Баабар: Мэдээж Элбэгдоржийг дэмжилгүй яахав
Нийтлэлч Баабартай уулзлаа. Монголын улс төр Ерөнхийлөгчийн сонгуулиар амьсгалж эхэлж байгаа энэ үед түүнтэй энэ сэдвээр ярилцах санал дэвшүүлснийг минь тэр хүлээн авсан юм.
-Сайн байна уу. Юуны өмнө “Өнөөдөр” сонины урилгыг хүлээн авсанд талархлаа илэрхийлье.
Энэ бол миний анхны ярилцлага. Таны ярилцлагуудыг уншиж байхад их нээлттэй, ойлголцоход амар хүн шиг санагддаг учраас зориуд санал тавьсан юм. Хоёулаа яриагаа Монголын нийгмийн хамгийн онцлог үйл явдал болоод байгаа Ерөнхийлөгчийн сонгуулиар өрнүүлье. Хоёр намын нэр дэвшигч тодорчихлоо. МАХН яагаад зөвхөн Н.Энхбаярыг ганцааранг нь нэр дэвшүүлсэн юм бол? Үнэхээр энэ намд өөр лидер байхгүй болоод ийм сонголт хийсэн гэж үү? Миний бодлоор С.Баяр, М.Энхболд, Ч.Улаан гээд Энхбаяр Ерөнхийлөгчийг ялж гарч чадахгүй ч, өрсөлдчих хэмжээний хүмүүс байсан юм шиг.
-Өөр нэр дэвшигч гаргах зүрх, зориг МАХН-д байхгүй. Бүгдээрээ ямар нэгэн нээнтгэнд орчихсон. Түрүүн таван онд Улаан, Дэмбэрэл хоёр Ерөнхийлөгчид нэр дэвших гэж үзсэн шүү дээ. Хоёулаа нэг, нэг клип хийлгэчихээд үзээд байсан. Хүчрээгүй. Эцэст нь Баатар шоронд ороод л дууссан.
Энхбаяр Монгол Улсад, ялангуяа Хувьсгалт намд бүрэн хаанчлал тогтоогоод арав гаруй жил боллоо. Ийм урт хугацаанд энэ намын лидер, лойдор бүх хүмүүс гарт нь орчихсон. Түүний гарт ороогүй байж болох ганц хүн бол Нямдорж юм. Даанч Нямдорж дэмжлэг их муутай л даа. Баярын хувьд өөрөө энэ хийж буй ажлаа дуусгана, нэр дэвшихгүй гэдгээ олон удаа хэлсэн. Уг нь байж болох ганц бодит өрсөлдөгч нь Баяр байсан. Бусад нь бүгд нээнтгэнд орчихсон. Нэр дэвшдэг хүн болж амбийц гаргасан нь түрүүчээсээ шоронгийн хаалганд тулсан. Энхбаярт ахиад цаана нь өчнөөн хүнийг шоронгийн хаалга татуулж чадах баримт байгаа. Тиймээс энэ хүн нэр дэвших нь тодорхой юм, угаасаа.
-Ардчилсан намын нэр дэвшүүлэх үйл явц ч бас амбийц энэ тэрээс ангид болж чадаагүй юм биш үү?
-Ардчилсан нам бол МАХН-аас хамаагүй нээлттэй нам. Түүгээрээ заримдаа дотроо их хэрүүл, уруултай юм шиг санагддаг байх. Гэхдээ энэ нь бусдын хаалттай байдлаас хамаагүй дээр. Хоорондоо жаахан толхилцоод, амбийцлаад, нэгийгээ эвгүй байдалд оруулдаг л даа. Дандаа л тэгж байсан. Гэхдээ надад нээлттэй байдал нь л дээр санагдаад байгаа юм. Яагаад гэвэл болж байгаа бүх процесс, учир шалтгаан нь олон нийтэд ил байдаг. Нөгөөдөх нь бол битүү саван дотор юу болоод байгаа нь бүү мэд шүү дээ. Их том ялгаа шүү.
Тийм ч учраас МАХН Энхбаяраас өөр хүн гаргаж чадах ч үгүй. Тэд чинь бас ардаа амь амьдралтай, авгай хүүхэдтэй хүмүүс. Урьдны бэлээхэн муухай, аймаар жишээнүүд байгаад байхад тэгж хамаг юмаараа хохирч байхыг хэн бодох вэ дээ. Шалтгаан нь ердөө л энэ.
