Монголын улстөрд гуравдагч хүчний орон зайг 20 жил хайлаа. Байхгүйг нь парламентын үе үеийн сонгууль нотлов. Үнэхээр ч МАХН, АН хоёрын араас явдаг гурав дахь нам хэрэггүй л дээ. Харин сүүлийн жилүүдэд Монголын улстөрд шинэ орон зай гарч ирлээ. Гэхдээ энэ нь гуравдагч биш, нэг дэх буюу тэргүүлэгч улстөрийн хүчний орон зай. Бүдэг жим төдий байсан энэ орон зай УИХ-ын сүүлийн хоёр сонгуулиар илүү тодорлоо. 2004 оны УИХ-ын сонгуульд аль ч нам олонхи болсонгүй. 2008 онд МАХН ялсан ч, АН-ын дэмжлэггүйгээр ажиллаж чадахгүй гээд стандарт бусаар эвсэв. Ингэснээр сонгуульд ялдаггүй АН, ялсан ч дангаараа засгийн эрх барих чадваргүй МАХН хамтдаа улстөрийн тавцанд хоёрдугаар эгнээнд шилжлээ. Парламентын 76 суудлын 45-ыг авчихаад дангаараа Засгийн газар байгуулаад ажиллаж чадахгүй МАХН-ыг тэргүүлэгчийн байранд тавилтай биш. Ард түмний өгсөн санал, сөрөг хүчний байр суурийг хэдхэн сайдын суудлаар хямдхаан зарчихдаг АН-ыг тэргүүлэгчид өрсөлдөгч нам гэж үзэх хэрэг үү. Үгүй ээ, энэ хоёр нам одоо тэргүүлэгч улстөрийн хүчний төлөө өрсөлдөхөөсөө бараг өнгөрсөн. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг. Магадгүй дараагийн сонгуульд АН яллаа гэж бодъё. Тэгвэл АН нь МАХН-тайгаа Засгийн газарт хамтарч мэднэ. Хоёр удаа сугандаа хавчуулсны төлбөрийг төлж, агтны хариу барьж байгаа нь тэр. 

  Тэгвэл нэгдүгээр эгнээнд зогсох улстөрийн хүчин нь аль нам бэ. Бодитой бий болсон тэргүүлэгчийн энэ орон зайд өнөөдөр намууд биш, хамтарсан засаг нэрээр нам дамжсан бүлэглэлүүд тоглож байна. Бүр тодруулбал, МАХН, АН-ын нэр, квотоор хамтарсан засагт багтсан бүлэглэлүүдийн албан бус нэгдэл л улстөрийн тэргүүлэгч хүчин болж, тэдний дохио зангаан дор Монголын парламент хүртэл бүхлээрээ бөхөлзөж сууна. Хоёр намын сайд нар, хамтарсан засгийн хаялгыг хүртдэг улстөрчид өнөөдөр цаасан дээр тус тусдаа намтай, амьдрал дээр аль хэдийнэ нэг нам болчихлоо.   

    Ойрхноос жишээ авъя. МАХН, АН-ын эрх мэдэлтэй, засагт ойрхон хэсгийн хүрээнд хойд хөршийн Единая Россия-гийн монгол хувилбар бүхий улстөр явж байна. Намууд хамтарч засаг барьсан жилүүдэд тэргүүлэгч хүчний орон зай улам тодорлоо, эсвэл зориуд тодрууллаа. Тэр зүгт чиглэсэн, Единая Россия шиг нэгдэлд дуудсан улстөрийн акцууд ч идэвхжлээ. Магадгүй ийм нэгдэл үүсгэе гэвэл бүх тохироо нь ч бүрдэж байгаа бөгөөд энд хоёр хувилбар бий. Нэгд, яг Единая Россия шиг шинэ нэрийн дор намуудыг нэгтгэх. Хоёрт, засагт багтсан АН-ын сайд нар, “Алтан гадас”-ынхан тэргүүтэй бүлэглэлүүд МАХН-д элсэх. Гэхдээ хоёр дахь хувилбар нь нэгдэхээсээ илүү боломжтой. Сүүлийн үед бараг тэр зүгийн улстөр яваад ч байгаа юм шиг. Яагаад гэвэл МАХН нэрээ сольж Монгол ардын нам /МАН/ болно. Дэлхийн социнтерний гишүүнчлэлд Монгол, Мексик, Доминикан, Парагвай гэсэн таван улсад “хувьсгалт” нэртэй нам байлаа. Одоо Монгол хасагдсанаар “ах” намын нэрнээс Монголын улстөрчид битгий хэл, дэлхий цээрлэж, цэрвэхээргүй боллоо. Суганд нь хавчуулагдсан ардчилагчид өвөрт нь ороход “хувьсгалт” гэдэг үг айлгаад байхааргүй болов. Хардлагыг лавшруулж буй өөр нэг шалтгаан бий. МАХН нэрээс гадна үзэл баримтлалаа сольж үндэсний ардчилсан болгоно. Зүүний явсан хувьсгалт нам барууных болох юм байх. Ингэснээр АН-ын улстөрчид үзэл баримтлалаа дагаад МАХН-д орлоо гэх сайхан далим, бамбайтай болно. АН-ын нэгдэлд Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/ гэж байсныг сануулъя.  Өөрөөр хэлбэл, МАХН-аас хуучин нэрийг нь сэргээсэн, АН-аас үндэсний ардчилсан үзэл баримтлалыг нь авсан МАН гэдэг шинэ нэгдэл төрж болж байна.

