Өмнө зүгт тангад улс байгааг өглөө болгон надад сануул
Төвд Монгол хоёр түүхэн шижмээр холбогдсон бараг л ах дүү ард түмэн. Сүүлийн мянган жил энэ хоёр ард түмэн үй олон хэлхээгээр уялдаатай.
Монголд буддизм дэлгэрэх гэж гурван удаа хүчээ үзсэний сүүлчийн хоёр нь Төвдөөс үүдэлтэй. Хятадын чань буддизмээс өөр байхын тулд л Хубилай хаан Төвдийн сажаапа урсгалыг Бээжинд урьсан байх. Харин төвд буддизм энэ удаа Бээжин хавийн монголчуудаас хэтэрч чадаагүй юм. Пагваа ламаар зохиолгосон төвд маягийн дөрвөлжин үсэг ч тамганы бичээсээс цааш нэг их ахиагүй байх аа. Хожим Төвдөд хоорондоо өрсөлдсөн шашны урсгал гарч ирэн биенээ дийлэхээ болихоор монголчуудаас тусламж гуйжээ. Сажаапа, гармаапа, нямаапа, гэлэгпагийн олон урсгалын төлөөлөгчид Монголоор нэг ирж хоорондоо хүч тэнцэн үзэлцэх монгол феодалуудыг амь аминдаа панаалдаж явав. Түшээт хан Авдай Халхад сажаапагийн урсгалыг авч ирж, Хархорумын балгасаар бүхэл бүтэн цогцолбор босгосныг Эрдэнэ зуу гэнэ.
Төвдийн шашины урсгал болгон өөр өөрийн хүчирхэг монгол өмгөөлөгчтэй болж авлаа. Цахарын Лигдэн, Халхын Цогт нар улааны урсгалыг өмөөрч шарын өмгөөлөгч ойрдуутай нүдэлдэж гарав. Шовхоо үзэхээр тэд Төвд хүрч хоорондоо тулалдсан. Халх удалгүй шарын урсгалыг хүлээн авч сажаапагийн ёсны Эрдэнэзуугаас сэжиглэн өөрийн Шанх хэмээх хийд барьснаар бүх Монгол албан ёсоор гэлэгпагийн ёсонд оржээ. Монголчууд мөн зэвсгийн хүчээр цаст Төвдийг шарын шашинт улс болгон тэргүүнээр нь Далай ламыг залсан төдийгүй түүнээ хамгаалж байхын тулд байнгын цэрэг тэнд байрлуулсан юм.
Энэ үед манж нар хүчирхэгжин бүх Хятадыг эзлэн авснаар Төвд, Монгол аль алинд нь тусгаар төрөө хадгалан үлдэх хүнд хариуцлага ноогджээ. Гэхдээ сул дорой Төвд орон манж хаадын эхний зоог байв. Харин тэд зальжин арга хэрэглэж монголчуудыг урдуураа түлхэж чаджээ. Занабазар, Галдан нар хоюул төвд боловсролтой, тэнд хамт сурч байсан хүмүүс. Тэр хоёрыг муудалцуулах, улмаар Хятадыг араас нь өдөөж хоргоон анхаарлыг нь Төвдөөс холдуудах уран аргыг Далай ламын институци чадварлаг гүйцэтгэсэн. Аль хэдийнээ нас барсан Далай ламын үхлийг нууж 18 жилийн турш түүний нэрээр зарлиг гарган монголчуудыг мэхэлж байлаа. Ийм ийм аргаар тэд учрах аюулыг өөрөөсөө бараг 50 жил холдуулж чаджээ. Харин Канши хаан Галдан бошготыг дарж Халхыг эрхшээлдээ оруулсны дараа хөлгийн жолоог Лхас руу эргүүлсэн юм. Ингэж Төвд, Монгол аль алин нь Манж Чин улсын вассал болжээ.
ХХ зууны эхэн үе Төвдөд ч, Гадаад Монголд ч тусгаар тогтнолоо эргүүлэн олж авах бололцоо олгосон юм. Харин үүнийг монголчууд ашиглаж чадсан, төвдүүд чадаагүй. Монгол нь Хятад, Оросын хоорон дахь жийргэвч бүс байсан бол Төвд нь Орос, Английн хооронд ийм үүрэг гүйцэтгэж байлаа. Улам урагш түрэх оросууд Химлайн нуруунд тулж очвол Британий эзэмшилтэй хил залгах болно. Ер нь “их тоглоом” гэж түүхэнд нэрлэгддэг Орос, Английн хоорон дахь эзэмшлээ томсгох гэсэн өрсөлдөөн 100 гаруй жил үргэлжилсэн юм.
