Цол тэмдэг, одон медалийн солиорол
Хөөрхий эх орны дайнд оролцсон хөгшчүүлд одоо л нэг юм байр өгч байна.
Хөөрхий эх орны дайнд оролцсон хөгшчүүлд одоо л нэг юм байр өгч байна. Энэ чинь л шагнал болохоос, хэвтэй төмөр насаараа цуглуулах нь ямар хэрэгтэй байсан юм бэ гэдэг нь тэдний царайнаас илт. Нүдэндээ нулимстай эх орондоо, төр засагтаа баярласанаа илэрхийлж, олон жил онгорхой, цоорхой гэрт амьдарч, хэдэн төмрөөр хууртаж яваад жинхэнэ шагналыг насныхаа сүүлд л авч байгаадаа баярлаж сууна. Хүнийг насаар нь ингэж хуурах хэрэг байна уу? 90 онд хуурахаа зогсоож болох л байсан.
Хүн хөдөлмөр эрхэлж түүндээ таарсан шагнал авах ёстой. Орчин үеийн бидний шагнал бол мөнгө. Шударга хөдөлмөрийн тогтолцоог коммунизм унагаж, албан үүргээ нэр төртэй биелүүлсэний төлөөс болгож, хүний төрөлхийн бусдад хүндлүүлэн, нэр алдарт дуртай зан дээр дөрөөлж үгүй хийсэн юм. Тэр нь одон медаль, цол тэмдэг. Эхлээд сонирхогчдын мэддэг спортын салбараас эхэлье.
Монгол улс ямар амжилт үзүүлсэн тохиолдолд спортын мастер, ОУХМ, гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолыг өгч байна. Үүний тогтсон шалгуур байна уу гэхээр бас л гарт баригдах юм алга. Сүмо бөхийн Дэлхийн 2 удаагийн аварга, улсын наадамд 3 үзүүрлэсэн гарьд Гантогтох гавьяат тамирчин биш гэвэл ихэнх хүн гайхана. Гэтэл Дэлхийд нэг л түрүүлсэн (Олимпт ордоггүй төрлөөр ч байдаг) бүр Азийн Наадмын аварга мөртлөө Монгол Улсын Гавьяат цолтой гарын хуруунд багтахааргүй тамирчид байна. Хуучин, дамжлага бүр нь даргатай дээшээ харж унан тусан, доошоо харж жуумалздаг байсан үеийн шат дамжлага бүртээ тохирсон шагналууд. “Чи спортын мастерын өргөдөлөө өгчих, би тодорхойлоод өгий, чи дээгүүр гүй” гэж хэлнэ. Өөрөө шагнал авах гээд гүйх шиг ичгэвтэр зүйл үгүй. Уг нь хүн амжилт гаргасан л бол норм, стандарт байх ёстой. Гэхдээ спортын мастер болоход норм байдаг боловч энэ нь зүгээр өнгөлөн далдлалт төдий. Хөлбөмбөг дээр гэхэд 2 удаа Үндэсний лигт түрүүлвэл спортын мастер болох ёстой боловч 2 жил сэлгээнд сууж, хааяа нэг талбай дээр харагдсан болоод Спортын мастер гэчихсэн даналзаад явж байна. Тоглож авах, тоглохгүй авахын хооронд асар том ялгаа бий. Насаараа Монголын шигшээд тоглож, эх орноо төлөөлж гадагшаа дотогшоо явчихсан үндэсний лигийн 5 мөнгөн медальтай спорт мастер цолгүй хүн байж л байна. Тэгэхээр одон медаль, цол тэмдэг шударгаар биш, үзэмжээр л яваад байна. Одоо бүр утгаа алдаж, энд ч гавьяатын найр, тэнд ч хөдөлмөрийн баатар боллоо л гэхийн, спортын мастер бол “өдөр бүр” л гардаг юм шиг байналээ. Бараг 10 хүний нэг нь тухайн төрөлдөө мастер болчихсон хүмүүс. Хэрвээ энэ олон алдартнуудын цол гуншинг механикаар үржүүлэн бодвол, манай улс спортын салбараараа дэлхийд тасарчихсан ч юм шиг. Гэтэл бодит байдлыг бид мэднэ.
