ТРИФОНОВ Евгений

1956 ОНД ЗХУ, ПОЛЬШИЙН ХООРОНД ДАЙН ГАРАХ ШАХАВ

1956 оны 10-р сарыг Зөвлөлтийн хяналтыг эсэргүүцсэн Унгарын бослогын эхлэл байсныг дэлхий дахин санаж байгаа. Үүний зэрэгцээ Польшид ЗХУ болон "ардын ардчилсан улс орнуудын" харилцааны тогтолцоог өөрчилсөн чухал үйл явдлууд болж байв. Эдгээр үйл явдлууд ЗХУ болон "ардын" Польшийг цэргийн мөргөлдөөний ирмэгт авчирсан юм.

Польш нь ЗХУ-ын араас Варшавын гэрээ, Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийнхамгийн том орон нь байв. Үүний зэрэгцээ ЗХУ-ын хамгийн асуудалтай холбоотон нь. Зөвхөн Зөвлөлтийг дэмжигч Польшийн Ажилчны Нэгдсэн Намын (ПАНН) идэвхтэн, албан тушаалтнууд, цэрэг, тагнуулын ажилтнуудыг эс тооцвол польшууд нийтээрээ ЗХУ-д тун тааруу ханддаг. "Социалист" албан тушаалтнууд ч ЗХУ-д дургүйгээ нуудаг төдий байсан. Оросуудад дургүй байх олон шалтгаан байсан: Орос улс Германтай хамтран 1797 онд Польшийг хуваан авч газрын зургаас арчсан; 1920 онд болсон "Висла мөрөн дээрх гайхамшиг" гэгддэг 1919-1920 оны Зөвлөлт, Польшийн дайны сэтгэл санааны шарх; 1923 онд Варшав дахь цайзын дэлбэрэлт; 1939 онд зөвлөлтүүд Польшийн зүүн талыг эзэлсэн Улаан армийн цэргийн кампанит ажил; Польшууд өөрсдийн хот гэж үздэг Львов, Вильнюсыг эгнэгт булаан авсан үйлдэл; Катины эмгэнэлт хядлага; Варшавын бослогын үеэр Сталин туслахаас зориуд татгалзсэн нь; 1944 онд Польшид коммунист засаг хүчээр тулгасан явдал гэх мэт. Польшид асар их нөлөөтэй сүм хийдийг "ардын" засаг дарамтлан шахах болсон нь энгийн польш иргэдийн зэвүүцлийг хүргэх боллоо.

Мөн ЗХУ, Польшийн хоорондын тэгш бус харилцаа польшуудын дургүйцлийг бүр хүргэв. 1949 онд Зөвлөлтийн маршал Константин Рокоссовский Польшийн Батлан хамгаалахын сайдаар томилогдсон (ЗХУ-ын иргэн хэвээр мөртөө) нь польшуудад туйлын сөрөг нөлөө үзүүлжээ. Рокоссовскийтэй адил польш гаралтай гэгдэх Зөвлөлтийн олон арван офицерууд Польшийн армийн дээд албан тушаалд томилогдлоо. Армийн генерал Станислав Поплавский, хурандаа генерал Юрий Борзиловский нар Батлан хамгаалахын дэд сайд, хурандаа генерал Иван Туркел Польшийн нисэхийг командлаж байв. Варшавын цэргийн тойргийггенерал Франц Андриевский захирна. Тэд бүгд ЗХУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байдаг хүмүүс. Ийнхүү Сталин Польшийн армийг Зөвлөлтийн арми болгохыг оролдов.

“ЗХУ Польшийг өөрийн колони гэж, үндэсний өмчийг нь дайны олз гэж үзэж байна” гэж Зөвлөлтийн Засгийн газрын Польш дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд Николай Булганин Ерөнхий сайд Осубка-Моравскитай ярилцахдаа улайм цайм шууд хэлсэн байдаг. 

