Улстөрд, улстөрийн лидер явахад гурван зүйл хамгийн чухал. Нэгдүгээрт, мөнгө, хоёрдугаарт, мөнгө, гуравдугаарт, бас мөнгө. Иймд улстөрч хүнд байх хамгийн чухал чадвар бол мөнгө босгох. Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож чадаж байгаа улстөрчдөд энэ чадвар бүр илүү байх нь гарцаагүй. Дээр нь Ерөнхийлөгчид улстөрийн лидерүүдийг л нэр дэвшүүлдэг.

Монголын үе үеийн Ерөнхийлөгч нар мөнгө босгох энэ чадвараа яаж ашиглаж  ирэв ээ. Тэд өөрөө дахин нэр дэвшихдээ л сонгуульдаа зориулж мөнгө босгодог байлаа. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нар бүгд л тийм байсан. Одоо Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ч дахин нэр дэвшлээ гэхэд сонгуулийнхаа мөнгийг хөнгөхөөн босгочихно. Харин бид сонгуульд ялагдсан, эсвэл бүрэн эрхийн хугацаа нь дууссан  Ерөнхийлөгч нартаа  байшин барьж өгдөг уламжлалтай. Байшин барих мөнгийг нь ард түмний татвараар босгодог. П.Очирбатад барьж өгсөн. Н.Багабанди, Н.Энхбаярт барьж өгөх шийдвэр гаргасан. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад Ц.Элбэгдоржид ч барьж өгнө. Улс орноо удирдаж байсан төрийн тэргүүн нартаа төрөөс тансаг байшин барьж өгөхийг буруутгах юм алга. Улсын Ерөнхийлөгч байсны хувьд тэд төрөөс байшин зэргийн хангамж эдлэх, ард түмнээсээ бариулах байшингийн мөнгөө гаргуулах дайны хүндлэл хүлээх эрхтэй хүмүүс. Харин манай Ерөнхийлөгч нар бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаандаа ард түмэндээ, улсдаа яагаад нэг сайхан  бүтээн байгуулалт үлдээж  болдоггүй юм бэ. Заавал байшин биш, зам ч юм уу, театр, музей, нов ногоон цэцэрлэгт хүрээлэн  гээд улсдаа үлдэх, ард түмнийхээ оюуны хөрөнгө оруулалтад нэмэрлэх бүтээн байгуулалтыг эхлүүлж, санхүүжилтийг нь шийдэж яагаад болдоггүй юм. Байшин бариулах газар олдохгүйн зовлон Ерөнхийлөгч нарт байхгүй. Мөнгө босгох улстөрчийн чадвар нь ч тэдэнд  дутахгүй. Гадна, дотноос санхүүжилт болсгоход улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд гэж бас бий. Гэтэл манай өмнөх гурван Ерөнхийлөгчийн хэн нь ч түүхэнд өөрийнхөө нэрээр нэрлэх бодитой бүтээн байгуулалтыг ард түмэндээ үлдээсэнгүй. 

Улсын Ерөнхийлөгч байшин бариулах, музей байгуулах мөнгө босгох үүрэггүй л дээ. Болохгүй гэсэн хуулийн хориг бас үгүй. Аль аль нь байхгүй учраас л П.Очирбат Ерөнхийлөгч “Тэнгэрийн цаг” компаниа байртай болгож, Н.Энхбаяр хотынхны нэрлэдгээр Ленин клубын хажуу дахь “сэлмэн” барилгад хамтарч оролцсон хэрэг. Хотод өнгө, үзэмж нэмж байгаа энэ барилга бүр Н.Энхбаярыг төрийн тэргүүн байх үед баригдаж эхэлсэн, харин Ерөнхийлөгчөөс буусны дараа ажил нь зогссон байх шүү. Гэхдээ эд Ерөнхийлөгч нарын өөрийн барилга, хувийн өмч болохоос ард түмнийх биш. 

Улсын Ерөнхийлөгч нар байшин бариулдаг жишиг дэлхийд байхгүй гэж зарим хүн хэлэх биз. Тэгээд Америк, Азийн зарим орныг жишээлэх байх. Гэтэл тэд чинь бүтээн байгуулалт нь бараг илүүдчихсэн улс орнууд шүү дээ. Ерөнхийлөгч нар бүтээн байгуулалт санаачилдаг жишиг байдгийг нотолсон гуравхан жишээ өгүүлье.

