БООМТЫН СЭРГЭЛТ: ЗӨВХӨН БООМТУУДЫН ХҮЧИН ЧАДАЛ БУС ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН АСУУДАЛ ЮМ
- Монгол Улсын өрсөлдөх чадварт нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл бол тээврийн зардал. Далайд гарцтай орнуудын хувьд тээврийн зардал бараа, бүтээгдэхүүний өртгийн нэг хувь. Монгол Улс цар тахалтай зэрэгцэн боомтуудын хүчин чадал, тээврийн бэрхшээлээс үүдэн нүүрсний экспортын 50 хувиа алдаж байсан үед Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг зарласнаас хойш байдал өөрчлөгджээ-
Эрдэс баялгийн нөөц, зах зээлд ойр байршил
Монголын говь цаашид уул уурхай, эрдэс баялгийн үйлдвэржилтийн бүс болон хөгжих замыг газар зүйн байрлал нь хэнээс ч үл хамааран өөрөө шийдлээ. Хэвлий дэх баялаг болоод түүнээс гарах эрдэс түүхий эдийг худалдан авах хамгийн том зах зээлд ойр байрлал, дэд бүтцийн давуу талууд нь энэ бүс нутгийн эдийн засгийн үндэслэлийг бараг бүрэн тодорхойлох биз ээ. Үүнд дэд бүтцийг сайжруулах, хилийн боомтуудыг өргөтгөн шинэчлэх зэрэг төр засгийн шийдвэр болон төсвийн бодлого нэмэгдсэнээр тэнд газар зүйн онцлогт суурилсан эдийн засаг бүхий бүс нутаг нэгэнт буй болжээ.
Ямарваа үйлдвэр нэг бол түүхий эдийн нөөцдөө ойр, эсвэл зах зээлдээ ойр байршиж байж үр ашгийн хэмжээ нэмэгддэг. Тэгвэл эрдэс баялгийн нөөцдөө болон зах зээлдээ хамгийн ойр боомт бүхий байршилд Дорноговь, Өмнөговь аймгууд байршиж байна.
“Бүсчилсэн хөгжлийн дэмжих жил” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Засгийн газрын тэргүүний хувиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт ажиллаж, Замын-Үүд боомтын өргөтгөлийн ажилтай танилцах явцад “бүсийн хөгжилд тус аймаг ямар оролцоотой байх вэ” гэдэг асуудал хөндөгдлөө.
Гурван улсыг холбосон төмөр замын терминал Дорноговь аймгийн нутгаар дамжин Монгол Улсын хэмжээнд нийт ачаа эргэлтийн экспорын 22 хувь, импортын 49 хувийг нэвтрүүлж буй Замын-Үүд боомт хүрдэг бол Ханги хилийн боомт хүртэлх Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км шинэ төмөр зам ашиглалтад орсноор нийт экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замын ачаа тээврийн нийт хэмжээ 65 хувиар нэмэгджээ. Эцсийн дүндээ уул уурхайн бүтээгдэхүүнээ илүү дөт, бага зардлаар дэлхийн зах зээлд хүргэх боломжийг бүрдүүлж байна.
Саяхан л цар тахлын хөл хорионы үе гэхэд импортын 70 хувийг дангаар нэвтрүүлдэг байсан Замын-Үүд боомтын ачаалал, хурд ямархуу байдалд хүрснийг, экспортын төмөр замгүй үед нүүрсний экспорт яаж саатсаныг өдгөө корона вирустэй цаг цуг мартах шахжээ.
Тэр үед инфляци буюу үнийн өсөлт 16 хувьд хүртэл өссөний 55 хувь нь боомт, тээвэр ложистикийн гацаанаас үүдэж байлаа. Харин өнөөдөр өргөтгөл, шинэтгэлийн ажлууд дуусаж, үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болжээ. Боомтын нийт талбай 8 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3 дахинбуюу өдөрт 20,000 зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай болж, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин, том оврын машин нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэж буй юм байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлт” бодлого нь зөвхөн боомтуудын хүчин чадлын тухай бус тээвэр ложистикийн асуудал юм. Учир нь Монгол Улсын өрсөлдөх чадварт нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл бол тээврийн зардал. Далайд гарцтай орнуудын хувьд тээврийн зардал бараа, бүтээгдэхүүний өртгийн нэг хувь гэж үздэг бол Монголд нөхцөл байдал өөр.
Далайд гарцгүй бусад улс орнуудтай харьцуулахад Монголоос хамгийн ойр далайн боомт хүртэл 1700 км байгаа бол Казахстаны Алма-Ата хотоос тухайн боомт 3380 км зайтай ч тээврийн зардал нь хоёр дахин бага байна. Туулах замын урт хоёр дахин их байх атал Казахстанд тээврийн зардал нь тонн тутамд 37 цент. Монголд импорт нь 87 цент, экспорт нь 61 центийн тээврийн зардалтай байна. Тэгэхээр экспорт, импортын орц, гарц болох боомтууд, экспортын төмөр зам, тээвэр ложистикийг сайжруулахгүйгээр өрсөлдөх чадварын талаар ярих боломжгүй юм.
Монгол Улс цар тахалтай зэрэгцэн боомтуудын хүчин чадал, тээврийн бэрхшээлээс үүдэн нүүрсний экспортын 50 хувиа алдаж байсан үед Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогыг зарласнаас хойш байдал бас ч өөрчлөгджээ. Өнөөдөр Монгол Улсын нийт ачаа эргэлтийн экспортын 22, импортын 49 хувь Замын-Үүд боомтоор нэвтрэн өнгөрч байна. 2019-2023 он хүртэлх хугацаанд нийт импорт 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт, экспорт 2.3 тэрбумаас 3.4 тэрбум ам.долларт хүрч нэмэгдэв. Цаашид Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн бүтээн байгуулалт бүрэн хүчин чадлаар ажилласнаар БНХАУ-ын Эрээн боомт, Монголын Замын-Үүд боомтыг түшиглэн Монгол, Хятад хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахаар тохиролцсоныг БНХАУ-аас суугаа Элчин сайд Шэнь Миньжюан мэдэгдлээ.
Ойрын ирээдүйд говийн бүс уул уурхайн олборлолт төдийгүй эрдэс баялгийн боловсруулах үйлдвэрлэл, эдийн засгийн чөлөөт бүс, дэлхийн хамгийн том зах зээлд ойрхон байршил бүхий хөгжлийн төв болон хөгжих бололцоо нэгэнт бүрджээ.