Польшуудын хувьд маш муухай дээрэлхүүлсэн хэлэлцээрийн нэг бол 1945 оны 3-р сарын 24-ний өдрийн гэрээ юм. Энэ гэрээгээр Польшийн нутаг дахь Германы аж ахуйн нэгжүүдийн тоног төхөөрөмжийг ЗХУ руу нүүлгэх эрхийг зөвлөлтүүд авчээ. Гэтэл дайны жилүүдэд Польшид германчуудын оролцоогүй нэг ч үйлдвэр бараг байгаагүй тул зөвлөлтүүд хүссэн болгоноо дээрэмдэх боломжтой болов. Дайны дараа Польшид шилжсэн Германы хуучин газар нутагт зөвлөлтүүд ямар ч гэрээ хэлэлцээргүй хүссэн бүхнээ хийж байсан, гэтэл энэ гэрээгээр Польшийн уугуул нутаг дахь аж үйлдвэрүүдийг чөлөөтэй дээрэмдэх эрх бий болгосон хэрэг. 1945 оны 8-р сарын 16-ны өдрийн хэлэлцээрээр Германы ЗХУ-д төлөх нөхөн төлбөрийн 15 хувийг Польшийн уугуул нутаг дэвсгэрээс гаргуулахаар тогтов. Энэ нь 1.5 тэрбум доллар! Гэрээн дагуу нөхөн төлбөрийн 750 сая долларын тоног төхөөрөмжийг булаан авснаас гадна тэр үеийн (1946-1953) зах зээлийн үнээс арав дахин хямдаар коксжих нүүрс авсан үнийн зөрөө 836 сая доллар болжээ. 

Польшийн төмөр зам нь Улаан армийн цэргийн тээврийг цахилгаан, ус, түлш, баталгаат эмнэлгийн үйлчилгээ гэх мэтээр үнэ төлбөргүй хангах үүрэг хүлээсэн. Цэргийн тээвэрлэлтийн төлбөр нь 100 км төмөр зам тутамд 2.34 злотоор тогтоосон бол польш иргэдэд зориулсан ердийн тариф нь 32.4 злот, өөрөөр хэлбэл. Зөвлөлтийн цэргийнхэн болон тэдний гэр бүлийнхээс 11 дахин их төлбөр ноогдоно. Хоёрхон жилийн дотор (1947-1948) Польшийн төмөр замын ачаа тээвэрлэлт 1 тэрбум 962 сая 658 мянга 867 злотийн алдагдал хүлээсэн. Түүнээс гадна оросууд цахилгаан, ус, хий, ой мод устгалын төлбөрийг огт төлөөгүй.

"Ардын" Польшийн Ерөнхийлөгч Болеслав Берут нь үнэнч сталинч хүн байв. Түүний засаглалын үед (1947-56) Польшид зөвлөлт маягийн шинэчлэл (хамтралжуулалт, үйлдвэржилт, хувийн өмчийг устгах) хийгдэн, коммунист бус байгууллага, католик шашинтнууд болон намын дотрох Берут бүлгийг эсэргүүцэгчдийн эсрэг харгис хядлага үйлдсэн аж. 

Сталиныг үхсний дараа Берут цочирдов. Дэглэм аяндаа зөөлөрч эхэллээ. Хамтралууд хурдан сүйрч эхлэхэд эрх баригчид болиулах гэж оролдсонгүй. Улс төрийн хоригдлуудыг суллав. Владислав Гомулка, Мариан Спыхальски зэрэг Берутын коммунист өрсөлдөгчид шоронгоос гарав.

ЗХУКН-ын ХХ их хуралд сталинизмын эсрэг Никита Хрущёвын "нууц" илтгэл нь Польшид тэсрэх бөмбөгний нөлөө үзүүлэв. Их хуралд оролцсон Польшийн ерөнхийлөгч Берут маш их цочирдсондоо хүндээр өвдөж, 1956 оны 3-р сарын 12-нд Москвагийн эмнэлэгт нас баржээ. Хэдийгээр үхэл нь уушгины хатгалгааны улмаас зүрхний шигдээсийн үр дагавар гэсэн албан ёсны акттай байсан ч Москвад (мэдээж бас Польшид) Польшийн "итгэлт сталинч амиа хорлосон” тухай шуугилдах болов.

