Анна Ахматова шиг эрээн бараан амьдрал, зовлон жаргал дүүрэн үзсэн яруу найрагч ховор болов уу даа!

Урт удаан наслахдаа зовлонгийн далай туулж, хэлмэгдэлт, хатуу хяналт, шахалт, шүүмж доромжлол, гүтгэлэг, ахуй амьдралын хамгийн доод болж ч явсан тэрбээр эргээд алдарт Кремлийн Баганат ордонд яруу найраг, шүлгээ уншиж байхад ЗХУ - Зохиолчдын Холбооны зохиолч, яруу найрагч, эрдэмтэн, судлаачид  бүгд босон сонсож, алга нижигнүүлэн ташиж, Английн буурал түүхт Оксфордын алдарт их сургуулиас Хундэт доктор эрдмийн цол авч, 1965 Нобелын шагналд дэвшиж байсан зохиолч АННА АНДРЕЕВНА АХМАТОВА-гаас өөр найрагч хатагтай үгүй!



Тэрбээр Хаант Оросын цэргийн офицер, суу билэгт яруу найрагч Николай Гумилевын эхнэр бөгөөд түүний ганц хүү нь монголчууд бидний сайн мэдэх түүхч эрдэмтэн Лев Гумилев - Чингис хааны түүхийг, Монголчуудын түүхийг цоо шинээр этногенез, био-сферийн хөгжил өөрчлөлт хөгжилтэй уялдуулан судалсан агуу эрдэмтэн гэдгийг манайхан андахгүй. Анна албан хаагч Горенкогийн гэрт Одесса хотод төрж, ой хүрээгүй байхдаа эцэг, эхийн хамтаар Санкт-Петербургийн ойролцоо Хааны тосгон алдарт Царское селод шилжин сууршиж бага насаа тэнд өнгөрүүлсэн.
 
Монголын Их гүрний Зүчи хааны анхлан байгуулсан Алтан Ордон улсын хаан Ахмад болон Цагаадайгийн удмаас угшилтай эмээгийнхээ овгоор уран бүтээл, шүлэг найраг бичихдээ авсан бөгөөд АННА АХМАТОВА нэрээрээ мөнхөрчээ.

 
Сталинист большевик нам яагаад хайр дурлал, зөөлөн эмэгтэйн сэтгэл хөдлөл, дурсамж, бодол, хувийн мэдрэмж, бодол, санаагаа бичиж байсан яруу найрагчид харгис хатуу хандаж байсан юм бол оо гэж? Тэрээр улс төрөөр оролддоггүй, эсэргүү биш, ердөө л яруу найрагч байсан хүн. Гэтэл түүний номыг хэвлэхгүй, ажил олгохгүй, тэр байтугай ЗХУ-д анх удаа Коммунист намын Төв хорооны 1946 оны тогтоолоор Анна Ахматова, Зошенко нарын уран бүтээлийг зэмлэн буруутгасан ТОГТООЛ гарчээ.
 
Эмэгтэй хүнд, яруу найрагч, зохиолчид бараг анх удаа тохиолдсон үйл явдал болов уу? Түүний жижиг хөрөнгөтний үзэл бодол, язгууртны хий хоосон мөрөөдөл, сэтгэлийн гуниг гутрангуй узэл бодлыг сурталчилсан бүтээл туурвиж, агуу Соц-ын бүтээн байгуулалтыг магтан дуулсангүй хэмээн буруутгажээ. Төд удалгуй Ахматовагийн хүү, залуу эрдэмтэн, фронтоос нэр хүндтэй ирсэн Лёв Гумилeв дахин шоронд орж, цөллөгийн 10 жилийн авч, алс холын НОРИЛСК-т цөлөгджээ.

 
Сүн далай шалбааг байхад
Сүмбэр уулыг довцог байхад
Хан хурмаст хаан гэж эхэлдэг уламжлалтай монгол ардын үлгэр нь эртний хүн төрөлхтний анхны бичгийн соёлт Сүмэрийн соёл иргэншил Заратустрагийн үйлийн нөлөө, эртний ертөнцийн хувирал, сэргэн мандал хийгээд ядуу буурай, тархай бутархай, сул дорой болсоор алга болох эрин үе, зүй тогтлыг судлан Их талын баатрууд нь пассионарий - (их дурын хүн - Монголын Нууц Товчоо) нарын түүхэнд үзүүлэх асар их нөлөөг цөллөг шоронд бодож олсон Анна Ахматовагийн Арслан хүү Лёв Гумилевын зориг бодлыг мохоож чадаагүй юм. Харин ч хурцаар ирлэсэн.
 
Салхи шуурганд ойчно гэж
Савдаг лусаар түшүүлсэн ч
Дэлхий газраас өөрцгүй
Далай цагаан өргөөтэй шинжлэх ухааны нээлт бүхий судлалаа улам эрчтэй амжилттай насан туршдаа үргэлжлүүлсэн.

 
Зөвхөн л амгалан түвшин байж, ажил төрлөө урамтай бүтэxүйг мөрөөдсөн, хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн шүлэглэл, яруу найргаа бичиж байсан А.Ахматова эрдэм шинжилгээний судалгаа хийж байсан хүү Лёв Гумилев наp ямар учраас энэ бүх гай зовлон, зүдгүүр хавчлага, хянах харгислал явагдсан юм бол оо ?
 
