Үүл маань амаргүй, бас бахархам сонголт хийжээ. Түүний нэрийг намаас Булганы тойрогт дэвшүүлсэн гэж сонслоо. Э.Бат-Үүлийн хэмжээний улс төрчид өөрөө сонголт хийх боломж бараг байдаггүй юм. Хүмүүс “лидер” гэсэн нэр өгчихнө, тэгээд юм л бол урдаа барина. Бас лидер бүхэн Э.Бат-Үүл шиг байдаггүй.

Үүл өөрөө өөртөө харьяалагдахаа болиод удаж байгаа хүн. “За Үүл минь чи л Булган явж дээ. Энэ сонгууль маш чухал. Бид олон ялагдлаа. Одоо чи л энэ ялалтыг эхлүүлэхгүй бол өөр хэн эхлүүлэх билээ. Үүлийг гэж шийдэх үү, шийдье”. Иймэрхүү л яриа намын удирдах нөхдийн дунд болсон нь бараг ойлгомжтой.Мэдээж энэ шийдэлд хүрэхийн тулд тэд их ярилцаж, их ажилласан.Ийм шийдэл, яриа зөвхөн Үүл шиг хүн дээр л гардаг. Хүний тухай асуудал шийдэж байхад тэр хүнийхээ саналыг сонсох нь чухал л даа. Гэхдээ Үүл бидний энэ шийдлийг сөрөхгүй, “Та нар шийдэж байгаа бол надад ярих юм алга, намынхаа удаан хүлээсэн ялалтын төлөө зүтгэнэ” гэж Үүлийг хэлнэ гэдгийг манайхан ч сайн мэдэж байгаа. Нөхдийнхөө итгэлийг даахгүй, шуурганд сөгдөх хүнд бол дээрх шийдвэр хатуудна, харин Э.Бат-Үүлд бол таарна.

11 дүгээр тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх тухай яриа гарахад “Би дэвшвэл тэндээс гараад ирнэ, тэр тойргийн сонгогчдын тал хувь нь миний ах дүүс, төрөл садангийнхан байдаг юм. Манай ангийнхан ч тэнд дүүрэн. Бүгд л намайг ирээч, сонгоод өгье гэж байна. Надад итгэл хүлээлгээд орхи” гэсэн маягийн юм ярьсан хүн ч намын хавиар байсан л байх. Сонгууль бүрт л тийм “бэлэн” Их Хурлын гишүүн гараад ирдэг. Нутгийн дэмжлэг зарим нэр дэвшигчийн аминд ордог тал бий. Үүлийг танихгүй мэдэхгүй хүн үгүй учир газар бүхэн л Үүлд нутаг нь юм шиг санагдаж “Монгол тэр чигээрээ миний нутаг” гэж бодож яваа.

Улс төр гэдэг амаргүй эд л дээ. Нэгийг нь дэмжвэл нөгөөг нь эсэргүүцсэн болж хувирдаг юм. Гэхдээ “бэлэн” гишүүн ч гэсэн “За энэ хүнтэй бол надад ярих юм байхгүй” гэж бууж өгөх үе гардаг.Түүнд л нөгөө лидер гэсэн нэртэй мөс зүсэгч хэрэг болно. Шийдвэр гарлаа, алдсан бол бүх бурууг лидер үүрч гарна. Оносон бол гавьяаг нь хуваах гэж бүгд уралдана. Амар олдох ялалтад бол лидер бараг хэрэггүй. Э.Бат-Үүлийг манайхан амар зүйлд ашиглаж байсныг би мэдэхгүй юм. Эртний грекийн нэгэн сод ухаантан “дайны талбарт буу бариад сумны эсрэг босохоос хаад ноёдын өөдөөс шударга үг хэлэх хэцүү” гэж бичсэн байдаг. Цагаан морин жилийн жавар сөрсөн цуглаануудад иртэй тонгорог шиг Э.Бат-Үүлийг бид хувьсгалын тугнаас өлгөх нь холгүй хэцүү бүхний өөдөөс өмнөө барьж дайрдаг байлаа. Цуглааны хамгийн шийдвэрлэх мөчийг, хамгийн хүнд шүүмжлэлийг Э.Бат-Үүлд даатгана. Үүлээр цуглаан жагсаалын төгсгөлд голдуу үг хэлүүлнэ. Үүл ч хэлнэ. Цуглаанаа, нөгөө хийж байгаа хувьсгалаа амжилттай болгох гэж Үүлээр түрий барьж байгаа нь тэр. Үүл тэр итгэлийг даагаад л гардаг байлаа.

