Зэсээр бялхсан нэг улс дэргэд байна
Манай Эрдэнэт, Оюутолгой, Цагаан Суваргын ордтой зэрэгцээд, бүр өрсөлдөөд, тэгэх тусмаа Хятад хэмээх том худалдан авагчтай болоод авсан Афганистаны зэсийн ордын тухай өмнө цухас дурдсан.
Манай Эрдэнэт, Оюутолгой, Цагаан Суваргын ордтой зэрэгцээд, бүр өрсөлдөөд, тэгэх тусмаа Хятад хэмээх том худалдан авагчтай болоод авсан Афганистаны зэсийн ордын тухай өмнө цухас дурдсан. Тэр улс дайн дажинтай, хар тамхины бизнес цэцэглэсэн, тогтворгүй нутаг гэдгийг үл тооцон Хятад тийшээ хүчтэй орж явчихлаа. Aзидаа зэс-молебдинээр ганц Монгол нь хэмээн бид цээжээ дэлдэхдээ Афганистаны ордуудыг бодож үзүүштэй юм шиг. Газар зүйн хувьд тун ойрхон байгаа шүү дээ.
Үнэндээ хятадуудын хувьд бен Ладен, Аль-Каеда, Талибан, Афганистан дахь НАТО-гийн операц бол юу ч биш юм. Афганистан гэдэг энэ улс бүх Төв Ази, Өмнөд Азийг хахтал нь хангаж чадах зэс, төмрийн хүдрийн нөөцтэй, нэн ховор нандин чулуу, өнгөт ховор металаар дэлхийд гайхуулах тэр үзүүлэлтүүд л Хятадад чухал юм. Хэрэв зөв ашиглаж арилжаалж чадвал афганчуудын ядуурал гуйланчлалыг үтэр түргэн арилгаж чадна. Энэ улс одоо бол наркобизнес дээр тогтож санхүүгээ болгож байна. Тэр мөнхийх биш, түүнийг нэг л өдөр зогсоочихно, тэгээд ч хууль бус хэмээн хятадууд амарлингуй үздэг.
Афганы зэвсэгт дайчид өмнө нь хар тамхины талбай, түүний орлого дээр өвөр хоорондоо алалцдаг байсан бол бас завсарт нь өнгөт метал, ордуудын төлөө дайтсаар эдүгээг хүргэжээ. Токиод 2016 оны эхээр зохиогдсон Афганистанд хандивлагчдын бага хуралд оролцогчид Орост хандан нэгэн хүсэлт тавьсан нь гайхал татдаг. СССР-ийн үед зөвлөлтийн геологчид эрж олоод, тооцоолоод таг дарчихсан афганы байгалийн нөөцийн тухай мэдээлэл, кадастрыг тэд Оросоос шаардсан ба Афганистаны байгалийн баялгийн тухай мэдээллээ дэлхийн хамтын нийгэмлэгтэй хуваалцахад бэлэн байна хэмээнОросын Гадаад хэргийн нэг дэд сайд нь мэдэгдэж байв.
“Мянга нэгэн шөнийн үлгэр”-т Афганистаныг үнэт чулууны өлгий нутаг хэмээн бичсэн байдаг нь оргүй хоосноос биш юм. Дэлхийн үнэт эдлэлийн дэлгүүрийн лангуунд өрөөстэй байдаг чулуунууд дотор афганы лазурит толгой цохино.Панжшерын агуй, ам, жим бүрт изумрудын асар их нөөц байна. “Үнэхээр гайхаж дууссан, нүдэндээ итгээгүй” хэмээн тухайн үедээ тэнд хайгуул хийж явсан зөвлөлтийн геологч Георгий Пилипенко дурсан бичжээ. Тэр үед (1977 oн) афганы изумрудыг нэг каратыг нь өрнөдийн орнуудад дунджаар 350 ам.доллараар өгдөг, нэг кубометр талбайд 10 хүртэл карат үнэт кристал нөөцтэй байсан хэмээн тэрээр нотлодог. Харин дайн дажин болоод Панжшерын ордыг ашиглаагүй тэр чигт орхиод өнөөг хүрсэн нь одоо л олз шүүрдэг цаг ирлээ гэлтэй.
