Хөвж яваа онгоц хөлгийн ахмадтай, луужинтай болох нь
Сонгогдсноосоо хойш АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн рейтинг тогтмол унаж иржээ. Бүр 50 хувь руу оров.
Сонгогдсноосоо хойш АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн рейтинг тогтмол унаж иржээ. Бүр 50 хувь руу оров. Иргэдийнхээ 50 хүрэхгүй хувийн дэмжлэгтэй Ерөнхийлөгчийн засаглал бүхий төрийн тэргүүн байж болохгүй учраас Цагаан ордон ч сандарч эхэлж. Уналтын шалтгааныг олохоор санал асуулга явуулав. Есдүгээр сарын 11-ний хэргийн сэжигтнүүдийг цэргийн бус эрүүгийн журмаар шүүх боломж олгосон, Афганистанд нэмэлт цэрэг илгээх шийдвэр гаргахдаа удсан, ганцхан эрүүл мэндийн салбарт хэтэрхий анхаарч байгаа, Шанхайд оюутнуудад шг хэлэхдээ хятадуудад үгээ цензурдуулсан гээд олон шалтгаан нэрлэжээ. Тэдгээрийн дунд Ерөнхийлөгч салбараа онож сайн үг хэлж чадахгүйг байгааг санал асуулгад оролцогчдын ихэнх нь нэрлэсэн тухай гаднын хэвлэлүүдэд ид бичиж байна.
Удирдагч бол бодлого ярьдаг. Удирдагчийн ярьсан бодлого хийхийн тал.Удирдагч бодлоо ярьдаггүй, тэргүүлж байгаа улсынхаа, Засгийн газрынхаа байр суурийг илэрхийлдэг учраас тэдний үг олны анхаарлыг татдаг юм.
Ерөнхий сайд С.Батболд томилогдсноосоо хойш салбараар нь ангилж гурван ч удаа үг хэллээ. Тэдгээрийн дундаас хөрөнгийн зах зээлийн талаар уржигдар хэлсэн үг содон байв. Монголд хөрөнгийн зах зээл үүссэний 20 жилийн ойн босгон дээр хэлсэн Ерөнхий сайдын хэлсэн үгнээс гаднынхан Монголын баялгийг ашиглан бирж дээр хөрөнгө босгож байгаа тухай баттай баримтыг сонслоо. Хөшөөтийн нүүрсний уурхай, Оюутолгойн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчид Хонг Конг, Торонтогийн хөрөнгийн бирж дээрээс хэдэн арван таван тэрбум хонгконг, канад доллар босгосныг Ерөнхий сайд барин тавин хэллээ. Үүгээр жишээлэн хөрөнгийн зах зээл бол манай улсын хөгжлийн гарцууын нэг болохыг, түүний танхим хөрөнгийн зах зээлд түлхүү анхаарсан Засгийн газар байхыг С.Батболд мэдэглээ.
Хөгжлийн гарц хайна гэдэг сайхан эрэл. Гарцаа олох нь сайн эрлийн эхлэл. Зах зээлийн эдийн засгийн боловсролыг үндсэн сургалтаар нь эзэмшиж, өөрөө бизнес хийж явсны хувьд Ерөнхий сайд С.Батболд Монголын эдийн засагт шинэ уур амьсгал, шинэ хандлага авчрахыг хичээж байгаа нь сайшаалтай.
Үнэхээр Ерөнхий сайдын хэлснээр гадаадын компаниуд Монголын орд газрыг барьцаалан хөрөнгө босгож чадаад байхад баялгийн эзэд нь яагаад чаддаггүй юм бэ. Чадахгүй байгаагийн шалтгааныг хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, иргэдийн энэ талын ойлголт султай холбодог. Энэ нь үнэний хувьтай ч, өөр шалтгаан бас байгааг улстөрчид, компаниуд өөрсдөө хардаггүй. Харахыг ч хүсдэггүй. Жишээ нь, Монгол Улс өнөөдөр 70 жил алгассан капитализмдаа орсон. Нийгмийн бүх харилцаа зах зээлийн хуулиар явж байгаа. Капитализмд үнэгүй юм гэж үгүй. Гэтэл улстөрчид нь иргэдээ социализмаас салгах дургүй бололтой. Тэд өөрсдөө тэгштгэн хуваах, бэлэнчлэх сэтгэлгээнд иргэдээ хүчээр бэлтгэх юм. Сонгуулийн бэлэн мөнгөний амлалт нь зах зээлийг хөөргөж, эдийн засгийг сульдааж, хүмүүсийн хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлийг сулруулж байна. Энэ нь зах зээлийн эдийн засаг бүхий санхүүгийн тогтолцоо жинхэнэ утгаараа хөгжихөд чөдөр болдог. Бид заавал гадаадын том биржүүдээс том мөнгө гэхгүй, дотооддоо хувьцаагаар мөнгө босгох боломжтой. Гэтэл энэ чиглэлийн хууль нь тогтворгүй, сонгуулийн хугацаат дөрвөн жилээр өөрчлөгддөг. Дээр нь хувьцаагаар ноогдол ашиг хуваах чадвартай компаниуд нь улстөрөөс хэт хамааралтай, худлаа тайлан гаргадаг, олон нийтэд ил тод мэдээлдэггүй. Ийм нөхцөлд юунд итгэж, ямар ирээдүй харж хувьцаа авах вэ. "Анод", "Зоос" хоёр бол ердөө жил гаруйхны өмнө Хөрөнгийн биржээр хувьцаа нь хамгийн сайн борлогддог компаниудын төлөөлөл байлаа. Өнөөдөр хоёулаа дампуурлаа. Энэ бол компаниуд тайлангаа худлаа гаргадагийн жишээ. Саяхан, манайдаа томд тооцогдох "НИК", "Спирт бал бурам" компаниуд компанийн хэлбэрээ өөрчилж, хаалттай компани болох хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан тухай уншсан юм байна. Шийдвэр яаж гарсныг мэдэхгүй ч энэ нь манай компаниуд нээлттэй бишийн жишээ.
