Мөрөөдөөд байсан хос царигтай төмөр замыг хоёр хөрш маань барихаар болж ОХУ-ын Тээврийн сайд М.Соколов энэ сарын 4-нд Владивосток хотод болсон Алс дорнодын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр албан ёсоор мэдэгдсэн байна. ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд А.Цыденов хэлэхдээ “Шинэ төмөр замын ачаа тээвэрлэх хүчин чадал ойролцоогоор 60 сая тонн байх болно. Энэ чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих нь өндөр ач холбогдолтой. Ингэснээр ачаа шилжүүлэн ачихтай холбоотой цаг, зардал багасах зэрэг  бодитой үр дүн өгөх төсөл юм. Тээврийн дэд бүтцийн хөгжлөөр бүс нутгийн хөгжлийг яаж дэмжиж болдгийг энэ төмөр замын төсөл тод харуулна. ОХУ-ын хувьд энэ төсөл Ази-Номхон далайн бүсийн интеграцчилалд идэвхитэй нэгдэх боломжийг нээнэ” гэжээ.

“Том, жижиг” Морозовууд болон ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд А.Цыденов Монголд ирж Зам тээврийн шинэ сайдтай нь “мэндлэн бараалхах” ялдамд дээрх төсөл нь Монголд ямар хамаатай талаар ярилцах бололтой. Царигийн зөрүү арилгах талаар сүүлийн хэдэн жилд хангалттай маргасан ч дорвитой алхам хийж чадахгүй байгаа Монголын хувьд удахгүй Орос-Хятадын тээврийн асуудал хариуцсан хамтарсан комиссоор баталгаажих Зарубино хүртэл нарийн царигтай төмөр зам барих шийдвэр үр ашгаа хэрхэн өгөх бол. Оросын Алс дорнодын хязгаар болон Хятадын талаас хиллэдэг Жилинь мужид эдийн засгийн нөхцөл байдал илт сэргэх нь ойлгомжтой ч Монголд тусах тусгал нь тодорхой байх ёстой. Энэ ч яахав, хүчирхэг хөршүүдийн сайн, сайхан асуудал. Харин хөгжих гэж ядаж яваа манай улсын хувьд хөнгөлөлттэй зээлээр авсан өртэй зүтгүүрүүдээ яах бол, тэдгээрийн зээлийн төлбөрт сар тутам 500 мянга 297 ам.доллар төлсөөр байх уу гэдэг нь асуудал болчихоод байна.

 “Улаан, цагаан хоёулаа бий” гэдэг шиг орос, хятад зүтгүүр аль аль нь манайд бий. Гэвч суурь бүтэц барих ажил нь улстөржсөнөөс болж хэрүүлээс өөр ямар ч ашиг хонжоо олоогүй л байна. Наад зах нь худалдаж авсан таван зүтгүүр нь зэвэрч гүйцлээ. Сайнаар бодоход их хэмжээний засвар хийх, муугаар бодоход актлаад хог дээр хаях л үлдэв.

УИХ-ын даргаар Д.Дэмбэрэлийг ажиллаж байхад УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар сарын 24-ний 41 тоот тогтоол гарч төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл, техник эдийн засгийн урьдчилсан үндэслэл, Замын-Үүд дэх терминал /техник ложистикийн төв/, төсөл, техник эдийн засгийн урьдчилсан үндэслэл, Зам барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төслүүдийг салбарын яам, ТӨХ, Сангийн яаманд танилцуулсан байдаг. Эдгээр төслийн хүрээнд 2009 оны арванхоёрдугаар сарын 23-нд “China CNR Corporation Limited” корпорацитай 35.7 сая ам.долларын гэрээ байгуулж гэрээний дагуу гол замын зүтгүүр тавыг, сэлгээний зүтгүүр нэг, тавцант вагон 50, ачааны битүү вагон 10, чингэлэг өргөгч хоёрыг хүлээн авчээ. Эдгээрийн зээлийн төлбөр 2031 онд төлөгдөж дуусах ёстой.

