-З.Энхболд даргын тушаалаар саналын эрхээ хасуулж буй гишүүний тоо 15 мянга орчим, сайн дураар бүртгэлд хамрагдсан гишүүний тоо 17 мянга орчим гэдэг хоёр тоо л сунгаанаас үлдэх нь байна. Энэ намд ер нь гишүүн үлдэв үү?!-

Ардчилсан нам шинэ даргаа яг сонгодгийн даваан дээр хэзээ мөдгүй ажлаа өгөхөө хүлээж суусан З.Энхболд дарга гэнэт гарч ирээд сонгогчид буюу гишүүдийнхээ 15 хувийг шууд “блок” хийж орхив. Аль нэгдүгээр сарын 6-ны өдрөөр дуусгавар болсон гишүүдийн бүртгэлийн ажлыг даруй 20 хоногийн дараа буюу энэ сарын 24-ны өдрийн тушаалаараа тийнхүү бут ниргэж, намын төв байран дээр бүртгэл хийлгэсэн гишүүд санал өгөх эрхгүй хэмээн лүндэн буулгалаа. Түүнд чухам юу таалагдсангүй вэ? Юу ч юм таалагдахгүй байгааг яагаад хориод хоногийн дараа ойлгов?



Намын даргыг сонгох сунгаанд одоогийн даргын ашиг сонирхол, оролцоог зааглах хэм хэмжээг уг нь сунгааг зохион байгуулах ажлын журам зааварт тусгаж өгсөн байж таарна. Гэтэл мань эр гэнэтхэн тушаал гаргаж, даргын сунгаанд санал өгөх эрхээ авахын тулд төв нам дээр бүртгэлээ хийлгээд байсан гишүүдээ шууд “аних” арга хэмжээ авав.  Наадам үзэж суусан Богдын хатан өөрийнх нь бөх өвдөг шороодмогц “Би энэ наадмыг үзэхгүй ээ” хэмээн асрыг хаяж гардаг шиг морьд барианд орохын үес гишүүдийнхээ саналын эрхийг хаах нь ямар учиртай байж болох вэ? Сар гаруйн хугацаанд сум агсаж давхисан таван нэр дэвшигч эцэстээ сонгогчгүй болж байгаа бол сунгаа хийсний ч хэрэг юун.

Ардчилсан намын дарга З.Энхболд анх сунгаа эхлэх үед гаргасан тушаалдаа “намын гишүүний шинэчилсэн бүртгэл, татвар төлөлт, нэгдсэн цахим бүртгэлийн түр цэгүүдийг шаардлагатай газруудад байгуулж ажиллахыг” ажлын хэсэгт даалгасан байв. Улмаар ажлын хэсэг АН-ын төв байранд бүртгэлийн цэг ажиллуулж, түүгээр 15 мянга орчим гишүүн шинэчилсэн бүртгэлээ хийлгэж, сунгааны сүүлийн өдрийг хүлээгээд байж байв. Гэтэл дарга З.Энхболд хоёр хоногийн өмнө гаргасан тушаалдаа “Анхан шатны намын байгууллагад бүртгүүлэхээр очоогүйгээр Төв намын бүртгэлийн цэгт ирсэн, олон тооны замбараагүй гишүүдийн анкет, материалыг үндэслэлгүйгээр хүлээн авсан хэрэг зөрчлүүд гарсан тул” гэдэг  шалтгаан дурдууд “Төв намын нэг цэгийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй” болгов. Уг тушаалын хоёрдугаарт, “дээрх гишүүдийг сонгуулийн саналын эрхгүй гишүүнд бүртгэж, бусад үйл ажиллагаанд хамруулахыг хаач очиж зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ. Төв намын байр дээр бүртгэлийн цэг ажиллуулсан, андет материалыг нь хүлээж авсан Ажлын хэсгийнхэн нь ажлаа мэддэггүй яасан ч лойсон улс байж таарав?

Ер нь гишүүний бүртгэлийн анкет материалыг “үндэслэлгүй хүлээж авсан” гэдэг нь юу гэсэн ойлголт болох, “үндэслэлтэй хүлээж авна” гэхээр бас юуг хэлэхийг одоогоор намынх нь гишүүд сайн ойлгож амжаагүй байгаа аж. Юутай ч Төв байранд бүртгэл хийлгэсэн гишүүд саналын эрхээ хаалгаснаа л арайхийн ойлгож байна. Ийм байдалд орсон гишүүдийн тоо одоогоор 15 мянга орчим гэж сонсогдож буй.

Шинэчилсэн бүртгэлийн хугацааг нэгдүгээр сарын 6-наар дуусгавар болгосон. Энэ хугацаа тун дөхчихөөд байхад л бүртгэгдсэн гишүүдийнх тоо 17 мянга гэж яригдаж байсан юм. Сандрахдаа намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр бүртгэлийн дансанд бөөн мөнгө хийж, улмаар мөнгөний хэмжээг даган гишүүдийн тоо автоматаар өссөн явдал ч гарсан билээ. Энэ үеэс л Ардчилсан нам чухам хэчнээн гишүүн бүртгэснээ, цаашлаад ер нь хэчнээн гишүүнтэйгээ мэдэхээ байж эхэлсэн юм.

З.Энхболд даргын тушаалаар саналын эрхээ хасуулж буй гишүүний тоо 15 мянга орчим, сайн дураар бүртгэлд хамрагдсан гишүүний тоо 17 мянга орчим гэдэг хоёр тоо л сунгаанаас үлдэх нь байна. Энэ намд ер нь гишүүн үлдэв үү?!

УИХ-ын ээлжит сонгуулийн дараа эрх баригч Ардчилсан намын дарга З.Энхболд санал хураалтын дүнг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн ч хэдхэн хоногийн дараа хоёр дахь хэвлэлийн хурлаа хийж, санал хураалтын дүнг зөвшөөрөхгүй гэх ухааны мэдэгдэл хийсэн юм. Ер нь бол хоёрантаа мэдэгдэл хийсний эцэст төрийн эрхийг тайван замаар шилжүүлсэн хүн билээ. Удаад нь бүр ч хөгжилтэй. Ялагдлын дараа тэрбээр намын даргаас огцрохоо мэдэгдэн өргөдлөө өгөөд байснаа таван сарын дараа дахиад “намын дарга хэвээрээ” хэмээн босоод ирсэн түүхтэй. Ардчилсан намын дарга З.Энхболд дарга хэвээрээ гэдгийг мэдэхийн тулд энэ нам таван сарыг зарцуулсан юм.

Харин одоо З.Энхболд дараагийн даргыг сонгох хүсэлтэй байна уу, үгүй юу гэдгийг мэдэхийн тулд сунгаа явуулж баларсан юм биш биз дээ? Ер нь дараагийн даргаа сонгож чаддаг л байгаа даа хэн минь?