Парламент бол хууль тогтоох төрийн дээд байгуул­лага. Хууль тогтоодог учраас тэнд хуульчид голлодог. Мэргэжлийн хуульч олон байх учиртай. Аль ч  улсын пар­ламентын жишиг ийм. Харин манай улсын хувьд УИХ-д сонгогдсон хуульчдын тоо сонгуулиас сонгуульд цөөрч ирэв. Бизнесмэнүүд УИХ-д олноор орж ирж байгааг шүүм­жил­дэг ч, үүний нөгөө талд мэр­гэжлийн хуульчид цөөрч бай­гаад хэн ч харамсдаггүй. Энэ нь хууль тогтоож, хууль ба­тал­даг УИХ-ыг бизнес хуваадаг түшиц газар, сайд болж карьер өгсөх гишгүүр, хувийн бизнесээ тэтгэх таатай орчин гэж үздэг улстөрчдийн хандлага нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж буйтай холбоо­той  бололтой. Өмнөх парла­мен­тын гишүүдийн гуравны хоёр нь бизнесийнхэн байлаа. Энэ удаагийн УИХ-д мэргэж­лийн хуульчдыг тоолсон нь амархан. Албан ёсны намт­раас нь үзвэл одоогийн 76 гишүүний арав хүрэхгүй хувь буюу ердөө найм нь л мэргэж­лийн хуульчид ажээ. Энд Ц.Нямдоржийн хэлснээр ТМС-ийн хуульчдыг оруулаагүй болно. Тэгээд ч түр сургалтаар төгссөн хуульчдаа мэргэж­лийн хуульчид нь тоодоггүй, сонс­дог­гүй юм билээ. Албан ту­шаал хөөхөд л “ТМС”-ийн хуульчийн диплом хэрэгтэй болохоос дадлага туршлага тэдэнд бай­даггүй учраас л ийм нэршил гарсан байх. 

Далан зургаан хууль тогтоогчийн дөнгөж найм нь л мэргэжлийн хуульч гэдэг бол хууль тогтоох засаглалын ху­вьд өрөвдмөөр. Энэ УИХ за­рим­даа ганц ч хуульчгүй бол­чих нь бүр эмгэнэлтэй.  Жишээ нь, хамгийн мэргэж­лийн байх ёстой Хуульзүйн байнгын хороог хилийн цэргийн генерал Х.Жекей удирдаж байна. Үндсэн хууль зөрчсөн эсэх талаархи маргаан Цэц дээр очоод ихэндээ унаж байна. Энэ нь УИХ мэргэжлийн хуульчийн хомсдолд орсны шинж. Нөгөө­тэйгүүр  Цэц дээр шийдвэрээ хамгаалж УИХ-ыг төлөөлөх мэргэжлийн хуульч байхгүйтэй ч холбоотой. Улстөрийн шал­гуур, мөнгөөр зодож пар­ламентад орж ирсэн гишүүд Цэц дээр УИХ-ыг “төлөөлж суух”-аас өөр үүрэг гүйцэтгэж чадахгүй байна. Чадахгүй ч үгүй юм. Учир нь Цэц бол өөр. Тэнд хуулийн хэлээр ярьж, хуу­лийн дагуу шийдвэр гар­гадаг. Хамгийн сүүлд гэхэд Ерөн­хий сайдын алба С.Бая­раас С.Батболдод шилжих, сайдыг дахин сайдаар томи­лох хуулийн гарцыг шийдвэр гаргадаг УИХ биш, гаднаас гавьяат хуульч Б.Чимид гуай зааварлаж зөвлөж байх жишээтэй.

Их хуралд байгаа найман хуульчийг мэргэжлийнхээ да­гуу хууль тогтооход бас хувь хү­ний амбийц, улстөрийн шалт­­гаан ч саад болдог бололтой юм. Тухайлбал: 


Д.Лүндээжанцан

Монголын парламентад тасралтгүй сонгогдсон цөөхөн мэргэжлийн хуульчийн нэг. Хуулийг хэрэглэж байсан аж­лын туршлага, хууль тогтоох арвин мэдлэгтэй. Даанч энэ УИХ-д МАХН-ын бүлгийн ах­лагч гэсэн улстөрийн “дөнгө”-тэй. Улстөрийн энэхүү албан тушаал нь түүнийг хааяа мэргэжлээс нь урвуулах, амаа үдэх, дуугүй суух, бүр болох­гүй бол байр сууриа бөөрөн­хийлөхөд хүргэдэг  нь ан­заарагддаг.


