Зөрчилд идэгдсэн манай нийгэм цөхөрч дөжрөөд эмзэглэхээ больчхож. Иргэдээ ичдэггүй болгоод хаячхаж нөгөө эрх чөлөө чинь. Шоолж инээх ариусал байжээ. Бузар булайг жигших ёс хаана жанжилж байна тэнд хошин зохиол цэцэглэдэг жамтай. Иргэд хараал уншаад хошин зохиолыг нулимах болж. Ичих жигших мэдрэмжгүй орон яг л үхдэл шиг хүйтэн агаад аймшигтай.
Оросууд андуурч бөмбөгдсөнийг нүдээр үзэж, өөрсдөө шархдаж, арай чүү амь мултарсан манай дарга цэргүүд өршөөлгүй харгис тэр цагт айгаад үнэнийг хэлж зориглоогүй нь аргагүйдэл юм биз. Харин ЗХУ, БНМАУ цагаатгасан орлогч жанжныхаа эмгэнэлт хувь заяаг бүр ардчиллын үед ч тоож дурсах хүн Монголоос гараагүй нь гашуун. Ямар ч гэмгүй атлаа хэлмэгдсэн хүүдээ гашууддаггүй ард түмэн ажээ бид.
Бидэнд хил залгаа ашигтай өөр түнш заяасангүй. Хаяа дэрлэсэн ганц аварга захад чулуу шороогоо чадлаараа шахаж, ахиу зоос олж, дэд бүтцээ түргэн байгуулах гэсэн намайг ойлгооч. Шинжлэх ухаан нүүрсийг маань үнс болгочих гээд биднийг яаруулж байна. Хөгжлөөс хоцорсон бидэнд хурд маш чухал болов. Хятад улс манууст маш ашигтай хөрш. Орос Монгол хоёрт наймаалцах бараа хомс юм чинь худалдаагаа яаж тэлэх билээ. Нүүрсээ солилцох уу. Хоёул чулуу шороогоо зарах гэж өрсөлдөж буй. Авдаг ойрын ганц хэрэглэгч нь Хятад. Хятадаа булаацалдаад төмөр зам тавиулсангүй.