“Ийгл ньюс” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн ээлжит зочноор Гадаад бодлогын судлаач эрдэмтэн Д.Баярхүү уригдан оролцлоо.

Монгол Улсын гадаад бодлогод хасах оноо
өгөхөөр он жилүүд байгаагүй

Б.Жаргалмаа:
-    Монголын медиа корпораци “Ардын үг” аяныг эхлүүлж байгаа. Энэхүү аяны ард түмнээ сонсч, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн өнгөрсөн 8 жилд хийж хэрэгжүүлсэн ажилд дүн тавиулах зорилготой. Тиймээс гадаад бодлого судалж байгаа эрдэмтэн, судлаачид маань Ерөнхийлөгчийн хийж хэрэгжүүлсэн ажлыг хэрхэн дүгнэж байгаа талаар Таны бодлыг сонсохыг хүссэн юм. Гэхдээ хоёулаа яриагаа өнгөрсөн он жилүүдэд, өнөөдөр Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд ямар хэмжээнд байгаа вэ? Бид юу хийж чадсан юм бэ гэдгээс эхэлье?




Д.Баярхүү: Мэдээж хэрэг ардчиллын 27 жилд Монгол Улсын гадаад харилцаа, гадаад бодлого маш их өргөжин тэлсэн. Монгол Улсын нэр хүнд ч дэлхийн тавцанд бэхжиж ирсэн. Монголчуудыг дэлхий нийтээрээ таньдаг мэддэг болсон ийм л он жилүүд. Гэхдээ манай гадаад бодлого, гадаад харилцаа эдийн засгийн агуулгаараа баяжих ёстой юм. Энэ тал дээр алдаа, оноо байсан, байна чиг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдыг өөртөө тууштай татаж чадаагүй. Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаан дээр эргэж буцдаг, олон шийдвэр гаргадаг, бие биеэ үгүйсгэдэг гэдэг ч юм уу. Нөгөө талаасаа бол дөрөв дөрвөн жилийн циклтэйгээр УИХ, Засгийн газар солигддог. Тэр утгаараа гадаад бодлого дээр, ялангуяа эдийн засгийн гадаад харилцаа, хамтын ажиллагаан дээр эргэж буцсан шийдвэрүүд гаргаж байсан гээд дурдаж болно. Эдийн засгийн гадаад харилцаа гэдэг талаасаа сайнгүй нэр дагуулсан. Харин улс төрийн гадаад бодлого, жинхэнэ дипломатын гадаад үйл ажиллагаан дээрээ бол 27 жилд ямагт нэмэх оноотой прогрессоор дээшээ өсч ирсэн гэж үзэж болно. Өнгөрсөн 27 жилийг аваад үзэхэд Монгол Улсын Ерөнхий сайд 15 солигдсон байна. УИХ-ын дарга 12 солигдсон байна. Дөрөв дэх Ерөнхийлөгчийнхөө төгсгөлийн үед 5 дахь Ерөнхийлөгчөө энэ жил сонгоно. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд төрийн гурван өндөрлөг нь ийм олон солигдсон ч гэсэн Монгол Улсын гадаад бодлого залгамж чанараа тууштай хадгалан байнга өргөжин тэлж, дипломат бодлогын салбарт олон амжилтыг дараалан олсон ийм жилүүд байсан гэж үзэж байна. Тийм учраас Монгол Улсын гадаад бодлого, гадаад нэр хүндийг хооронд нь уян хатан, наанатай цаанатай авч үзэх хэрэгтэй гэж боддог.

Б.Жаргалмаа:

-    Засаг төрийн байдлаас шалтгаалаад Монгол Улсын гадаад нэр хүнд өөрчлөгддөг байх гэж боддог. Яагаад гэвэл дотоод улс төрийн бодлого нь өөрөө тогтвортой байж чадахгүй байснаараа гадаад дахь нэр хүндийг унагах эрсдлийг дагуулдаг. Ер нь хэдий үед бид ийм эрсдлүүдийг маш ихээр мэдэрсэн бэ?