Э.Бат-Үүл амь амьдрал өрссөн тэмцлийн өмнө бусдаар гуйлгаж бус түүнд бусдыгаа дуудаж, бас тэднийг чирч өмнө нь зүтгэдэг юм. Ялж ялагдах нь үл мэдэгдэх тэмцлийн ард сууж, дүрсэнд буусан бичлэгийг үзэж баясдаг бус түүнийг хийдэг байсан удирдагч бол Э.Бат-Үүл. Үүл нэг хавар, нэг хувьсгалаар цэнэг нь дуусах хүн биш л дээ. Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан Холбооноос цуглаан хийхэд Э.Бат-Үүл олны өмнө зогсож үг хэлж ядарсан олноо өмөөрсөн байсан. Хүмүүс жаргалтай байхад тэр харагдахгүй байж мэднэ. Хүмүүс зовж байгааг тэр тэвчиж чаддаггүй гүйж явдаг юм. Э.Бат-Үүл энэ үлий залгисан юм шиг дүлий цаг үед байж суух газраа олохгүй, олны төлөө нэг юм санаачлах, хийх, хэлэх гээд гүйж яваа. Үүлд алдар нэр хэрэггүй, түүнд тэр бий. Алдар нэр гэдэг л ямар новшийн эд байдгийг, бусдын төлөө зодуулах гэдэг юу болохыг Үүл мэднэ. Тэр бүү хэл, УИХ-ын суудал ч түүнд сонин биш байгаа. Одоо бол Үүл тэр суудлыг мартчихсан улс оронд ямар юм болохгүй байгааг, юу хийх хэрэгтэйг хоолойгоо сөөтөл яриад явж байгаа. Э.Бат-Үүл жимс ургахыг хүлээж өвөлдбуруу өгч суудаг улс төрч биш. Түүнийг ургуулах гэж өөрөө ус мөс болтлоо зүтгэдэг хүн. Үүлийг Булганы тойргоос сонгогдоно гэж итгэж буй хүн итгэхгүй байгаагаасаа олон бий дээ. Бүр манай журмын нөхөд дотор ч эргэлзэж суугаа хүн зөндөө л байгаа. Би ч гэсэн Үүл сонгогдох эсэх талаар таавар хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ 2000 оны сонгуульд газарт уначихсан явахдаа тойрогтоо ялж үлдсэнд нь, өөрийнх нь эсрэг усан хөшиг шиг асгарсан гүтгэлэг доромжлолыг сөрж гарсанд нь түүнд итгэл төрөх юм. Тэр үеийг бодвол одоо ч арай дээр болсон доо. Хүмүүс илүү ойлгож байгаа гэж олны ухаанд найдах юм. Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн боллоо гээд нэмэгдэх юм байхгүй. Харин цагаан үс нь олшрох байх. Нэг үе манай хүний цагаан үсийг түүчихмээр харагддаг байсан бол, одоо харыг нь тоолоход ч болохоор болчихсон байгаа. Ачаа хүндрэх тусам түүнийг дааж чангардаг болохоор Үүл ачааны хүндээс айхгүй яваа. Булганаас түүнийг сонгогдвол “За Үүл чи үүнийг аваад гар, ийм юм шийдүүлээд орхи” хэмээн, хамгийн гол нь МАХН-ын 71-ийн эсрэг далайсан нударга болгож ашиглах гэж бүгд л түүнийг тойрч шавна гэдгийг тэр мэдэж байгаа. Тэндээс сонгогдохгүй бол “Үүлээс боллоо, би мэдээд байсан юм, Үүл намаа ялагдууллаа” гэж чичлүүлнэ гэдгээ тэр бодсон ч байж магадгүй, бодоогүй ч байж магадгүй.

Би Н.Багабанди Ерөнхийлөгч, Гончигоо хоёрыг өрсөлдөж байхад “Улсаа бодвол Гончигоо сонгогдох нь дээр” гэж бодож байсан.Одоо бол Булганы тойргоос булганчуудыг, бас улсаа бодвол Бат-Үүл гарах нь дээр гэдэгт итгэж л байна. Э.Бат-Үүлтэй парламентад гадна дотны хэний ч болов итгэх итгэл нэмэгдэнэ гэдгийг ойлгож сууна.