    Единая Россия-г нэгдэхээс өмнө ОХУ-д эдийн засгийн өсөлт нь зогсчихсон, төрийн албан хаагчид, тэтгэврийнхэн нь хэдэн сараар цалин тэтгэврээ авч чаддаггүй явжээ. Улстөр нь ч тогтворгүй. Орос том гүрэн ч Ерөнхийлөгчид л гэхэд арав гаруй хүн нэр дэвшдэг, дэндүү олон сайн дурын улстөрчидтэй байв. Ерөнхийлөгч В.Путин дахин нэр дэвшихийн тулд Эв нэгдэл, Эх орон, Бүх Орос намуудыг нэгтгэж Единая Россия-г байгуулав. Түүнээс хойш энэ нам Думын сонгуульд тасралтгүй ялж яваа. В.Путин Единая Россия-г байгуулснаар Орост улстөрийн ардчилал хумигдсан гэж улстөрийн ажиглагчид дүгнэдэг. Тийм тал бий л байх. М.Касьянов,  Б.Немцов зэрэг Ерөнхий сайд, Ерөнхий сайдын орлогч хийж явсан улстөрчдийн нам парламентад өөрийн гэсэн хүчирхэг бүлэггүй болж, Яблоко зэрэг барууны үзэлтэй зарим эвслийг сонгуулийн өндөр босгоор Думаас шахсан. Дашрамд дурдахад, өнгөрсөн өвөл МАХН, АН-ын бүлгүүд сонгуулийн холимог хувилбараар долоон хувийн босго давсан намыг парламентад суудалтай тооцох хуулийн төсөл оруулж ирсэн билээ. Орос яг энэ долоон хувийн босгоор жижиг намуудаа шахсан бөгөөд одоо энэ хэмжээ таван хувь болсон санагдана.
 
  Единая Россия-г байгуулснаар хэдхэн хүний хаанчлал тогтсон гэх шүүмжлэл бас бий. Тийм л байх. Ийм хүчирхэг нам байгуулж чадсаныхаа хүчинд В.Путин Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас доош албан тушаалд очоогүй нь үнэн. Эв нэгдэл намаа нэгтгэсний төлөө С.Шойгу Онцгой байдлын сайдын, Лужков Эх орон намаа нэгтгэсний төлөөсөнд Москва хотын даргын албаа хашсаар яваа нь ч үнэн. Гэхдээ энэ бүхний үр дүнд Оросын ард түмэн, Оросын эдийн засаг хохироогүй, харин ч хожсон, Орос орон хөгжсөн гэх эдийн засагчдын дүгнэлт ч илүү хүчтэй байдгийг дурдъя.

