Ёстой альтернатив цагаан сар гарч байна аа. Хоёр мандаттай тойрог  гэлээ гэх шиг хоёр ч шинийн нэгэнтэй,  олон урьгалч сонголттой.  Нам намаараа ялгараад тэмдэглэсэн ч боломжтой санагдана.  Жишээлэхэд, улс төрийн намууд маань дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа шинэлж болж байна. Айл хэсэх золгоход ч их ойлгомжтой. Айлын үүдэнд улаан дарцаг байвал анхны шинийн нэгэнд золгож байгаа ахмад зүтгэлтнийх гэдэг нь мэдэгдээд явчихна. Харин цэнхэр тугтай партизаныд бол хоёр дахь шинийн нэгэнд орох  нь зохимжтой.

 Манайд бас “альч биш нам” буюу АБН гэж байдаг. Гишүүд нь  андашгүй ээ. Тэд “би аль ч намын гишүүн биш” гэж ярьж явдаг юм. Намын хөтөлбөр нь бол “их юм өгсөн намын талд зогсох” явдал. Тэд бол өдөр дараалан золгуут хийхэд болохгүй гэх газаргүй.  

Ийм сайхан боломж олдож байхад зарим нь нэг нь уурлаад байх юм. Баяр наадамд нугасгүй дуртай атлаа шинийн нэгний баяр давхарлаад ирэхээд уурсах юун.

 Мэдээж уур уцаар өөр газраас эхтэй. Шинийн нэгэн ганц байсан ч маргадаг.Цаад шалтгаан нь  малчны гэгдэх  дорнын зурхаййт календарийн зах зээлийн төлөө өрсөлдөөн.

   Харин шалтаг нь өдөр тасарч нийлэх. Тасарч нийлдгийн гол үндэс нь  нар, сарны мөчлөг нь бутархай тоогоор илэрхийлэгддэгт байгаа. Ямартаа бутархай өдөр, 23 цагтай хоног, эсвэл 70 минуттай цаг зэргийг дунд нь гаргалтай биш. Болохгүйдээ ч биш, түвэгтэйдээ л байгаа юм. Тэгээд гарч буй илүүдэл, дутагдалаа нийлүүлж байгаад бүтэн өдөр, сарын хэмжээнд хүргээд нэмж, хасаад байгаа хэрэг.

Ганцхан манай билгийн тоолол ч тэгдэг юм биш. Григорийн тоолол зарим сар нь 30 хоногтой, зарим нь 31 хоногтой. Төгс  зохиогдсон нь  хаана аа байна аа. Хоердугаар сарын 29-нд мэндэлсэн хүн төрсөн өдрөө гурван жил хүлээнэ. Төгөлдөр болчихсон юм юу байна аа. Гагцхүү засваруудаа, ойлгомжтой хуваарилсан  учраас хүмүүс нэгдүгээр сар 31 хоногтой гээд шууд хэлнэ. Харин хоёрдугаар сарыг календариа харж мэднэ. Гэхдээ гайхахгүй.

Хижрийн тоолол ч гэсэн сар нь дотроо хөдөлж, Рамадан сар нь шилжиж байдаг гэх юм билээ. Хэдий тиим боловч лалын ертөнц юугаа  ч яагаад, мацагаа ч бариад болоод л явна.

 Эртээс улбаатай “Юм төгс биш байх тусмаа эртнийх байдаг” гэсэн хэллэг бий. Бидний  уламжлалт зан үйлдээ хэрэглэж буй билгийн тоолол  нэг талааасаа монголчуудыг хоцрогдолтой харагдуулах мэт боловч нөгөө талаасаа нэн эртний календарьтай, тэр хэрээрээ урт түүхтэйг бас хэлээд өгч байна. Ухаандаа өнөөгийн “төгс төгөлдөр” календарь гарахаас өмнө үеэс улбаатай. Эсвэл түүнээс хамааралгүйгээр өр газарт зохиогдсон тоолол хэрэглээд, тэр нь од гаригийн хөдөлгөөнтэй тэс зөрөөд явчихын оронд өөрийгээ засаад яваад байна аа даа. Энэ нь л биднийг тусдаа үндэстэн гэдгийг харуулаад байгаа юм шүү дээ, уул нь.

 Шинжлэх ухаан сүм хийд, шашны дацангуудаас улбаатай байдаг шиг, он тоолол ч бурхан шүтээнээс салбарлажээ. Монголчууд дорно дахинаа өргөн түгсэн 12 жилийн мөчлөгтэй тооллыг түвдээр дамжуулан хэрэглэх болоод уджээ. Ер нь бол аравтын системээс өмнө байсан арван хоёртын  тооллын систем энэ тэр гээд  яривал их цаашаа явна.

