улсын хууль эрхийн наад захын хэм хэмжээг барьдаг болгох л гээд байна. Дуунд гардаг шиг “...Хөөрхий бидний бүсгүйчүүд хүмүүжихийн замыг дагая” гэхээс өөр гарц алга. Эхлээд тагнуулчтай нь, түүгээрээ уламжлаад илгээсэн удирдагчтай нь, улмаар түүгээр удирдуулсан төртэй нь, төрөөр нь дамжуулаад ийм төр сонгосон ард түмэнтэй нь тооцоо бодож байгаа хэрэг. Ард түмэн төрийнхөө, удирдагчийнхаа төлөө хариуцлага хүлээдэг. Гитлерийг төрүүлж өсгөснийхөө төлөөсийг Германы ард түмэн 65 жил төлж байна, дуусаагүй л байх юм байна шүү.
Dr urologist
зочин
zochin
Зочин
çî÷èí
brayan
zochin
Зочин
unshigch
Зочин
Зочин
od
зочин
зочин
zochind handaj heleh ug
gadaadaas
zochin
SONY
SONY
SONY
би
би
setgegdel
Зочин
Chi
Зочин
Зочин
Такачигава
Monto-KRISTO
Эмэгтэй хүн
Батзориг
hatuu ugt
Зочин
b
монгол хэлний багшид
монгол хэлний багшид
hehehehe
Зочин
Зочин
зочин
Нээрээ тийм
MUNKH
Зочин
Зочин