Эхнэрийнхээ унадаг машин, хүүгийнхээ ху­вийн компани, өөрийнхөө зар­сан машины орлого, байр, байшингаа хүртэл    мартчихдаг хүмүүсийг юу гэж нэрлэх ёстой юм бол.  Эндээс харвал Монголын төрд баахан уймраа, мар­тамхайчууд ажилладаг  бололтой юм. Төрийн албанд ажиллаж байгаа л бол хариуцлагаа мэдэж орсон орлого, үл хөдлөх хөрөнгө, хадгаламж дахь хэдийгээ бүгдийг  үнэнээр нь олон нийтэд мэдүү­лэхээр хуульчил­сан. Энэ нь авлигаас ан­гид байх чухал алхам. Эрх мэдэл авлига руу хөтөлдөг бо­лохоор л төрийн албанд ажиллаж буй эрх мэдэлт­нүүдээс ийм баримт шаарддаг. Харин манай  төрийн ал­бан хаагчид  хөрөнгө ор­ло­гоо мэдүү­лэхдээ март­чихдаг, эсвэл мэдээгүй­гээсээ гэж тайл­барладаг. Мартамхай биш гэж мар­гах дээрээ тулбал  нуун дарагдуул­сан байж таар­на. Чухам яагаад нуув гэдэг л нөгөө авлигаас эхтэй бус уу. Аль ч талаа­раа төрийн ал­банд тэн­цэхгүй нь тодор­хой бай­на. Нуусан ч бай, мартсан ч бай хууль зөрч­сөн гэмт үйлдэл.
Нуун дарагдуул­сан тэр хөрөн­гө нь   улсад хэдий хэм­жээний хохи­рол учруулд­гийг тооцож гаргах юм бол овоо дориун юм болно. Ер нь өөрт байгаа юмаа март­чихдаг нөхөр чинь улсын ажил хийхдээ юу ч март­даг юм хэн мэдлээ. Тө­рийн албанд тэнцэхгүй нь шууд л нотлогдох ийм үйлдлийг тухайн үеийн дуулиан, хэвлэлийн мэ­дээлэл төдийхөн бол­гоод өнгөрөөд байх уу гэдэгт л асуудлын гол байна. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурц,  ШШГЕГ-ын дэд дарга Т.Батболд, Баянгол дүүр­гийн Засаг дарга Л.Амга­лан, Сан­гийн яамны газ­рын дарга нар, МИАТ-ийн дэд дарга Д.Эрдэ­нэ­би­лэг гээд нэ­лээдгүй хүний нэрс мар­тагсдын энэ дараалалд жагсана.

Авлигатай тэмцэх бай­гууллага бий болсон цагаас хойш  л бүгдийн  мэдэх томоохон  авлигач­дыг  илрүүлж чадаагүй ч хаа очиж хамгийн сайн хийсэн ажил нь   хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн "жижигхэн" дарга нарыг бол хагас дутуу ч гэсэн барьчихаад байгаа юм. Ерөнхийдөө нэг яамны газрын дарга,  түүнээс арай бага албан тушаал­тан, дүүргийн Засаг дарга нар Авлигатай тэмцэх газрын шидсэн торонд торж үлддэг гэх үү дээ. Эднээс дээш албан ту­шаалтны авлигын хэрэг сөхөгдвөл шууд улс төржөөд явчихна.   Аль нэг намын харьяалалтай томоохон албан тушаал­тан бол    УИХ дахь бүхэл бүтэн бүлэг хөдөлгөөнд орж намын нэрээ сэв­тээх­гүйн төлөө хамгаа­лалт хийнэ. Эсвэл нөгөөх нь  яг шийтгэгддэгийн даваан дээр өршөөлд хамрагдчихна. Ийнхүү өнөөдрийг хүртэл томоо­хон албан тушаалтны авлигын хэрэг санаатай аз тааруулснаар  юм уу, сайн улс төржсөний ачаар чимээ алдардаг. Ингээд жижигхэн дарга нарыг авлах ажил Ав­ли­гатай тэмцэх газрын амт­тай өгөөш болж үлддэг. 

Хууль зөрчсөн ийм нөхдүүдийг Авлигатай тэмцэх газар шүүхгүйгээс хойш   зохих ёсны газарт нь албан бичиг явуулна. Бичиг хүлээж авсан нөгөө байгууллага нь харин даажинтайгаар хариуг нь  барина. Хууль зөрчсөн албан хаагчаа  сахилга­гүйтээд  аяга  хагалчихсан  хүүхэд мэт толгойг нь илж, сахилгын шийтгэл гээ­чээр аргалаад  өнгөрдөг болжээ. Эсвэл орлогоо мартсан болохоос нуу­гаагүй гэж ийм шийтгэл оноодог юм болов уу. Авлигатай тэмцэх газрын  хийсэн "том" ажлыг  ингэж л үгүйсгээд байгаа юм.

Энэ байдлаараа Мон­гол Улс авлигаасаа ангижрах биш улам ав­лигажих нь тодорхой.  Хэрэв улс төрждөггүй, том, багаар нь ангилдаг­гүй, хийсэн ажлаа дор­витойхон шиг гүйцэтгэдэг, хууль нь хэрэгждэг бол    Авлигатай тэмцэх газар шиг ажилтай байгууллага  Монголд лав байхгүй байх­сан. Дээр нь сахил­гын шийтгэлээр л арга­лаад байх юм бол авлига авах, хөрөнгө орлогоо нуух гэдэг чинь дэггүй жаалын үйлдэлтэй л адил юм байна. Ийм шийт­гэлтэй юм бол ор­логоо нуусан ч яадаг юм гэж зарим нь барьцаж л таараа.

Мартаж болдог, дон­го­дож шийтгэдэг хөрөнгө орлогын мэдүүлэг хэрэг­тэй ч юм уу.  Иймхэн шийтгэл оногдуулахын төлөө баахан мэдүүлэг авдаг нүсэр том бүтэцтэй, Авлигатай тэмцэх бай­гууллагын хэрэг байдаг ч юм уу. Үгүй ч юм уу.