Д.Баярхүү: Төр засаг тогтвортой байх, төр засгийн гадаад бодлого ялангуяа олон улсын харилцаа, олон улсын хамтын ажиллагаанд хоёр болон олон талын гэрээ, хэлэлцээгээр өөртөө хүлээсэн үүргүүд тууштай байх явдал Монголын хувьд их дутагдаж байсан юм шиг санагддаг. Би үүнийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого дээр ярьж байна л даа.  Ардчилсан засаглалын жилүүдэд тууштай гадаад бодлого явуулаад байсан боловч засаг төр нь олон удаа солигдсон,  түншүүд нь олон удаа солигдсон гэх зэмлэл гадаад түншүүдээс сонсогддог. Жишээ нь дөрвөн жилд ОХУ-тай хамтын ажиллагаа өрнүүлэхэд тэдний талаас тавьсан шаардлага юу байв гэхлээр “Танай Зам тээврийн сайд чинь 4 жилд 4 удаа солигдчихжээ. Хэнтэй нь ажиллаж вэ?” гэдэг асуудал байлаа. Тэр нь бол гадаад харилцааны амжилтаас тусдаа асуудал юм. Би өөрөө яг гадаад улс төрийн бодлого, дипломат гадаад бодлого, олон улсын харилцааны түүх судалдаг хүний хувьд аваад ярихад Монгол Улсад айхтар хасах оноо өгөхөөр он жилүүд байгаагүй.

Энэ эрин үед Монгол Улс олон улсын харилцааны зөрчилдөөний
дунд өөрийгөө авч гарах нэг гарц нь төвийг сахих бодлого байж болно


-    Ерөнхийлөгчийн сүүлийн бүрэн эрхийн хугацаанд хамгийн далайцтай хийгдэж, анхаарал татаж байгаа асуудал гэх юм бол төвийг сахих бодлого. Энэ талаар сүүлийн жилд маш эрчтэй ярилаа. Ерөнхийлөгчийг улсдаа тунхаглаагүй, хуульчлаагүй зүйлийг олон улсын тавцанд ярилаа гэдэг шүүмжлэл байдаг. Энэ нь олон улсын харилцаанд ямар нөлөөллийг авчирсан юм бол. Бид дотооддоо ингэж дүгнэж байгаа боловч үүнийг гадаад улсад яаж дүгнэж байгаа нь сонин байна?

Ойлгомжтой. Одоогийн Ерөнхийлөгчийн 8 жилийн үйл ажиллагааг авч үзэх юм бол гадаад бодлогод түүний дэвшүүлсэн шинэ санаачилга, хэрэгжүүлсэн алхмуудын дотор төвийг сахих асуудал айхтар дээгүүр байр эзлэхгүй л дээ. Одоогийн Ерөнхийлөгчийн хувьд 2014 он их тэмдэглэлт түүхэн үйл явдлаар дүүрэн жил болсон. Яагаад гэвэл Монгол, Хятад, Орос  гурван улсын удирдагчдын уулзалтын механизмыг бий болгосон. Хоёр том гүрний буюу НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний хоёрынх нь төрийн тэргүүний айлчлалыг маш богино хугацаанд, бараг зэрэг шахуу Монголд амжилттай хэрэгжүүлсэн. Дараа нь Тажикстаны нийслэлд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үед гурвалсан дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулсан. Түүний дараагийн жил ОХУ-ын Уфад, өнгөрөгч онд Узбекстаны нийслэл Ташкентэд гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгууллаа.Ийм байнгын механизм бий болгоод энэ жил 4 дэхийг нь зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнээс гадна Монгол-Орос-Хятадын гурван улсын эдийн засгийн коридор гэдгийг чинь жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж эхэллээ.Эдийн засгийн коридор байгуулах талаар Ташкентэдамжилттай хуралдаад хоёр талаараа зөвшөөрүүлээд 30 гаруй баримт бичигт гарын үсэг зураад байна. Гурван улсын төрийн тэргүүний хэмжээнд тохирчихсон, гарын үсэг зурсан эдгээр баримт бичгүүдийг хэрэгжүүлэх, гурван улсын эдийн засгийн коридорыг биетэй бодитой хэрэгжүүлэх үүрэг ньЗасгийн газарт ирж байна. Гурван улсын удирдагчийн энэ том механизмыг бий болгож чадсан гэдэг бол одоогийн Ерөнхийлөгчийн хамгийн том түүхэн гавьяа гэж үнэлэгдэх учиртай.

Нөгөө талаас АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг Монголд зохион байгуулсан явдлыг нэрлэж болно. АСЕМ-ын дээд хэмжээний дараагийн уулзалтыг авахаар 2014 онд Миланд ярилцаад анхны шийдвэр гарч байхад итгэл муутай байсан л даа. Монгол Улс энэ том арга хэмжээг зохион байгуулж чадах уу, үгүй юү гэж. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад Ази, Европын 50 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар ирнэ. Үүнд Монгол Улс бэлтгэлтэй байна уу гэж. Тэгэхээр би одоо үүнд хариулт өгөх шаардлагагүй. Үүнийг ард түмэн өөрсдөө харсан. Өнгөрсөн зун ямар том арга хэмжээг зохион байгуулаад, амжилттай давж чадсан бэ гэдгийг мэдэж байгаа. Энэ бол монголчууд юунд хүрч чадах вэ гэдгийг дэлхий дахинд харуулсан том алхам болсон.

