40 их наядын гэх төр засаг хөмрөхүйц дуулиантай нүүрсний хулгай хэн нэгнээр туг тахьснаар замхарна гэж цуураад байсан яг л тэдний оношилсноор хулгайчид амар сайхандаа жаргав. Нэр цохож хичнээн ч хулгайчийг сүр бадруулан зарлалаа даа. Зарлаагүйгээ оруулбал гадныханд хэлэмгүй, улсын нууцад авмаар олон хулгайч илрэх эрсдэл тулгарсан. Тийм олон хулгайчаас ажнай Бат-Эрдэнэ ганцаар тунахыг бодоход тэр овоо гар байж. Үг цөөтэй, намдуу, хүлээцтэй түүнийг-тасархай овгор гэж таасангүй. Сэжигтэн яллагдагчаар татагдсан Х.Баттулга, Д.Амарбаясгалан, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, А.Адъяасүрэн нарыг яллахад Ажнайн дэргэд дэндүү зуль хулгайчид гэнэ. Бяцхан хулгайчдынхаа толгойг өхөөрдөн илбээд нам дардаг гаршсан залиар ганц Ажнайг шийтгэж олны бухимдлыг намсгасны ар хударгаар олигархиудаа ялаас сугалаад жишимгүй царайлав МАН. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн боломжийг завшаад ямар ч зэмгүй бултсан олигархиудын дээрэм ядуусын ой санамжаас арчигдаагүй-хөндүүрлэсээр байгаа.

Омогтой чөмөгтэй хулгайчид нэрээ зарласанд уурлан туйлж “нүүрс гэж юу байдаг юм бэ”, “Таван толгой орд чинь хаана байдгийг бид мэдэхгүй”, “хүрз нүүрс ч аваагүй” хэмээн телевизээр бөөндөө ханхалзаад “шударга ариун алдрыг минь сэвтээснээ залруулж уучлалт гуйхгүй бол засгийг чинь онхолдуулах дайралтаа эхлүүлнэ” гэж сүрдүүлсэнд шархтай Л.Оюун-Эрдэнэ гөл авч “нэг хоёр жараахайгаар туг тахьснаар та хэдийгээ заавал мултална” гэх далд нохой санаагаа сэм шивнэж, даварсан түрэмгий олигархиудаа түр номхруулав. Уучлаарай цаагуураа ийм л хуйвалдаан болоод шувтарлаа гэж би оноодог. Омог шартай дархан хулгайчдын биеэ цэвэрлэсэн гоё үгэнд итгэдэггүй.

Улсыг хамгийн их хохироосон хулгайч нь Ажнай юм уу. Тэр өмнөговьчуудын адил жижиг Таван толгойд хувьцаа эзэмшигч нэгэн. Ногдол ашгаа тараадаг, орон нутагт хөрөнгө оруулдаг, дорвитой татвар төлөгч Монголд гайгүй яваа ганц компани-жижиг таван толгойн өгөөжөөр өмнөговь бусад аймгуудаас өөдтэй яваа хязгаар. Энэ үйлст УИХ-ын гишүүн, топ бизнесмен ажнай Бат-Эрдэнийн ач буян их. Зохиолч өвгөн би түүнийг танихгүй ч миний ичнээ бахархдаг хэдийн нэг. Гэтэл түүнийг Монголын хулгайч дундаас хамгийн аюултай нь гээд золигт гаргачхав. Нүүрсний даварсан хулгайч олигархиудад ингэж чадуулаад цаашид тэднийг долоосоор голоо зогооцгоох уу гурван саяулаа.

