Өөрсдийнхөө генийг өөрчлөх ийм шинэ чадвартай болж байгаа маань хачирхалтай асуултууд тавигдахад хүргэв. Үхлийн вирус тусдаггүй болгож өөрсдийнхөө генийг өөрчлөх үү яах вэ? Өвчин тусахаа боливол гоё биз дээ. Тийм ээ? Генээ өөрчлөх замаар Хантингтоны өвчин, хадууран-эст цусны өвчин, уушгины фиброз зэрэг аймшигт өвчнийг бүрмөсөн устгачих уу? Тэгвэл бас гоё доо. Хараагүй, дүлий байдлыг яах вэ? Бас намхныг. Сэтгэл гутралыг? Ммм... Харин ээ? Одоогоос хорь, гучин жилийн дараа, одоогийн технологи маань арай сайжирсны дараа эцэг эхчүүд төрөх хүүхэд нь хэр булчинлаг, ухаалаг, IQ-тай байхыг сонгодог болж болох нь ээ? Бас нүдний өнгийг нь сонгох уу? Арьсны өнгө? Өндрийг?
Ноднин Элон Маскын намтрыг бичсэн Волтэр Айзэксоныг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдэн Үндэсний хүмүүнлигийн медалиар шагнажээ. Элон Маск-ыг бичлээ гэж биш, цаг хугацаа нь тэгж таарч. Жил бүрийн эхээр хүмүүнлигийн салбарт байгуулсан гавьяаг нь үнэлж хувь хүн, хамт олон бас байгууллагад АНУ-ын ерөнхийлөгч олгодог медаль. АНУ төрийн чамгүй одон медальтай. Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль, АНУ-ын Конгрессийн алтан медаль хоёр бол төрийн дээд шагнал.
Олоон жилийн тэртээ Филадэльфид хөл тавьсан нэрэлхүү атлаа шазруун хөвүүний амьдралд хөлөө олсон, гагц хөлөө олоод зогсохгүй Америкийн түүхэнд, улмаар хүний түүхнээ үлдээсэн тод мөрийг эндээс олж харна. Бэнжамин бол тал бүрийн авьяастай, хүндлэхээс аргагүй хүн төдийгүй бүтээлч, эрүүл саруулаар сэтгэдэг уйгагүй хөдөлмөрч хүн. Түүний намтраас уншигч бүр өөрт таалагдах, сэтгэлд нь хоногших тийм үйл явдлыг заавал олно.
Нэрт эрдэмтний туулж өнгөрүүлсэн урт амьдралын түүхийг дурсамж болгон хойч үедээ үлдээхгүй байхын аргагүй баялаг, арвин билээ. Тэрээр хүүхэд ахуйдаа мал хариулж, идэр залуудаа эрдэм номын мөр хөөсөн жирийн монгол сэхээтний амьдралаар замнасан хэдий ч дунд сургуулийн багшаас их сургуулийн профессор, жирийн судлаачаас академичийн эгнээнд хүрч чадсан туйлын хөдөлмөрч нэгэн юм. Түүний олон арван жилийн турш уншиж мэдсэн, үзэж дуулсан, явсан ирсэн, хийж бүтээсэн бүхнийг энэхүү дуртгалд өгүүлжээ. Наанадаж хоёр нийгмийг, цаанадаж хоёр зуун, хоёр мянганыг дамжин амьдарч, өрнө-дорно, өнгөрсөн-одоо, социализм-капитализм, баян-ядуугийн ялгааг биеэрээ үзэж туулсан түүний амьдрал бол түүхийн олон үйл явдлын гэрч болсон ажээ.
Баялаг ба ядуурал бол хүн төрөлхтний түүхэнд бичигдсэн гүн гүнзгий агуулгатай консерватив ном. Жорж Гилдэр баялаг хийгээд ядуурлын сэтгэлзүйг тод томруун тайлбарлажээ. Ядуурлын эсрэг авч хэрэгжүүлсэн засгийн газрын хөтөлбөрүүд ядууст ямархан гай авчирсныг дэлгэрэнгүй үзүүлжээ. Мөнөөх хөтөлбөрт хамрагдсан үй олны дундаас хэдхэн хүн ядуурлаас ангижирч байхад өчнөөн олноороо улам ядуураад байдгийн шалтгааныг та эндээс олж уншина. Тэрээр “Өнөөдөр Америкийн ихэнх нутагт ядуусын амьдралын үндсэн баримт бол ажлын хөлс халамжаар олгодог TANF (Гачигдалтай гэр бүлд үзүүлэх түр тусламж) хөтөлбөрийн тэтгэмж, хүнсний талон, нийтийн байр, нийтийн өмгөөлөгч, чөлөөт цаг ба халамжийн төрийн бусад бүх бараа үйлчилгээнээс доогуур байгаа явдал юм. Ийм нөхцөл байдал үргэлжлэхийн хэрээр гэр бүлийн бодит ядуурал, ялангуяа ядуус бөөгнөрсөн газарт бүр муудах хандлага ажиглагдаж байна” гэжээ.