Афганистанд нэг давуу тал байна. Энэ орон хэзээ ч колони байгаагүй, эр хэрээрээ онгон байгаль, газар доорхи баялгаа хөндүүлээгүй. Барууны уул уурхайн олборлох компани ажиллаж байсан олон жилийн түүх, туршлага гэж байхгүй. Тус орны үлэмж нутгийг хэрж тогтсон Гиндукуш нуруу гэхэд л нөөц баялгаараа Евразидаа толгой цохино.1950-иад онд зөвлөлтийн геологчид тэнд анх удаа хөл тавьжээ. Ингээд зөвлөлтүүд 30 жил хайгуул хийгээд хэдэн арван ордуудыг илрүүлжээ. Тэр нь таг дараастай явсаар өнөөгийн Афганистан хүргэсэн ба яг одоо “хар метал, өнгөт метал, үнэт чулуу”-ны хийрхэл Афганы өнөөгийн эрх баригчдын амны уншлага болчихоод байна.
Өнгөт метал дотроо зэс хүндтэй байр эзэлнэ.Айнак орд дахь зэс нь бараг газар дээрээ ил шахуу хэвтэж байдаг, уурхай ажиллуулах шаардлагагүй хэмээн 1980-аад онд Афганистанд зөвлөлтийн геологчдыг ахалж явсан Андрей Березий гэдэг нөхөр сайрхан ярьсан байх юм. Тэр үедээ олж ирүүлсэн нөөц нь 11-13 сая тонн. Энэ орд нь зэсийн баялгаараа дэлхийд 5 дугаарт, харин Евразид нэгдүгээрт бичигдэнэ гэсэн нь манай Эрдэнэт, Оюутолгойг бараагүй хаях үзүүлэлт мэт. Нэгэнтээ уурхай ажиллуулахгүй, ил байгааг нь хамчихна, ухвал хөрсний өнгөн хэсгийг хуулна, тэгээд ч өртөг нь бага, Кабул хотоос 40 км зайд оршдог гэхлээр хэрэв ашиглаад эхэлбэл мөнгийг ёстой савлаж өгмөөр санж.
Гиндукуш нуруун дахь Хажигек гэх төмрийн хүдрийн ордыг Андрей Березий мөн нэрлэжээ. Тэндээс илрүүлсэн төмрийн чанар гэж ёстой гайхамшигтай, тийм төмөр тэнд хагас тэрбум тонноороо ил хэвтэх аж. Цааш нь ухаад олборловол лав 2 тэрбум тонн бий, гэтэл тэр ордын зэргэлдээ шахуу чулуун нүүрсний орд бэлээхэн байж байна. Төмрийн хүдэр, нүүрсний хослуулсан аж үйлдвэр тэнд цэцэглэх хөрс нь байна.
Кабул хотоос зүүхэн тийшээ явтал тэнд нь ашигт малтмалуудын хөндий гэж нэрлэмээр асар их орд ярайтлаа нээгджээ. Хэдэн зуун км том талбайд төрөл бүрийн үнэт, ховор чулуу, металын нөөц илэрчээ. Монгол нэрийг нь даан ч мэдэхгүй тул химийн нэр томъёогоор нь энд нэрлэе: рубин, берилл, изумруд, кунцит, гидденит, тори, лити, тантал, ниоби гэх мэт.Цаана нь алт, флюорит, барит, мрамор оникс гээд бас ярайж байна. Орчин үеийн сансрын техник, нисэх онгоц, пуужингийн эд ангид ордог стратегийн түүхий эд тэнд овоолгоостой олджээ. Тэгээд бас тэдгээр метал чулуу нь жин багатай, авсаархан, тээвэрлэхэд зардал бага орохоор, ийм ховор чухал ордуудыг хүн төрөлхтөн өмнө нь нээж байгаагүй хэмээн орос геологч мөнөөх Георгий Пилипенко уулга алдан бичсэн байна.