-Та түрүүн Ерөнхий сайдыг нээнтгэнд ороогүй цөөхөн хүний нэг гэлээ. Тэгээд яагаад нэр дэвшихээс татгалзсан юм бол?
-Би сая хэлсэн дээ. Энэ хүн өөрийнхөө авсан ажлыг заавал дуусгана аа гэж нэг биш, нэлээд хэдэн удаа хэлсэн. Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байна. Тэр ажлаа хаяад дараагийн том юм руу гүйгээд байх нь наад зах нь ёс суртахууны хувьд ч муухай. Ингэх эрх байхгүй гэдгээ аль арванхоёрдугаар сараас зарласан. Би түрүүхэн хэнтэй билээ дээ, Гантогоод бил үү ярилцлага өгч байхад "Тэгж байгаад нам дэвшүүлчихээр яаж ч чадсангүй. Би өөрөө мэдэлгүй дэвшчихлээ гэж хэлэх байх даа" гэхээр нь "Би олон жилээс таних юм байна, хэлсэн амандаа хүрдэг хүн. Чамайг хулхидахгүй биз дээ" гэж л байсан. Ийм шалтгаанаас болоод цорын ганц бололцоотой Өрсөлдөгч нь үзсэнгүй. Бусад нь бүгд нээнтэгтэй учраас айгаад, юун өрсөлдөх, өрсөлдөнө гэдэг бол шоронд орно гэсэн үг гэж ойлгож байгаа нь тодорхой.
-Элбэгдорж Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшлээ. Та түүнийг дэмжих үү? Яагаад ингэж асууж байна гэхээр намын Их хурал хүртэл Та Бат-Үүлийг дэмжиж байсныг олон хүн мэднэ.
-Мэдээж Элбэгдоржийг дэмжилгүй яахав. Хамгийн сүүлчийн горьдлого болчихоод байна шүү дээ. Хоёрдугаарт, би Бат-Үүлийг гараасай гэж бодож байсан болохоос, тэр л биш бол өөр хэн ч байсан эсэргүүцнэ гээгүй. Би Ардчилсан намын гишүүний хувьд хамт олныхоо шийдвэрийг эсэргүүцээд байх жудаггүй хүн биш. Элбэгдорж ч, Бат-Үүл ч миний сайн найз нөхөд. Элбэгдорж нь нийгэмд миний нэгэн адил хар, цагааны ялгарал их буй болгодог хүн. Нийгмийн нэг хэсэг нь түүнд учиргүй хайртай, нөгөө хэсэг нь дургүй. Харин Бат-Үүл өөр дээрээ ийм эрс тэс ялгарал үүсгээгүй учраас би түүнийг илүү бололцоотой л гэж харсан юм. Гэхдээ энэ бол миний л дүгнэлт, намын хамт олны дийлэнх нь өөрөөр харж байгаа бол олонхоо дагах естой. Ардчиллын мөн чанар энэ. Харин ч Ардчилсан намын хурал ардчилалтай болж, олон нэр дэвшигчээс шударгаар шүүн, тодруулсан. Элбэгдорж зургаан нэр дэвшигчээс 65 хувийн саналаар гарч ирж байхад Энхбаяр ганцаараа нэр дэвшээд 100 хувийн санал авч байгааг эрхбиш хүмүүс харьцуулах байлгүй.
-Дөрвөн жилийн өмнө Ардчилсан нам М.Энхсайханыг дэвшүүлчихээд эргээд түүнийхээ эсрэг ажилласан. Энэ явдал дахин давтагдах юм биш байгаа?
-Тийм юм "болох вий л гэж айж байна. Бас арай үгүй байлгүй гэж горьдож байна. Улс төрийн намын ганц зорилго, оршин буй гол утга учир нь төрийн эрх мэдлийн төлөөх сонгуульд орж ялалт байгуулан, өөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх олж авах явдал юм. Үүгээрээ Марк цуглуулагчдын холбооноос ялгаатай. Түрүүний сонгуульд үнэхээр Таны хэлсэн шиг юм болсон.