Эдгээр зүтгүүрийг хүлээн авснаас сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 7-нд CKD4B серийн MR 3001, 3002, 3003, 3004, 3005 дугаарын зүтгүүрт бүрэн хэмжээний үзлэг хийгдэж, улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа “УБТЗ” ХНН, “МТЗ” ТӨХК-ийн хамтарсан шийдвэрээр  2012 оны зургадугаар сарын 27-оос эхлэн зургаан сар тээвэрлэлт хийгээд зүтгүүрийг хүйтэн байдалд шилжүүлжээ. Энэ зургаан сарын хугацаанд 12310 цаг ажиллаж 929 мянга 460 ам.долларын ажил хийсэн бөгөөд энэхүү ашиглалтын төлбөрийг УБТЗ  төлөөгүй тул 2014 оны дөрөвдүгээр сарын 14-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Мэдээж энэ төлбөрийг дараа нь УБТЗ төлсөн. Өнөөх таван зүтгүүр тэргүүтний орлого, зардлын гүйцэтгэлийг харахад 2.8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байх юм. Харин гол таван зүтгүүрийн тухайд  “хоногт 16 цаг асаалттай байх ёстой ч хүйтэн зогсолт хийсэн тул ихээхэн эвдэрсэн байх”, “хоёр гурван жил хөдөлгөөнгүй зогссон тохиолдолд гулзайж нэмүү өртөг үйлдвэрлээгүй ч гэсэн актлагдаж төмрийн хог дээр хаяхаас аргагүйд хүрээд байна” гэж төмөр замын инженерүүд, замчид халаглан ярьж байна.

Дээр нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Зам барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төслийн дагуу ЗТБХБЯ, БНХАУ-ын “CSR” корпорацитай 28 сая 588 мянга 400 ам.долларын үнэ бүхий зам засварын машин нийлүүлэх CM 01/2010 тоот гэрээг 2010 оны арванхоёрдугаар сарын  29-нд байгуулсан байдаг.  Гэрээг 2011 оны есдүгээр сарын 16-нд “МТЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ахлуулсан ажлын хэсэг CNR-ын төлөөлөгчидтэй Улаанбаатарт протоколд гарын үсэг зурснаар чигжигч машин, замын динамик тогтворжуулагч, балласт цэвэрлэгч машин зэргийг хүлээн авчээ. Эдгээрээс гурвыг нь Монголд тохирохгүй гэж мэргэжлийн хүмүүс дүгнэсэн. Ашиглаж болох машинууд нь УБТЗ-д өөрт нь байгаа, нөгөөтэйгүүр зах зээлийн үнээс хоёр дахин өндөр үнэтэй, Хятадад үйлдвэрлэгдсэн, манайд технологи нь таарахгүй гэсэн шалтгаануудыг хэлж байна. Одоо эдгээр зам засварын хөдлөх бүрэлдэхүүнийг Сангийн яам, Төрийн өмчийн хороо, МТЗ-ийн алинд нь байгааг бүү мэд. Хэнтэй хариуцлага тооцох ёстой нь ч ойлгомжгүй, сураг сонсоход Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байдаг гэхийг бодоход туршилт хийж байсан Болд төмөр ерөө компанийг бараадуулаад “хаясан” байж мэдэх юм.

Ийнхүү БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 64 сая ам.долларыг УИХ-ын тогтоолын дагуу зэврүүлэхийг нь зэврүүлж, төөрүүлэхийг нь төөрүүлээд хаячихаж. 64 сая ам.доллараар таван зүтгүүр, долоон машиныг “Хүйтэн зогсолтод” оруулсны гол буруутан нь улстөрчдийн  “хүйтэн дажин” юм уу. Тодорхой хүмүүс хариуцлага хүлээх ёстой юу. Эсвэл мөнөөх л Орос их гүрний хувиар дарамтлаад байна гэж тайлбарлах уу.

Энэ дашрамд сануулахад Оросын тал Хятадтай төмөр замаараа холбогдохдоо төмөр замын ачаа тээврийн  хөдөлгөөний талаарх электрон мэдээллээ харилцан солилцож байя,  хоёр улсын төрийн өмчийн төмөр замын компанийн удирдлага, өндөр хурдны төмөр замын ачаа тээврээ хамтдаа хөгжүүлье, төмөр замын шинэчлэлийн ажлын нарийн мэдээллээ хуваалцъя гэсэн байр сууринаас зөвшилцсөн.

Манай улс 2010 онд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Манай улс нь Европ-Ази тивийг холбосон төмөр замын  хамгийн дөт гарцын хувьд БНХАУ, ОХУ Ази-Европын хооронд хийгдэх бараа эргэлтийн хэмжээ үлэмж нэмэгдэж байгаа өнөө үед бүс нутгийн логистикийн сүлжээнд Монголын дамжин өнгөрөх тээврийн коридорын ач холбогдлыг ярьж, бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй оролцох сонирхлоо илэрхийлсээр байгаад  үндэсний ашиг хонжоо нь ч тодорхойгүй, зам ч үгүй, зүтгүүр ч үгүй бөөн өр, алдагдалтай үлдэх вий.