Англичууд Төвдийг Хятад руу орох зам гэж харан хилийн зурвасаа тогтоох, худалдааны эрх олгохыг шаарджээ. Энэ үед судлаач, эрдэмтэн нэрээр оросууд Далай лам руу Агваан Доржиев, Цыбек Гомбажап нарыг явуулан нөлөөлжээ. Хилийн хэлэлцээрийг Лхаст суугаа амбантай хийхийг Бээжин зөвшөөрсөн боловч төвдүүд хөдөлсөнгүй. Эцэст нь хурандаа Янхазбэндээр удирдуулсан хоёр мянган англи цэрэг Лхаст орж ирэв. Төвдүүд тэдэнтэй байлдсан төдийгүй нутгаасаа гаргах гэж янз бүрээр үзлээ. Далай лам оросуудын ятгалгаар Монгол руу зугтаажээ. Далай ламаас өөр хэлэлцээ хийх эрх мэдэлтэй хүн байхгүй хэмээн шалтаглаж удтал маргаж байгаад арай гэж Төвд - Британийн гэрээгээр худалдааны чөлөөт бүс гаргаж өгчээ. Англичууд мэдээж Төвдийг эзлэх зорилготой биш учраас гараад явлаа. Энэ явдал 1904 онд болсон юм. Гэвч төвдүүд гэрээг хэзээ ч мөрдөөгүй, англичуудыг гараад явангуут нулимж орхисон. Ер нь эдэнтэй юм яриад нэмэргүйг ч англичууд ойлгосон хэрэг. Ингээд Төвдийн талаар Британи-Хятадын гэрээ хойтон жил нь хийгджээ.
1912 онд Хятадын хаант засаг хувьсгалаар унаж Бүгд найрамдах улс боллоо. Үүнтэй зэрэгцэн бараг 40 жил үргэлжилсэн иргэний дайн дэгдсэн юм. Дайнаас болоод хятадууд Шинжаан, Гадаад Монгол, Төвд дахь хяналтаа алджээ. Манж Чин улс унасан болохоор вассал нь байсан Гадаад Монгол, Төвд хоёр тусгаар тогтнолоо зарлах хуулийн болон түүхийн, мөн ёс суртахууны бүрэн эрхтэй байв. Аль алин нь Манжийн хааны эрхшээлийг зөвшөөрч хариуд нь өөрсдийгөө хятадуудаас тусгаар байлгах үүргийг манжуудад тохоожээ. 1907 онд Хятад нь Үндсэн хуульт хаант улс болохоор шийдэн Манжийн хааны зарлиг хуулиудыг хүчингүй болгосноос эхлэн Манж-Гадаад Монгол, Манж-Төвдийн биенийхээ өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон юм.
Монгол улс 1911 оны хуучдаар тусгаар тогтнолоо зарлаад үүнийг нь хүлээн зөвшөөрөхийг хүссэн захидал илгээмж дэлхийгээр нэг тараав. Хаанаа өргөмжилж, Засгийн газраа байгуулаад элч төлөөлөгчдөө Хятад, Орос, Япон, Америк, Английн холбогдох хүмүүс рүү илгээжээ. Юун түрүүн нөлөөллийн бүсээ өргөтгөх сонирхолтой Оростой 1912 онд гэрээ байгуулж дөнгөсөн юм. Засгийн газар байгуулагдангуутаа феодалын олон ёс журмыг халж, улс орноо модернизацийн замд хөтөллөө. Хиагтын гэрээгээр тусгаар тогтнолоо эргүүлж алдсан боловч юутай ч үнэн хэрэгтээ Хятадаас бүрэн салж, нутаг дээрээ Оросын нөлөө байхыг тэднээр зөвшөөрүүлсэн. 1920 онд хятад цэрэг довтлонгуут тэднийг цагаан оросоор хөөлгөөд, цагаан оросоо улаан оросоор хөөлгөв. 1921 онд тогтсон Бодоогийн Засгийн газар хамжлагыг халснаар феодалын ёс эгнэгт устав. 1928 он хүртэл Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх ажил олныг хийж Герман, Франц, Швед зэрэг орнуудтай худалдаа болон соёлын харилцаа тогтоож чаджээ. 1928 онд Монголд олон орны хэдэн арван пүүс компани ажиллаж түүнд хамаарагдах бараг 30 шахам үндэстний 6 мянган хүн ажиллаж байсан байна.