Ц.Нямдорж

Хуульзүй, дотоод хэргийн сайд учраас бас л улстөрийн эрх ашигт хүлэгдсэн. Хуулиа улстөрийн өнцгөөс тайлбар­лах, хэрэглэх нь ч бий. Түү­нээс бус үнэн үгтэй, гадна тал­даа шударга имижтэй. Харин сүүлийн үед энэ имиждээ хэт итгээд байгаа юм уу  хүмүүс рүү дайрах давтамжаа ойр­туулах зэргээр харилцаан дээ­рээ алдаа гаргадаг. Энэ нь ту­хайн үеийн нэг удаагийн то­хиол­дол боловч улстөрд удаан явж, олны нүдэн дээр олон жил ил явсан түүний хувьд хэлсэн үгийг нь үнэгүйдүүлж, улмаар шу­дарга имижийг нь бүдгэ­рүүлж буй тал бий. Манай мон­­гол­­чууд нэр хүндээ барсан гэж ярьдаг даа, түүн шиг Ц.Ням­дорж сайдын хэлсэн шу­дарга үг, бодитой шүүмжлэл зарим­даа жижүүрийн болж сонсог­дох, бүр сонсохоо ч болих  боллоо.


Д.Одбаяр

Хуульчийн мэргэжлийг гадаадад эзэмшиж, хууль боловсруулах ажлыг хамгийн доод шатнаас нь эхэлж хийсэн. Аймгийн Засаг дарга байж хуулийг амьдрал дээр хэрэг­лэж, дараа нь хууль тогтоож, бас энэ салбарынхаа сайдаар ажилласан гээд давуу талтай. УИХ-аар хэлэлцэж байгаа асуудалд арай ханатай ханд­даг ч, сайдаар ажиллаж байх­даа Хадгаламж зээлийн хор­шоо­дын хэргийг шийдэж, мө­рий­тэй тоглоомын газруудыг хааж байсан шиг нь эрч хүч түүнээс одоо харагддаггүй. Хэрвээ байр сууриа илэр­хийлбэл тэр нь эргээд түүний улстөрийн карьерт сөргөөр нөлөөлнө гэж боддог учраас тэр бүр дуугардаггүй байх.


Ц.Мөнх-Оргил

УИХ-ын сонгуулийн жилийн долдугаар сарын 1-ний өмнөх өдөр хүртэл Ц.Мөнх-Оргилын өмнө бүх юм нээлттэй байлаа. Харвард төгссөн, Хуульзүй, дотоод хэргийн сайд, дээрээ улстөрчийн дэмжлэгтэй, дэр­гэдээ улстөрийн бүлэгтэй түүнд МАХН-ын дараагийн дарга, Ерөнхий сайд, эс чадвал Гадаад харилцаа, Хуульзүйн сайдын аль нэг нь бэлэн байв. Албан тушаалын эдгээр сон­голт­той хамт УИХ-ын сул ги­шүүнээр үлдэхгүй баталгаа  ч түүнд байлаа. Гэвч таван хүний амийг авч одсон долдугаар сарын 1-ний дараа энэ үеийн Онцгой байдлын ажлын хэс­гийн ахлагчийн улстөрийн карьер батарей нь дууссан цаг шиг гэнэт зогссон юм. Хэрвээ долдугаар сарын 1-ний үйл явдал болоогүй, сонгуулийн дараа албан тушаалгүй хоцор­сон байлаа гэхэд найз нөхдийн холбоогоор ч, боловсон хүчний шалгуураар ч сая С.Бат­болдын оронд Гадаад харилцааны сайд болох хамгийн өндөр магадлалтай нь Ц.Мөнх-Оргил байлаа. Зарим хүн түүнийг УИХ-ын гишүүнтэйгээ үлдсэн нь их юм гэдэг. Харин энд бичиж байгаа сэдэвтэйгээ уяхад Ц.Мөнх-Оргилын улс­төрийн карьертай хамт хууль­чийн мэргэжил нь завсарлага авсан нь л харамсалтай. Одоо мань хүн шинээр сонгогдсон  гишүүдээс ч илүү дуугүй, чимээгүй болж.   

