Ээлжит детектив
Энэ дэлхийн хамгийн адал явдалд дуртай хүмүүс сэтгүүлчид бид юм.
Энэ дэлхийн хамгийн адал явдалд дуртай хүмүүс сэтгүүлчид бид юм. Элдэв үйл явдлын араас нохой мэт шиншлэх байгалын гэмээр дон зөвхөн бидэнд заяасан ч юм шиг санагдаж зарим үед инээд хүрэх нь бий. Бидний зарим маань энэ шинжээ дөвийлгөн цээжээ дэлдэж явсаар хачирхалтай сонин дүр болон хувирсан тохиолдол ч бишгүй ажээ. Өөрөөр хэлбэл мэргэжлийн дуршил нь өвчин болон үрэвссээр анхны зогсч байсан шатнаас нь хуу татан унагаж, нийгмийн элэг доог болгон шалбаагт хутгаж хэн ч биш болсны жишээ дэндүү олон гэсэн үг. Манай сонин хэвлэлийн зах зээлд ийм „баатрууд”-ын тоо сүүлийн үед өсөх хандлага ажиглагдаж байгаа. Мэдээж хэвийн түвшинд үүргээ гүйцэтгээд, стандартын дагуу баримтаа олж, тэрийгээ „чулуу” болгоод явж байгаа сэтгүүлчид нь хавьгүй олон. Гэхдээ өчигдөр манайхан хэтийдүүлчихжээ. Дэндүү гэмээр детектив зохион бичиж, түүнийгээ онлайн сүлжээгээр яах ийхийн зуургүй цацаад зогсохгүй, төвийн хэвлэлүүдийн зарим тэргүүн нүүртээ залчихсан байна. Мэргэжлийн хэлээр тайлбарлахад шуугиан тарих өндөр магадлалтай мэдээллийн араас баг нь явсан нэртэй ч, түүнийгээ жинхэнэ ёсоор ажиллаж юм болгож чадаагүй, гаргаж тавьсан ажлууд нь юуг ч батлаагүй, чанар чансаа муутай, хэт болхи, ур ухаан тааруу сурвалжлага нэртэй ч таамаг төдий зохиолууд болжээ.
Уржигдар орой МАХН-ын намын байр хавиас нэгэн „амтлаг” мэдээлэл ирж чих дэлдийлгэснээр төвийн хэвлэлийн бараг бүх редакци түргэн авсан нь үнэн. МАХН-ын генсек У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир хоёр зодолдоод, нэг нэгийгээ алж талж байна шүү таминь ээ...гэсэн тэрхүү мэдээллийн түрүүчээр бүгд л дэрхийн гарцгаасан. Угаасаа тэгэх л ёстой. Зарим сонин хоёр гурван баг гаргаж, хоёр гурван газар руу илгээж, хөөрхөн мөнгө зараад авсан боловч үр дүнд нь бид өөрсдөө мад тавиулсан л дүр зураг гарч ирж байна.
Эхний мэдээлэл МАХН-ын намын бүлгийн хурал дээр Удирдах зөвлөлийн оруулж ирсэн шийдвэрээс үүдэлтэй маргаан гишүүдийн дунд болсон гэх мэдээлэл байсан юм. Мэдээж энэ бол баттай эх сурвалжийн мэдээлэл.
МАХН-ын удирдах зөвлөл юм л бол өөрсдийн явцуу хүрээнд шийдвэр гаргаж, түүнийгээ бүлэг дээр оруулж ирж, хүчээр тулгаж шийдүүлдэг зуршилтай. Энэ арга барил нь сүүлийн жилүүдэд намын доторх залуу үеийнхэнд төдийлөн таалагдахаа больсон. Эндээс үүдэлтэй өдий төдий хэрүүл маргаан, зодоон цохион болдог. Урьд нь ч тийм байсан. Одоо ч тийм явдал гардаг. Тэгэхээр энэ удаагийн маргаан нэг их шинэ сэдэлтэй зүйл биш гэсэн үг юм.
Намын бодлогыг барьж орж ирсэн У.Хүрэлсүхийн ч буруу биш, нэгэнт тэндээ шийдчихээд орж ирж тулгадаг арга барилыг нь шүүмжилж эсэргүүцсэн Э.Мөнх-Очир гишүүний ч буруу биш. Гэхдээ сэтгүүлчийн энэ удаа барьж авсан сэдэв энэ бас биш л дээ.
