Энэ 7 хоногт
Хөөрхий Берлускониг яагаад зодоод байдаг юм бол?
Итали эр Ерөнхий сайдыгаа зодлоо.
Итали эр Ерөнхий сайдыгаа зодлоо. Эрх барьж буй “Эрх чөлөөт ард түмэн” намаас Дуомо талбай дээр зохион байгуулсан цуглаанд оролцож байсан Сильвио Берлускони руу тэрээр гэнэт гүйж очоод нүүр рүү нь цохисон байна. Засгийн газрын тэргүүн тэр дороо ухаан алдаж, ам хамраас нь цус гарсан тул хамгаалагчид машинд оруулжээ. Төдөлгүй С.Берлускони сэргэж, улмаар хашралгүй машинаасаа гарч ирээд цугларсан олонд хандан “Би зүгээр ээ” гэж. Цагдаа нар балмад этгээдийг тэр даруй баривчилж, харин Ерөнхий сайдыг “Сан Рафаэло” эмнэлэгт аваачсан байна. Эмч нарын мэдэгдсэнээр, Засгийн газрын тэргүүний үүдэн хоёр шүд нь хугарч, хамрын яс нь гэмтсэн аж. Тиймээс тэрээр наад зах нь 20 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай гэнэ.
Зодоонч эр 42 настай Массимо Тарталья өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тэрс үзэлт бүлэгтэй ямар ч холбоогүй юм. Харин 10-аад жил сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байжээ. Хэргийн газар түүнийг эмчилж байсан эмчийг нь хүртэл дуудаж авчирсан байна. Энэ явдал улс төрийн ямар нэгэн утга агуулаагүй хэмээн Италийн хууль сахиулах байгууллагынхан мэдэгдэж буй.
Энэ талаар Италийн төдийгүй дэлхий бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байна. Сильвио Берлусконигийн талынхан ард түмний дунд Ерөнхий сайдыг үзэн ядах үзлийг дэвэргэж байна хэмээх шүүмж өрнүүлж байна. Италичууд Засгийн газрын тэргүүндээ яагаад дургүйцэх болов?
Сильвио Берлускони бол өнөө үеийн ер бусын улстөрчдийн нэг. Италийн тэргүүн баян, бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл түүний эзэмшилд байдаг, олон түмэн түүнийг төдийлөн таашаадаггүй ч гэсэн хоёр дахь удаагаа сонгуульд ялалт байгуулж чадсан, үргэлж сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогддог гээд тоочих юм бол нэлээд юм бий. Хамгийн сүүлд л гэхэд 16 настай охинтой учир ургуулснаас болж эхнэр нь гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандаад байгаа. Европын парламентад Италиас зөвхөн царайлаг, галбирлаг бүсгүйчүүдийг нэр дэвшүүлж байсан нь ч нэлээд шуугиан тарьсан.
Ерөнхий сайдын зодуулсан явдал үнэндээ улс төрийн өнгө аяс хамгийн ихээр агуулж байна. Милан хотод болсон цуглаан дээр Ерөнхий сайд С.Берлускони хүрэлцэн ирж үг хэлээд дуусах хүртэл цугларсан хүмүүс түүнд дургүйцэж, шүгэлдэж байсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй цагдаа нар болон цугларагсдын хооронд хэд хэдэн удаа мөргөлдөөн гарчээ. С.Берлускониг үг хэлэхэд нь хүмүүс “Алиалагч” хэмээн хашгирч байсан аж.
Италийн Ерөнхийлөгч, парламентын дарга , сөрөг хүчний тэргүүлэгчид үүнийг бусармаг, ёс зүйгүй явдал гэж мэдэглээ. Парламентын тэргүүн Жафранко Фини хүчирхийлэл дарангуйлал ноёрхсон тэр үеийг дахин давтахгүй байхыг уриалж, улс орныхоо түүхэнд хар толбо болон үлдсэн үеийг сануулсан байна.
Энэ нь С.Берлусконид халдсан анхны тохиолдол биш. Одоогоос таван жилийн өмнө Зул сарын баяраар нэгэн жуулчин түүнийг гэрэл зургийн аппаратаараа цохисон юм. Тэр үед мөн л Засгийн газрын тэргүүн байсан тэрбээр булдруутай үлдсэн бол энэ удаад нэлээд хүнд гэмтлээ. Чухам яагаад Ерөнхий сайд ард иргэдийнхээ гарт өртөөд байдаг юм бол? Түүний улс орноо хэрхэн удирдаж байгаад нь ард иргэд нь эгдүүцээд байна уу? Хэрвээ бие хамгаалагчид нь үүргээ биелүүлж чадахгүй байгаа бол үг дуугүй халах хэрэгтэй биш үү?
Ю.Дэлгэрмаа