Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Шог зураач С.Цогтбаяр: Танд миний онцолж зөвлөж санал болгох ном
Өнгөрсөн долоо хоногийн ажлын алжаалаа тайлж буй амралтын өдрийн мэндийг хүргэе! Магадгүй таны хөдөлмөрийг хөнгөвчилж мэдлэг мэдээлэл өгөх зорилготой ийм нэгэн контентийг "Нэпко" хэвлэлийн газартай хамтран танд хүргэж байгаа билээ. Энэ удаагийн танд санал болгох номоор Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, нэрт орчуулагч Цэрэнпилийн Гомбосүрэн гуайн "Хүмүүн заяаны наран дор", "Хүмүүн хорвоогийн наран дор" хэмээх нэртэй 2 боть дурсамжийнх нь номыг сонголоо.

Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Шог зураач С.Цогтбаяр: Танд миний онцолж зөвлөж санал болгох ном
Өнгөрсөн долоо хоногийн ажлын алжаалаа тайлж буй амралтын өдрийн мэндийг хүргэе! Магадгүй таны хөдөлмөрийг хөнгөвчилж мэдлэг мэдээлэл өгөх зорилготой ийм нэгэн контентийг "Нэпко" хэвлэлийн газартай хамтран танд хүргэж байгаа билээ. Энэ удаагийн танд санал болгох номоор Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, нэрт орчуулагч Цэрэнпилийн Гомбосүрэн гуайн "Хүмүүн заяаны наран дор", "Хүмүүн хорвоогийн наран дор" хэмээх нэртэй 2 боть дурсамжийнх нь номыг сонголоо.
Эрхэм ахыг нам төрийн зүтгэлтэн хэмээгдэн тээр дээр заларч байх үед нь бол би ч өөрөө бага залуу байж тээр доор, хол хөндий байсан бол бичиг номын ажил эрхэлж бидэнтэй илүү ойртож ирэх үед нь харин золоор дотно сайхан танилцаж номын садан ахан дүүс болсны хувьд энэ номных тухай танд танилцуулмаар санагдсан хэрэг. Эхэлж нэг дурсамж тэрлэхэд эдүгээгээс бараг 25 жилийн өмнө "Интерпресс" хэвлэлийн компанид ажиллаж байх үед маань одоогийн энэ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Бидний Монголчууд" хэмээх алдартай хүмүүстийн намтрын цувралыг анхлан санаачлан эхлүүлж уг төслийн гол ажлыг нь харин Гомбосүрэн гуай маань нуруун дээрээ үүрч "Хөтөч" хийн удирдан авч явж олон сайхан ном бүтээж үлдээснийг онцолж дурсмаар санагджихуй.
Ухаандаа бидний тэр үед уншиж дадсан "ЖЗЛ" буюу "Жизнь замечательных людей" хэмээх тэр үеийн Орос Зөвлөлтийн алдартай цувралууд шиг өөрсдийн цуврал дурсамжын номнуудтай болцгооё гэж үндэсний сэхээтнүүд хүсэж эрмэлзээд хамтдаа зүтгэж хэвлэж гаргаж эхлүүлсэн хэрэг. 2000-аад оноос гарч эхэлсэн энэ цувралаар анхлан С.Эрдэнэ, Б.Ренчин, Дилав Хутагт Б.Жамсранжав нарын ном анхлан хэвлэгдэж үргэлжилсээр өдгөө өчнөөн ном гарсны тоог сүүлдээ би лав 30-40 хүргээд алдсан гэхээр Монголын түүхэнд үнэ хүндтэй гавьяа байгуулсан чухал эрхмүүдийн намтар дуртатгалын үнэ цэнэтэй олон сайхан ном анхлан уншигчдын хүртээл болжээ. Өдгөө энэ номнуудын зарим эрээд үл олдох эрдэнэ мэт болсон нь ч байна. Өөртөө хадгалж үлдсэн хэдийгээ гаргаад харсан чинь Гомбосүрэн гуайн оролцоо гавьяа зүтгэлээр энэ мэт олон сайхан ном гарсан нь үнэхээр бахархмаар.
Алдартай хүмүүсийн туулсан түүх, Монголчуудын өнгөрүүлсэн он жилүүдийн алдаа оноо, амжилт бүтээлийг алтан үсгэнд буулган үлдээж ирээдүй хойчид номын хөшөө болгон үлдээсэн нь энэ ажгуу. Өрөөлийн намтар, дурсамжийг хэвлэх буяны ажилд идэвхийлэн оролцсоор өөрийнх нь үлдэж хоцорлоо хэмээн ойр дотно нөхөд номын садан дүү нарынхаа зөвлөгөө шахалтаар өөрийн дурсамжаа ийнхүү хэвлүүлж таны өмнө дэлгэж байгаа нь энэ бөлгөө.
