Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан та яаралтай мэдэгдэл хийнэ үү!
-ОУВС Монголын төрийн байгууллагын шийдвэрт шалгалт хийх эрх зүйн чадамжтай юу-
Тэвчээр алдарлаа...”Аль банк асуудалтай вэ” гэдэг уралдаан зарласан мэт ОУВС-ийн хийж буй шалгалтын дүнг хүлээцгээв. ОУВС-аас юу хүлээнэ вэ? Банкны салбараас хэдийг нь, хэнийг нь “цаазын тавцанд” тавихыг уу? Гэтэл ОУВС хүссэнээрээ хяналт шалгалт хийж болох боловч Монгол Улсын хууль тогтоомжийг давсан шийдвэр гаргах эрх зүйн чадамжтай гэж үү! Зөвлөмж гаргаж, түүнийх нь дагуу олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид эрсдлийг тооцоолж цаашид харилцах эсэх, ямар хэмжээнд харилцахаа тодорхойлохоос цааших зам харагдахгүй юм.
Тухайлбал нэр дурдсан таван банкаа дүрмийн сан бүрдүүлэхдээ төдөн төгрөг угаасныг аудитын байгууллагын шалгалтаар нотоллоо гэж бодъё. Зарим хүний төсөөлж байгаачлан тухайн банкны эзнийг шоронд хорьж банкинд нь БЭТ томилох эрх ОУВС-д байгаа юу?
Үүнтэй холбогдуулан ОУВС-ийн хөтөлбөрийн үнэлгээний явцад банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг магадлан баталгаажуулах шалгалтын урьдчилсан үр дүн нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гарахаар байсан, мөн тус банкнаас “Тодорхойгүй хугацаанд хойшиллоо” гэсэн мэдэгдэл гаргасан зэргийг одоо эцэслэн зогсоох цаг болсон гэж бодож байна.
Монголбанк бол Монгол төрийн байгууллага. Энэ байгууллагын өмнө, хуулийн дагуу хариуцлага хүлээх хүн нь Төв банкны Ерөнхийлөгч. Тухайн банкны өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг цэвэр эсэхийг шалгасан байгууллага нь Монголбанк, дүрмийн санг хэвийн гээд бүртгэж, үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл өгсөн хүн нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан. Түүнийг зөвшөөрлөө өгснөөс цааш өөр “цаг тоолол” эхэлж тэр мөнгө эргэлтэд орж түүнд Төвбанкнаас өөр хэн ч халдах боломжгүй. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгч энэ ойлгомжгүй гацаанаас гаргах ёстой. Яагаад гэвэл банкны системд итгэх итгэлийг хадгалж хамгаалах үүргийг түүнд хуулиар хүлээлгэсэн байдаг.
Тиймээс салбараа хамгаалаад “ОУВС эрхзүйн чадамжгүй шалгалт хийж байна” гэдгийг хэлэх ёстой. Түүнээс биш Монголбанк “Z” банкийг 350 тэрбум төгрөгийн дүрмийн сантай гэж зөвшөөрсөн чинь ОУВС зөвшөөрөхгүй байна, дүрмийн санг хуулийн дагуу бүрдүүлсэнд эргэлзээд байна” гэх нь ямар ч логикгүй. Учир нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан тухайн үед тухайн банкны дүрмийн санг, түүнийг бүрдүүлсэн мөнгийг хүлээн зөвшөөрөөд зөвшөөрлөө өгчихсөн. Тэр мөнгө зээл болоод гарчихсан, энэ процессийг ухраах аргагүй.
Тухайн банк дүрмийн сангаараа, Монголбанкаар үнэлүүлсэн үнэлгээгээрээ гадаадын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдад дүгнэгдээд явна. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монголын төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг зөвхөн зөвлөмж гаргахаас өөр эрхзүйн чадамжгүй ОУВС шалгаад банкуудыг түүнд итгэгчдийг талцуулж маргаад байх боломжгүй. Энэ нь ҮАБЗ-д хор нөлөөтэй үйлдэл юм.
Энэ сунжраад байгаа шалгалтын дүнд зөвлөмж л гарна. “Зөвлөмжийг сонслоо, Баярлалаа баяртай”-гаас өөр юу хүлээсэндээ Монголын банкуудыг талцуулж банкны харилагчдын итгэлээр тоглож байна вэ? Ингэхэд тэд хэн юм бэ?
Сүүлийн гурван сарын турш Монголбанкнаас сонгон шалгаруулан зөвлөх компаниар ажиллуулж буй “Duff and Phelps” компанийн дүнг хүлээж байна. Хэзээ дуусах нь тодорхойгүй. Дууссанаас цааш яах нь бүр ч тодорхойгүй. Ингэснээрээ тухайн банкуудыг өмөөрч зөвтгөж байгаа хэрэг огт биш. Тухайн банк дүрмийн сангаа бүрдүүлсэн мөнгө цэвэр эсэхийг Н.Баяртсайхан, Монголбанкны Хяналт шалгалтын газар шалгасан, хариуцлагаа хүлээнэ. Хуулиараа тийм. Гэтэл ОУВС тэдний дүгнэлтэд эргэлзэхээр Монголбанкны ернхийлөгч шийдвэр, дүгнэлтээ хамгаалах ёстой биз дээ? “Бохир” мөнгийг “цэвэр” мөнгө гээд дүрмийн сан мөн гээд бүртгэчихсэн Н.Баяртсайхантайгаа Монголын хууль хяналтын байгууллага хариуцлага тооцох байтал ОУВС “Танай Худалдаа хөгжлийн банк, Голомт, Улаанбаатар хотын банк, Капитрон, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд шинээр оруулж ирсэн хөрөнгийн гарал, эх үүсвэр нь эргэлзээтэй” гэж бүр нэр зааж зарлаад шалгалтаа эхэлсэн. Түүгээр ч барахгүй шалгалтын хугацааг ч сунгачихаад байгаа нь банк санхүүгийн салбарт, улс орны эдийн засагт, иргэд, бизнес, банкны хэвийн харилцаанд, хамгийн гол нь Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалд хохирол учруулж байгаа хэрэг биш үү? Иргэд,, харилцагчид банкинд итгэх итгэлээ алдах, харилцаагаа “царцаах”, хадгаламжаа татсан тохиолдолд гадны байгууллага хариуцлага хүлээх үү? Тиймээс ОУВС-гаас нэр бүхий банкуудыг эргэлзээтэй байдалд оруулсан энэ шалгалтаа зогсоож, Монголбанкны Ерөнхийлөгч тухайн банкуудын дүрмийн санг зөвшөөрсөн өөрийнх нь гарын үсэгт итгэж болох эсэхийг олон нийтэд яаралтай мэдэгдэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсье.