Энэ 7 хоногт
Өгөөж
Өмнийн говьд их ажил өрнөж эхэллээ. Аварга том зэс, нүүрсний уурхайнуудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэхийг хүссэн үндэсний үйлдвэрлэгчдийн урт цуваа зогсолтгүй хөвөрч байна.
Өмнийн говьд их ажил өрнөж эхэллээ. Аварга том зэс, нүүрсний уурхайнуудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэхийг хүссэн үндэсний үйлдвэрлэгчдийн урт цуваа зогсолтгүй хөвөрч байна.
Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан нь элдэв эргэлзээ тээнэгэлзээ, маргаан мэтгэлцээнд цэг тавьж, бодит ажлыг туушрууллаа. Оюу толгойн ордыг ашиглахтай холбоотойгоор гарах нэмүү өртгийг үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 2,4 тэрбум ам.доллар байхаар урьдчилан тооцож буй. Уул уурхайн том цогцолбор байгуулах, ордыг үйлдвэрлэлд бэлтгэх ажил ч багагүй нэмүү өртөг бүтээх нь дамжиггүй. Нэгэнт уурхай орчин үеийн технологитой, ил ба далд аргын иж бүрдэл бүхий дэлхийн жишиг аж ахуй болж ажиллах төлөвлөлттэй болохоор түүний нэмүү өртгөөс хүртэхийн тулд манай үйлдвэрлэл эрхлэгчид, компаниудад тэр жишгээр ажиллах шаардлага тулгарч байна. Оюу толгойн ордоос монголчуудад оногдож байгаа анхны томоохон “өгөөж” нь энэ гэж хэлж ч болмоор.
Хүний хөгжил гэж бидний ярьдаг өргөн утга, агуулга бүхий ойлголтын эцсийн үр дүн нь хувь хүний, нийгмийн субьектийн ажиллах, амьдрах чадавхиар тодорхойлогдох байх л даа. Өөрөөр хэлбэл, хүн яаж хөгжсөн байна вэ гэдгээр гэсэн үг. Магадгүй Рио Тинтогийн шалгуурт нийцэж ажиллах үндэсний бизнес эрхлэгчдийн маань өсөн дэвжих чадавхи Оюу толгойгоос бидэнд орох “жинхэнэ” хөрөнгө оруулалт болж үлдэхийг үгүйсгэх аргагүй.
Оюутолгой бол асар том орд. Үлэмж хэмжээний зэс, молибден, алт, мөнгө, доллар, төгрөг агуулсан 2,7 тэрбум тонн хүдэр энэ ордод бий. Цаашдаа мөн энэ хэмжээний нөөцийг баталгаажуулах үндэслэл бүхий үнэлгээтэй. Тэрхүү ихээхэн хэмжээний баялаг, түүнийг ашиглах асуудал шийдэгдсэн явдал манай улсад урьд өмнө тохиолдож байгаагүй цар хэмжээ бүхий нөөц боломжийг олгож байгаа. Хөрөнгө оруулагчтай амжилттай явуулж байгаа хамтын ажиллагааны маань эхлэл юуны өмнө Монгол Улсын нэр хүндийг ахиулж чадсан алхам болж байгааг үгүйсгэх хүн гарахгүй биз. Цаашдын үр ашигтай үйл ажиллагаа манай улсын бизнесийн орчныг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадвал эдийн засгийн өсөлт хөгжлийг шуудруулах үүд хаалга болно. Хамгийн гол нь энэ хаалга нээгдээд байна.
Эдүгээ дэлхийн 50 гаруй улс оронд уурхайтай тэргүүлэх магнатуудын нэг Рио Тинто Хан богдод хөрөнгөө байршуулсан явдал Монголын газар нутаг дээр тэдний эрх ашгийг бий болгож буй хэрэг. Газрын доор сул хэвтэж байгаа баялаг ашиглалтын технологиор үнэ цэнээ нэмдэг. Баялаг хэчнээн арвин ч гэлээ газрын газаргуу дээр гаргаж ирэхгүй, боловсруулахгүй бол ямар ч үнэ цэнэгүй. Тэр тусмаа Рио Тинтогийн брэнд гэгдсэн дэвшилтэт технологиор “баяжуулсан” металл тэрхүү “дэвшилтэт”-ийнхээ хүчин чадлын хэр хэмжээгээр өгөөжөө нэмэгдүүлж байдгийг уул уурхайн мэргэжилтнүүд тэмдэглэж буй.
