Хүмүүс хөлбөмбөгийн яг юу нь гоё юм бэ? гэж надаас их асуудаг. Харин яагаад ч юм би хариулж чаддаггүй. Чаддаггүй гэхээсээ илүү тэр нь гоё гээд хэлчих гэхээр нэг л болдоггүй юм. Дэмждэг багаа үзээд суух гоё, тэр тамирчны тоглолтыг үзэх урамтай, хөлбөмбөг бол агуу спорт, хүн төрөлхтний бий болгосон хамгийн их үзэгчтэй спорт, хэзээ ч нэг юм давтагддаггүй, сайн, муу багийн ялгаа багатай... гээд тоочоод байвал тоочоод л байна. Дээрх дурдсан зүйлс хөлбөмбөг гэж спортын ердөө нэгээхэн хэсгийг бүрдүүлнэ. Тэгэхээр миний бие одоо асуултанд хариулах гээд үзье.

     Францын их зохиолч Монтэнь эссенүүд дундаа эртний нэг зураачын сонирхолтой жишээг дурдсан байдаг. Нүгэл хилэнц, гай зовлонд нэрвэгдсэн Ифигэниа хэмээх эмэгтэйг дүүжлүүрийн тавцанд гаргаж ирэх үеийг зураач өөрийн уран чадвараараа маш сайхан дүрслэн гаргажээ. Зураач нарийн ур чадвараа гарган хүмүүсийн уйлж, шаналаж, түүнийг өрөвдөж байгаагаар гайхалтай гаргаж ирсэн бөгөөд харин түүний аавыг нүүрээ дарсанаар үзүүлсэн гэдэг. Учир нь ийм их уй гунигыг илэрхийлэх боломжгүй гэсэн санаа юм. Хэрхэн дүрэлцэн асаж байгаагаа хэлж чадаж байвал тийм ч айхтар шатаагүй байна гэсэн үг гэдэгтээ адилхан. Үгээр, зургаар илэрхийлж боломгүй зүйлс байдаг. Үүний хамгийн том жишээ нь хайр сэтгэл. Одоог хүртэл хэн ч хайр сэтгэлийн тодорхойлолтыг оновчтой гарган ирж чадаагүй л байна. Дайсны цэргүүдэд олзлогдсон хаан, хоёр хүүгээ дөнгө зүүчихсэн явахад юу ч болоогүй хөшөө шиг зогсож байсан мөртлөө, түшмэд нь дөнгөлүүлчихсэн явахад асгартал уйлж байгаа нь өмнөх уй гунигийг илэрхийлэх боломжгүй байснаас үүдэлтэй. Нулимсаар илэрхийлэгдэж байгаа бол “тийм ч сүртэй юм” болоогүйн шинж. Хүн айхдаа царай нь цонхийн, цочролд орж, хөшөө шиг зогсож дараа нь бүх зүйл дууссаны дараа тэр нь нулимс болж гардагтай утга нэг юм. Хайр сэтгэлдээ шатсан хүн хоол унднаас гарч, хүнтэй юм ярихгүй, хажууд нь юу ч болж байсан бодлогшронгуй сууж, уй гунигт маш ихээр автдаг. Үүнийг маш чадамгай илэрхийлсэн ийм зураг байна уу?  Леонардо Ди Винчигийн алдарт Мона Лизагийн гайхамшиг үүнтэй холбоотой байж болох юм. Философийг үгийн эрэлд хатаж буй шинжлэх ухаан, үгээр илэрхийлж байгаа зүйлс бол хамгийн болхи байдаг гэсэн тодорхойлолтууд бий. Эдгээр жишээнүүдээр хөлбөмбөг бол үгээр илэрхийлэмгүй зүйл гэдгийг хэлэх гэсэн юм. (эсвэл би одоохондоо үгээр илэрхийлэн гаргаж чадахгүй байна) Та зүгээр өөрөө үзээд мэдэрсэн нь хамгийн сайн хариулт болно. Хөлбөмбөг хамгийн логикгүй спорт. Хүн угаасаа тодорхойгүй, юу болох нь мэдэгдэхгүй зүйлд их дуртай шүү дээ.

     Ямар нэгэн аргаар илэрхийлж боломгүй зүйлс хүмүүсийн санаа сэтгэлийг эзэмдэж үргэлж анхаарлын төвд нь байсаар иржээ. Тэрийг хүн өөрөө мэдэрч байж л ойлгоно. Ийм тэнэг юмыг юуг нь сонирхдог байна аа (зөвхөн хөлбөмбөг дээр биш л дээ, бусдын сонирхлыг үл ойшоогчдын үг) гэж хэлдэг хүн бий. Тайлбарлаад өгчихвөл тэр тийм ч тансаг биш болчихно. Тэгвэл хөлбөмбөгийг яагаад тэгж их хүн сонирхдогийн бол. Хүн төрөлхтний бий болгосон хамгийн сайхан тоглоом гэж ойлгож болно. Одоогоор манай гарагт хөлбөмбөгийг гүйцэх олон хүнийг соронзон мэт татаж буй тоглоом наадгай алга. Энэ зун Өмнөд Африкт болох Дэлхийн аваргаар Монголчууд бид ч ажлаа алддаг нь үнэн. Хөлбөмбөгөөс болж амь насаа алддаг хүмүүсийн тоо энэ үед эрс өсч, Европын эдийн засгийн үзүүлэлт огцом буурдаг. Эрчүүдийн ихэнх нь амралтаа энэ үед авдаг нь үнэн. Хөлбөмбөг бол нэг ёсны шашин гэж хэлсэн нь тун ч оновчтой тайлбарлалт. Монголд суугаа Германы элчин сайд циркын урдах асарт Дэлхийн аваргыг Монголчуудын дунд үзэн тэврэлдэж, нуруулуу нь баярлахдаа цохиж авахад инээж зогсох нь энүүхэнд. Герман хожвол бүгдийг нь дайлж, хожигдвол бооцоо тавьсан эсрэг багийхандаа мөнгөө өгнө. Баг нь хожигдоод уйлж байгааг тэгэхэд л харж болно. Олимпын аваргатай болоход манай удирдлагууд ч хагас согтолтын байдалтай ард түмэнтэйгээ мэндчилж байв. Тэднийг хэн ч шоолж, тохуурхаагүй. Хөлбөмбөгийн Дэлхийн аваргад манай улс оролцоод Бразилын хаалганд нэг гоол оруулж байна гэж бодоод үздээ. Тэр үед юу болох уу? Ардчилсан Солонгос манайд ирж тоглоход сүүлийн мөчид нэр төрийн ганц гоолоо бид оруулахад тоглолт амьдаар нь үзэж байсан хэдэн хүн уйлж, “үгээр илэрхийлэмгүй” аз жаргалын тэгэхэд олон хүн мэдэрсэн. Хэрвээ хожсон бол ямар байх бол. Үгээр илэрхийлж боломгүй зүйлийг хүн өөрөө л мэдрэх ёстой.