Орчин цагийн Монголын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бурхан Халдун уулын гурав дахь тахилгыг хийлээ. Ардчилсан, тус­гаар тогтносон замаар хорин жил замнаж яваа монголчууд өнө эрт­ний төрийн их ёс уламжлалаа сэргээх зуур олон мэдэхгүйтэй тулгарч байгаа. Түүний нэг бол "Монголын нууц товчоо" номонд олонтаа нэр дурдагдсан Бурхан Халдун уул юм. Нэгэн цагт дэлхийн бодлогыг тодорхойлж байсан Их Монгол гүрний хувь тавилан, учир ерөөлийн уг гарвалыг хөөж үзэхүй дор "цатгалан могой" шургах зав­саргүй бэрх хөвч Бурхан Халдун уулнаа тулаад сураг алдардаг. Дэлхийн энд тэнд Чингэс хааны ташуураа гээсэн, морио усалсан, цэргээ үлдээсэн газрууд нь хүртэл домог түүх болон арвижиж улмаар орд харш хүртэл баригдсан нь бий.


Тэгсэн атал их хааныг оршуулж онголсон хийгээд, "Өглөө бүр мя­лааж, үеийн үед үргэлж шүтэж, Ургийн ургаар ухварлан тахих" зарлиг захиастай Бурхан Халдун уул хаана байдгийг саяхан болтол мэддэггүй байв. Булавч бултайна гэгчээр Бурхан Халдун хайрханыг ардчиллын салхи сэвэлзсэн он жилүүдэд эрэн сурвалжилж, Хэн­тий хан уулын оргил болгоныг нэгнээсээ асууж байсансан. 1980-аад он гэхэд коммунистууд Чингэс хаантай холбоотой бүх зүйлийг устгаж амжсан ба төрийн хар хайрцаг, залгамж холбоо болж мэдэх болгоныг хэдийнэ цэвэрлээд дуусгачихсан юм. Өнгөрсөн цагийг ам дамжиж ирсэн бүдэг яриа, домог, азаар ганц хувь үлдсэн "Монголын нууц товчоо" номонд тулгуурлан Чингэсийн тухай орчин цагийн ойлголт бий боллоо. Одоо энэ ойлголт улам баяжигдаж, да­раагийн дөрөв дэх их тахилганаас эхлээд хэзээ язаанаас л тахиж шүтэж байсан мэт өөриймших нь гарцаагүй.


Чингэсийн удмынханд хэдэн зуун жилээр дарлагдаж байсан ард түмнүүдийн үр сад  социализмын үед талын Монголд ирэхдээ  юун түрүүн их хаантай холбоотой бол­гонд дайсагнаж бахаа хангаж байсан нь зөвхөн нэг тал. Нөгөө талд ийм ядрах цаг ирж юу магад гээд урдаас төлөвлөсөн юм шиг Чингэс хааны шадар жанжид  их хаанаа хэдэн зуун жилээр эрээд олохооргүй болтол нь чанд нуу­цалж орхисон нь өнөө ч гайхаад баршгүй юм. Тэр жил япончууд орчин үеийн техник хэрэгсэл хэрэг­лэн Чингэсийн онгоныг зөндөө хайсан боловч амжилт олоогүй. Гэхдээ яагаад ч юм одоогийн энэ Бурхан Халдун уул хавиар тандалт хийлгүй орхижээ.?


