ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурал болж, дүүргүүдийн Мөрдөн тасгийн дарга нарын заримынх нь албан тушаалыг буууруулж, заримыг нь сольж томиллоо. Тухайлбал, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах нэг, хоёрдугаар тасгийн дарга М.Алтансүх, Пүрэвсүх нарын албан тушаалыг бууруулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Тус дүүргийн Мөрдөн байцаах тасгийнхан онц ноцтой гэмт хэргүүдийг олноор илрүүлсэн ч зарим нэгэн дуулиант хэргийн зүйл ангийг өөрчилж хөнгөрүүлсэн, ул суурьтай шалгаагүй, ажлын хариуцлага алдсан гэдэг хэл аманд ороод байсан юм. Хамгийн сүүлд гэхэд л Баянгол дүүргийн цагдаагийнхан их хэмжээний хар тамхийг илрүүлсэн ч хэргийн газрын үзлэг дутуу хийсэн, шинжилгээний бодисыг хожимдуулж өгсөн зэргээр шүүмжлэлд өртөөд байсан. Тиймээс хэргийн голыг нугалдаг Мөрдөн тасгийн хоёр даргад хариуцлага тооцсон энэ хэмээж байна. Мөн дээрх зөвлөлийн хурлаар УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай хэлтсийн ахлах мөрдөн байцаагч А.Лхагвадоржийг Орхон аймгийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн тасгийн даргаар, мөн тус хэлтсийн мөрдөн байцаагч С.Батзаяаг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс рүү шилжүүлжээ. Нийслэлд ийн халаа, сэлгээ хийж байгаа бол хөдөө орон нутагт ч үргэлжилж байна. Жишээ нь,Сүхбаатар аймгийн Мөрдөн тасгийн дарга, цагдаагийн хошууч Цэргийнхүүг  Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн бол Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасгийн ахлах мөрдөн байцаагч Г.Хөхөөг нийслэл рүү татаж авсан гээд цагдаагийн байгууллага хөл хөдөлгөөнтэй байна.

У.Шагай