Польшид Хрущёвын “нууц” илтгэлийн бичвэрийг 20 мянган хувь хэвлэж, намын байгууллагуудад тараажээ. Энэ алхмын санаачлагч нь Варшавын намын хорооны дарга Стэфан Сташевски байж.

Польшийн байдал хяналтаас гарч эхлэв. Намын элит хоёр бүлэгт Пулавчууд ба Натолинчууд гэсэн хоёр бүлэг үүссэнээр, намын шинэ дарга Эдвард Охаб, Ерөнхий сайд Юзэф Циранкевич нар засгийн эрхийг арай гэж атгасан болж байв."Пулавчууд" нь голдуу жүүдүүд бөгөөд Зөвлөлтийн удирдлагатай нягт холбоотой, тэд сталинизмыг устгаж, дэглэмээ либералчлахаар шийджээ. "Натолинчууд" болохоор үндэстний польшууд, голдуу партизаны хөдөлгөөнд идэвхтэй оролцож асан, тэдний ихэнх нь нууц албанд ажиллаж байсан тул дарангуйллын хатуу арга барилаа цааш баримтлахыг шаардав.

"Пулавчууд" илүү боловсролтой тул сталинч чиглэлийг үргэлжлүүлэх нь эдийн засгийг сүйрүүлэх (Польш аль хэдийн сүйрэлд дөхөж байсан), нийгэмд хяналтгүй тэсрэлт үүсгэх аюултай тул сталинизмаас бушуу ангижрахыг хүсэж байв. Харин төрийн эсрэг ард түмний үзэн ядалтыг өөгшүүлэх нь коммунизмын эсрэг хувьсгалд хүргэнэ гэж "Натолинчууд" үзэж байв.

Католик сүмд үзүүлэх дарамт багасч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл эсэргүүцлийн дуу хоолой болж, бүр илт коммунизмын эсрэг материал нийтлүүлж эхлэв. 6-р сарын 28-нд Познань хотод ажилчдын эсэргүүцлийн жагсаал эхэлснээ даруй зэвсэгт бослого болж хувирав. Жагсаал нь цалин багатайгаас болж эхэлсэн ч удалгүй жагсагчид “Коммунистуудыг ал!”, “Чөлөөт Польш мандтугай!”, “НҮБ-ын хяналтан дор чөлөөт сонгууль явуулахыг шаардаж байна” “Оросууд зайлцгаа” гэсэн уриа лоозон дор аль хэдийн арми, цагдаа нартай тулалдаж эхэлжээ. Познанийн ажилчид болон оюутнуудын эсрэг танк оруулсан ч ихэд ширүүн тулалдааны дараа л бослогыг арай гэж дарав.

Гэсэн хэдий ч босогчдын нийгэм, эдийн засгийн үндсэн шаардлагыг хангаж, гурван удирдагчийг эс хөндөн, бослогод ял шийтгүүлсэн оролцогчдыг өршөөлд хамруулжээ. 

       Познаний бослого

"Натолинчууд"-ын байр суурь суларч, "Пулавчууд" довтолгоонд оров. Баривчлагдан хийддээ хоригдсон кардинал Стефан Вышинскигийн хэлсэн Польшийн үндэсний тангараг бичгийг олон сая польшчууд уншсан байна. 8-р сарын 26 -нд Чэнстохова дахь Гэгээн Гора хийдэд нэг сая хүн цугларч, үндэсний тангараг өргөж, кардиналыг суллахыг шаарджээ. Намын хороодын байранд цагдаа, тусгай албанынхан хааяа нэг үзэгдэнэ. Рокоссовскийн хөргийг талбай дээр шатаажээ. Намын хурал дээр хүртэл Катины хядлага, 1944 оны Варшавын бослогыг Сталин дэмжихээс татгалзсан зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэх болов.