Намын бүлгийн дэд даргад гишүүн Ж.Энхбаярын нэрийг дэвшүүлэхээр удирдах зөвлөл дээр тогтжээ гэх мэдээлэл уг нь энэ асуудал бүлэг дээр орж ирэхээс өмнө аль хэдийнэ тархаж амжсан байсан юм. Тархахдаа хачир орж тархсан гэдгийг хэлэх ёстой. Тодруулбал, хэд хэдэн залуу гишүүний нэрийг удирдах зөвлөл дээр хэлэлцүүлсэн, тэр дотор нь Э.Мөнх-Очирын нэр явж байгаад дэмжлэг авалгүй унасан гэх хачир оруулан түгээх ажиллагааг хэн нэг нь санаатайгаар тарааж байсан юм. Тэр нь мэдээж Э.Мөнх-Очир гишүүний чихэнд ирж таарна. Тэндээ товлосон хүнээ мөрөөрөө оруулж ирээд шийдүүлэхгүй, завсраар нь бусдын нэрийг хавчуулсан таагүй бор шувуу нисгэж хорлоод байхад хэний ч эгдүү хүрнэ. Ингээд хурал ч болж. Генсек ч бодлогын хүнээ батлуулах гээд ороод ирж. Э.Мөнх-Очир гишүүн эсэргүүцэж байр сууриа жаахан хурцхан илэрхийлчихэж. Үүнд нь У.Хүрэлсүхийн ч эгдүү хаахан хөдөлж. Аль аль аатай, омогтой залуу улс болохоор сүрхий ч ширүүн үг чулуудацгааж, улмаар эр хүний ёсоор ярьчихая гээд гарч л дээ. Бүлэг дээр болсон процесс ердөө л энэ. Гараад явцгаахыг нь бүх гишүүд харсан. Харин сэтгүүлчид алдалгүй дагаад мөшгичихөж чадсангүй. Хоёр нөхөр сэтгүүлчдийн хөмсгөн доогуур бултаад л гараад явчихсан байна. Нэгэнт гардаж чадаагүй сэтгүүлчид үйл явдал өнгөрсөн хойно намын байранд очиж, хэвлэлийн албаны нөхөртэй нь баахан шөргөөцөлдөж байгаад тэр нөхрийн л зурагтай эргэж ирсэн байх юм. Уг нь тэрний зураг биш цаад хоёрын зодолдож байгаа, үгүй ядаж аль нэг нь шархадсан байдалтай гарч байгаа патиарыг л дарах ёстой байсан. Гэвч тийм ажиллагааг хэн маань ч хийж чадсангүй.
Эргэж ирээд манайхны зохиосон үлгэрээр бол У.Хүрэлсүх Э.Мөнх-Очирыг хүлээд, паар мөргүүлээд, гааздаж унагаагаад ёстой цусы нь хольж өгсөн юм байх аа. Уг нь Э.Мөнх-Очир У.Хүрэлсүхэд хүлүүлж, тамлуулж сүйд болж гэнэ гэсний оронд гэнэ алдаад Генсекдээ нэг шанаадуулчихаж гэвэл илүү итгэл үнэмшилтэй буухаар. Яаж ч бодсон, бүр У.Хүрэлсүх тийм дийлдэж өгдөгүй боевик байлаа байлаа гэхэд Э.Мөнх-Очир шиг бие хаатай, хэнээс ч дутахгүй ааг омогтой, эр бие тэнцүү залуу яаж тэрэндээ тулах вэ дээ. Бид детективийг арай бодитой, хүн үнэмшихээр зохиож сурмаар байна.
Ил болсон явдал ердөө л энэ. Харин баттай эх сурвалжийн мэдээлснээр тэр хоёр орой уулзаад, эр хүний ёсоор „ярилцаад” , учир начираа ололцоод сууж байсан байх юм. Энэхүү ээлжит детектив мэдээллийг харин У.Хүрэлсүхэд зодуулчихлаа гэж „тоглох” дуртай жигүүрийн Г.Бямбасүрэн гэж нөхөр эрчтэй тараасан мэдээ байна. Үүн лугаа адил Э.Мөнх-Очирт дургүй ганц хоёр залуус ч зүгээр суугаагүй бөгөөд хэвлэлийн гэнэн шувуухайнууд руу мессеж нисгэж байжээ. Зарим нэг хүний зүгээс тэдний маргааныг дэвэргэж, У.Хүрэлсүхийг унагах ажиллагаанд хавсарга болгох саналыг ч тавьсан ноцтой гэмээр мэдээ ирж байна.
Эр улсуудын хооронд энэ мэт асуудал болж л байдаг. Тэд дараа нь учраа олж л байдаг. Байдаг л нэг ийм маргааныг баримтжуулж чадаагүй байж өнгөрсөн хойно нь элдвийн боевик кино зохиогоод байх хэрэг байна уу. Эцэст нь „энэ сэтгүүлчдийн л хийж байгаа ажил шүү дээ” гэх зэвүүн нэр хоч хэн дээр ирдэг билээ дээ.
zygeer l hay
unshigch
unshigch
Hashir shuvuuhai