Хүлцэнгүй дарлуулаад байвал монголчууд хэзээ ч өөдлөхгүй. Ажнайгаар туг тахиснаа авилгатай тэмцсэн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “гавъяа” гэж мулгуу ард түмнээ маллах гэж буй бол горьдсоны гарз. Ажнайг хаацайлж ял завшуулах гээгүй Л.Оюун-Эрдэнэ ээ! Экспортын 80 их наядын ашиг хаасан ерөнхийлөгч асан Х.Баттулга, 40 их наядын нүүрсний хулгайчдыг ЖДҮ-чид шиг оодруулахгүй гэж масс шаардаж байна УИХ-аа! Ард олны тэвчээр тэнхээ барагджээ ерөнхийлөгч өө!

Бүлэглэлүүдийн шунал бугласаар нүүрсний хулгайгаар дэлбэрчээ. Нүүрсний хулгайчдын зодоонд хэн нь ч дийлсэн ядууст юу ч наалдахгүй. Харин бага Таван толгойн Д.Бат-Эрдэнэ нар хувьцаа эзэмшигч нартаа ашиг тарааж байв. Үүнийхээ төлөө Ажнай их гарын нүүрсчидийн өмнөөс ял эдлэх гэж үү? Арай ч дээ. “Олныхоо төлөө” гэх популизмээр шүлсээ үсчүүлэгчид юугаар гийгүүлдэг билээ ядуурсан хүн амаа. Хулгай луйврыг томчууд хийдэг. Бид мэддэг. Мэдээд яах юм. Хулгайч түшээг эргүүлэн татах хуульгүй, халдашгүй дархан эрхээрээ хариуцлага хүлээх ёсгүй. Бүлэглэлүүд цөм ав адил-хулгайчид гэдэгт бүү эргэлз. Хонин сүрэгт чоно болгон аюултай. Төр засагт нэг ч хулгайч үлдээхгүй гэж тууштай тэмцвэл Та бурхны өмнө нүгэлгүй очно. Хулгайч бүлгийг хулгайч бүлэг ялснаар Монгол хожихгүй. Дайсныг чинь идсэн чоно нөхөр болдоггүй. Ялсан хулгайчид өрсөлдөгч хулгайчгүй дархлагдаж зон олноо дураараа дарлана. Авилгатай тэмцэгч шударга эрхмийг дэмж. Авилгатай тэмцэгч хулгайчтай тэмц. Хулгайчийг хулгайч ялах-ялалт биш. Олны хуйларсан давлагаа хулгайчдыг орвонгоор нь хамах-жинхэнэ ялалт.

Хэн нэгнийг зөөлчилж туг тахьснаар том хулгайчид гаарах завшаан олдог. Ухаад ухаад юм гарахгүй мөрөөрөө цэвэр нэгнийг зориуд золигт гаргаж шалгаад-мэдээж яллах баримт түүнээс илрэхгүй юм чинь нөгөөхөө цагаатгаснаар нүүрсний дуулиант хулгай аяндаа замхарна гэж ерөнхий сайд Та тооцов уу? Ажнай ч сураггүй, нүүрсний хулгай ч сураггүй. С.Зоригийг хөнөөсөн гэх Ц.Элбэгдоржийн тухай цочир мэдэгдэл ч таг. Цуврал нэвтрүүлгээрээ засгийн газрын нөөцөөс дүүгийнхээ ачаар овоо юм хүртсэн хэро Баатар ч хот эргэсэн чоно мэт таг. Ёстой хүүхдийн тоглоом нохойн наадам. Төрийн эрх авахын тулд гэнэн сонгогчдоороо дэндүү тоглох юм даа. Нэр нүүрээ жаахан гамнууштай. Ялангуяа ардчиллын өлгий Америкт Харвард мэтийг төгссөн гэх коммунист залуус. Авилгажсан хүнд суртлын нүсэр аппаратын хавчилт дунд чүү чамай хөлжиж яваа хэдхэн компаниа ад үзээд хураана хумина гэх сэлэм сэнсрээд байдаг. Зөвхөн баялаг бүтээгчдээр л өндийнө гэх мугуйд үзэл минь Ажнай, Сү.Батболд мэтийг бичүүлээд буйгаа учирлав.

2024-07-28