    Монголд ийм нэгдэл үүсгэсний буруу гэж байхгүй. Орон зай нь сул байгаа тэргүүлэгч улстөрийн хүчин болж тэр нь монголчуудынхаа төлөө ажиллаж чадвал бүр сайн хэрэг. Гэхдээ МАХН, АН хоёр бүхлээрээ нэгдэх нь юу л бол. Харин Засгийн газарт хоёр удаа хамтарсан сайд нар, дундаа хамтарсан  бизнестэй нам дамжсан бүлэглэлийнхэн  МАН-ын туган дор нэгдэх боломж, сонирхол бийг үгүйсгэхгүй. Тэгээд ч энэ бол анхны оролдлого ч биш. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН, АН-ын мөн л Засгийн газарт ойрхон хэсг улстөрч нийлж МАХН буюу Монголын ардчилсан хөгжлийн нам байгуулах гэж яваад нам дарагдсан билээ. Үүнийг нотолсон Н.Багабанди Ерөнхийлөгчийн хэлсэн үг ч байдаг. МАХН, АН нэгдэж нэг нам боллоо гэхэд Монголд олон намын тогтолцоо нуран уначихгүй. Шинээр бий болох МАН-ын нөгөө талд нь Д.Энхбатын Ногоон нам, М.Энхсайханы ҮШН, С.Оюуны ИЗН байж л байна.  Магадгүй АН-д бууриа сахисан хэсэг үлдэх байх. Монгол тасравч Францын дайтай, могой тасравч гүрвэлийн дайтай гэдэг үгийг С.Баяр “могой тасравч гүрвэлийн дайтай МАХН задравч АН-ын дайтай” гэж улстөрд буулгасан байдаг. Тэгэхээр МАХН-аас ч АН-ын дайны хэсэг үлдэж магад. Бас МАХН гэдэг товчлолыг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хадгалж үлдэнэ гэх таамгууд ч хэвлэлээр гарч эхэллээ. Хамгийн гол нь нэрээ сольсноор  МАХН гэдэг нэр, дөрвөн үсгийн  товчлолыг дахин  хэрэглэхийг Дээд шүүхээс хориглож таарна. Тийм учраас МАХН бараг л задрахгүйгээр бүхлээрээ МАН болж улаан сарнайнхаа дор АН-ын зарим бүлэглэлийг нэгтгэх боломжтой. Үнэхээр Единая Россия шиг хүчирхэг нам гараад ирвэл бусад жижиг нам ч нэгдэж нийлэх зам руугаа явна.  Гэхдээ бид нэг намын систем бүхий хятад маягийн улстөрийн тогтолцоог хүсэхгүй. Олон намын тогтолцоотой байж л ардчилалаа бэхжүүлнэ, эрх баригчдаа хянана. Манайхан олон намын тогтолцоо гэдгийг зөвхөн олон намтай байх төдийхнөөр ойлгоод байна. Одоо манайд олон нам нь байна, харин нэг нь засгаа барьж,  нөгөө нь хянадаг зарчим нь алга.    

    ОХУ Ерөнхийлөгчийн засаглалтай учраас Дум нь Ерөнхийлөгчийнхөө сүүдэрт явдаг. Единая Россия-г байгуулсны дараа энэ нь бүр илүү болсон. Харин Монгол бол парламентын засаглалтай. Иймд тэргүүлэх улстөрийн хүчин бүхий нэгдэл үүслээ гэхэд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байдлаар Үндсэн хуулиа өөрчилж төрийн тэргүүн нь УИХ-ынхаа сүүдэрт явдаг болох байх. Энэ мэтээр үйл явдал өрнөх боломжтой ч, ийм нэгдэл рүү явах, тохироо нь бүрдсэн боломжийг ашиглах улстөрийн эр зориг байна уу, үгүй юү гэдэг л байна. Түүнээс бус, өнөөдөр хамтарсан шигээ маргааш ч гэсэн хамтдаа засаглаад явах хувь хүний чин хүсэл бол МАХН, АН-ын эрх мэдэлтэй хэсэгт бий л дээ. Олонхи, цөөнхөөрөө ингэж холилдож өөх ч биш, булчирхай ч биш явснаас л хамаагүй дээр сонголт.

    Монгол орны амьдралд болж бүтэж байгаа, гэрэл гэгээтэй юмс бий. Гэхдээ л санасан хэмжээ, зарцуулсан он жилүүдтэйгээ харьцуулахад дэндүү чамлалттай. Олон намтай байснаараа хөгждөг бол бид аль хэдийнэ Азийн бар улс болсон. Оросыг улстөрийн ардчилалгүй, нэг намтай л гэдэг. Манайх 17 намтай. Аль нь илүү хөгжиж байгааг харьцуулшгүй. Эсрэгээр нь хүн амын тоо, байгалийн баялгийн нөөцөөр Орос, Монгол хоёрыг бас харьцуулшгүй.

     Эцэст нь өгүүллээ үнэмшилтэй болгох гэсэндээ биш, саваагүйтэж нэг зүйл шигтгэе. Монголын улстөрийн өрөг дээр туршлагатай, туршлагагүй улстөрчид “сайн дурынхан”, “гал хамгаалагчид” гээд олон тоглогч бий. Хэдийгээр намын дарга, Ерөнхий сайдаас чөлөөлөгдсөн ч С.Баяр лидерийн эрэмбэ, улстөрийн зангаргаараа хүчтэй, нөлөөтэй хэвээр л яваа. В.Путинийг Единая Россия-г байгуулж байх үед ОХУ-д Элчин сайд байсан, угийн орос школтой С.Баярын толгойноос л ийм нэгдлийн бэлэн сценари гарч ирнэ дээ. Нээрээ, В.Путин залгамжлагчаа нэрлэсэн шиг С.Баяр С.Батболдыг хөтөлж гаргаж ирсэн шиг санагдана. Танил, улстөрд туршиж үзсэн хувилбар яваад байгаа юм биш үү.