130-хан ам.доллартай гэрээсээ гараад хувьцаагаар дэлхийн баячуудын нэг болсон эрхэм "Хувьцаа бол үр, хувьцааг нь худалдаж авсан компани бол чиний үрийг ургуулах хөрс. Үрээ ямар хөрсөнд суулгах сонголт бол хөрөнгийн зах зээлд амжилт олох үндэс" гэж зөвлөдөг байна. Ийм хөрс өнөөдөр Монголд алга.
Янз бүрээр яригддаг хоёр тэрбумаас хэтрэхгүй нөөцтэй Хөшөөтийн уурхайгаар хувийн компани хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож чадаад байхад зургаан тэрбумын нөөцтэй Тавантолгойн үндсэн ордыг эзэмшигч Монголын төр яагаад мөнгө босгож чаддагүй байна аа. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн сул мэдлэг зөвхөн иргэдэд ч биш, төрд, төрийн менежерүүдэд бас байгаагийн бодит жишээ энэ байх аа.
Мэдээж Ерөнхий сайд хэлсэн болохоор түүний үгийн дагуу холбогдох газрууд ажиллах л байх. Засгийн газрын тэргүүн ч хөрөнгийн зах зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгосон байна лээ. Гадаад зах зээлээс, дэлхийн том хөрөнгийн биржүүдээсхөрөнгө босгох нь чухал ч, үүний бэлтгэл болгож дотооддоо хөрөнгийн зах зээлийн хөгжлийг чөдрөөс мултлах, хөрөнгийн биржээс мөнгө олох нөхцөлийг бүрдүүлэхэд дээр өгүүлсэн сэтгүүлчийн саналыг санаа болгож нэмэрлэхийг хүсье. Магадгүй хөрөнгийн зах зээлийн талаар ийм баримт бичиг төрийн бодлогын хэмжээнд анх удаа гарах гэж байгаа байх. Байдаггүй, байсан ч төрийн бодлогоор соён гэгээрүүлдэггүй учраас л өнөөдөр манай иргэдийн санхүүгийн талаархи ойлголт арилжааны банкны зээл, хадгаламж, тэдгээрийн хүү төдийнхнөөр хязгаарлагддаг байх. Гэтэл зах зээл өндөр хөгжсөн оронд санхүүгийн ноён нуруу нь хөрөнгийн зах зээл байдаг байна. Харин манайд банк давамгайлсан санхүүгийн тогтолцоо хөгжиж байна. Арилжааны банк, хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулалт хоёрын харьцаа дэлхийн жишигт 50:50 байхад манайд 96:4-ийн харьцаатай яваа юм байна. Энэ харьцааг бага боловч ойртуулж, санхүүгийн тогтолцоонд эзлэх хөрөнгийн зах зээлийн хувь хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэхээ Ерөнхий сайд амлалаа. Энэ бол иргэн бүрт өгөх 1.5 сая төгрөгийн амлалтаас үнэтэй, шууд улс орны эдийн засгийн хөгжилд эерэг нөлөлөлөх амлалт.