Нам доторх зөрчилдөөнийг шийдвэрлэх, намын чиг хандлагыг боловсруулах зорилгоор 10-р сарын 19-нд ПАНН-ын Төв Хорооны VIII бүгд хурлыг хуралдуулж, нэгдүгээр нарийн бичгийн даргыг сонгох ёстой байв. Пулавчууд ба Натолинчуудын хувьд харилцан буулт хийж, намын даргаа болгохыг зөвшөөрсөн хүн нь Берутын үед шоронд хоригдож байсан, угсаатны хувьд польш үндэстэн Гомулка аж. Тэрээр нийгмээ либералчлах, сталинизмаас салахыг дэмжигч байсан боловч тухайн үед өөрөө дайны дараах хэлмэгдүүлэлтэд бас оролцсон нэгэн.

Зөвлөлтийн удирдлага, ялангуяа Никита Хрущёв Зөвлөлтийн эзэнт гүрний уламжлал ёсоор Польшийн шинэ удирдагчийг сонгох нь тэдний шийдвэрээс хамаарах ёстой гэж үзэж байв. Хрущёв Зүүн Европын коммунист намуудын удирдлагаас сталинчидыг зайлуулахыг шаардаж байсан ч "Пулавчууд" -д итгэдэггүй, "Натолинчууд" -д найдаж байсан. Түүнд жүүд сэхээтнүүд гэхээсээ бүдүүлэг хуучин партизанууд илүү ойр, илүү ойлгомжтой байж. Хрущёв дагалдан яваа хүмүүсийнхээ хамтаар Польшийн шинэ удирдагчийг сонгох хуралд оролцохоор Варшав руу нисэх хүртэл уг нь Гомулга түүнд найдаж байжээ.

ЗХУ-ын удирдагчийг "ардын" Польшийн хувь заяаг шийдэх хуралд оролцохыг ПАНН-ын удирдлага хүсээгүй. Гэтэл Зөвлөлтийн бусад удирдагчдын нэгэн адил Хрущёв ч гэсэн ЗХУ Польшийг чөлөөлсөн болохоор тэднийг удирдах эрхтэй гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байлаа.

Хрущёвын Польшийн удирдагчидтай хийсэн анхны зөрчил Варшавын нисэх онгоцны буудалд аль хэдийн болоодохлоо. Варшавын нисэх онгоцны буудал дээр нэг талд нь Цыранкевич, Охаб, Гомулка, тэднээс хорин метрийн зайд Рокоссовский зогсож байхыг харав. Энэ нь хөөргөн Хрущёвыг бухимдуулж, онгоцонд сууж байхдаа чангаар хашгачин: "Хараач, бид хаана хүрээд ирэв! Манай баатрыг өөрсөд рүү нь ойртохыг ч зөвшөөрдөггүй гэнээ!" Микояны дурссанаар Хрущёв онгоцноос буухдаа тэссэнгүй тэр даруй довтолгоонд орж, харилцааны протоколоо мартан: "Та нар яаж байгаа чинь энэ вэ, Рокоссовский та нартай зэрэгцээд зогсож болохгүй юу? Манай цэргүүд хажууд чинь БНАГУ-д байрлаж байгааг мартсан уу? Байчихаад биднийг намын бүгд хуралдаандаа ирж оролцохыг зөвшөөрөхгүй гэнэ. Үүнийг яаж тэвчих болж байна? Зөвлөлтийн эсрэг кампанит ажил эхлүүлээ юу!” гэх нь тэр. 

Өөрийн ялалтдаа итгэлтэй байсан Гомулка Польшийн хууль ёсны удирдагч шиг аашилсан. Тэрээр Хрущёвтой хатуу сөргөлдөв, цаадах нь ч ухарч эхэллээ: Цаашид ямар замаар явах нь танаас хамаарна, бид харахыг л хүсэж байна! Гомулка Зөвлөлтийн төлөөлөгчдийг бүгд хуралд оролцуулахгүй гэж гөжсөн тул Хрущёв бас зөвшөөрөв. Хурлын үеэр ЗХУ-ын удирдагчид өөрсдөд нь тусгайлан зориулсан газар тусдаа ажиллаж байв. 