Хоёр дэвтэртэй энэ дурсамж номныхоо эхнийхэд нь Улаан цурав өөрийгөө анхны дуу хадаан төрснөөс авахуулаад Москвагийн Хэвлэлийн дээд сургууль төгсөх хүртэлх хархан бага наснаасаа идэр насны үеэ багтаасан бол удаахь дэвтэр болох "Хүмүүн хорвоогийн наран дор" ботидоо 1. Ардын төрийн наран дор; 2. Нам, засгийн наран дор; 3. Шинэ цагийн наран дор, 4. Хүмүүн хорвоогийн наран дор хэмээх дөрвөн үндсэн бүлэгтэйгээр өмнөх ботийн сүүлээс өдгөө одоо цагийг хүртэлх дурсамжаа өгүүлсэн байна.
Анхны мэргэжлээ эзэмшиж Москвагийн Хэвлэлийн Дээд сургууль төгсөж ирээд Улсын Хэвлэлийн Газраас өгсүүлээд цаг үргэлж ном хэвлэл бичиг соёлтой ойр байсан хийгээд орчуулга хэмээх ховор нандин төрлөөр олон уран бүтээл туурвисан нэртэй орчуулагч гүүш хүний хувьд Монгол хэлний үгийн урлагийг төгс төгөлдөр эзэмшсэн зэвсгийн эрдэм нь энэ 2 номыг уншихад танд илт мэдрэгдэж усан тэлмэн жороо морины явдал лугаа шууд л яршиг түвэггүй урсаж уншигдана.
Дэлхийн сонгодог уран зохиолын номнуудтай Монгол уншигчдыг танилцуулах хүсэл эрмэлзэлдээ эзэн нь болж Фёдор Михайлович Достоевскийгоос өгсүүлээд Михаил Афанасьевич Булгаков гээд олон алдартны номыг эх хэлээрээ унших боломжийг Монголын уншигчдад олгож бэлэглэсэн буянтан. Тэрээр хэн бүхний тэр болгон барьж авч зүрхэлдэггүй эдгээр зохиолчдын номнуудын гүн ухааны гүнзгий нарийн мэдрэмжийг нь өвөрмөцөөр гаргаж илэрхийлж, уран яруу хэл найруулгаар Монгол хэлнээ гайхалтай хөрвүүлсэн байдаг. Тиймээс ч эдгээр бүтээлүүдээрээ Монгол улсын Төрийн соёрхолыг хүртсэн билээ.
Ц.Гомбосүрэн гуай тун эгзэгтэй, жинхэнэ "амаргүй" цаг үед Гадаад хэргийн сайдын алба хашсан эрхэм. Тэр ч утгаараа энэ номонд хэд хэдэн чухал уулзалтын протоколыг багтаасан нь гадаад харилцаа судлагч, сонирхогч хэнд ч чухал сурвалж болно. “Хавсралт”-ын 100 орчим нүүрт зохиогч цаг үеийнхээ чухалд тооцсон үйл явдал, онцлох зүтгэлтэн, дипломат хүрээний явдалд хувийн дүгнэлт хийсэн нь бас чухалд тооцогдох санаа болсон.
Түүхийн мянган дурсгалт Орхоны хөндийд дуу хадаан мэндэлсэн жирийн Монгол хүү өсөн өндийж хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөрлөж ирэн ном бичиг соёлтой нөхөрлөж явсаар нэгэн цагт дэлхийн их гүрний удирдагчидтай энэ тэнцүү ярилцаж хэлэлцэж явсан их хувь заяаны эзэн байж үзсэн эгэл бус нэгэн гайхалтай түүхийн гэрч та бид хамтдаа болж энэ номын хуудсыг эргүүлж сууна.
Нэг талаасаа хувь хүний намтар мэт болов ч нөгөө талаасаа манай улсын туулсан түүх социализмын үеийн алдаа оноотой амьдрал ахуй хийгээд хөгжлийн цоо шинэ замыг сонгож өртөөлөхдөө урьд баримталж ирсэн гадаад бодлогынхоо зарчим чигийг эрс өөрчилсөн ээдрээтэй цаг үеийг хүртэл олон мэдэхгүй зүйлээ ойлгож мэдрэхэд нэн хэрэгтэй чухал ном хэмээн санана. Өчүүхэн дүү би вээр эрхэм ахын минь өлмий бат оршиж туурвин бүтээх их үйлс нь улмаар бадран дэгжих ерөөл айлтгая.
#Нэпкохэвлэлийнгазар
Та уг номыг авахыг хүсвэл: https://www.nepko.mn/publishing/detail/548
Утас: 75339933, 88101714, 95462237 утаснуудад хандаж захиалаад хүргүүлж аваарай.
Бас "ХУД 15-р хороо , Стадион оргил, Чингисийн өргөн чөлөө, 33/2, Рэжис Плэйс, 9 давхарт 901 тоот"-д байрлах Нэпко-гийн "Нэрийн дэлгүүр"-т зочилж худалдан авалт хийвэл хямдралтай гэдэг шүү.