Хуучин тогтолцооны үед Москва найтаахад Улаанбаатар ханиад хүрнэ гэдэг байлаа. Энэ хэллэгийн утгыг ч, үр дүнг ч монголчууд бид сайн мэднэ. Биеэрээ мэдэрсэн улс. Сүүлийн үед "Америк найтаахад дэлхий уушгины хатгалгаа тусна" гэж эдийн засагчид ярьдаг болжээ. Үүний бодит жишээ нь өнөөдрийн дэлхийн улс орнуудыг хамарсан санхүүгийн хямрал. Энэ хямрал Америкийн хөрөнгийн зах зээлийн уналтаас эхтэй гэдийг хүн бүхэн уншсан байх. Энэ нь хямрал гэдэг утгаасаа гадна санхүүгийн тогтолцоонд хөрөнгийн зах зээл, арилжааны банк хоёрын аль нь том, аль нь хүчирхэг болохыг харуулж байгаа харьцуулалт юм. Хөгжөөгүй хөрөнгийн зах зээлтэй Монголд хүртэл хямралын сүүдэр тусч байна шүү дээ. Америкийн дунд зэрэглэлийн 7500 гаруй банкны 10-20 хувь нь дампуурсан ч энэ улсын эдийн засаг дэлхийг хямраахгүй. Гэтэл энэ хямрал Америкийн хөрөнгийн зах зээлд том үүрэгтэй Fannie Mae, Freddie Mac гэж хоёрхон компанийн доголдол, дампуурлаас эхтэйг эдийн засагчид хүлээн зөвшөөрч байгаа билээ.
Монгол Улсын хөгжлийн гарц нь хүн. Түүний дараа нэлээд дээгүүр орох гарцуудын нэг нь уул уурхай, түүний дагасан хөрөнгийн зах зээл байх. Азаар энэ салбар маань харин ч хямралаас холуур яваа. Тийм учраас эрдэс баялгийн ордуудаа ашиглан дэлхийд өрсөлдөх чадвартай компани байгуулах санал бол үнэхээр чухал. Жишээ нь, стратегийн ордуудын хувийг төрийг төлөөлөн эзэмшиж байгаа "Эрдэнэс MGL" компанийг ийм төвшинд хүргэх боломжтой. Үүнээс гадна байгалийн баялгийн илүүдэл ашгаас бүрдсэн төрийн дэмжлэгтэй, төсвөөс хараат бус, орлого нь хөгжлийн төлөө зарцуулагддаг бие даасан сан байгуулах нь Монгол Улсад ашигтайн дээр хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө хуримтлуулах нэг арга юм. Жишээ нь, саяхан баталсан Хүний хөгжлийн санг яагаад улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүнээс хэдэн зуун дахин их хөрөнгөтэй Абу-Дабийгийн, Кувейтийн, бусад улс оронд байдаг хөрөнгө оруулалтын сан шиг болгож болохгүй гэж. Хэрвээ болно гэвэл дан ганц ашигт малтмалын орлогоос бус, хөрөнгийн зах зээлд оролцох шаардлагатай юм.
Ийм сайхан ирээдүй, боломж байхад түүнийг олж харахгүй өөрсдөө ашиглахгүй байгаа нь монголчууд бидний л буруу. Биднийг хөгжилд хүргэх "хөрөнгийн" нэртэй энэ зах зээл өнөөдөр урсгалаараа хөвж явлаа. Хөрөнгийн бирж, санхүүгийн зохицуулах хороо хоёр энэ аварга хөлгийг залуурдахгүй тодорхой статусгүй, тогтвортой орчингүй явна. Ийм үед Ерөнхий сайд хөрөнгийн зах зээлийг онцлон төрийн бодлогыг төвгинд хөгжүүлэхээ мэдэгдсэн нь хөвж яваа онгоцыг хөлгийн ахмадтай, энэ талаар баримтлах төрийн бодлогын баримт бичигтэй болох нь зүг чиг заагч луужинтай болгох нь гэсэнэ горьдлогыг олон хүнд төрүүллээ.
Хөрөнгийн зах зээл гэдийг бүр том утгаар нь байг гэхэд арван сая төгрөгөө "Айвенхоу майз"-ын хувьцаанын ханшийн өсөлтөөр 30 мянган ам.доллар болгоод "Засгийн газар тогтвортой байдлын гэрээгээ хурдан батлаач ээ, хэрвээ баталбал миний 30 мянган ам.доллар бүр илүү өсөх гээд байна" гэх монгол залуугийн ярилцлагаар ойлгож дэмжье.
2009 оны дэлхийн баячуудын жагсаалтын хоёрт орсон, 11 настайгаасаа хөрөнгийн зах зээлд хөл тавьсан, энэ зах зээлийн эцэг гэгддэг Уоррен Баффет гэж хүн "Энэ зах зээлд та амжилт олоход таны IQ 25-аас дээш байхад л хангалттай. Заавал компьютер, математикт нэвтэрхий байх албагүй, та сонин зардаг байсан ч болно" гэжээ. Энэ Засгийн газрын, Монголын баялгаар хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох гэж байгаа хүмүүсийн IQ 25-аас хамаагүй илүү гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгээд ч тэд сонин зардаггүй, эрх мэдэлтэй учраас энэ зах зээлээр Монгол Улс хөгжинө гэдэгт итгэлтэй байна.