Урд нь нууц байсан, эсвэл хэн ч тоодоггүй байсан мэдээлэл ил болж, Зөвлөлт Холбоот Улс Афганистанаас олон жил байгалийн хий олборлон өөртөө авч байсныг өнөөдөр шуугицгаана. Жил бүр 2.6 тэрбум кубометр “афган газ” гэгчийг СССР авч байжээ. Ер нь зөвлөлтийн геологчид дангаараа илрүүлээд, эрж хайгаад явсан бус, Афганистаны Засгийн газар румын, чехословак, америк, япон, герман, францын геологчдыг нэгэн зэрэг тийш нь оруулж ч үзжээ. Гэвч хил залгаа гэдгээрээ СССР давуу эрх эдэлжээ. Афганы хямд, чанартай ордоос бүтээгдэхүүн гаргахаар Зөвлөлт УзбекистандАлмалыкийн зэс цувималын комбинат ашиглалтад оруулж, төмөрлөгийн үйлдвэр ажиллуулж байсан баримт байна. Зөвлөлт дангаараа ашиглах бус Шахын дэглэмт Иран ч энэ ажилд оролцож хар төмөрлөг авч байсан, пакистаны Карачид аварга том металлургийн комбинатафганыордуудын тооцоон дээр байгуулагдаж байсан түүх хуучраагүй байна.
1973 ондАфганистанд хаант засгийг халж БНУ байгуулагдмагц тус орны байгалийн баялаг руу гадаад түншүүд нь олон төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Том том бүтээн байгуулалт, зам харгуй тавигдаж, тус орон мал аж ахуй, газар тариалангийн статусаа халж, аж үйлдвэрийн хувьсгалын босгон дээр ирсэн байв. Гэтэл 1978 онд Афганистанд төрийн эргэлт маягаар коммунист хувьсгал дэгдэж, 1979онд Зөвлөлтийн арми тус улсад орж, улмаар иргэний дайн дэгдсэнээр 1973 оноос хэрэгжсэн сайхан үйлс замхрах нь тэр. “XVI зуунаас ХХ зуун руу харайх” гэсэн үйлсэд нь хэдхэн цаг, минут дутжээ хэмээн пакистаны хэвлэд даапаалан бичсэн нь буй. Афганы геологи, хайгуулын ажил бүрэн дампуурлаа. Зөвлөлтийн дагуул болсон Кабулын Засгийн газар ордууд бүхий нутагтаа хяналтаа тогтоож чадсангүй. Харин үнэт чулуу түшсэн болхи гар урлал цэцэглэн, хар тамхитайгаа хамт энэ орны экспортыг бүрдүүлэх болжээ. Бадахшан мужид лазуритын уурхайд өдөр нь олборлоод шөнө нь Пакистанаас нисдэг тэрэг ирж үнэт чулуу зөөвөрлөнө. Орлогыг нь мужахедууд авна. Мужахедууд бол зөвлөлтийн эзэгнэлийн эсрэг тэмцэгч исламист дайчид. Хээрийн ангийн командлагч Ахмад-шах Масуд гэхэд л Панжшерын хөндийн изумрудаар баяжиж цулайсан тэрбумтан. Төсөөлбөөс Налайхаас нутгийн иргэд гар аргаар нүүрс олборлон амиа дүйдэгтэй адилаар Афганистанд болхи аргаар изумруд олборлож байжээ. Мужахедууд жилдээ 100 хүртэл сая долларын орлоготой ажиллаж байсан гэж арабын хэвлэлд бичдэг.
Изумрудээс бусад зэс, төмрийн хүдрийг мужахедууд хөндөлгүй орхисон, гадаадын компаниудтай холбоо тогтоох гэж хэрдээ мэрийсэн. Дараа нь тэдний халааг авсан Талибаны эрх баригчид ганц нэг үр дүнд хүрэх нь хүрсэн юм билээ. Америкийн нефть-хийн Unocal компаниТуркменээс Пакистан руу хийн хоолой тавих захиалга авч байсан, грекийн Consolidated Constructionкомпани нефть, хий боловсруулахаар хэлэлцээр байгуулсан, энэчлэн барууны 9 компани Айнакийн зэсийн орд дээролон улсын консорциумбайгуулах харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурсан, Siemens тэр 9 дотор орсон, бүтээгдэхүүнийг нь АНУ, Өмнөд Африк, Британи, Франц, Герман, Пакистан худалдан авахаар болсон гэхчлэн сайн мэдээ Кабулаас цухалзаж байв. Энэ бүх эхлэлийг саудын араб тэрбумтан Осама бен Ладен гэгч тасалдуулсан юмсанж. Тэрээр Африк дахь АНУ-ын хоёр ч ЭСЯ-ыг тушаал өгч дэлбэлүүлсэн хэрэгт унажээ.