Төвийг сахихын тухайд цаг үеэ олсон бодлого хэмээн би судлаачийн хувьд үзэж байсан. Би өөрөө гадаад бодлогын түүх судалдаг хүн. Дэлхий дахины яг энэ цаг үе маань амар тайвангүй тийм үе юм. Шинэ “Хүйтэн дайн” өрнөх үү, олон улсын харилцаанд мөргөлдөөний эрин үе эхэлж байна уу, тогтворгүй байдлын эрин үе эхэлж байна уу гээд нэн тодорхойгүй, урьдчилж таамаглахын аргагүй ийм эрин үед бид ирчихлээ. Энэ эрин үед Монгол Улс олон улсын харилцааны зөрчилдөөний дунд өөрийгөө авч гарахын нэг гарц нь төвийг сахих бодлого байж болно. Ер нь төвийг сахих бодлогыг заавал дэлхийн улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлж, нэгэн зэрэг дэмжүүлнэ гэдэг ойлголт байдаггүй. Төвийг сахих гадаад бодлого гэдэг бол өөрөө тогтсон загвар модель байхгүй.

-    Та үүнийг тайлбарлаж өгөөч. Иргэд маань тэр бүр төвийг сахих бодлого гэхээр дээшээ, доошоо суудлаа алдахгүй гэдэг шиг л ойлголттой байгаа гэхээс олон улсын түвшинд байнга төвийг сахих бодлого гэж юуг хэлдэг юм бол?

Байнга гэдэг үгнээс их эмзэглээд байх шиг байгаа юм. Байнга гэдэг үгийг хэрэглэхгүй байж болно. Ер нь төвийг сахина гэдэг бол монголчуудын хувьд “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”, аль ч улс гүрэнтэй дайсагнахгүй, дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаатай байнаа л гэсэн үг. НҮБ-ын 193 гаруй гишүүн улстай бараг бүгдтэй нь, 4-5-аас бусадтай нь дипломат харилцаа тогтоочихсон, өрнө, дорнын бүх улсуудтай найрсаг харилцаатай. Гадагшаа хэнтэй ч зөрчил байхгүй, ийм л улс шүү дээ, бид. АСЕМ-ыг зохион байгуулж хийсэн байдлыг хар л даа. Өөр хоорондоо маш их зөрчилдөөнтэй улсууд Улаанбаатарт хэлэлцээний ширээнд суусан шүү дээ. Тэднийг уулзуулж чадсан.

Сүүлийн 27 жил ардчиллын жилүүдэд явуулсан бодлого маань үндсэндээ төвийг сахисан гэж зарлаагүй ч төвийг сахих чиглэлтэй, бүх улс гүрэнтэй найрсаг харилцаатай, бүгдийнх нь дунд нэр хүндээ олсон, зөв байраа олсон бодлого явуулсан. Цөмийн зэвсэггүй  статус гээд ярихад л төвийг сахих элементүүд байж байгаа. 1993, 1994 ондхөрш хоёр гүрэнтэй байгуулсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнүүдэд аль алиных нь эсрэг цэргийн эвсэл холбоонд орохгүй гээд байж байна. Нутаг дэвсгэртээ гадаадын цэрэг байрлуулахгүй, гадаадын цэргийн бааз болохгүй, дамжин өнгөрүүлэхгүй гээд дандаа төвийг сахисан элементүүд орсон бодлого явуулжирсэн. 2015 онд Ерөнхийлөгч энэ бодлогыг зарлахдаа айхтар эрс тэс, хурцаар тавиагүй шүү дээ. Маш тодорхой байгаа. Дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөний үед тууштай төвийг сахина, энх тайван цагт цэргийн эвсэл, холбоонд орохгүй гэж байгаа. Үүн дээр айгаад байх зүйл юу байна. Төвийг сахихаар гадаад харилцаа нь зогсоод, хамтын ажиллагаа нь унтраад, дэлхий дахинд ганцаардаад явчих юм шиг ойлгоод байгаа бол тийм биш шүү дээ. Харин ч  төвийг сахисан улс руу гадаадын улс орнууд өөрийнхөө хөрөнгийг найдвартай байрлуулж болно. Банк, санхүү, бизнес, хөрөнгө оруулалтын бодлогыг чөлөөтэй явуулж болно. Янз бүрийн хувилбар байж болно. Эхлээд бид үүнийгээ хуульчлаад авах хэрэгтэй. Хуульчилсныхаа дараа өөрийнхөө гадаад бодлогод суулгаж өгөх хэрэгтэй. Энэ бол олон жилийн ажил. Швейцарь улс төвийг сахиад 200 гаруй жилийг туулж байна. Тэгж байж ХХ зууны дунд үеэс амжилт олсон. Түүн шиг би 200 жил гэж ярих гэж байгаа юм биш. Өнөөдөр маргаашдаа үр шим нь үзэгдэхгүй байсан ч их зөв байжээ гэдэг нь хожим яригдаж болно.

