Арлын оронд хамгийн алдартай спортын нэвтрүүлэг болох “Junk sports”-д мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж оролцохдоо сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс унагасан тухай Японы хэвлэлээр ид шуугиж байна. Нэвтрүүлгийн багийнхан их аваргын Японд өнгөрүүлсэн 12 жилийн амьдралыг нь өгүүлсэн тусгай нэвтрүүлэг бэлтгэж, цэнхэр дэлгэцээр олны хүртээл болгожээ. Хамгийн гол нь энэ нэвтрүүлэг бусад шиг их аваргын алдаан дээр дөрөөлөлгүй бодит үнэнийг өгүүлсэн нь Дагваагийн болон түүнд хайртай сая сая хүний сэтгэлийн утсыг хөндсөн болов уу. Нэвтрүүлэгт оролцсон алдартнууд их аваргын тухай сэтгэгдлээ ярьж эхлэхэд Дагваа маань эрчүүдээс, тэр дундаа хамгийн хатуу ширүүн өрсөлдөөний ертөнц гэгддэг сүмогийн алдартнуудаас тэр болгон гараад байдаггүй сэтгэл хөдлөлийг үзүүлж уйлсан юм байна. Их аваргын хазгай гишгэх бүрийг харуулдан, түүгээр голоо зогоодог Японы хэвлэлийнхний хувьд энэ нь мэдээж хэрэг шинэ мэдээ, шинэ шуугиан. Магадгүй 30 нас ч хүрээгүй их аварга магадгүй хэвлэлийн иймэрхүү дуулиан шуугианд дөжирсөн байж болох. Харин яагаад ч юм бэ, түүнийг өмөөрөх сэтгэл төрөөд болдоггүй. Юм л бол бурууг чихэж байдаг хойд хар овоохой юм уу. Ганц биедээ ахадсан их ачааг нуруун дээрээ үүрч, эх орныхоо нэрийг 130 сая хүнтэй арлын оронд төдийгүй дэлхийд тамгалж яваа энэ залуугийн дотогшоогоо залгиж явдаг нулимсаа ил гаргасан учир шалтгаан юу байв аа.  

Монголчууд бол хатууд хатаагдаж, зөөлөнд дэвтээгдэж хүн болдог өвөрмөц хүмүүжилтэй хөх толботнууд. Хүү төрвөл бөх болгох гэж зүтгэнэ. Гүйж яваад бүдэрч унасан хүүгээ “эр хүн уйлдаггүй юм” гэж нулимсыг нь дотогш нь залгиулж хатуужуулдаг философитой ард түмэн. Гэхдээ эр хүн уйлж болохгүй гэсэн хууль дэлхийн аль ч улс оронд байхгүй. Тэр тусмаа бөхийн спортоор оргил амжилтаа үзүүлж яваа тамирчин хүн сэтгэл хөдлөлөө бусдаас нууна гэсэн дүрэм журам үгүй. Бөхчүүд гэхээр л баярлаж хөөрдөггүй, уйлж онгойдоггүй, гуньж ганцаарддаггүй юм биш. Эх орноосоо хол, ээж ааваасаа алсад байгаа элэг нэгтнүүд маань бусдын аягаар амьдарч, бусдын дүрмээр тоглож яваа жишээ үй түм бий. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг үг байдаг ч үйл хөдлөл бүрийг нь нүд салгалгүй ширтэж, ялихгүй өө гаргахад л муучилж, гутаан доромжилдог орчинд их аварга маань 12 жил амьдарч явна шүү дээ. Эх орондоо ирээд багачуудтай бөмбөг өшиглөж тоглосных нь төлөө ид амжилтынх нь үед гурван тэмцээнд оролцох эрхийг нь хасч, 90 хоног сүмогийн ертөнцөөс тусгаарлаж байв. Монголчууд ч гэсэн дээ, их аваргыгаа хааяахан чөлөө мэдүүлж эх орноо зорин зорин ирэхэд урмын цагаан үгээс илүүтэй тэнд ч ууж идэж гэнэ, энд ч зодоон цохион хийлээ, тийм ч үнэтэй хувцас өмсч баярхлаа гэх мэтээр гоочлоод л буцаадаг. Зах зээлийн шуурганд харах төр, хорогдох хүнгүй болоод байсан циркийн бөмбөгөр цэнхэр байшинг тордож, халуун дулаан уур амьсгал оруулсных нь хариуд хараасаар л байгаа.

Ер нь монголчуудын бие биедээ хандах хандлага нэг л хүйтэн болчихжээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн хүмүүс үймээн дэгдээсэн хэргээр бүгдээрээ ял сонслоо. Үймсэн олныг зохицуулж, хэв журам сахиулах гэсэн цагдаа нар бууддаг алуурчин нэр зүүлээ. Шүүх, прокурорынхон бүгдээрээ хүйтэн цэвдэг сэтгэлтэн цол авлаа. Бөхчүүд нь найраачин, улстөрчид нь наймаачин, дуучид нь ам баригчид, хүүхнүүд нь янхан, хүүхдүүд нь цадиггүй, аавууд архичин, ээжүүд эдийн шуналтнууд болж хувирлаа. Нүүдэлчин гэсэн нэг л удамтай хэрнээ хотынх, хөдөөгийнх гэж талцаад ч байх шиг. Энэ бүх туйлшрал, хүнийрхүү араншинг “Монголдоо дургүй монгол” гэж тодорхойлмоор байна. Ардчиллын хамгийн чухал үнэт зүйлсийн нэг нь хариуцлага. Хүн буудсан юм уу, хулгай хийсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ. Гэхдээ нийтээрээ, нийгмээрээ, Монгол даяараа худалч, хулгайч мэтээр туйлшрах нь энэ цагийн эмгэнэл гэдгийг Дагваа аваргын хүний нутагт унагасан халуун нулимс батлах шиг. Бид дандаа л эцэг өвгөдийнхөө байгуулсан баатарлаг түүхээр бахархаж, цээжээ дэлддэг. Харин өөрсдийнхөө цаг үед ямар бахархал бүтээснээ бодох цаг иржээ, залуус аа. Хүн хүнээ хайрлах биш хэмлэж амьдардаг болсон өнөө цагт Монголд ч нэр нь тодроогүй олон “их аварга” ил, далд уйлж байгаа. Харин бид тэднийг огтхон ч анзаарахаа больсон нь хамгийн аймшигтай.          

Б.Түвшинтөгс