Наад зах нь манай эрх баригчдад “Бид ардчилсан парламенттай, ардчилсан орон, худлаа гэвэл Э.Бат-Үүл Их Хурлын гишүүн” гэж үзүүлэхэд, ярихад Үүлийн нэр нүүр хэрэг болно. Ингэж ярьж ардчиллын нэрээр гуйлга гуйхад МАХН-ынханд л амар болно. Э.Бат-Үүлээр хооллож, нэрийг нь орчлонгийн муу бүхэнд хачирлаж “сайн хүн” болж олонд түүний ачаар танигдсан зарим нь хийх ажилтай болно. Нэг намын бүгд хурал гэж хэлүүлж, парламент болж харагдах гэж зовж суугаа манай эрхэм гишүүдэд Бат-Үүл их хэрэгтэй байгаа. Бат-Үүлтэй парламент арай сонирхолтой, шүүмжлэхэд хүртэл Үүл илүү мөлжүүртэй, бас хүмүүст үзэх сонсох юмтай газар болж харагдана. Э.Бат-Үүл хаа нэгтэйгээс гэнэт тодорч шинэ газар очих гээд байгаа юм биш, өөрөө бий болгосон, дотор нь буцалж байсан, байгаа улс төрийг сэрээх гэж, сэргээх гэж яваа юм. Ардчилсан оронд улс төр нь унтаж биш буцалж байж, тэнд түмний эрх ашгийн төлөө өрсөлдөөн, зөрөлдөөн, зөвшилцөл явагдаж байж амжилтад хүрдэг жамтай. Нэг нь улс төрийн тогоонд буцлах байтугай хөдлөх зайгүй чихэлдэж, нөгөө нь гэрийн гадаа хашгирч зогссоноор ажил явдаггүй юм.

Олноороо юм хийдэг бол ч, ганц нам дангаараа манлайлаад юманд хүрдэг бол Хувьсгалт намынхан юм дуулгавал дуулгах цаг боллоо. Ганц нам төрд байгаад нь хүн итгээд байгаа юм биш, нөгөө талд нь олон нам бүр тодруулж хэлбэл Ардчилсан Нам байгааг олны олон нүд харсаар байгаа юм. Ганц Гончигоо, эсвэл Э.Бат-Үүл сонгогдоод бүхнийг өөрчилчихгүй ч монголд тэд сонгогдох эрх чөлөө, баталгаа байна, тэр оронд хөгжил дэвшлийн найдлага байна гэж хүмүүс итгээд байгаа юм.

Э.Бат-Үүлд “энэ хүн УИХ-д гишүүн байсан гэсэн” намтрын нэмэлт хэрэггүй. Тийм юм хэрэгтэй хүмүүс л шуурга намдсан хойно ардын баатар, авралын элч болж олны аман дээр коммунист субботникийн дарцаг шиг өдөртөө өнгөтэй харагддаг юм. Үүлийн хувьд Монгол орон Улсын Их Хуралтай, нэг үгээр хэлбэл байнга ажилладаг парламенттай байж, түүнд ард түмэн итгэсэн төлөөлөгчөө сонгож төрийнхөө бодлого, ажил үйлийг цаашид тодорхойлдог байх гэрээнд 1990 оны халуун өдрүүдэд гарын үсэг зурж Монголын шинэ ардчилсан төрийн түүхийн удиртгал дээр нэрээ үлдээсэн хүн. Тэр үед зарим нь “онц зөвлөл байгуулж эрх баригчдыг шүүх хэрэгтэй, Ху намыг одоо л гүйцээх хэрэгтэй” гэж улай зөгнөн дөвчигнөж амь өрссөн зөвшилцөл хийж ядарсан Э.Бат-Үүл рүү довтолж байсан юм. Барьсан гэрт нь эрхэм гишүүд увайгүй загнаж түүнийг тавлаж суухад Үүл гудамжинд шударга ёсны төлөө тэмцэл удирдаад МАХН-ынхныг ууж идэхээ зогсоож, амлалтаа биелүүлж ажлаа хийхийг шаардаж бухимдсан олны дуу, туг болж явсан.