Оршин буй өөрийн утгын эсрэг байсан учраас би "Ардчилсан нам нас барав" гэж бичиж байлаа. Сонгуулиар эсрэг хүчиндээ тус болж, өөрийн хүнээ алах гэж үзэж байгаа бол түүнийг улс төрийн нам гэж нэрлэж болно гэж үү? Ганц нэг хүн тэгэх бол өөр хэрэг л дээ. Бүхий л намаараа зохион байгуулалттайгаар ингэсэнд л асуудал байгаа юм.
Одоо энэ сайд хийгээд гүйгээд байгаа Лүймэдийн Гансүх гээч нөхөр тухайн үед намын дарга Энхсайханы дор, намын нарийн бичгийн дарга хийж байсан юм. Энхсайхан ч Энхсайхан, сонгуулийн штабаа гэртээ байгуулчихаад намын байраар огт үзэгдэхгүй. Ингэнгүүт намын байранд л хамаг хэрэг шийдэгддэг учраас өнөө Гансүх чинь даргаа унагах гэж бүхий л аймаг, сумын намын хороод руу өөрийн дэвшигчийг доош чангаах заавар өгч суусан. Очсон сурталчилгааг нь битгий тараа, болж өгвөл тэнд нь шатаа, устга гээд л.
Сонгуулийн кампани удирдахаар томилогдсон хүн нь Японд сүмо үзээд, бас болоогүй гоймонтой хоол идсэн шиг зурагтаар гарч байдаг байгаа. Кампани удирдахаар томилогдсон бараг бүх хүн зугтаачихсан.
-Энэ явдал давтагдах уу гэсэн миний асуултад та хариулсангүй...
-Нэг л удаа урвана гэж байдаггүй юм шүү дээ. Урвах гэдэг чинь хүний характер болохоос ямар нэг гэнэгүй алдаа осол биш. Асуудал Энхсайхандаа биш, зарчимдаа байсан юм. Энхсайхан бид хоёр төдий л тааламжтай харилцаатай биш. Урвагчаар нь яривал Энхсайхан чинь тэднээсээ илүү гарна уу гэхээс дутахгүй. Гэхдээ муу хүнтэй барьцаж, тэрнээс илүү олхиогүй зан гаргаж болохгүй шүү дээ. Манай намын хамаг юм нь ил харагдаж байдаг, дотоод ардчилал сайтай учраас л би ингэж ярьж байна. Түүнээс бид муу, тэд сайн гэсэн үг биш.
2001 онд МАХН Багабандийг дэвшүүлчихээд араас нь унагах гэж мөн ч их хөөцөлдсөн дөө. Одоо энэ Энхбаярын эхнэр "Бага-бандийн эсрэг" хэмээх бараг л фронт шахуу юм байгуулчихаад Ардчилсан намынхнаар гүйгээд л байсан. Энэ тухай тэдний хэн нь ч ярьдаггүй. Ардчилсан намдалдаа дутагдал гарахаар сонингоор нэг гялайдаг. Ил ярьж, шүүмжилдэг учраас Ардчилсан нам илүү ардчилсан, өвчин нь илаарших илүү магадлалтай. Энэ бол буглуулж, өгүүлж, илжрүүлснээс хавьгүй дээр.
-Энхбаярын сонгуулийн штабынхан хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Тэнд танай компанийн гаргадаг "Үндэсний тойм" сэтгүүл, таны ярилцлагаар бүтсэн "Манай Ерөнхийлөгч" гэсэн товхимлыг үзүүлж "гүтгэж байна, шударгаар өрсөлдье" гээд байх шиг байсан. Та юу хийчихсэн юм бэ?
-Харсаан. "Үндэсний тойм" сэтгүүл "Ардын эрх" сонинтой хамтарч хулгана жилийн есөн алдартныг тодруулсан. Тэр тухайгаа бүтэн дугаар гаргасан юм. Ердөө ганц мянган хувь гардаг сэтгүүл. Оны хүнээр Бат-Үүл, тэгээд Баяр, Олимпийн аваргууд, Энхбаяр, долдугаар сарын 1-ний баатрууд гээд оржээ. Энхбаяр оны IV хүн болж тодорсон нь гүтгэлэг гэхэд хаашаа юм бэ дээ? Тэнд Энхбаярыг муу ч гээгүй, сайн ч гээгүй. Хоёрдугаар байранд орсон Баярыг ч сайн гэж магтаагүй. Оны хүн болсон Бат-Үүлийг л жаал магтсан байх. Түүнтэй барьцаад л өөрийгөө гүтгүүлчихсэн гээд байгаа юм болов уу? Энэ сэтгүүлийн тэн хагас нь зарагдаагүй байна, харин ч рекламдуулаад зүгээр юм уу. Үнэгүй тараахгүй шүү гэдгээ харин хэлчихье. Номын дэлгүүрүүдэд байгаа, гаднаа Бат-Үүлийн зурагтай. Ер нь тэгж яривал танай сонин ч Энхбаярыг оны IV хүнээр шалгаруулж, голгүй муухайгаар "гүтгэсэн" шүү!