Уурхайчин эр Том Албаниз, “Оюутолгой бол манай хамгийн сүүлийн үеийн техник технологи, шилдэг инженерүүдийг нэгтгэсэн, үлгэр жишээ бүтээн байгуулалт болно” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа мэдэгдэв. Энэ нь Засгийн газартай тохиролцож чадсаны сэтгэл хөдлөл төдий зүйл биш байв. Асар их ашиг, орлогын үнэр авсны догдлол ч байсангүй. 130 гаруй жил уул уурхайн салбарт ажиллаж байгаа Рио Тинтогийн “оргил бүтээлийг туурвих” боломж бүрдсэнд баярласны шүүрс алдалт байв. Магадгүй, хүний амьдралын утга чанар нь хөрөнгө мөнгө цуглуулж хураахад биш, аливааг хийж бүтээх, тэр дундаа түүхэн бүтээн байгуулалт хийж, хожмын хүмүүст тус болоход оршдог байх л даа. Энэ нэр төрийг үүрэлцэх нь мөнхүү монголчууд бидний их хувь заяа хэмээн экс Ерөнхий сайд С.Баярын хэлсэнтэй би хувьдаа санал нэг байна.
Газрын доор хэдэн мянган метрийн гүнд буй хүдрийг ёроолоос нь блокчлон нурааж олборлох аргыг Хюго Дамметын ордыг ашиглахад хэрэглэнэ. Энэ арга олон улсад ашиглагдаж байгаа олборлолтын аргууд дотроос хамгийн шилдэгт тооцогддогийнхоо хэрээр хүдэр боловсруулах зардал, хөдөлмөрийг ихээхэн хэмнэдэг. Мэдээж хэмнэлт бүрээрээ үр ашгаа нэмэгдүүлж буй хэрэг. Ийм технологи бүхий уурхайтай гэгдэх нэр л гэхэд манай улсын эдийн засгийн чансааг бага биш хэмжээгээр өргөж тавих магадлалтай.
Чухамдаа Рио Тинтогийн нэрийн хуудас гэгдэх энэ технологийг Оюу толгойд нэвтрүүлж байгаагаасаа тус компанийхан ихээхэн дэвшил хүлээж буйг гүйцэтгэх захирал, ноён Кийт Маршалл илэн далангүй өгүүлсэн байна лээ. Уул геологийн нөхцөл байдал дэлхийн газар орон бүрт харилцан адилгүй болохоор техник, технологийн шийдлүүд нь ч харилцан адилгүй байдаг. Тэр бүү хэл, орд бүрт хүдрийн биетийн хэлбэр хэмжээ, агуулга, оршин байгаа нөхцөл нь янз бүр байна. Уул уурхайн ажлын үндсэн хэсэг нь газрын доорх баялгийг ухаж гаргах үйл явц. Тийм ч учраас яаж, ямар аргаар хүдрийг гаргаж ирэх вэ гэдэг техникийн шийдэл нь үргэлж хамгийн чухал асуудал байдаг юм билээ. Ямар сайндаа л “арга бүхнийг шийддэг” гэсэн хэлц үг уурхайчдын дунд хууль мэт болсон байх вэ.
Оюу толгойн орд нь Өмнөд Оюу, Баруун өмнөд Оюу, Төв Оюу болон Хюго Дамметын ордуудаас бүрдэж буй. Оюутын орд дахь хүдрийн биет нь газрын гадаргууд ойр оршиж буй болохоор ил уурхайн аргаар олборлохоор төлөвлөөд байгаа. Харин Хюга Дамметийн орд нь нэлээд гүнд орших боловч өндөр агуулга бүхий хүдэржилттэй, нийт ордын эдийн засгийн үнэ цэнийн ихэнх хувийг бүрдүүлж буй. Газрын гүн дэх баялгийн агуулга өндөр магадлалтай, боломжтой гэсэн ангиллуудад хамаарч байгаа нь блокчлон олборлох далд уурхайн загварыг сонгох үндэслэл болсныг дурдах хэрэгтэй. Хойд-баруун хойд зүгт 3 км сунаж тогтсон Хюго Дамметын хүдрийн биет өмнөөс умард руугаа буюу гүехэнээс гүн рүүгээ 1-3 хувийн зэсийн эквиваленттай, дэлхийд ховорт тооцогдох орд юм.
Өгүүлэн байгаа энэхүү цар хэмжээ үйлдвэрлэлийнхээ далайцыг давхар илэрхийлэх байх гэхдээ ийн нуршлаа. Сүүлийн хэдэн жил бидний хангалттай сонссон мэдээллүүд л дээ. Гэхдээ ингэж давтан хүүрнэхийн учир нь зүгээр л эдийн засгийн үр ашгийг илэрхийлэх гэснийх биш, ирэх 50 жилд бидний хийх ажлын хэм хэмжээг илтгэх гэснийх юм. Их ажил амжуулж, бүтээж чадсан хүмүүс бусдын хайр хүндэтгэлийг хүлээдэг ёс буй. Энэ бол өмнийн говиосоо монголчууд бидний олж авах хамгийн үнэ цэнэтэй “ашигт малтмал” билээ.
Сэтгүүлч
Д.Энхболдбаатар
zochin