Жишээ 1. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама саяхан улс орныхоо зам харгуйг бүхэлд нь сайжруулах зорилгоор 50 тэрбум долларыг их бүтээн байгуулалтад зарцуулах санаачилга гаргав. Түүний саналыг Конгресс нь дэмжлээ. Замаа шинэчилснээр улс орныхоо эдийн засгийг өөд татах, ажилгүйдлийг бууруулах давхар зорилготой гэж Ерөнхийлөгч санаачилгаа тайлбарлаж байна. Хамгийн гол нь энэ их мөнгийг уул уурхайгаас гаргуулах бөгөөд Ерөнхийлөгч өөрөө энэ тал дээр идэвхийлэн ажиллахаа мэдэгдлээ. Энэ тухай Америкийн хэвлэлүүдэд, шинэчилж сайжруулсан замуудыг бүхэлд  нь “Обамагийн зам” гэж нэрлэн түүхэнд үлдээнэ хэмээн бичиж байна.
 
Жишээ 2. Малайз улс дэлхийд алдартай ихэр цамхагаараа жуулчдыг татдаг. Нийт 88 давхар, 452 метр өндөр, энэ үзүүлэлтээрээ дэлхийд эхний аравт жагсдаг ихэр цамхагийг барихыг анх тус улсын Ерөнхий сайд Махатир Мохамед санаачилжээ. Бүр зураг эскизийг нь өөрөө гаргасан гэж байгаа. Ихэр цамхагийг холбогдсон хэсгийн хөндлөн огтлолыг дээрээс нь харвал яг Малайзын төрийн сүлдний хэлбэр харагдахаар дүрсэлсэн нь мөн л Ерөнхий сайдын санаа байжээ. 

Жишээ 3. Ерөнхийлөгч нар нь ард түмэндээ соёл, оюуны бүтээн байгуулалт үлдээдгээрээ Франц алдартай. Үе үеийн Ерөнхийлөгч нар нь албан тушаалаа орхихдоо энэ жишгийг заавал үргэлжлүүлдэг. Ерөнхийлөгч нарынхаа эх орондоо, ард түмэндээ үлдээсэн соёлын бүтээн байгуулалтаар нь францууд ч бахархдаг байна. Жишээ нь, Францын 19 дэх Ерөнхийлөгч Жиоржис Помпидоу 1969-1974 онд  бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа уран барилгын гайхамшгийг илтгэсэн Соёлын төвийг санаачлан байгуулжээ. Энэхүү барилга нь Парисын Эйффелийн цамхагтай дүйцэхүйц, улсынхаа бэлгэ тэмдэг болдог байна. Орчин үеийн урлагийн үндэсний музей нэртэй энэ барилгад соёлын төв, урлагийн сургууль, номын сан болон үзэсгэлэнгийн танхим байдаг. Ерөнхийлөгч Франсуа Метеран ч Сена мөрний эрэгт өөрийнхөө нэрэмжит дөрвөн том корпус бүхий номын санг санаачлан байгуулсан. Бидний сайн мэдэх Жак Ширак гэхэд өдгөө авлигын хэрэгт шалгуулж байгаа ч, Ерөнхийлөгч байх үедээ ард түмнийхээ дунд өөрийнхөө “хөшөө”-г аль хэдийнэ босгож чаджээ. Тэрээр Африк, Ази, Америк тивийн болон далайн орнуудын урлагийн суут бүтээлүүдийг хадгалж, хамгаалах зорилготой Соёлын төвийг санаачлан байгуулсан байна. Мөн л Сена мөрний эрэгт байрлах энэ музей нь дээр өгүүлсэн Помпидоу Ерөнхийлөгчийн санаачилсан барилгатай дүйцэхүйц нүсэр том байгууламж юм байна. 