Бодохнээ угаасаа тун ойлгомжтой, хуарангийн тоталитар төр хүн ард, нийгмийн бодол санаааг хайрцаглагдсан  хиймэл хүн сүрэг шиг байлгаж, зөвхөн энхрий хайрт намын, түүний жанжин манлай Ленин-Сталины үйл хэргийг л магтан дуулж байхыг шаардаж, үзэл суртлын харгис хайрцаглах бодлого ямагт явуулж байснаас гэдэг нь тодорхой.

 
Анна Ахматовагийн шүлэг, найраг, бүтээл нь бясалгал, бясалгалын гүн нарийн хязгаараас оюун ухаан, мэдрэхүй зөөлөн ай саваар дамжиж онгод хөдөлмөрийн үр бүтээл байхүйг нь хянан шалган цензуурдэx сталинист захиргаадалтын мунхаглал яахин хүлээн авааж дээ? Тиймийн учир нь агуу найрагчийг сүсэглэн бишрэлийн олны сэтгэлийн долгионы эрч хийгээд он цагийн аясыг нүгэл лай ланчигандаа дарагдан унасан сталинизм яахин даах билээ.
 
Эртний улбаатай урлаг соёл нь хүний хувийн сэтгэл, бодол, дахин давтагдашгүй бодрол, түүний охь, яруу найргийн хэлээр өндөр соёл, боловсрол мэдлэг нэхэж бүтээсэн уран бүтээлчийн зөн, ёр, билэгдэл, мөрөөдөл, хязгааргүй хүсэл мөрөөдөл, амьдралаас онгод хөдөлмөрөөс урган гарч суут бутээл болдог жам зүй тогтлыг хянах гэсэн коммунист захиргаaдалтын дарга даамал нарын тэнэглэл мунхаглал хүний амьдралд буухдаа харгислал болдог жамтай ажээ гэдгийг Анна Ахматовагийн туулсан амьдралаас олж харсан юм. Түүний анхны нөxөр Оросын суут яруу найрагч Николай Гумилев хувьсгалын эсэргүү хэргээр цаазлагдсан, хүү эрдэмтэн Лёв Гумилев шоронд нийтдээ 15 жил сууж, Хойд мөсөн далайн эрэг Норилскд цөлөгдөн явжээ.

 
1934 онд Анна Ахматoвa бүтэн жил 6 сарын турш хүү Лёв Гумилевыг Оросын алдарт Кресты шоронд эргэлтэнд олон цагаар зогсож хуучин маажиг гуталтай, залуугаараа бууралтсан, уранхай муу хувцас өмссөн эртний түүхт гайхамшигт уран барилгат архитектур болсон Их Оросын бардам эзэнт гүрний нийслэл байсан Санкт-Петербургийн гудамжаар уруу царайлан, сул дорой алхаж явахад нэгэн эмэгтэй түүн дээр гүйн ирж гуйлгачин хэмэн бодож задгай мөнгө шидэж өгч байсан гэж дурсамжиндаа бичжээ.
 
Гэвч бадарчин баярлах болоогүй гэдэг лүүгээ дарангуйлагч Сталин, Жданов, тэдний эвэртэн туурайтан, хянаж хавчиж яргалдагчид баярлахыг Анна Ахматовагийн сахиусан тэнгэр, хийморь ихэмсэг заяа нь хорвоогийн жам ёсоор зөвшөөрөөгүй юм. Анна Ахматоваг Оросын сор болсон сэхээтнүүд, сэтгүүлч, орчуулагч В.Ардов, түүний гэргий Олшевская, М.А. Булгаков, түүний гэргий Булкагова, зохиолч, утга зохиол судлаач Лидия Чуковская, зохиолч М.М. Зощенко, Оросын сэхээтнүүдийн амны уншлага зүйр хэлцийн библи болсон алдарт "12 сандал", "Алтан Тугалхан" романуудын зохиогчид болох И.А. Ильф, Е.П. Петров хоёр, уянгын нэрт яруу найрагч М.А. Светлов, Ю.К. Олеша, М.Е. Кольцов, ЗХУ-ын Ардын жүжигчин И.В. Ильинский, Ф.Г. Раневская, тухайн үедээ ажил хөдөлмөр эрхэлсэнгүй гэж 7 жилийн ял авч байсан ирээдүйн Нобелийн шагналт яруу найрагч И. Бродский нарын дэмжлэг, хайр халамж, олон зуун мянган уншигчдын итгэл түүнийг олон улсын тавцанд түүнийг хүлээн зөвшөөрүүлж, 1965 онд Нобелын шагналд албан ёсоор дэвшүүлж, урьд жил нь 1964 онд Оксфордын Их сургуулийн Хүндэт доктор цол олгож, тэрээр алдарт Их сургууль дээр хүндэт зочны хувьд очин шүлгээ уншиж, лекц уншиж, Парист залуугийн хайр сэтгэлд байсан 20 зууны суут зураачдын нэг алдарт Модильянигийн үзэсгэлэнг дахин үзэх хувь тохиолтой.

 
Өмсөж зүүх, авч хэрэглэх тухай огтхон ч сонирхдоггүй Анна Ахматова нь анд В. Ардов, Ольшевскаягийн хүү дөнгөж оюутан байсан залуухан, хожмын алдарт жүжигчин Алексей Баталов-д дөнгөж авсан номын шагналын мөнгөө өгч оюутан Баталов машин авч байсан.

Цагийн салхич шувуу нисэн одож, хатуу харгис хуарангийн хаанчлалын түүх зүүд зэргэлээ мэт болоход Аннагийн гэрэл гэгээ, итгэл хайр эрч хүч тээсэн шүлгүүд алс тэртээдэх олон зуун жилийн дараа тэврэлдэн зогсох залуу хүү гоо бүсгүйн зүрхийг уянга хайраар илбэсээр.