Энхбаярын тухай миний ярилцлагын хувьд сонгуультай сонгуульгүй үргэлж хэлж байдаг үг маань л байгаа. "Улс орон битгий тоноод бай" гэж би түүнд хэвлэлээр дамжуулж сүүлийн арван жил хэлж байна. Цаашид ч хэлэх болно. Яагаад гэвэл тонуулаад байгаа тэр улс чинь миний эх орон! Цаанаа эзэнтэй юм шүү. Гүтгүүлсэн гэж үзэж, ямар нэг гомдол хадгалж байгаа бол шүүх, цагдаад хандаарай, хариуцлагаа би бүрэн хүлээнэ ээ гэж мөн ч олон хэллээ. Би хүн гүтгэж хоол олж идэхдээ тулаагүй. Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав болж чадна. Сонгууль болохоор л нэг л их гүтгүүлж, шаналж буй хүний зовлонт дүр бүтээж байх юм. Өрөвдүүлэх гээд байгаа ухаантай юм болов уу даа. Эл дол болсон эд дээ. Аргаа солиосой, хүмүүс түрүүний баашийг нь санаж л байгаа. Ванганы нэг жүжиг байдаг юм. Тэнд нэгэн хариуцлагатай хүн шоронгоор явж хоригдлуудтай уулздаг. Хоригдол болгон л тэгж гүтгүүлээд, ингэж гүтгүүлээд гэж гомдол тавина. Харин шоронгийн дарга түүнд "та гүтгүүлээд гэдгийг нь баригдаад гээд ойлгоод явчихаарай" гэж зөвлөдөг. Тэрэн шиг Энхбаяр "намайг гүтгэлээ" гэж орь дуу тавих болгонд хүмүүс "За бас нэг хэрэг нь шинээр баригдаадахаж" гэж ойлгодог болсон шиг байна.
-Энхбаяр Ерөнхийлөгч сая ээжийгээ эргэнэ гээд Бээжин яваад ирлээ. Олон хүн үүнийг сэжиглэн харах шиг боллоо. Та юу гэж бодож байна?
-Хүний зовлонгоор тоглох гэсэн юм биш шүү. Гэхдээ ийм хувийн чухал ажилтай юм бол Төрийн нарийн бичгийн дарга нар дагуулж явах хэрэггүй л дээ. Монголд байтугай дэлхийд нууц юм байлгах бололцоогүй болж байна шүү.
-Энхбаярыг Ардчилсан намынхан шиг өөрснийхөн нь бас унагах гэж гүйх болов уу? Яагаад гэвэл түүнд дургүйцэх дургүйцэл юу юунаас түрүүн МАХН-д бий гэсэн яриа их байна.
-Тэрийг би яаж мэдэхэв. Сонгуулийн кампанийн дарга нь Баяр, орлогч нь Хүрэлсүх болсон байна билээ. Тэр хоёр л илүү өрөвдөлтэй санагдсан. Шорон гяндангаар айлгаж, нусыг нь хацарт нь нааж амьтан болгочихоод, одоо миний төлөө, намайг сайн хүн гэж магтаад гүй гэхээр хүний эрхэмсэг оршихуйд мөн ч муухай цохилт болно доо. Түрүүн амьтан болсон бол одоо өт хорхой болж дээ.
Баярыг ч гэсэн залгамжлагч минь гэж дагуулж баахан сэгсэрч байснаа хамгийн сүүлчийн мөчид Энхболдыг чих зөөлөнтэй, үгээр амьтан гэж гэнэт хулхидан гаргаж ирээ биз дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг зэрэг хийх гэсэн санаа нь тэр. Хаа очиж Энхболд чинь дуугүй байж байгаад шөрмөстэй залуу байна билээ шүү. Юутай ч нам дотроо Энхбаярын хязгааргүй хаанчлалыг эцэс болгож чадсан.
