Ардчиллаас хойш Монголын улстөрд туг барьж, бас тугалыг нь хариулж “үзсэн” улстөрч их цөөхөн. Тэдэн дундаас УИХ-ын гишүүнээс улсын Ерөнхийлөгч гээд төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан ч, тэрхүү төрийнхөө хуульд эрх чөлөөгөө хашуулсан цор ганц төрийн зүтгэлтэн бол Н.Энхбаяр юм. Энэ эрхэм юуны учир ийнхүү “бүтээл”-дээ нэрвүүлснийг энд нуршихгүй. Шүүхийн шийдвэр зөв, буруу байсан тухай ч шүүхгүй. Харин түүний дараагийн улстөр юу байж болох, орон зай бий эсэхийг эргэцүүлье.



Нэгэн үе ганцаараа “хаан” явсан Н.Энхбаярын хувьд хэдийгээр эрх чөлөөтэй ч, хүний нутагт гандаж гундаж л яваа. Тэр өөрөө бол эх орондоо ирэх хүсэлтэй, ирж болохгүй шалтгаантай. Бас түүнийг ирүүлэхгүй байх сонирхолтой хэсэг энд бий. “Хүсэл-шалтгаан-сонирхол” гэсэн ийм гурван орчил дунд Н.Энхбаярт үнэхээр улстөрийн орон зай байна уу. Мэдээж бий. Олон хүн түүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ, магадгүй 2017 оны Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэж боддог. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь “багтдаг нь” үнэн л юм бол том явсан, том хүнд үүнээс цаашхи бодол ч бий байх. Тийм боломжийг цаасан дээр байлгаж болно, амьдрал дээр байлгахгүй байж ч болно.

Яг өнөөдрөөр харвал Н.Энхбаяр Монголын улстөрийн олны хэсэгт тоглох л боломжтой. Түүнээс цааш, Монголын улстөрийн гол дүрүүдийн нэг байх, тийм өрсөлдөөнд орох боломж Н.Энхбаярт эрх зүйн хувьд хаалттай, хязгаарлагдмал байгаа. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тэр гэмт хэрэг үйлдсэн ялтан хэвээр яваа. Н.Энхбаяр шүүхээс хоригдох ялаар шийтгүүлсэн. Шүүх зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял, тэр дундаа хорих ял оноодог. Дараа нь Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан. Ерөнхийлөгчийн уучлалыг зөвхөн шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа ялтанд л үзүүлдэг. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн уучлалыг хүлээн авч суллагдсан нь гэмт хэрэгтэн байснаа хүлээн зөвшөөрсөн логик энд бас бий. Хэрвээ гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, шүүхийн ялаас уучлагдсан нь үнэн юм бол одоо түүнд “ялгүйд тооцох хугацаа” гэсэн ял үйлчилж байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн уучлал түүний үйлдсэн, шүүхээс ял оноосон гэмт хэргийг уучлаагүй. Уг гэмт хэрэгт нь оноосон ялыг биеэр хоригдож эдлэхээс л чөлөөлсөн. Тийм учраас Н.Энхбаяр эрх чөлөөтэй болсон ч, түүнд үйлчлэх “ялгүйд тооцох хугацаа” дуусаагүй. Шүүхийн ял шийтгэлтэй хэнбугайн ч нэр дэвших, сонгогдох эрх Үндсэн хуулиар хаалттай. Гэхдээ хэн хүний алдааг амьдралынх нь хар толбо болгож болохгүй. Тийм учраас гэмт хэрэг үйлдсэн хэн нэгний “ялгүйд тооцох хугацаа” дууссанаар түүнийг ял шийтгэлгүй гэж үздэг. Тэгсний дараа сонгогдох болон төрийн болон улстөрийн албан тушаал хаших эрх нь сэргэдэг.