Эндээс санаа авч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс нэг зүйл хүсье. Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгатай, төрийн тэргүүн санхүүжилтийг нь босгосон нэг сайхан бүтээн байгуулалтыг ард түмэндээ үлдээгээч ээ. Яг Махатир Ерөнхий сайд шиг. Заавал байшин биш, Б.Обама Ерөнхийлөгч шиг зам харгуй ч байж болно. Францын Ерөнхийлөгч нар шиг оюун санааны хөрөнгө оруулалт байвал бүр сайн. Хамгийн гол нь өмчлөгч нь, үйлчлүүлэгч нь ард түмэн байх, оюун санааны  чигтэй тийм бүтээн байгуулалтыг эхлүүлж, түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит үлдээдэг жишгийг эхлүүлэхийг хүсье. Хотод өнгө үзэмж нэмж байгаа ч хувийн өмчийн “сэлмэн” барилгыг гурав дахь Ерөнхийлөгчийн, тэрүүхэндээ авсаархан, хэв маяг сайтай ч “Тэнгэрийн цаг” компанийн байрыг анхны Ерөнхийлөгчийн нэрэмжит болгож арай л боломгүй санагдана. Гэхдээ гоё байшин гэхээр дэлгүүр, оффисын барилга Ерөнхийлөгчийн нэрэмжит байх нь зохимжгүй. Номын сан, театр, төрөх эмнэлэг, музей, бүр Америкийн эрх чөлөөний хөшөөт барилга шиг Монголын ардчиллын өргөөг яагаад ардчилсан Ерөнхийлөгч санаачилж бариулж болдоггүй юм.

Төрийн тэргүүний хувьд улсаа удирдаж, шударга ёс тогтоох амлалтаа хэрэгжүүлэх нь таны нэн тэргүүний зорилго байх нь тодорхой. Гэхдээ та сонгуулиар ард түмний Ерөнхийлөгч байхаа мэдэгдсэн. Ард түмний Ерөнхийлөгч байх л юм бол ард түмэндээ зориулсан нэг сайхан бүтээн байгуулалт санаачлахыг хүсье. Та бас ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч байхаа амласан. Амь нэгтэй л байх юм бол ард түмэн нь дундаа эзэмших, ашиг тусыг нь хамтран хүртэх нэг сайхан бүтээн байгуулалт эхлүүлээч Ерөнхийлөгч өө. Хамгийн гол нь ард түмнээрээ өөртөө байшин бариулдаг, өөрөө ард түмэндээ барьж өгдөггүй энэ жишгийг халъя. Улс орондоо, ард түмэндээ үлдээх бүтээн байгуулалтыг улстөрчдөөс УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга л манлайлж явна. Манлайлж ч гэж, улстөрчдөөс бараг ганцаараа бүтээж буйг Цонжин болдогт буй Чингис хааны морьт хөшөөг харсан, XIII зуун цогцолборыг нь үзсэн хэн бүхэн бахархан хэлэх байх. Яг өнөөдөртөө Монголдоо л өөрийнхөө “хөшөө”-г өрөө бүтээж буй ганц улстөрч нь Х.Баттулга гишүүн болж байна. Тэр компаниатай, мөнгө босгох чадвартай л байх. Гэхдээ л улсын Ерөнхийлөгчийн эрх мэдэл,  мөнгө босгох чадвар хувийн компанийн захирлынхаас дутуу байна гэж баймгүй. Харин эх оронч үзэл, ард түмнээ гэх сэтгэл, хийж бүтээх хүсэл тэмүүлэлд бол албан тушаалын ялгаа байхгүй. 

Үнэндээ бол өмнөх гурван Ерөнхийлөгч маань өөрийг нь төрийн тэргүүнээр сонгосон ард түмнийхээ дунд өөрийнхөө “хөшөө”-г босгож чадсангүй. Шав тавих ёслолд оролцож, аль нэгэн байшингийн хананд өөрийн нэр хаягтай самбар босгуулах бол түүхэнд үлдэх, үр ашгаа ард түмэнд өгөх бүтээн байгуулалт биш шүү дээ. Аль ч улс оронд ард түмэн нь удирдагч нартаа зориулж хүрлээр, зэсээр хөшөө босгодог үе хуучин цагтай улиран оджээ. Харин удирдагчид нь санаачилсан бүтээн байгуулалтаараа өөрийнхөө мөнхийн “хөшөө”-г ард түмнийхээ дунд  бүтээдэг шинэ стандарт Монголд минь морилох болтугай.  Ерөнхийлөгчөөс үндэстэндээ үлдээх шинэ “бүтээл” төрөх болтугай.