-    Ерөнхийлөгчийг байнга төвийг сахих бодлого баримтална гэдгээ олон улсад зарлахад гадаадын орнууд хэрхэн хүлээж авсан бэ?

Мэдээж төвийг сахисан улсууд шууд дэмжсэн. НҮБ ч дэмжсэн. Төвийг сахих бодлого судлахаар би Австри, Швейцарь, Мальтад ажиллаж байсан. Нөгөө талаасаа их гүрнүүдийн зөрчилдөөн дунд Монгол Улс аль талд, хэнийх нь талд вэ гэдгийг шууд тулгаж асуудаг болсон байна. Ийм үед бид заримдаа байр сууриа илэрхийлэхгүйгээр тойрч гарч өнгөрөх явдал чухал байна. Ухаандаа Орос-Америкийн, Хятад-Америкийн, Хятад-Японы зөрчил дунд, эсвэл Орос-Европын Холбооны зөрчилд бид нэг талд нь зогсмооргүй байна. Бүгдтэй нь бид найрсаг харилцаатай, бас гуравдагч хөршийн бодлогоо тууштай баримталж байна. Ийм нөхцөлд “Бид танай талд байна. Танай байр суурийг хатуу дэмжинэ ээ” гэж хэлээд зогсмооргүй байна. Энэ үед бид ямар нэгэн гарц, хувилбар хайх хэрэгтэй болно. Тэр нь төвийг сахих бодлого байж болох юм. Байж болно гэж хэллээ шүү би, байх ёстой гээгүй.

Бид Обамагийн Засгийн газрын үед
янз бүрийн шахалтад орж байсан


-    Аливаа асуудалд бид өөрсдийн хатуу байр суурийг илэрхийлэхгүйгээр төвийг сахих бодлого бүхий гэдгээ хэлбэл бусад улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг үү?

Монгол Улс байр сууриа тодорхой илэрхийлж, аль нэг талд нь зогсож болохооргүй асуудал олон тулгарч байна. Жишээ нь дэлхийн дүрвэгсдийн хямрал. Ертөнцийн дүрвэгсдийн хямралын эрин үе гэж нэрлээд байгаа. Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 51 дүгээр чуулганы үеэр АНУ санаачлаад Дэлхийн дүрвэгсдийн асуудлаархи дээд хэмжээний уулзалт хийсэн. Монгол Улс уг уулзалтад оролцсон. Гадаадын 50 гаруй орны төр, засгийн тэргүүнүүд оролцсон. Өмнөх Обамагийн Засгийн газрын бодлого байсан л даа. Бид Обамагийн Засгийн газрын үед янз бүрийн шахалтад орж байсан.  Үүнийг одоо айхтар нууцлах шаардлагагүй хэмээн бодож байна.