                Хрущёв, Гомулка

Гэхдээ Рокоссовский болон Зөвлөлтийн бусад офицеруудыг эргүүлэн татахыг Гомулка шаардсанд Хрущёв их л хилэнтэйгээр татгалзав. Зөвлөлтийн цэргүүдийг Польшид байх тухай тогтсон дүрэм журам байхгүй байгаад сэтгэл гонсгор буйгаа илэрхийлэхэд шаралхсан Хрущёв тэгвэл бүх цэргээ эндээс татна гэж ууртайгаар мэдэгдэв. Польшууд нутагт нь байгаа оросуудад тун тааруу хандаж байгааг Гомулка Хрущёвт шууд онцлон сануулаад, үүнийг анхааралдаа аваарай гэжээ. Мөн Польш болон ЗХУ-ын хооронд байгуулсан худалдаа, эдийн засгийн хэлэлцээрийг эргэн харахыг шаардав.

Зөвлөлт ба Польшийн удирдагчдын хооронд хэрүүл маргаан өрнөсөн нь санамсаргүй хэрэг биш байлаа. Варшавын эргэн тойрон дахь нөхцөл байдал түгшүүрийн дээд цэгтээ хүрэв. 10-р сарын 19-нд Зөвлөлтийн төлөөлөгчид Варшавын нисэх онгоцны буудалд газардах үед Польшид байрлаж буй Зөвлөлтийн армийн ангиуд, зөвлөлт офицеруудынхаа удирдлаган дор Варшавыг чиглэн давшиж эхлэв. Энэ нь анзаарагдахгүй өнгөрөөгүй. Польшийн удирдлага арга хэмжээ авч, генерал Вацлав Комарын удирдлаган дор 40,000 хүнтэй Дотоод аюулгүй байдлын корпусын хэсэг Варшавт цугларч эхлэв. Тэд үндэснийхээ удирдлагыг оросуудаас хамгаалахад бэлэн аж. ЗХУ-тай зэвсэгт мөргөлдөөнд бэлэн Польшийн үндсэрхэг үзлийн гол хүч нь сталинизмыг хамгаалахын тулд Зөвлөлтийн Дотоод яамнаас зориуд байгуулж өгсөн элит ангиуд байсан нь харин хувь заяаны шоглоом ажгуу.

Варшавт зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд Дотоодын аюулгүй байдлын корпус дэмжлэггүй үлдэхгүй байсан. 1939 оны 9-р сард Германы армийн довтолгооны үеэр ажилчдын эсэргүүцлийн отрядууд байгуулагдаж байсан жишээгээр Нийслэлийн намын дарга Сташевски Варшавын үйлдвэрүүдийн намын байгууллагуудад ажилчдын отрядууд байгуулахыг уриалав. Зарим үйлдвэрүүдэд хэдийнээ ийм отрядууд байгуулагдаж, тэднийг Дотоод яамнаас зэвсэглээд эхэлжээ. 

Варшавын Цэргийн тойргийн командлагч, Зөвлөлтийн генерал Андриевский хуралдаж, нийслэлийн стратегийн объектуудыг хамгаалалтдаа авахыг тушаав (хэнээс хамгаалах нь тодорхойгүй байтал?). Тэгээд тэр Польшийн офицеруудын эсэргүүцэлтэй тулгарсан. Тэрээр нийслэлийн гарнизон найдваргүй болчихлоо гэж Рокоссовскийд гэж мэдээлэв. Варшавыг чиглэн хөдөлж буй ангиудын командлагч Зөвлөлтийн офицерууд мөн ийм зүйл мэдээлэв.

Польшийн армийн хэсэг ахлах офицерууд нийслэл рүү чиглэн яваа Зөвлөлтийн танкуудын давшилтыг зогсоох арга хэмжээ авч, Зөвлөлтийн цэргийн хөдөлгөөнийг хянан, Улс төрийн товчоонд тухай бүр байнга мэдээлэх үүрэг хүлээсэн штаб байгуулжээ. Дотоодын болон Хилийн цэрэгт зөвлөлтийн тавиулууд цөөхөн байсан болохоор дайчдыг байлдааны бэлэн байдалд оруулан нийслэл рүү татав. Эх оронч генерал, офицеруудын хүрээлэлд "Польш дахь хувьсгалыг оросууд боомилохыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ. Шаардлагатай гэж үзвэл ЗХУ-ын төлөөлөгчдийг ч баривчлахаар төлөвлөж байсан. Цэргийнхэнтэй зэрэгцэн нийслэлийн намын дарга Сташевскигээр ахлуулсан иргэний штаб байгуулагдаж, түүний үүрэг даалгавар нь энгийн ард иргэдээс цэрэгт шаардлагатай тусламж үзүүлэхээр байв. Варшавт тулалдаан болно гэсэн ширүүхэн хүлээлт улам бүр нэмэгдэж, хэд хэдэн үйлдвэрт ажилчид хамгаалалтад бэлтгэж байлаа. Польшийн арми дуулгавартай байдлаасаа гарч байгааг Рокоссовский Хрущёвт хэлэв. 