“Бат-Үүл, эд тийм сайн юм бол өөрсдөө эрх барьж байхдаа юм хийчихгүй яасан юм” гэж тавладаг хүмүүс бидний юу хийж, юу хийх гэж зүтгэж бодож, шаналж явсныг мэдэх ч үгүй, мэдээд ойлгох ч үгүй. Бид бусдыг ажлаа хий гэж шахдаг байсан бол биднийг та нар юм хийгээд байна, шийдэх гээд байна, наадахаа зогсоо гэж хурал хаяж төрийг гацаадаг байсан. Эвслийнхэн цөөнхийн барьцаанд өнгөрөгч зууны сүүлчийн дөрвөн жил хүлээстэй байсан ч дараа нь олонх болсон аль ч нам, эвсэл амласнаа хийж болдог, асуудлыг шийдэж болдог гацаагүй төрийн машиныг ардаа үлдээсэн юм. Тиймээс өнөөгийн ганц намын эрх баригчид хүртэл өөрсдөө гацахгүйн тул Цэцийн шийдвэрийг сөрж байгаад Үндсэн хуулийн нэмэлтийг дахин хэвээр нь хоёр дахиа эцэслэн баталсан.

Э.Бат-Үүл яагаад Их Хуралд өрсөлдөж яваа зорилгыг нь одоо түвэггүй хэлж болно. Ажил хийх шийдвэр гаргахад өнөөгийн парламент, эрхийг эдлэгчдэд Үндсэн хуулийн байтугай, цөөнхийн гацаа алга. Гацаа юу байх вэ бүр цөөнхийн нөлөө ч алга. Тэнд Үүл олны өөдөөс цөөн ч гэсэн сөрөхөд нь сөрж, хамтрахад нь хамтарч ажиллах гэж, нэг үгээр хэлбэл бусдын өмнөөс ачаа үүрэх гэж зүтгэж яваа. Их Хуралд түүнд ажиллах орон зай байгааг харж яаж ажиллахыгаа ч тэр төлөвлөчихсөн яваа. Одоогийн төрд өөрийнх нь зовлонг үүрсэн юм шиг түмний төлөө дуугардаг, зүтгэдэг хүн хэрэгтэй л байгаа. Өөрийн зовлон өөртөө болдог ч бусдын зовлонг хараад шаналаад явдаг хүн байдаг. Түүнийг шийдэм далайж бус хэлэлцэж шийддэг орчин цагт улс төрөөр оролдох гэдэг хэрийн хүний ажил биш. Үүлийгээ бид мэдэхгүй биш. Тэр тийм одонд төрсөн хүн. Тийм бус гэж маргавал тэр тийм цаг үеийг дагуулж ирсэн хүн гэдэгтэй хэн зөрөх билээ. Түүхэн сонголтынхоо өмнө түүнийг сонгосон хүн л хариуцлага хүлээдэг, бусад нь түүнийг ашигладаг юм. Сонгогчид саналыг нь ашиглаад гишүүн болж үзэх гэснийг бус, гишүүн болоод өөрт нь, түмэнд ашигтай, тэдний төлөө зүтгэх гэснийг сонгох гэдэг нь яах аргагүй зөв. Тийм чанарыг таньдаг мэддэг сонгогчдын тоо нэмэгдсээр байгаа нь төрийн эрх мэдэл ард түмэнд хадгалагдах манай ардчилсан сонголтын утга агуулгатай нийцэж буй. Төрийн ажилд Э.Бат-Үүлийн оролцоо далайц хэрэгтэй гэж бодож байна. Улс төрд буцалтгүй зүтгэсэн хүн улс түмнийхээ төлөө урагдаж элэгдэж явдаг. Бас хатуужиж ухаажиж явдаг. Ийм хүнд нэг суудлын, нэг байгууллагын, хувийн эрх ашиг гэж байхаа больчихдог. Монголын улс төрд нэртэй, төртэй явсан эрхэм хүн юуны төлөө шаналж, санаа зовж, юу бодож зүрх сэтгэлээ асааж явсныг Э.Бат-Үүл шиг улс төрийн тогоонд ган болтол хатаагдсан хүн л илүүтэй мэднэ. Ийм улс төрч бол намын, даргын даалгавар гэхээс илүү улсын эрх ашиг гэж даацтай дуугарч, түүний төлөө өөрийгөө зориулж чаддаг юм.

Э.Бат-Үүл Булган явжээ. Намайг түүнтэй ярихад “Маргааш Булган явлаа. Сонгууль дуустал тэнд ажиллана” гэж байсан. Одоо Үүл Булганд байгаа. Өвлийн жаварт хайрагдаж даарсан гараа үлээчихсэн нэгэн зүйлийн чухал юм яриад тэр явж байгаа.


Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

АНУ Харвард

“Өдрийн сонин”

2001.12.29