2020.04.04.

Уг асуудал маш энгийн. Сүхбаатарын талбайн урд бүтэн жарнаас урт удаан налайж байгаа жижигхэн цэцэрлэгт хүрээлэнг дахин дахин ухаж төнхөх ямар ч шаардлагагүй, тэр тусмаа гурван тэрбумыг зарах ёсгүй.

Зах зээлийн эхээр ундуй сундуй болж хогонд дарагдан өнгө зүс муухан байснаа улс, нийслэл мөнгөтэй болохын хэрээр хоёр ч удаа тохижуулж хамгийн сүүлд Э.Бат-Үүлийн үед одоогийн (хашаагаар далдлахын өмнөх) тэр төрхийг олжээ. Дүүрэн мод, хөндлөн гулд огтлолцсон явган замууд, хаа сайгүй зөндөө сандал. Өөр юу хэрэгтэй юм бэ?! Хоёрхон дутагдал байсан. Нэг нь ихэнхдээ хаалттай нийтийн бие засах газар, нөгөө нь АСЕМ-ийн буюу аймшгийн хөшөө. Эхнийхийг ажилд оруулаад (төвийн шугаманд холбогдоогүй гэж муулсан, тэгвэл холбох), хоёрдахийг нь устгадаггүй юм аа гэхэд АСЕМ Вилла руу ч юм уу хаа нэг тийш зөөхөд хангалттай. Нийслэлийн хагас зуун жилийн түүхийн гэрч, ой санамжийг агуулсан хуучин төрхийг, завтай хүмүүс цугларч шатарддаг саравч зэргийг үгүйлдэг хүмүүс бий, гэхдээ нэгэнт тохижуулсныг хэн ч шүүмжлэхээ больж бүгд дассан байв. Харин ноднин уржнангаас нийслэлийн зөвхөн төв хэсгийн зай завсар, замын уулзвар болгон дээр, тэр дотор энэ цэцэрлэгийг өөрчлөх элдэв зураг загвар гаргахад дарга нарыг мөнгөө барж ядаж байна, цагаа тулбал том яриа өрнөнө гэж бодсоноос биш яг хийнэ, тэр тусмаа татвар төлөгчдийн мөнгийг зарцуулна гэж хэн ч зүүдлээгүй.

Гэтэл 3-р сарын 31-нд уг цэцэрлэгийг 3,2 тэрбум төгрөгөөр шинэчлэх тухай хэвлэлийн хурал зарлаад сөхөө өгөхгүйгээр маргааш өглөө нь гадуур хүрээлсэн тавцангуудыг хэмхлэн хашаалж эхэлснийг залуучууд шууд эсэргүүцлээ.  Тэдэнтэй маш олон хүн нэгдэв. Эрдэмтэн, докторууд өргөх бичигт гарын үсэг зурцгаав. Хариуд нь Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч С.Амарсайхан хилэнтэй мэдэгдэл хийж энэ цэцэрлэгт хамаатай хамаагүй элдэв асуудлыг хольж хутгаж байгаад бүгдийг загналаа. Хамгийн ноцтой нь гэвэл:

“Сүхбаатарын талбайн урд хэсэг 2006 онд хувийн эзэмшилд олгосон байсныг 2019 онд газар эзэмших эрхийг нь цуцалж, нийтийн эзэмшилд авсан… Улс төрийн зорилгоор иргэдэд буруу мэдээлэл өгч, төрийн захиргааны байгууллага иргэдийг хооронд нь талцуулж, улс төрийн болон хувийн, бизнесийн ашиг сонжоо хайсан хүмүүс бүтээн байгуулалтыг зориуд харлуулж байна … Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг эзэмшиж байсан “Ю Би констракшн” компанийнхан шүүхээр заргалдаж эхэлсэн бөгөөд газрыг буцааж авахын тулд зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байна..  Сүхбаатарын талбайн урд хэсгийн нийтийн эдэлбэрийг ногоон байгууламж болгож тохижуулах ажил зогсохгүй … “