Польшийн армийн танкийн цуваа Варшавт

Цэргүүдийн хөдөлгөөнөө зогсоохыг Гомулка шаардахад Хрущёв бууж өгөн Зөвлөлтийн ангиудыг нийслэл рүү давшихаа зогсоох тушаал өгөв. Польш дахь Зөвлөлтийн бүлэглэлийн тоо цөөхөн байсан бөгөөд Варшавын гудамжинд зэвсэгт мөргөлдөөн болох тохиолдолд орон нутгийн цэрэг цагдаа, Польшийн цэргийн ангиуд эсэргүүцэгчдийг дэмжих нь гарцаагүй бөгөөд үүн дээр ажилчдын отрядууд нэмэгдэж таарна. Нэмж дурдахад Бэлдэвэр ордонд байралсан ЗХУ-ын удирдлагын гол хүмүүс болох Хрущёв, Микоян, Булганин нар польшуудад баривчлагдах магадлалтай.

Энэ үйл явдлаас хойш 4 хоногийн дараа Унгарын бослого эхэлсэн бөгөөд 11-р сарын 9-11-ний хооронд Зөвлөлтийн армид дарагдсан юм. Харин Унгарт байдал огт өөр байсан. Унгарын жижиг арми (70 мянган хүн хүчин) бослогыг дэмжээгүй: Офицер, цэргүүдийн зөвхөн нэг хэсэг нь босогчдын талд очсон бол дийлэнх нь төвийг сахисан эсвэл Зөвлөлтийн цэргүүдийн талд тулалдаж байв. Польшийн Дотоод аюулгүй байдлын корпус шиг Зөвлөлтийн цэргүүдийг эсэргүүцэхэд бэлэн зохион байгуулалттай зэвсэгт хүчин Унгарт байсангүй. Будапешт дахь Зөвлөлтийн цэргүүдийг муу зохион байгуулалттай, бараг зэвсэггүй цэрэг, иргэд эрс эсэргүүцэж байв; Гэтэл Польшид Зөвлөлтийн армийн нөхцөл байдал үүнтэй харьцуулахад хамаагүй муу байсан юм. Арми нь (200 мянга орчим хүн) урьдчилан таамаглах аргагүй үр дагавартай хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах байлаа.

Үүнээс гадна Мао Зэдун хөндлөнгөөс оролцов: Варшавт юу болж байгааг мэдсэн даруйдаа дараа тэрээр Зөвлөлтийн элчин сайд Павел Юдин руу утасдаж, түүнд хатуу эсэргүүцлээ илэрхийлэв. Хятадтай харилцаа нь аль хэдийн муудсан тул Зөвлөлтийн удирдлага харилцаагаа улам хурцатгахыг үнэхээр хүсээгүй.

Хрущёв бууж өгөв. Тэрээр дурсамждаа: "Манай цэргүүд Варшав руу давшсан нь үнэхээр нөхөж баршгүй аймаар үзэгдэл болж, дараа нь яахаа мэдэхээ болих төсөөлөхөд ч бэрх бэрхшээл төрүүлэх байсан гэж би боддог. Гомулка үзэл бодлоо ийм үнэмшилтэй илэрхийлснээр нөхцөл байдлыг аварсан гэж бодож байна. Өмнө нь үүссэн бусад асуудал нь яахав дээ, харьцуулахад онц ач холбогдолгүй байжээ” гэсэн.