АНУ тэргүүтэй өрнийнхөн Афганистаныг тоохоо больсны дараа талибууд дахин түншийн эрэлд гарч, тэр нь Туркменистан, Узбекистан болж таарсан юм. Украин ч мөн ашиг хайж араас нь түншилжээ. “Укртрансмагистраль” гэх компани замын том төсөлд оролцох эрх аваад байтал “2001.09.11” тохиож, залгаад Талибаны дэглэм нурсан түүх үргэлжилжээ.
Афганистаныг Талибанаас чөлөөлсний дараа өрнөдийн уулын олборлох компаниуд хуучин төслүүдээ эргэж сэргээхээр төлөвлөжээ. Оросууд ч Георгий Пилипенкогоо өмнөө барин ордууд руу орохыг санаархжээ. Ингээд дайн дажин өрнөөд арав гаран жил өнгөрөөд байж байтал хятадын оролцоотой төмөр зам гэнэт нээгдэж, Хятад нь афганы зэсийн ордыг хэдийнэ өөрийн болгочихсон байж байхыг дэлхий гайхшран харжээ. Барууны компаниуд анх 1998 онд олон улсын хурал хийж, Афганы газрын дээрхи ба доорхи ашигт малтмалыг хэлэлцсэн бол 2002 ондКалифорни муж улсын Таксон хотод хоёр дахьсимпозиумаа хийж, афганы байгалийн баялгийг дэлхий нийтийн сонорт хүргэжээ. Тэр үеэр дахиад л зэсийн консорциум байгуулах яриа тархлаа. Сургаар нь Узбекистан оролцоё гэлээ. Учир нь афганы узбек генерал Дустум гэгч мужахед жанжны үед чантуу нар умард нутгийн газрын тос, байгалийн хийн боловсруулах салбарт гайгүй сайн оролцож явсан туршлагатай гэнэ.
Узбекистан нэгэнтээ ингэж хөдөлж байвал Орос юунаас хоцрох билээ гэх яриа хөөрөө, санал сэдэл Москвад хүчтэй цууриатаж байна. Нэгэнтээ гартаа хүчтэй зэвсэг атгасан, тэр нь афганы ашигт малтмалын хайгуулын тухай бүх мэдээллийн сан. Түүнийгээ өөрсдөө ашиглаж болно, эсвэл нөгөө консорциумд нь асар их үнээр зарж болно. Хэрэв ОХУ тийшээ оръё гэвэл зам нээлттэй, гэхдээ ганцхан болзолтой, тэр нь Афганистаны бүтээн байгуулалтад оролцох, Кабулын эрх баригчдад мөнгө зээлдүүлэх, хөрөнгө оруулах явдал. Тиймдээ тултлаа ч Орос ажиллахад бэлэн биш байна. Афганы дайны үеийн зөвлөлтийн цэргийнхний их хохирол, аллагад нэрвэгдсэн оросуудын түүх айдас төрүүлсээр. Зөвлөлтийн геологчдын хуаран, олборлох цамхгууд шуурган галд хэрхэн өртөж байсныг оросууд мартдаггүй. Зөвлөлтийн геологчдын бүлгийн дарга Евгений Охримюк гэгчийг 1981 онд афган дайчид хулгайлан авч одоод жилийн дараа түүний цаазлуулсныг гадаад хэвлэлээс олж мэдсэн, Кабулын политехникийн институтэд оросын геофизик Алексей Либерманыг буудаж алсан, Айнак дахь зэсийн ордын уурхай пуужингийн довтолгоонд ямагт өртдөг, ажилчдыг нь хайр найргүй хөнөөж байсныг оросууд мартаагүй. Эцэст нь олборлосон баялгаа Зөвлөлт рүү зөөж чадахгүй болоод тэр их ачаагаа сард хоёр удаа танк, хуягт, цэргүүдээр битүү хамгаалуулан СССР-ийн хил хүргэдэг байсан, шархтанууд болон цогцос зөөвөрлөхөөр Айнак дахь зэсийн орд руу байлдааны нисдэг тэрэг илгээж байснаа оросууд эмзэглэн ярих нь ОХУ тийшээ бизнес мөддөө хийхгүйг нь илтгэх мэт.
Харин одоо энэ бүх явдал төгсгөл болоод Кабулын Засгийн газар, Талибаны аль алин нь зэсийн баялгаа хувааж хүртэх нийтийн тохиролцоонд хүрчихвэл яах вэ гэдэгт хариулт хайцгаая!