Дэлхийн 2-р дайнд ялагч холбоотны талд баттай зогсож байсан Монгол улс 20 мянган хүнтэй армиа дайчлан Зүүн хойд Хятадыг чөлөөлөх дайнд орсон юм. Чухам ийм л нээлттэй бодлого явуулсны үр дүнд 1945 онд Ялтад АНУ, ЗХУ, Их Британи нар Гадаад Монголын статус квог зөвшөөрчээ. Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг 1946 оны 1-р сарын 6-нд Хятад улс, 1946 оны 2-р сарын 28-нд ЗХУ албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр монголчуудын хэдэн үеийн хүсэл тэмүүлэл зорилгодоо хүрсэн. НҮБ-ийн гишүүн Монгол улс нь өнөөдөр дэлхийн бараг бүх оронтой дипломат харилцаатай, өөрөө өөрийгөө тодорхойлсон, ардчилсан төртэй дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн юм. Олон жил үргэлжилсэн нээлттэй бодлогын тууштай зүтгэлийн үр дүн энэ. Улс орны хөгжлийн баримжааг модернизаци руу чиглүүлсний ач энэ. Монголчууд хүч мөхөсдөхийн хэрээр бүхий л бодлогоо нээлттэй тавьж, өөрийн хүчин чармайлтаа далим болгонд илэрхийлж байсны шан энээ.
Асуудал Төвдөд эсрэгээр эргэсэн юм. Англичууд гарч явсны дараа Далай лам эргэж очоод Төвдийг бүрэн хаах бодлого явуулжээ. Улс орноо модернизацийн зам руу оруулж феодлын хоцрогдсон бурангуй ёсыг халах санаа гаргасан 9-р Ванчин лам Түвдэн Чойнямыг илэрхий хавчин хөөж явуулав. Төвдүүд Оростой ч, Хятадтай ч, Англитай ч, Энэтхэгтэй ч бүхий л холбоогоо тасаллаа. Феодалын үхширсэн ёсоо хатуу баримталсаар. Тэд яг 40 жил хорвоогоос ангид явсан. Тусгаар тогтнолоо сайхан хадгалж байнаа л гэж бодож байж. Яг үнэндээ манай гариг хоёр том дайн болон хямрал туулаад тэднийг анхаарах сөхөөтэй хэн ч байсангүй. “Төвдөд 7 жил” кинонд гардаг хоёр герман иргэнийг эс тооцвол тэнд хэн ч очсонгүй. Далай ламын дурсамжид Хятадын чөлөөлөх улаан арми 1952 онд Төвд руу орж ирж байгааг дуулаад хэрхэн цочирдсон тухайгаа бичсэн байдаг. Юу ч мэдээгүй, хорвоо ертөнцөөс ор тасархай өчнөөн жил байж байгаад гэнэт сэрээд харсан чинь бүх дэлхий хоёр талцаж байлдаад ертөнц дахин шинээр хуваагдсан байжээ. Төвд бол Хятадын салшгүй хэсэг гэж дэлхий нэгэнт тогтчихсон байв. Бүх юм болоод өнгөрчээ.
1959 онд төвдүүдийн өнөө хайрлаад байсан хамжлагын ёсыг нь хятадууд албан ёсоор халлаа. Орогнолын Засгийн газар Энэтхэгт байгуулан олон жил сүрхий тэмцэв. Хүйтэн дайн дуусч Энэтхэг-Хятадын харилцаа дулаарахын хэрээр төвдүүдийн Энэтхэгт байх орон зай хумигдсаар. 20-р зуунд төвдүүдийн гадаад харилцаандаа хийж чадсан ганц юм нь тусгаар тогтнолоо Гадаад Монголоор 1913 онд хүлээн зөвшөөрүүлсэн явдал. Гэхдээ тэр үед хоёр орныг аль алиныг нь хэн ч зөвшөөрдөггүй байсан юм. Алхам болгондоо улс орноо хааж түгжээд л, гадны алив ойртох гэсэн хөдөлгөөн бүрийг хардаж сэрдээд, хорвоогийн өөрчлөлт, шинэ дэг журмыг үл тоомсорлон өөрийн хуучин ёс жаягаа тас тэврээд явсны гай энэ дээ. Жижиг буурай орон хэнээс ч хамааралгүй явахыг биш харин ч бүгдээс нь хамааралтай болох гэж нээлттэй байсан нь эцсийн бүлэгт хэнээс ч үл хамаарах тусгаар улс байх гол түлхүүр нь юм байна. Үүнийг хүчний харьцааг тэнцвэржүүлэх гэдэг. Түүхэн туршлага ингэж өгүүлнэ. Муу жишээг өглөө болгон санаж явъюу.
2009.4.4
Зочин
Зочин
Зочин
Зочин
Би монгол хүн
би
Зочин
Санал
Зочин
emuka
Зочин
Зочин
M L