10-р сарын 20-нд Зөвлөлтийн төлөөлөгчид Польшийн шинэ удирдагчийн сонгуульд оролцож чадалгүй нутаг буцлаа. Тэд Гомулкагийн өөдөөс сөрөг нэр дэвшигч ч санал болгосонгүй. 10-р сарын 21-нд болсон бүгд хурлаар Гомулкаг Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар батламжилж, сталинч "натолинчуудыг" Улс төрийн товчооноос хасав. Рокоссовскийг сайдын албан тушаалаас нь чөлөөлж, ЗХУ-даа буцахыг санал болгов. Польшийн армид ажиллаж байсан зөвлөлт офицерууд ч албан тушаалаасаа халагдаж, эх орон руугаа явсан.

Гомулка 400 мянган хүний цуглаанд үг хэлэв

Тэр үед Унгарын хувьсгал дэлхийн бүх нийтийн анхаарлыг татаж байлаа. Польшууд босогчдыг халуун дотноор дэмжиж байв: Польшийн хотуудад жагсаал цуглаан болж, тэднийг дэмжих зорилгоор мөнгө цуглуулав; Польшийн зарим бүлэглэл Зөвлөлтийн цэргийн эсрэг зэвсэгт тэмцэлд оролцохын тулд Унгар явахыг оролдов. Польшийн шинэ эрх баригчид мэдээж энэ бүхнийг дэмжээгүй ч тэрслүү унгарчуудыг дэмжсэн үйл явдалд оролцогчдыг хавчаагүй. Түүгээр ч барахгүй Москва болон Унгарын Ерөнхий сайд босогч Имрэ Надь нарт Польшийн нийслэлд хэлэлцээ хийхийг санал болгов.

10-р сарын 24-нд Варшавт болсон 400 мянган хүний цуглаан дээр Гомулка үг хэлж, сталинизмыг эрс буруушааж, "Польшийн социализмд хүрэх зам"-ыг тунхаглав. Католик сүмийн тэргүүн кардинал Вышински зэрэг 35 мянган улс төрийн хоригдол суллагджээ. Улс төрийн шалтгаанаар 1.5 мянга орчим ялтныг цагаатгасан. Зөвлөлтийн хуаран, цөллөгт байсан 30 мянга шахам польшууд эх орондоо буцаж ирэв. Харгис хэрцгийгээрээ алдаршсан тусгай албаныхны зарим нь ял авч шоронд хоригдож, зарим нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Эцэст нь хамтралжуулалт зогсож, газар дахин хувийн өмчид шилжив. 1956 он хүртэл Сталиногрүд гэж нэрлэгдэж байсан Катовице хотод хуучин нэрийг нь буцааж өгсөн. Шашны сургалт сургуулиудад буцаж ирэв.

Польшийн нийгэм тодорхой эрх чөлөө олж авсан - хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ном хэвлэлд нэгэн төрлийн "ил тодын" үе эхэлсэн: үг хэлэх эрх чөлөө бүрэн нээлттэй болоогүй ч, тун ихээр зөвшөөрөгдсөн нөхцөл бий болсон. Хориглогдсон байсан Варшавын бослогын тухай нийтлэл, ном, кино гарч ирэв (зөвхөн Катыны сэдэв хориглогдсон хэвээр үлджээ).

Сталинчид ялагдалтайгаа эвлэрцгээсэн. Улс төрийн товчооны гишүүн асан Казимиежз Миял, Хилари Хэчловски, Владислав Двораковски нар 1989 онд социализм нуран унах хүртэл үргэлжилсэн далд Маоист Коммунист намыг байгуулжээ. Тэднээс хэлмэгдүүлэлтэд өртсөн нь тун цөөн.Удирдагч нь байсан Миял л Энвер Хожагийн Албани руу зугтаж чадсан, тэндээ Тиран хотоос польш хэлээр радио нэвтрүүлэг хөтлөх болсон. 

