Ардчилсан нам амьд
Ардчилсан нам түүхэндээ хамгийн ядарч яваа үе нь одоо л байх. Чадал чансаатай, эрх мэдэлтэй явахад нь намыг хүн барааддаг. Харин одоо чин үнэн нь гэвэл нам нь хүнээ бараадахаар хэмжээнд байна.
Улс төрийн намын үндсэн үйл ажиллагаа нь сонгуулиар төрийн бодлого тодорхойлох эрх мэдэлд хүрэхийн төлөөх үйл явц. Сонгуулийн дүнгээр эрх баригч, эс чадваас сөрөг хүчин болох хоёр замтай. Тэгвэл сүүлийн хоёр ч сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам сөрөг хүчний тавилан дээр буулаа. Ер нь үүнээс ч дор тавилан гэж бас бий. Тэр нь амьд хэрнээ үхсэн мэт байх... Google-д л илэрцтэй тийм гучин нам Монголд бий гээд бодоход Ардчилсан нам одоохондоо тэдний нэг болчихоогүй байна. Амьд байна. Амьд байгаагийн амин сүнс, сүр сүлд нь парламентад сөрөг хүчний бүлэгтэйдээ л оршиж байгаа. Уг нь сөрөг хүчин байх гэдэг том улс төр.
Даанч энэ сөрөг хүчний бүлэг нь ардаа намтай ч юм шиг, үгүй ч юм шиг, эс бөгөөс бүр хойноо хоёр намтай ч юм шиг ойлгомжгүй байдалд шүншиггүй бурхан адил болов.
Ардчилсан нам алга болох ёсгүй. Эрхгүй. Аравнайлсан бурхан гэдэг шиг асар том үнэт зүйл, агуулга, соёлыг тээж 30 жил бүрэлдэн бий болсон амьд организм. Тийм л учраас сонгуулиар арчигдаад алга болчихвол МАН-д ч алдас нь ирэх нийгмийн оюун санааны үнэт зүйл юм. Тэгэхдээ Ардчилсан нам өөрийнхөө хувьд хамгийн тааруу тавилан дээрээ байгаагаа юуны өмнө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Компаниар бол аль хэдийнэ дампуурчээ... Онолын хувьд дампуурал гэдэг нь тухайн компани дэлхийн зах зээл дээрээс авч болох бүх ашгаа авч дуусахыг хэлнэ. Тэгвэл Ардчилсан намыг 30-аад жилийн тэртээ үзэл санааны үр хөврөлөөрөө байгуулсан лидерүүд нь өөрсдийн ухамсарт амьдралд л зориулан байгуулсан аятай тавихгүй зуурсаар намаар дамжуулан Монголын улс төрийн зах зээл дээрээс авч болох бүх ашгийг авч дуусгаад дампууруулж орхихыг ч бид харлаа.
МАН-д наяад оны залуус сайд болж амжаад, заримынх нь карьер нь дуусчихсан байж байхад нөгөө талд үхэшгүй мөнхийн Кашье нар өдгөө ч намын даргын сунгаанд өрсөлдөж байх жишээтэй. Багт наадмын шаар, эсвэл цаасан шувуу шиг тээр дээр намилзан нахилзан хийсэж явах шиг. Эсвэл баярын салют буудуулаад тэр чигт нь тэнгэрт нисгэвэл таарна. Одоо оосрын үзүүрийг тавь... Үдэхийгээ үдэж, угтахыгаа угтаж чадахгүй энэ байдал өнөөдөр Ардчилсан намыг хоёр хуваачихаад байж байна. Хоёр намын 4;5 нэр дэвшигч, нийлээд ес! Ямар ч аварга могойг ес хуваахад ямх л болно!
Гадагш дэлхий ертөнц рүү нүдээ нээ!
Ардчилсан намын гол үзэл баримтлал болох либерал үзэл дэлхий дахинд унаж байна. Зүй ёсны энэ динамик уналт 5-6 жил үргэлжилнэ гэж тооцоолж байгаа ч Монголд лав 10 жил үргэлжлэх төлөвтэй гэж судлаачид сануулж байна. Либерал үзэл баримтлалтай нам, либерал имижтэй улстөрчид дэмжлэг авах нийгмийн хандлага суларч байна гэсэн үг. Энэ хандлагыг хэрхэн удирдаж, хэзээ дуусгах вэ гэдэг Ардчилсан нам хэр хурдан эмхрэн цэгцрэх, хэр зэрэг хичээхээс шууд шалтгаална.