         

Х.Тэмүүжин

АН-д шийдвэр гаргах, бодлого тодорхойлох төвшинд мэргэжлийн хуульчид цөөхөн юм. Энэ хөрсөн дээр сайн PR хийж гарч ирсэн улстөрч бол Х.Тэмүүжин. Онол талаасаа шинэ үеийг төлөөлөх сайн хуу­льч­дын нэг  гэдэг юм билээ. Гэхдээ тэрээр хэлж ярьс­наа л туйлын үнэнд тооцдог, хийхээс гоё ярихыг илүүд үздэг, хэлэх бол хийхийн хагас гэдэгт хэтэрхий итгэдэг бололтой. УИХ-д орж ирээд ярь­даг шигээ ажиллаж чадахгүй л байгаа. Харин ч долдугаар сарын 1-ний үйл явдлыг шалгах УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны ажлын хэсгийн ахлагчийн хувьд уг шалгалтыг сунжруулж улстөр хийх янзтай. Онол зааж байсан багш хүн учраас дадлага дутагдаж байгаа нь хэлж ярьснаас нь л харагддаг. Заримдаа ярих ёстой үедээ харин ярихаа больчихдог юм билээ. С.Баяр сайдыг чөлөөлс­нөөр хуульзүйн талаасаа түү­ний танхим үүрэг гүйцэтгэгч болох ёстой юу гэсэн сэт­гүүлчийн асуултад “энэ улс­төрийн асуудал учраас одоо­хондоо би хариулах бо­ломжгүй” гэж улстөржсөн ха­рагд­сан. Тэгэхээр улстөрийн шалгуур шалтгаан Х.Тэмүү­жин гишүүнд ч хуулиас эрхэм байдаг бололтой.


С.Баяр

Орост хуульчийн мэр­гэжил эзэмшсэн, мэргэж­лээрээ ажиллаж байсан, Бага Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан гээд оно­лын мэдлэг, ажлын турш­лагын аль аль нь түүнд бий. Гэхдээ тэр сүүлийн жилүүдэд сайн хуульч биш, улстөрийн лидер болсон учраас бас л улстөрийн өнц­гийг илүүд үздэг. Том намын даргын хувьд улс­төрийн эрх ашигт хувь хүнийх нь эзэмш­сэн мэргэжил дарагд­сан.  


Б.Бат-Эрдэнэ

Тэрээр ид барилдаж байх үедээ хуульчийн мэргэжил эзэмшжээ. Гэхдээ аваргаас сайн хуульчийн дүр төрх харагддаггүй. Тойргийн эрх ашиг бол харагддаг. Хэрлэн мөр­нийг урсгалыг говь руу өөрч­лөх өмнөх Их хурлын үе­ийн саналыг тууштай эсэр­гүүцэж санасандаа хүрч бай­сан үе түүнд бий. Сүүлийн үед Хятадын компанийн эрх аш­гийн төлөө Хэрлэнгийн урсга­лыг өөрчлөх ажил эхэлсэн тухай хэн хүнгүй ярьж байхад Б.Бат-Эрдэнэ гишүүн л урьдынх шигээ хатуу эсэргүү­цэл үзүүлэхгүй байгаа. Ер нь тэгээд монголчуудын сэтгэлд ч, чуулганы танхимд ч аварга аваргаараа байх нь л сайхан даа.


Ж.Сүхбаатар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж ажлын туршлага суусан тэрээр энэ найм дотроо улстөрд арай шинэ нь. Тийм ч учраас мэргэ­жилдээ арай ойр явж байр суу­риа илэрхийлж байгаа байх.

Арав хүрэхгүй хуульчтай, байгаа мэргэжлийн хуульчид нь улс­төрийн эрх ашиг, албан ту­шаалын хүлээсэнд  хүлэгд­сэн өнөөгийн УИХ-ын хууль тогтоох мэр­гэж­лийн боловсон хүчний нөөц нэг иймэрхүү.

Харин тө­сөв хуваарилж, бизнес ху­ваах­даа манай УИХ за­рим­даа хоёрхон хувьцаа эзэм­шигчтэй ХХК мэт. Энэ найм нь ч ХХК-ийн хуулийн зөв­лөхүүд шиг болчих юм. Ер нь л бүрэлдэхүүндээ 10 хүрэх­гүй хувь нь мэргэжлийн хуу­льч­тай хууль тогтоох засаглал хэр олон оронд байдаг бол?!