-Та энэ удаагийн сонгуулийг ямаршуу дүр төрхтэй болно гэж бодож байна? Шударга болно гэсэн итгэл байна уу?
-Бага байна аа, бага байна. Учир нь сонгогчдын санал гэхээсээ илүү үүнийг "янзалдаг", үүгээр амьдардаг том сүлжээ бий болчихсон шүү дээ. Энэ сүлжээ л дүнг гаргадаг юм. Сая гэхэд орон нутгийн сонгууль боллоо. Хан-Уул дүүрэг ганцаараа ардчиллыг дэмждэг, бусад нь дэмждэггүй байна гэж байж боломгүй. Хан-Уулд сүлжээ нурсан л хэрэг. Энэ сүлжээг барьж байсан хүн одоо УИХ-ын гишүүн болсон, дараа нь хувийн элдэв бэрхшээл түүнд тохиолдсон байх.
Судалгаа хийгээд үзэхэд Улаанбаатар хотод Хувьсгалт нам талаа хамгийн их барьдаг дүүрэг нь Хан-Уул байдаг юм. Яахаараа тэгдэг юм, бүү мэд. Харин хамгийн их Ардчилсан талдаа байдаг дүүрэг нь Баянгол. Энэ бол олон жилийн, цөөнгүй судалгаагаар тогтоогдсон үр дүн. Гэтэл хариу нь шал эсрэгээр гарч байгаа биз дээ. Энэ бол сүлжээний асуудлаас л болж байгаа юм. Ресторанд ороод ямар ч архи захиалсан, "Абсолют" захина уу, "Хар Чингис", "Шар Чингис" алийг нь ч захиалсан ширээн дээр граммын найрка л тавьдаг гэсэн үг байдаг. Түүн шиг сүлжээ хэр зэрэг ажилласнаас л хамаарна даа. Шударга байна гэхэд итгэхэд хэцүү болчихоод байна. Уг нь энэ чинь төрийн эрхийг луйвардаж, дээрэмдэн авч байгаа асуудал юм. Бүх төрлийн хулгай, дээрэм, луйвраас хамгийн хүнд гэмт хэрэг нь энэ.
-Аль ч цагт сонгуулийн үр дүн МАХН-ын талд ашигтайгаар гардаг гэлцдэг. Энэ удаа ч тэр маягаар болж магадгүй гэдэгтэй Та санал нийлэх үү?
-Би Монголын ард түмэн саналаа өгөхдөө илэрхий Хувьсгалт нам талдаа ч юмуу өгчихнө гэж бодохгүй байна. 2004 онд аймшигтай том луйвар болж байсан. Шууд зарга үүсгэж байгаад хамаг ололтыг нь дээрэмдээд авчихсан биз дээ. Ардчилсан хүчин өнгөрсөн 20 жилийн хугацаанд үнэхээр том ялагдал хүлээсэн үе бол 2000 оны сонгууль. Тарах нь тарж, задрах нь задраад, нэг л их биенээ доош нь хийсэн юмнууд харилцан биенээ унтрааж явж байгаад будаа болж байсан туршлага бий. Гэхдээ л тэр үед Хувьсгалт нам ердөө 50 хувийн л санал авч байсан.
Яг одоо Монголоос 160 гаруй мянган хүн гадаадад сууж байна. Жилд дунджаар 30-аад мянган хүн нас бардаг. Энэ тоо арван жил болоход 300 мянга болно оо доо. Нөгөө 160-аа нэмэх юм бол дөрөв, таван зуун мянга болно. Ийм хэмжээний хүмүүсийн санал л гэхэд бүртгэлийн аргаар бэлээхэн байж байдаг байхгүй юу. Тэр нь нэг хүний гар дээр байхгүй л дээ. Хороо, багууд дээр хуваагдчихсан байгаа.
Тэр саналууд бүгд сүлжээгээр дамжин давхиад ороод ирнэ. Үүнийгээ нөгөө хороо хорин, сонгуулийн хэсгүүд дээр олон жил болчихсон хүмүүс зардаг, худалддаг бүхэл бүтэн зах зээл байна.