Түвдээс шарын шашныг залахдаа, тооллыг нь хамт авчээ, манайхан. Жаахан янзлаад хуучин цагийн хэллэгээр бол “үндэсний болон интернацианальч шинж”-үүдийг зөв хослуулаад “Төгс буянт шинэ зурхайн ёс” хэмээн нэрийджээ. Ингээд л яваад байж.

Харин өнөөгийн цагаан сарын тухайд бидний байр суурь хоёр үндсэн чигтэй. Нэг талаас олон арван жилийн турш хаалт хорионд байсан уламжлалаа санан, татагдах нэг эрмэлзэл. Энэ хурд, эрчим  нь  биднийг цагаан сараа хамгийн сүртэй, хамгийн ланжгараар тэмдэглэж өнгөрсөн цагийн хаалт хорионоос үүдэлтэй цангааг минь тайлахад хөтөлж байсан.

Нөгөө талаас  дарангуйлагч дэглэмийн хүлээснэээсээ салаад ертөнцийн хөгжилтэй  нийлэх эрмэлзэл нь хуучин хоцрогдол,  ялангуяа зан үйлд шингэсэн  бүдүүлэг элмэнтүүдийн илрэлээс жигшин зугтаах хандлаггатай холбоотой. Ахуй амьдралын хэмнэл, зан заншлаа хөгжингүй өрнөдийнхтэй ойртуулах, ижилсүүлэх хүсэл сэтгэл эндээс эхтэй. Буруу ч юм биш. Хүний түүхийн үе бүхэн ийм амьсгалаар хөгжлөө сэлбэж ирсэн. Монголд христолын тооллын шинэ жил тэмдэглэх ёслолыг анхлан дэлгэрүүлэгчид нь Зөвлөлт маягийн нам төрөөс илүүтэй, Герман, Францад суралцсан залуус, тухайлбал Д.Нацагдорж, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн нарын зэрэг хожмын алдартнууд байсан. Тэд өрнийн шинэ жил нийлж тэмдэглэсэн биш эсэргүү бүлэг байгуулсан хэрэгт сэрдэгдэн зовсон түүхтэй.

Чухам энэ хандлагуудын холион бантан л өнөөдөр цагаан сарыг нэг бол алийг нь алдуулах гээд ч байх шиг, эсвэл бүр болиулчих гээд байгаа юм шиг өнгө аясыг дэглэж байна. Учир иймд хэдүүлээ эдгээр хандлагуудын дундуур шагайх гээд үзье.


Хамгийн том шүүмжлэлд цагаан сарын бэлэг өртдөг. Бэлэг багадаж байгаа тухай ярих нь  зохиогчид ичгүүртэй тул  асуудлыг гадаад худалдаа , эскпорт-импорт руу шилжүүлээд бэлгэнд “Эрээний бараа” ялангуяа хятад оймс олноороо орж байгааг ихэвчлэн дурьддаг.

Ингээд асуудлыг гадаад худалдааны хувьд нэг улсаас хараат болж байгаа асууудал руу шилжүүлдэг. Уул нь Эрээнийг голоод байгаа юм бол Эдинбургаас  элэктрон дэлгүүрээс захиалаад авахад ямар ч саад алга л байгаа.

 Уулаасаа бие биедээ оймс өгөхөд муу юм ер байхгүй.  Өөдөө харсан сав, бэлгэдэлтэй шүү дээ. Санта Клаус бэлгээ оймсонд хийгээд өгдгийг санасан ч, өнөөгийн соёлт хүн хөлнөөсөө олон оймстой байх болсныг бодсонч хэрэгтэй эд.

Ер нь бол цагаан сарын бэлэг чанаржсаар яваад оймсонд тулсан шүү. Дээхнэ үед хөдөө нутагт ам даавуу өгдөг байснаа хөгжөөд ардын засгийн жилүүдэд орой торго өгдөг болсон байна. Ц.Дамдинсүрэнгийн “Толь Гэндэн” шүлэгт “Ам даавуу, атга чихэртэй бэлэглэсэн” тухай гардаг нь тийм учиртай.  Та нар “Тунгалаг тамир” киног санаж байгаа байх. Цахиур Төмөр нэг сайхан хүлэг морио Хонгорт бэлэглэхдээ “Ах нь чамд алчуур болгоод өгчихъе” гэдэг дээ. Энэ бол морио зараад, тэр мөнгөөрөө  ванныхаа байг гэхэд нүүр гарын , үгүйдээ нусны алчуур аваад өгье гэсэн үг яавч биш. Харин чамд бэлэг болгоё гэсэн санаа. Эндээс  харахад жижгэвтэр даавуу алчуур бол бэлэг болохоос нус арчих хэрэглэл биш байх нь. Харин дээр үеийн монголчууд нусгүй байсан гээгүй шүү.