Бурхан Халдун гэдэг уул хаана байдаг вэ. Маш на­рийвч­лалтай газ­рын зураг дээр хүр­тэл ийм нэртэй газар ус өнөө хэр тэм­дэг­лэгдээгүй. Тэглээ ч гэсэн энэ уул руу зо­рих маш хэцүү зам одоо бий болж, унаа хөсөг сайтай хүмүүс очдог бол­соор арав гаран жил боллоо. Бурхан Халдун нь нутаг дэвс­гэрийн харьяаллаар бол одоо­гийн Хэнтий аймгийн Өм­нөдэл­гэр сумын хойд хэсэгт багтах боловч тэнд хэзээ ч хүн мал нутаглаж байгаагүй зэрлэг онгон тайга юм. Өвөл нь цасаар боож, зун нь намаг, шумуул амьд бод­галийг алхам ойр­туу­лахгүй. Тийш очиж болох ганцхан зам бий. Тэр зам нь Төв аймгийн Мөн­гөнморьт сумаас дээш өгссөн Босго тэн­гэрийн даваа бөлгөө. Мөн­гөн­морьтынхон л хаа нэгтээ ан авд явахдаа Хэрлэн өгсөж, Тэн­гэрийн босгыг давж байсан бо­лохоос Хэнтийнхэн энд ийм уул байдгийг саяхнаас мэдэцгээж байгаа би­лээ. Дашрамд сонир­хуулахад энэ хавийн газар усны нэрийг  өнө эртнээс тонгоргон хэлж, эсвэл сольж холин улам буд­лиан­туул­саар ирсэн байдаг. Ту­хайл­бал, Тэнгэрийн босго гэхийг "Бос­го тэн­гэр", Ар нугыг "Нугаар" гэх мэт. Өвөг дээдсийн мэргэн ухаан нь уу юутай ч нэг тийм сонин нууцлаг асар том орон зай оршдог. Далайн түв­шнээс дээш 2361 метр  гэхээр Богд уулын Цэцээ гүнээс хамаагүй өндөр хайр­хан болоод байгаа юм. Энэ уулын өврөөс Хэрлэн мөрөн эх авдаг бол араас тун ойрхон газар Онон мөрөн мянган булаг цуглуулсаар бүтэж бүрэлдэнэ. Тэр­тээх баруун суганаас урсах уулын бяцхан горхинуудын аль нэг нь Туул голын эх ундарга. Дэлхийн усны томоохон хагалбар болох гурван голын эхэн дэх Хэнтийн нурууны оргил хайрханы нэг Бурхан Халдун гэж ийм уул байдаг. Их хөвчид унасан цас долоон сар хүртэл хайлж барагдахгүй ба хам­гийн түрүүнд намрын салхи сэ­вэлзэж хямрага тавиад эхэлдэг. Тийм болохоор Бурхан Халдун нь Алтайн нуруу лугаа мөнх цастай мэт холоос харагддаг.


Бурхан Халдун уулыг тахих ёслол нь бусад төрийн тахилгатай уулнуудаас өөр бөгөөд хяз­гаар­лагдмал хүрээнд явагдах жаягтай. Мөнх хөх тэнгэрээс бусдыг эрх­шээлдээ оруулж байсан их хүний сүлд хийморь, онго шүтээн нь овоо болгон дээр гүйж гараад байдаг болгонд тохирохоосоо тохирохгүй нь олон гэлцэнэ. Та бусармаг явдал үйлддэг бол Чингэс хааны удам байлаа ч овоонд бараалхах хүн­дэднэ. Эмс хийгээд харь элгийн хүн хичнээн сайн санаагаар зорьж очлоо ч хатуурхна. Зөвхөн Мон­голын төрийг төлөөлөх этгээд, бүх цэргийн жанжид, бусад хишигтэн ард иргэд эрэмбэ дэс дараагаар дээд, дунд, бэлийн овоонд бараал­хаж хүндэтгэл үзүүлбэл зохилтой гэх нь аягүй сэтгэгдэл төрүүлдэг.


Тэгээд ч Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж зарлиг гарган дээд овоон дээр гарч тойрч гороолохыг бо­лиуллаа. Тэрээр өөрөө ч овоон дээр гаралгүй бэлд нь шинээр овоо босгосон юм. Бурхан Халдун уулын тэгшивтэр орой дээр их хэмжээний чулуу асгаж бунхан барьсан мэт эргэлзээтэй тогтоц бий. Чухам түүн дор их хааны бунхан шарил байж болзошгүй магадлал улам үнэм­шилтэй болоод байгаа юм. Хэрэв тийм бол хааныхаа бунхан дээгүүр гишгэчиж дээр нь алхах монгол хүн байх ёсгүй гэж үзэж байгаа аж. Өмнөх хоёр тахилга энэ бунхан дээр болсон бол үүнээс хойш дахиж тийш зүглэхийг хориглолоо. Хүмүүсийн ам дамжсан яриагаар бол Чингэс хааны онго шүтээн дээгүүр хамаагүй явсны дараа заавал "нэг юм" болдог гэцгээж байна. Улс төр, бизнесийнхэн их овоо өөд уралдан цоройцгоож, хадаг яндар болцгоодог байсан бол одоо гөлөлзөөд бэлээс дээш авирахаа больжээ. Гэвч зарим нэг заавал зөрж байж, туйлд нь хүрч байж шунаг сэтгэл нь амардаг нөхдүүд Ерөнхийлөгч явсны да­раа их овоон дээр гарцгааж "гарч болж байгаа"-гаа харуулцгаасан юм. Хавар эртээр хэсэг нөхдүүд баахан хятадуудыг энд авчран овоо тахилган дээгүүр зогсоож, мөн л болж байгаагаа нотолж зураг хөрөг бичлэг хийсэн гэнэ. Энэ мэтчилэнгээр яаж ийгээд энд яваад очвол эцсийг нь тултал аашилж аяглах ад мөрийн сэтгэл цөөнгүй хүнд төрдөг бололтой юм билээ. Тэгж ч болохгүй ингэж ч болохгүй гээд байхаар улам зөрмөөр санаг­даад. Зөрөөд авираад гарахаар номгүй ёсгүй хүнд бол зүгээр л нэг уулын орой юм чинь Чингэс хааны гэрээслэлийг үл тоох нь хэрэндээ баатарлаг явдал. Дараа нь яав л гэж. Эх байгаль, төрөлх нутгаа гүн хүндэтгэлтэйгээр хайрладаг бусад олон тэднийг "Дараа нь ёстой тэгээсэй билээ" хэмээн үнэн сэт­гэлээсээ зүхэх хар энергид бу­луулах нь ядаж төвөг баймаар юм.