Монгол Улсад бүртгэлийн систем гээч зүйл байхгүй. Малынхаа тоог ойролцоогоор, магадгүй яг таг хэлээд байдаг. Гэтэл хүн нь хаана яваа юм, үхсэн үү, амьд уу, хэд нь гадагшаа явсан юм, шилжүүлэг яаж байна гэдэг асуудал хөл толгойгоо алдсан. Энэ чинь л нөгөө замбараагүй тоглоомын талбар болж байгаа хэрэг. Гадагшаа гарсан, сураггүй алга болсон, нас барсан гээд үй олон хүн сонгууль болохоор амьдтайгаа хамтраад саналын дүнд ороод ирж байгаа юм. Тэгэхээр итгэл тун муутай.
-Ер нь ажиглаад байхад Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжинэ гэсэн хандлага давамгайлаад байх шиг...
-Тодорхой нэг жижиг нэгж дээр, суманд ч юм уу хоорондоо ярьж байгаад 100 хувь Элбэгдоржийн төлөө өгөөд үз л дээ. Тэгээд дүн яаж гарахыг хараарай. Аягүй бол 100 хувь нөгөө талд гарна даа. Нээрэн шүү. Ардчилал гэдэг чинь ард түмний хүсэл эрмэлзлээр төрийг бий болгох үйл явц. Гэтэл ингээд хулгайлаад авчихаад байх юм бол үүнийг ардчилал гэж нэрлэх үү, үгүй юү, хэцүү болчихоод байна. Ардчилал манайд хулгайлагдчихаад байна шүү дээ.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Улаанбаатарт хэчнээн тооны санал ямар замаар худалдагдсаныг мэдэх л юм. Хожим үүнийг би батална. Баримтыг нь цуглуулж байгаа. Хэдэн зуу, мянгаар хэмжигдэж байсан гээд бод доо.
-МАХН шинэ маягийн өрсөлдөөнд уриалж байна. Хямрал болж байгаа учраас элдэв цаас, самбар гаргалгүй, даруухан, өртөг багатай сонгууль хийе гэж. Боломж нь ямар бол?
-Монголд хэзээ Ерөнхийлөг-чийн сонгууль цаас, самбараар дүүрч болж байлаа? Их хурлын сонгууль л улс орныг тэр чигээр нь зарлалын самбар болгочихдог шүү дээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ердөө 2-4 байдаг, тэгээд ч дэвшигчид нь бүхэнд танигдсан хүн байдаг болохоор яг самбар дээрээ тулахаар даруухан л болдог. Энэ чинь манайд болж байгаа тав дахь Ерөнхийлөгчийн сонгууль.
Харин цуглуулсан мөнгө Сонгуулийн хороо, Хэсгийн хороо руу цутгадаг хуучтай боллоо. Аймаг, дүүрэг болгонд худалдагдахаар шилэгдсэн хороод гарч ирнэ. Бусдынх нь дүн гараад байхад чухам тэр шилэгдсэн хэд л өглөө болтол хаалгаа түгжээд таг алга болно. Хариу нь гардаггүй ээ. Дотор нь хөндлөнгийн болон Ардчилсан намын ажиглагч сууж л байгаа. Өглөө нь ялж явсан нэр дэвшигчийг арай гэж ялагдуулсан дүн гаргаж ирнэ. Хамаг хахуулийг тэд авдаг юм шүү дээ. Хороо манай танайгүй, ажиглагчтай юутай хээтэйгээ бод идчихээд, боохой царайлаад гараад ирнэ. "Гандиг би Ганц худагийн хэсгийн хорооноос гаргаж ирж, ялуулсан" гэж Гантөмөр хурал дээр улаан цагаангүй яриа биз дээ. Ийм улсыг л хамгийн түрүүн Ганц худаг руу нь явуулах учиртай юм л даа. Эднээс болж долдугаар сарын 1-ний үйл явдал болсон. Ингэхээр суусан шаазгайтай биш, овоо босгосонтой нь тооцоо бодмоор.
Мөнгөө Хэсгийн хороо руу биш самбар руу цацвал ядаж л арай шударга юм даа.
Б.Нандинтүшиг /Өнөөдөр сонин/
Sarnai
baaska
baaska