Хүлцэнгүй дарлуулаад байвал монголчууд хэзээ ч өөдлөхгүй. Ажнайгаар туг тахиснаа авилгатай тэмцсэн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “гавъяа” гэж мулгуу ард түмнээ маллах гэж буй бол горьдсоны гарз. Ажнайг хаацайлж ял завшуулах гээгүй Л.Оюун-Эрдэнэ ээ! Экспортын 80 их наядын ашиг хаасан ерөнхийлөгч асан Х.Баттулга, 40 их наядын нүүрсний хулгайчдыг ЖДҮ-чид шиг оодруулахгүй гэж масс шаардаж байна УИХ-аа! Ард олны тэвчээр тэнхээ барагджээ ерөнхийлөгч өө!
Өөрчлөгдөхгүй юм гэж байх биш. Нүүдэлчид хүртэл ардчилагдаж, “Зөвлөлтийн тусламж, Хятадын аюул” гэх таринаа “Хоёр хөршийн гацаа” гэж шинэчилжээ. Гэвч энэ шинэчлэл косметик төдий учраас гацаасныг гацаасан, гацаагаагүйг гацаагаагүй гэж сур гэх гээд байна би. “Оросууд гацаав” гэж бид шууд хэлж зүрхэлдэггүй. Айсандаа “хоёр хөрш гацаав” гэж хамсруулан зөөлөлдөг ч айх тусам оросууд чангардаг нь гомдмоор. БНХАУ, АНУ-ын дээрэнгүй хавчлагын эсрэг ОХУ-ыг хань татах том эрх ашгаа чухалчлаад өчүүхэн бидний оросуудын гацаасныг хоёр хөрш гацаав гэж хятадуудыг үндэсгүй хамсруулдгийг тэвчдэг байх.
Монголд орж ирсэн барууны хөрөнгө оруулагчдыг оросууд үздэггүй. Нэг үгээр орос ах нар биднийг баруунаас харамлаад сүйд. Бидэнд тийм их хайртай юм бол гаалийн татвар нь аймаар баймгүй еэ. Худалдааны дайнтай Америк Хятадын татвар 12 хувь байхад ОХУ 1990 оноос Монголын бараанд 40-60 хувийн татвар тогтоож, нэг үгээр эдийн засгийн хоригт оруулсныг бид ухаарахгүй орос ахдаа мөргөсөөр маанагтана. Сүүлийн 30 жилд ОХУ-тай хийсэн худалдаанаас манайх 20 тэрбум доллар алджээ. Урд хөршийн худалдаа хэт их, хойд хөршийнх хэт бага байгаа нь удахгүй хужаагийн атганд орох цондон гэж эх орончид онолдоно.
Бат-Үүлээ, чамайг өмөөрч дэмждэг минь хэврэгшиж буй ардчиллаа л хайрласан алхам шүү. Чи Ц.Элбэгдорж, Х.Баттулга шиг ерөнхийлөгч, Н.Алтанхуяг шиг ерөнхий сайд, З.Энхболд шиг УИХ-ын дарга байтугай шилэн Цогоо шиг орлогчсайд ч болоогүй. Болгоогүй. Чамайг голсон юм биш. Чамаас айсан юм цаадуул чинь. Чи ардчиллын онолд бузгай нэвтэрсэн бөгөөд үнэт зүйлсээ хамгаалах ёс зүйгээр тууштай нь. Энэ үгэнд чамд жөтөөрхөгчдийн хор буцалбал буцлаг.
МАН-д үнэмлэхүй олонх болох аз дахин заяагаа ч билүү үгүй ч билүү. Сонгуульд навс ялагдвал Та хүн болгоны өмнө өчүүхэн одойд хувирна. Тиймээс энэ сонгуулиар АН хэдэн суудал зулгаавал Х.Баттулгатай хамтрах санаагаа нандигнасаар явна уу. Женкотой Та тэврэлдвэл Путиныг долооно. Путин Женкод илүү тул танд амаргүй. Амаргүй юм олон гарна.
Д.Амарбаясгалан гэх улаан гэрийн ухуулагч малчдын шинэ хоршоонд элссэн өрх сарын 5 саяын цалинтай болно ч гэх шиг. 50 саяын хөнгөлттэй зээлийн 20 хувийг малчин төлөөд 80 хувийг амарбаясгалант хааны өглөгч дүрээр хувиасаа төлөх аятай жүжиглэх нь угтаа сонгуульд ялах заль мэх. Бүл бүлээрээ малчид хоршиход татвар төлөгчдийн мөнгийг янз бүрийн халамж нэрээр тараахгүй бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр сонгуулийн өрсөлдөөнд үнэгүйднэ. Яагаад гэвэл 8 жил эрх барьсан МАН-ын хулгай нуух аргагүй балиартсан. Төр саад болохгүй бол малчид өөрсдөө хоршиж элбэг дөнгөнө. Гүйх нохойд баах нохой саад болдог. Юун ч их суртал бэ. Яг л нэгдэлжих хөдөлгөөн.