Иргэдээ бараг л мафийн  сүлжээнд буруутгах энэ тэр дүүрч. Бид харин юуг мэдэж авсан бэ гэвэл нөгөө “Ю Би констракшн” компани газрыг нь буцааж авахаар шүүхдэлцэж байгаа аж. Тэгвэл асуудал бүр ноцтой бөгөөд иймэрхүү заргаар компани үргэлж ялж, хот дандаа ялагддаг. Яагаад гэвэл ийм газрын бичиг цаасыг ширхэгчлэн бүрдүүлж, гарын үсэг зуралцаж байгаа өгч авалцсан байдаг бол цуцлах болохоороо “цуцалсугай” гэсэн ганц өгүүлбэр бичдэг. Түүнийгээ дэлхийгээр нэг зарлахыг яана. Хэрвээ С.Амарсайхан дарга Д.Эрдэнэбилэгээс баталгаатай буцааж авахыг хүссэн бол Засаг дарга асан Ц.Батбаяр захирамжаа (тэрхүү Ю Би-тэй компанийн нэр хэдэн жилийн дараа, харин цаана нь Д.Эрдэнэбилэг гэгч байгаа нь уржнан тодорсон) нууцлан гаргахдаа юуг үндэслэсэн, ямар гэрээ байгуулсан, цааш яасныг нэгд нэгэнгүй илчилж, үг үсэггүй шалгаж, шалгуулж байж сая хөдлөх байлаа. Шүүх болбоос хотын болоод хэний зөв буруу, нийтийн эрх ашиг хохирсон эсэхийг бус, үндсэндээ бичиг цаас, гарын үсэг, тамга нь бүрэн байгаа эсэхийг үздэг газар шүү! Энэ бүхэн Ю Би констракшн-ы ардах Худалдаа, хөгжлийн банкны хуульчдын гарт бүрэн байж таараа. Тэгээд ч энэ газрыг бараг 10 сая долларын барьцаанд тавьсан учраас нэг зууснаа яасан ч тавихгүй …  

Мөнгөтэй компани үргэлж ялж ирсний жишээ С.Амарсайхан даргад өөрт нь хамаарна. 2006 онд тэдний гэр бүлийн “Собт трэйд” компани Богдхан уулын Зайсан толгойн баруун хойд энгэрийн газрыг Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбортой давхардуулан аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Байгаль орчны яамны сайд У.Барсболдоос авчээ. Харин олон нийтийн шахалт шаардлагаар 2010 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх уг зөвшөөрлийг цуцлахад компани захиргааны хэргийн шүүхэд өгч улмаар Улсын дээд шүүхээр өөрийн талд шийдвэрлүүлсэн байдаг. Сүүлдээ компани өөрт учирсан хохирол гэж 800 гаруй сая төгрөг нэхэмжлэн айлгахад яам бүрэн бууж өгч эвлэрлийн гэрээ байгуулан гэрчилгээг нь буцаан олгож дахин таван жилээр сунгаж өгсөн юм. Тэр үед МАХН, АН хоёр их бага эвслийн Засгийн газруудыг байгуулж нэг хөнжилд шургачихаад байсан учраас асуудал замхарсан. Хэрвээ тэр газар Л.Гансүх сайдын юм уу хэн нэгэн албан тушаалтны хувийн эзэмшилд байсан бол хэзээ ч ялагдахгүй байлаа.

Одоо “Ю Би констракшн” компани Сүхбаатарын талбайн урдах цэцэрлэгийн газрыг буцааж авах ихээхэн магадлалтай. Улаанбаатарын олигарх С.Амарсайханы хувьд тэр хамаагүй, сонгуулиас өмнө иймэрхүү “бүтээн байгуулалт”-аар шоудаж байгаад УИХ руу арилж өгөх мөрөөдөлтэй.

Зөвхөн энэ биш. Тун удахгүй, бүр өнөө маргаашгүй Улаанбаатар хотын урдуурх Туул голын эргийг амралт зугаалгын бүс болгож тохижуулах гоё зураг төслүүдийг гаргаж ирнэ. Энэ удаад төсвөөс мөнгө гаргахгүй байж магадгүй, харин уг газрыг компаниудад хувааж (бас Рио Тинтогийн нэр дуулдаж байсан) өгөөд бужигнуулж өгнө. Эцсийн зорилго нь Их тэнгэрийн амны эсрэг талд Туул голын онцгой хамгаалалтын бүс дотор Монгол Улсын байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутаг, усны бүх хууль журмыг иж бүрнээр нь зөрчин босгож эхлээд ноднин зогссон, “Зүүнбаян рефайнери” компанийн гэгдэх амины орон сууцны хотхоныг энэ дуулианаар барьж дуусгах явдал юм.

Бас болоогүй, дараачийн “бүтээн байгуулалт” сэмхэн дөхөж байгаа. Энэ бол нийслэлийн энд тэндээс Зайсан руу тавих агаарын дүүжин тээвэр бөгөөд Францын Засгийн газраас 60 сая еврогийн зээл авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн, тэр тусмаа өргөн уудам хөндийд налайсан хотын төвөөрөө ингэж хүн тээвэрлэдэг солиотой улс дэлхийн хаана ч байхгүй гэж мэргэжлийн хүмүүс нотлоод байгаа. Байгууллаа ч түүгээр иргэд өдөр тутам ажилдаа ирж очихгүй, сайндаа л Зайсан хилл цогцолбороор үйлчлүүлэх зарим хүмүүсийг хүргэх унаа байхаас хэтрэхгүй. Мөн гэнэт гарч ирсэн (арван жил судалсан гэнэ, хэн ч мэдээгүй) Тэнгэрийн замыг нэмэх юм бол та бидний толгой дээгүүр төмөр хэлхэлдсэн “галзуу хулгана”-ын хот болох нь ээ?