Эндээс цаашлуулаад бодоход  уламжлалт баяраараа “хүнд яг хэрэг болох юм”  бэлэглээд явдаг ард түмэн хаана байгаа юм бэ, үндсэндээ бэлгэ тэмдгийг чанатай юм л өгч авалцдаг.

Зан үйл ч  ялгаатай. Тухайлбал Тайландууд нэгэн рүүгээ ус цацан мэндэлдэг. Манайхан “чи миний сэтгэл рүү ус цацав” гэж ярьдаг биз дээ. Гэтэл Тайландчууд бие биерүүгээ ус цацаад болоод л байна. Өнөө дүрвэсэн ерөнхий сайд Таксин Чинаватра бол уснаас ер болоогүй, авилгаас болж асуудалд орсон гэж байгаа.

Өнөөдөр бид өрнийн хүчирхэг соёлын нөлөөнд нэгэнт автсан. Харамсаад ч байх юм алга. Манай төр Григорийн тооллоор ажил хэргээ хөтөлдөг, Христосын мэндэлсэн баяраар бид албан ёсоор нэг нас нэмдэг. Бид “зулын хорин таван”-аас илүүтэйгээр “гэгээн валентины өдөр”-ийг тэмдэглэж бэлэг сэлт солилцдог. Төрсөн өдрөө “хаврын эхэн сарын шинийн найман”-д биш хоёрдугаар сарын төдөнд  гэж ёсолдог. Төрөө хүндлэн засгийн ордондоо госчоомтой ордог. Зангиа зүүж ажил хэрэгч дүр үзүүлдэг. Пиицаа идэж, кола уудаг. Бид Пии.., Фаа.. толгойтой хараал уншихаас биш “ еэ хүүр ээ” “аа цусаар урс” гэж хэлэхээ больсон. Биднийг японоос, хятадаас, солонгосоос, европ америкийн шар арьстнуудаас ялгах юм улам бага болж байна.

Харин жил болгон маргаан дэгдээдэг товтой, оимсон бэлэгтэй, Азийнх атлаа хятад, солонгосоос зөрөөтэй цагаан сар маань л монгол болгож ялгаруулдаг. Хуушууртай, тоостой наадам минь л аугаа нүүдэлчдийн угсаа гэдгийг сануулдаг. Бид намрын дунд сарын 17-нд долоонд хурим хийвэл сайн гэж итгэдэг..гэрээ ямагт өмнө зүгийг харуулж барьдаг..иим онцлогтой үндэстэн. Өнөө цагийн үндэстнүүд оршуулга, хурим, шинэ жил, шинээр төрсөн хүүхдийн ёслол зэрэг хэдхэн юмаар л ялгагдах болсон цагт.

Удаахь ялархал нь бууз, банш.  Хаанаасааа бууз олж иднэ ээ гэж зовоод байгаа юм биш, Хэтэрхий элбэг байгаа баншийг  хэтрүүлж идээд өвчин олох гээд байгаа хэрэг.  Уул нь олж идэх биш, тааруулж идэх тухай яригдаж байгаа юмсан.

Цагаан сарын маргааны бас нэг шалтаг нь  мөр гаргах ёс байна. Үнэхээр л хамаг юм тэндээс хамаарах аятай зарим нь цухалдах юм. Нэг өдөр л оновчтой чиглэлд алхснаас болоод амьдрал тэгшрээд явчихдаг бол сайхан л даа. Хамгийн гол нь бэлгэдэлдээ байгаа хэрэг. “Би жилийн эхний энэ сайн өдөр зөв чигтээ, сайн үйлсийн чигтээ анхны алхамаа хийлээ. Жилийн турш энэ чиг баримжаагаа алдалгүй сайн сайхан үйл бүтээж, үр шимийг нь амсан жаргана даа” гэж бодохдоо л байгаа. Бурхан багш хэлжээ. Чиний сэтгэл санаа зөв бол “орчлонгийн зүг бүхэн сайн, од гариг болгон өлзийтэй” гэж. Гол нь зүг чиг, од гаригтаа биш. Чиний сэтгэл оюуны чиг хандлагад байгаа юм.

...Сайхан жил гарч байна аа, тиим үү.