Үнэнийг бүгд мэднэ. Улс төрийн үйл ажиллагаа өндөр зардалтай. Сонгуулийн хоёр, гурван бүрэн эрхийн хугацаа дамнан гудамжинд яваа намд хандивлагч олдохоо болино. Гишүүд нь ажилгүй болно. Ажилгүй, мөнгөгүй удсан хүний ажиллах, суралцах чадвар алдагддаг зүй тогтолтой. Түрүүчээсээ АН шилдэг боловсон хүчнүүдээ МАН-д алдаж эхэлж байна... Төрийн эрх аваад бодлого тодорхойлох мөч ирэхэд хангалттай хүний нөөц, чадамж үлдэх нь үү?! Бид бүгд л харж байна.
Нийгмийн хариуцлага гэдэг ойлголт үнэндээ бол биднээс үл хамаарах дэлхий ертөнц, нийгэм, эдийн засаг зэрэг гадаад орчны бусад хүчин зүйлийн нөлөөгөөр ирээдүйд учирч болох эрсдэл дээрээ урьдчилан хааж ажиллахыг хэлдэг. Тогтвортой хөгжлийг хэлнэ гээд ойлгочихсон ч болно.
Ардчилсан намд гадаад, дотоод маш хүнд нөхцөл, сорилт шаардсан хүчин зүйлүүд нэгэн зэрэг бүрдчихээд байж байна. Ийм хүнд нөхцөлд энэ удаагийн намын даргын сунгаа нь болж байна. Энэ сунгаа асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байх ёстой. Шуудхан хэлбэл нэг нам, нэг даргатай болох нь л өнөөдөр чухал байна.
Монгол Улс нэг нам дангаар засаглах, дарангуйлал руу халтирахаас хамгаалах ерөндөг нь болох сөрөг хүчний үүргээ гартаа авах цаг болжээ. Цар тахлын нөхцөл байдлаар халхавчилсан эрх зүйн стандарт бус шийдвэрүүд, зохиомол хүндрэлүүд, хүний эрхийн зөрчлүүд, хэвлэлийн эрх чөлөөний хязгаарлалтууд гээд өчнөөн олон алдаа завхрал парламентын танхимд хийгдэж байна. Сөрөг хүчний цагаан хоолойг АН гартаа авсан шиг аваасай гэж дэмжигчид нь хүсэн хүлээж байгааг сонсох хэрэгтэй. Ардчилсан намд өнөөдөртөө байгаа хамгийн том улс төр, хамгийн том хүч нь энэ. Намын даргаа парламентын бүлэг дотроосоо сонгож байж л Ардчилсан намд сүр хүч, шүншиг орохоор харагдаж байна.
УИХ-ын танхимд суугаа гишүүдээс О.Цогтгэрэл бүлгийн дэмжлэгийг авч намын даргын сунгаанд нэр дэвшиж байгаа. Бүлэг дотроосоо дэмжигдэнэ гэдэг бас нэг шалгуур, нам бүлэг хоёр нэгдмэл ажиллах гүүр тавигдчихлаа гэсэн үг. Увс аймагт сүүлийн 30 жилд МАН сонгуульд 22 удаа ялж, АН нэг удаа ялж гарсан, дараа нь орон нутгийн сонгуульд ч АН багаараа ялснаар О.Цогтгэрэл баялаг бүтээгч төдийгүй улстөрч гэж хэлүүлэх босгыг давж орж ирсэн.
Төрийн тендерээс хол салбарт бизнес эрхэлж, ТЭСО хэмээх брэндийг босгосон. Анхны бизнесийн гараагаа зайрмагаас биш зайрмагны машин зохион бүтээхээс эхэлсэн гээд бодохоор түүнд аливааг амар хялбараар биш углуургаар нь шийддэг зан чанар байдаг. Хаана, хэнд ямар түүхий эд байна, тэдгээрийг хэрхэн нийлүүлж капитал босгох вэ гэдгийг мэддэг. ШБОС бүтээгчээс одоо бодлого нийлүүлэгч болох сонголт хийсэн.
Ардчилсан нам түүхэндээ хамгийн ядарч яваа үе нь одоо л байх. Чадал чансаатай, эрх мэдэлтэй явахад нь намыг хүн барааддаг. Харин одоо чин үнэн нь гэвэл нам нь хүнээ бараадахаар хэмжээнд байна.
Ардчилсан нам парламентын гадна үлдсэн нам болж хувирах, цаашлаад намаасаа гадна намтай байх юм бол 2024 онд ялалт бодох хэрэггүй.
Тэгээд ч ирэх сонгуулийн ялалт зүүдлэхээсээ өмнө тэр хүртэл тэсэж үлдэх нь илүү чухал болжээ. Түүхийг бүтээх том улстөрийн хүчний раангаа эргүүлэн олж авья одоо л тэсэж үлд...
Ардчилсан нам амьд гэдэгт сонгогч, дэмжигчид чинь найдахыг биш итгэхийг хүсэж байгаа!