Ерөнхийлөгч Бурхан Халдуны тахилгын ёс жаягийг өмнөх уламж­лалын дагуу гүйцэтгэсний дараа товч үг хэлсэн. Өмнөх Ерөнхийлөгч нараас өөр нэг санааг хэлсэн үгэндээ нэмж онцолж байлаа. Тэр нь уул овоог тахиж, шүтэж дээд­лэхийн сацуу байгаль дэлхийн таагүй байдал улам нэмэгдэж байгаа өнөө үед хүн бүр хүрээлэн буй орчноо хайрлах, хамгаалах сэтгэлтэй байгаач ээ гэсэн санааг олон жишээн дээр тайлбарлаж байв. Мөн түүнчлэн Бурхан Халдун гэх энэхүү байгалийн онгон тансаг бүрдсэн орчинг энэ хэвээр нь хойч үедээ хүлээлгэн, улмаар дэлхийн соёлын их өвд бүртгүүлэх, зөвхөн монголчууд хайрлах төдийгүй хүн төрөлхтний их соёл, байгалийн ариун дагшин газар байлгахыг зорьж байгаагаа илэрхийлсэн юм.


Энэ удаагийн их тахилгын эргэн тойрон дахь сонин гэвэл өвөл болсон зудны үргэлжлэл хаврын шар ус хамаг замыг боосон байв. Очсон бараг бүх жийп, "жарын ес" навсайтлаа эвдэрч одоо яаж буцац­гаана даа гэсэн хүмүүс л хол­хицгоож байсан. Дээд овоо хүртэл явган хүн гурваас таван цаг мацдаг зовлонг нимгэлэхээр орон нутгийн "морин такси"-нууд олноор иржээ.  Нэг морь хөлсөлж авирахад анх 50000 төгрөгийн ханш хүрч байс­наа сүүлдээ 20000 хүрч буурсан. Тахилга амжилттай өндөрлөсний дараахь овооны наадамд Төв айм­гийн Мөнгөнморьтын Ж.Мөнгөн гэдэг бөх Хэнтийн бөхчүүдийг хаяж түрүүлсэн. Үзүүрт нь Б.Одхүү начны төрсөн дүү гэх дориун барилддаг залуу үлдэж байна лээ. Сурын харвааг нь мөн л Төв аймгийнхан авчихав бололтой. Ширэнгэн дотор хориод морь уралдуулахаар нэг пургоон машины араас дагаад явсан. Хаана яаж уралдсаныг нь мэдэж амжаагүй.


Тахилга болсон энэ өдөр ду­лаахан, хур бороогүй энгэрийн цас хайлж горхи хоржигнон урсан байв. Мөн тахилгын үеэр хэн нэгэн эрхэм дээдсийг давхар магтан дуулж, үзэл суртал, улс төрийн үйл ажил­лагаа хэтийддэг байсан нүсэр арга хэмжээнүүдийг бүхэлд нь хасчээ.


Өндөр дээд


Бурхан Халдун чамайг


Өглөө бүр мялааж


Өдөр бүр тахиж байя


Үрийн үр үүрд тахиж


Үе тутам үүрд шүтье хэмээх тангараг бүтэн 800 жилийн турш энэ уулнаа цуурайтаж байгаа юм даа гэхээр нэг л сайхан бахархал төрнө. Хиад Боржигон удмын мон­голчууд их хааны сүлд хийморын өмнө гүнээ залбирч, Монголын гал голомтондоо сөгдөж есөнтөө мөр­гөцгөөлөө.

Ж.ГАНГАА