Ийм шударга бус шүүлтүүрийн механизмтай газар дэлхийд хэд байна гэхээр Куба, Хойд Солонгос, Монгол нэрлэгдэнэ. Монгол нь ардчилсан гэж байгаа. Яахав манай хоёр “хам”-ын коммунист нийгэмд нь бол хэвийн үзэгдэл. Хойд Солонгост чинь бараг тамирчин болгон нь цол гуншинтай “алдартанууд” ихтэй газар. Манай өнгөрсөн нийгмийн дүр зураг бол энэ. Нийгэм шал өөр болчихоод байхад халагдахгүй байгаад л байна. Харин “ах нар” коммунизмаасаа салахдаа үүнээс бас татгалзсан. Тодорхой хэдэн хүндэтгэлийн шагнал үлдсэн. Бид 70 жил сармагчин шиг дагадаг байсан ч хамгийн хэрэгтэй үедээ дагаж чадаагүй. “Аав, ээжээрээ” 70 тэжээлгэж өөрийн гэсэн толгойгүй явсан бидэнд өөрсдөө биеэ даан олон асуудлыг шийднэ гэдэг хэцүү байсан биз. Цоо шинэ зүйл руу орж байгаа жижигхэн улсад өөр шийдэх асуудал мундахгүй л олон байсан байх л даа. Одоо Орост мэргэжлийн спорт хурдацтай хөгжиж байна. Шагналын ийм үнэ цэнэтэй байгаа үед манайд мэргэжлийн спорт хөгжөөд хол явахгүй нь тодорхой. Дагаад тамирчид нь, мөнгөний эргэлт нь, спортын менежмент нь хурдацтай хөгжиж чадахгүй. Спортын хөгжилд том саад болж байна. Инээдтэй юм зөндөө бий. Таван жилийн төлөвлөгөө гэдэг шиг, 4 жилд бүх ард түмний спартакиад хийдэг улс нь Монгол л байна. Бидэнд 4 жил болдог спартакиад одоо ямар хэрэг байна. Улсын аварга гэдэг нэр томьёо багийн спорт дээр бол бараг үгүй болж буй зүйл. Гэтэл дөрвөн жилд болдог Бүх Ард түмнээс гадна, Оюутны, Хүүхдийн гээд явж өгнө дөө. Нээлтийн үйл ажиллагаа, хаалт, тэмцээний үйл явц яг л хэвэндээ. Манай спортод шинэчлэл үнэхээр нойль зааж байгаа шүү дээ. Дэлхийд даяарчлагдсан, олон улсын үндэсний спорт гэж явдаг хөлбөмбөг мэргэжлийн хэмжээнд хүрэх хаа байсан юм. Бид улс гэхэд хэцүү хэдэн арлын улстай хөл нийлүүлэн энэ салбарт хоёр ОУХМ, 100 орчим спортын мастераа дагуулан алхаж явна. Спортын мастэр Майкл Жордан, гавьяат тамирчин Дэвид Бэкхэм гэж байдаггүй л байхгүй юу. Жишээ нь сагсанбөмбөгийн лиг долоо хоногийн 3 өдөр (төлбөртэй) болоход үзэгчид битүү үздэг. Гэвч үзэгчдээ татах менежмент хэзээ ч байдаггүй. Нэг өдрийн тоглолтоор 1 сая төгрөг өлхөн хийдэг ч буцаад тэр мөнгө нь сагсанбөмбөг руугээ ордоггүй нь харамсалтай. Баахан л спортын мастеруудтай. Ажлынхаа хажуугаар (хоббигоороо) бөмбөгөө нүддэг амьдрал нь сайнгүй тамирчид, шүүгчид. Үзэгчээр ингэж мөнгө хийнэ гэдэг гайхалтай. Мөнгө хүнийг нэг талаараа бусдаас хараат бус байлгадаг бол одон медаль, цол тэмдэг ямар ид шидтэй юм бэ? Жоохон хүүхдийг гялгар цаастай чихрээр хуурч байгаатай ялгаагүй. Цол тэмдэгтэй байх нь маш том хүндэтгэл гэсэг ухагдахууныг ах нарын минь тархинад автоматаар суулгачихсан.
Урлагийн салбарт инээдтэй дүр зураг бүр их ажиглагдана. Зууны шилдэг дуучин Сарантуяа, Сэрчмаатай бараг зэрэгцээд л СТА авсан биз дээ. Тэгсэн мөртлөө удалгүй Ариунаагийн дараа гавьяат болсон.
Шагнал өгч байгаа хүмүүс нь тодорхойлолт хийхдээ өөрсдийн сонсдог хүмүүстээ өгөөд байдаг тал ажиглагддаг. Жавхлан, Бат-Эрдэнэ, Баясгалан гавьяат болоход олон хүн Болд эд нараас муу юм уу гэж хэлж байхав. Цаг хугацааны хувьд ч өмнө, орчин үеийн анхны бой группын гишүүн. Эсвэл зохиолын дуучдад гавьяат гэдэг цол хүртээлтэй юм уу? Миний бодлоор шагнал өгч буй хүмүүс нь тэднийг сонсдог, зохиолын дуу нь нийтийнх гэсэн ойлголттой байдаг юм шиг. Бусад нь нийтийнх биш юуных болж таарч байна. Поп, рок, хип хоп урлаг биш юм уу? Болд бол өөрөө ч сайн дуучин төдийгүй, сайн продюсэр. Дуу нь хит болдог залуу дуучдыг Болд л гаргаж ирж буй. Шинэ юм хийсэн хүмүүстээ биш, хатуухан хэлэхэд өнгөрсөн үедээ таалагдсан хүмүүст өгдөг шагнал болоод байна. Бид урагшлах ёстой. Шинэчлэлдээ тааруулж л өөрчлөлт хийдэг.
Шагналын хур хэзээ зогсох бол. Солиорлын хэмжээндээ тулсан хойно зогсох уу. Юмыг болсон хойно нь биш болохоос нь өмнө мэдэж байж бид урагшилна. Нэг л өдөр бүгдийг нь хүчингүй болгох аргагүй. Харин зарим хэсгийг нь зогсоож, цөөхөн хэдийг нь үнэхээр сүпэр хүмүүстээ өгдөг болмоор юм. Ер нь бол олон нийтийн шагналуудыг тухайн байгууллагад үлдээгээд төр өөрөө хэдэн дурсгалын шагналуудаа л өгдөг. Үндэсний сагсанбөмбөгийн холбооны шилдэг тоглогчийг тухайн холбоо нь, зууны шилдэг хөлбөмбөгчинийг ОУХБХ нь өгдөг. Оскар, Канн гээд бүгд л олон нийтийн байгууллагууд. Тэгэхээс төр өөртөө ингэж их ажил үүрээд яахав дээ.