МАХН-тай хамтарсан Засгийн газарт АН фракциудынхаа тэнцвэрийг хадгалсан бүтэц оруулж байх тэр үед “энэ ч удахгүй л дээ”  гэсэн байдлаар олон нийт хүлээж авсан юм.

Хамтарсан Засгийн газар дахь АН-ын квот дээр удахгүй дараагийн буюу хоёрдугаар ээлжийнхэн нь “хоолны ширээнд” суух гээд бужигнуулна даа гэсэн таамаглал олныг эргэлзүүлж байсан хэрэг. Тийм зүйл болохгүй гэх хангалттай итгэл одоо ч гэсэн алга байна, гэхдээ энэ хооронд ямартай ч хоёр жил өнгөрөв. Хамтарсан Засгийн газарт хөдөлгөөн хийх хугацааг хоёр жилээс ойрхон төсөөлж байсан хүн дэндүү олон. Сонгуулиар дангаар төр барих эрх авчихаад өөр намтай хамтарлаа гэж С.Баярын стандарт бус шийдвэрийг эсэргүүцсэн МАХН-ын гишүүдийн зүгээс ч хамтарсан Засгийн газрыг сандчааж мэдэхээр байсан боловч АН-ынхан хардлагад илүүтэй өртсөн байх. Хамтарсан Засгийн газрын хувь заяа болоод хэр тогтвортой ажиллахыг нь АН л шийдэх юм шиг хар аяндаа ойлгогдож байв…

АН-ын хувьд сонгуулиас хойшх хоёр жилийг “томоотой” өнгөрүүлж, намын удирдлагын хүрээнд ч, хамтарсан Засгийн газрын хэмжээнд ч халаа, сэлгээ хийх гэж адгасангүй. Уг нь АН-ын даргын эрх мэдэл МАХН-ынх шиг нэг хүн дээр удаан тогтож байсан удаа бараг үгүй. Бас дээр нь АН төрийн эрх барьж байх үедээ ч Засгийн газраа нэг бус сольж байсан нь /хэдийгээр өөрсдөөс нь хамаарах, үл хамаарах олон шалтгаантай байсан ч/ АН тогтворгүй гэсэн ойлголтыг масст бүрдүүлсэн юм. Харин 2008 оны сонгуулийн дүнд гонсойж бухимдсан иргэдэд “тайвшруулах тарилга” болсон нэг зүйл нь АН Засгийн газарт МАХН-тай хамтран ажиллах болсон явдал. Чухам энэхүү “стандарт бус” улс төрийн шийдэл АН-ыг төлөвшилд оруулаад хоёр жил болов гэлтэй. Мөн үргэлж буцалж байдаг АН-ыг амсхийхэд хүргэсэн бас нэг хүчин зүйл нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд байгуулсан амжилт.

Сонгуулиас сонгуулийн хооронд амьдрах настай богино зайны улс төрөөс татгалзаж, улс, үндэстний хэмжээний бодлого, зорилго дор хамтарч  ажиллахгүй бол хөгжлийн гарцгүй гацаанд орох нь тодорхой болсныг хорин жил сөргөлдсөн хүчнүүд хүлээн зөвшөөрчээ. Энэ ухаарал АН-ын доторх амбициудыг цаламдаж байна гэж дүгнэхийг олон нийт хүсч байна.

Эдийн засгийг зүтгүүрдэх томоохон төслүүдийн ирээдүй тогтвортой улс төрийн орчин шаардаж, нийгэмд нэгэнт тогтсон гажуудлуудыг залруулахад эрх зүйн шинэ орчин үгүйлдэгдэж байгаа нь үнэн. Энэ бүх нийгмийн захиалгыг гүйцэтгэхэд улс төрийн голлох хоёр намын ойлголцол, парламент дахь улс төрийн хүчнүүдийн тэнцвэр юу юунаас чухал. Чухам энэ эрх ашиг л парламентыг сөрөг хүчингүй болгож, МАХН, АН-ыг нэг дээвэрт багтааж байгаа гэж найдъя. Сонгуулийн үеэрх алдарт сая төгрөгийн амлалтууд нь тэдний гол зорилго гэж ойлговол бас л өрөөсгөлдөх биз ээ.

Сөрөг хүчний дуу хоолой болж чадахгүй байна гэсэн шүүмжлэл өнөөгийн АН-д хаяглагдаж байгаа. Олон нийтийн зүгээс гарч байгаа энэ шүүмжлэл мэдээж үнэний ортой. “Сөрөг хүчин заавал байх ёстой гэсэн онолын томъёолол ч байхгүй” гэж тус намын ерөнхий нарийн бичгийн дарга хэвлэлд ярилцлага өгсөн. Мэдээж араас нь “буруу алхамтай нийлж, нэгдэж, МАХН-ын хоморгонд орж явах нэр биш” гэх тайлбар зүүсэн байна лээ. Гэхдээ үүнд итгэж байгаа хүн хэр олон бэ гээд тэд өөрсдөөсөө нэг асуувал ямар хариу гарах бол.

Хоёр жилийн өмнө МАХН-тай хамтарч Засгийн газар байгуулах шийдвэрийг олонхиор гаргасны дараа Ц.Элбэгдорж намын даргын ажлаа сайн дураар өгч, түүний ажлыг Н.Алтанхуяг авсан. АН-ыг удирдаж байсан Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нартай харьцуулахад номхон Н.Алтанхуяг, намын дээд удирдлагын төвшинд анх гарч ирж буй Д.Эрдэнэбат нарт суудал хатуудна гэх таамаглал ч тэр үед байсан. Гэвч АН-ын өнөөгийн  удирдлагууд томилогдож ажил авснаас хойш хоёр жил өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн мөчлөг яг талдаа орж байна. Өмнөх сонгуулиас хойш хоёр жил өнгөрч, удаах сонгууль хүртэл хоёр жил үлдэв.