Аажмаар Гомулка "эрэг шургаа чангалж" гарлаа: "Польшийн хавар" эргээд гэсэж эхлэв. Эдийн засаг нь дахин гацангуут үүний бурууг Гомулка жүүд нарт тохов. Ойрхи Дорнодын Зургаан өдрийн дайны дараа Польшид жүүдийн эсрэг кампанит ажил өрнөж, ихэнх жүүдүүд тус орныг орхин явахаас өөр аргагүйд хүрчээ. 1968 онд оюутнуудын эсэргүүцлийг тусгай албаныхан хэрцгийгээр дарж, 1970 онд Гданьск, Шчэчиний ажилчдын бослогыг арми нь дарсан. Үүний дараа Гомулкаг огцруулсан: намын удирдлага нийтийн бослого, иргэний дайнаас айж, даргаа золиослох замаар буулт хийхээр шийджээ.

Хрущёвын илтгэлийг нийтэлж, ажилчдад зэвсэг тарааж байсан Варшавын намын дарга Сташевскиг 1958 онд бүх албан тушаалаас нь зайлуулж, тусгай албаныхны хэлмэгдүүлэлтэд өртжээ. 1968 онд жүүдийг эсэргүүцэх кампанит ажлын үеэр түүнийг намаас хөөжээ. Намын ажилтан асан тэрээр католик шашинд орж, далд аргаар сөрөг хүчнийхэнтэй ойр дотно болсон. 1980-аад онд Сташевски "Эв санааны нэгдэл"-ийг дэмжиж байсан бөгөөд коммунист дэглэм нуран унасны дараахан 1989 онд нас баржээ.

***

1956 оны Зөвлөлт-Польшийн хямрал нь ЗХУ болон түүний Зүүн Европ дахь удирдлагад Унгарын бослогоос хамаагүй илүү аюултай байсан юм. Нэлээд хүчирхэг армитай, Зөвлөлтийн эсрэг хүчтэй үзэл бодолтой, хамгийн том "социалист" орон болох Польш улс цэргийн мөргөлдөөн гарсан тохиолдолд ЗХУ-ыг сүйрэлд оруулж ч магадгүй юм. Унгарын бослогын богино хугацаа нь НАТО-гийн орнуудад хөндлөнгөөс оролцох боломжийг олгосонгүй, гэхдээ Польшид бүх зүйл хэдхэн хоногийн дотор дуусахгүй байсан бөгөөд "социализмын ертөнц" -ийн хувь заяа маш том эрсдэлтэй болох байсан.

Варшавт Хрущёв анх удаагаа ухрахаас өөр аргагүй болжээ. Тэрээр анх удаагаа өөрийн доод албан тушаалтнууд гэж үздэг Польшийн удирдагчдын эсэргүүцэлтэй тулгараад зогсохгүй цэргийн хөдөлгөөн, зэвсэглэсэн ажилчид зэргээр дэмжүүлсэн хатуу эсэргүүцэлтэй тулгарсан. Түүгээр ч барахгүй польшуудын эсэргүүцэл нь түүний өөрийнх нь аюулгүй байдалд аюул учруулсан.

Польшид болсон аравдугаар сарын үйл явдлын дараа Москва гадаад бодлогоо эргэн харахаас өөр аргагүйд хүрсэн юм. Сталины үед хараат улс орнууддаа колоничлолын бодлого явуулж байсан, Москва ёс төдий тусгаар тогтносон гэх улсуудын дээд албан тушаалд өөрийн тавиулуудыг томилдог байсан, Зөвлөлтийн "эрх баригчид" өөрийн бус орны иргэдийг баривчилж, шүүж, шоронд хийдэг байсан, ил тодоор дээрмийн шинжтэй худалдааны хэлцлүүд тулгаж байсан тэр үед ийнхүү өнгөрсөн юм. Эдгээр өөрчлөлтийн шалтгаан нь 1956 оны 10-р сард Польшид болсон үйл явдал байсан, энэ нь Унгарын бослогоос ч илүү нөлөөлсөн. Учир нь Унгар дахь бослогыг Зөвлөлтийн арми дор нь дарж чадсан бол, Польшид ЗХУ бууж өгөхөөс өөр аргагүй болсон юм.

 Евгений ТРИФОНОВ