2015 онд Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 70 дугаар чуулган дээр төвийг сахих бодлогоо зарласны дараа яг тэр өдөр НҮБ-д “ISIL болон экстремизм, терроризмын эсрэг тэмцэл”-ийн асуудлаар дээд хэмжээний уулзалт болсон. Түүнд Монгол Улс оролцоогүй. Тэр үеэр АНУ-ын зүгээс ямар хүсэлт тавьж байсан бэ гэвэл, Сири, Иракт байлдаж байгаа АНУ тэргүүтэй “Лалын улс”-ын эсрэг олон улсын цэргийн хүчний эвсэлд манай улсыг оролцооч ээ гэдэг хүсэлт тавьсан. Уг эвсэлд 65 улс байгаа бөгөөд 66 дахь улс нь болж оролцооч гэсэн. Гэхдээ Монгол Улсаас их юм хүсээгүй. Цэрэг оруул гээгүй, байлдуул гээгүй. Монгол Улс гэсэннэрээ, төрийн далбаагаа ашиглуулна уу л гэж хэлсэн. Төрийн Департаментад ч ингэж ярьсан. Обамагийн Засгийн газрын үед яригдсан учраас одоо нууцлаад байхгүйгээр хэлж болох болов уу. Монгол Улс төвийг сахисан гэдгээ НҮБ-д зарласан учраас бид оролцох боломжгүй ээ хэмээн бид тайлбарлаад өнгөрсөн. Хэрвээ бид Ирак, Сири дэх “Лалын улс”-ын эсрэг эвслийн 66 дахь гишүүн гээд төрийн далбаагаа мандуулчихсан явж байсан бол лалын хэт даврагчид манай улсыг ямар хэмжээнд  үзэх вэ?Аль хэдийнэ террорист ажиллагааны талбар хэмээн онилчихсон байж мэднэ.

Бельгийн Брюссель, Францын Парис, мөн Стамбул, Мюнхен, Ницце, Нью-Йорк хотуудад үйлдсэн халдлагуудаас эхлүүлээд гашуун сургамжийн олон жишээ бэлээхэн байна. Бас нэг жишээ. 2016 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монголд айлчилсан. Обамагийн Засгийн газрын гишүүн, одоо бол Трампад хамаагүй хүн. Тэрээр Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийхдээдэлхийн дүрвэгсдийн хямрал шийдэх асуудал дээр танай улс ямар үүрэгтэй оролцох гэж байна гэж асуугаад “Жил бүр 3000 дүрвэгчийг Сири, Иракаас хүлээн ав” гэж санал тавьсан. Хариуд нь  “Манай улс төвийг сахисан статустай учраас бид анхнаасаа энд оролцоогүй юм” гэсэншүү хариулт өгөөд нэг удаа ам тагласан. Би тухай үед хэлэлцээнд оролцож байсан учраас сайн мэдэж байна. Улаанбаатар хот нэг сая 200 мянган хүн амтай. Гэтэл жил бүр 3000 орчим дүрвэгсдийг хүлээн аваад байж даах уу? Ганц баримт хэлье л дээ. Европын Холбооны орнуудад хүүхэд төрүүлэх насны нэг европ эмэгтэйд 1.3 хүүхэд ногдож байхад Ойрхи Дорнодын лалын орнуудад энэ үзүүлэлт хэт өндөр-нэг эмэгтэйд 8 хүүхэд ногдож байна. Тэгэхлээр Улаанбаатарт ирэх дүрвэгсэд үржинэ гэсэн үг. Жил бүр 3000, дээр нь нөхөн үржихүй явагдана гээд төсөөл дөө.

Манай Гадаад хэргийн сайдад АНУ-ын ТНБД-аас бас нэг тавьсан санал бий. Хэрэв 3000 хүн авахгүй бол 5 сая ам.доллар төл гэсэн. Дүрвэгсдийг төрүүлсэн “Арабын хавар”, түүнийг өдөөсөн мөргөлдөөнд манай улс оролцоогүй хэрнээ 3000 дүрвэгч авах юм уу, эсвэл 5 сая ам.доллар жил бүр төлөх бололцоо бидэнд байна уу? Монголчууд зөвшөөрөх үү?

-    Төвийг сахих бодлогын талаар Та их сонин жишээгээр тайлбарлалаа. Тэр бүр мэдээлэлгүй учраас иргэд буруутгах зүйл олон гаргадаг. Тухайлбал хөрөнгө мөнгөгүй байж АСЕМ-ын уулзалтыг хийлээ гэсэн шүүмжлэл гардаг?

Судлаач хүний хувьд гэлтгүй эрүүл ухаантай ямар ч монгол хүнд ойлгогдохоор үйл явдал болж өнгөрсөн шүү дээ. АСЕМ-ыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулснаараа дэлхий дахинд, тэр дундаа Ази, Европын хэмжээнд манай улс ямар өндөрт гарав даа. Тэр хоёрхон өдөр дэлхий дахин Монголоор амьсгалж байлаа шүү дээ. Энэ бол миний хэлсэн үг биш, дэлхийн хэвлэлд, тодруулбал Германы сонинд гарсан мэдээлэл. Тэр үед юу болсон билээ. Тэр үед Туркт төрийн эргэлт гарахаа шахсан. Дэлхий даяараа наашаа харж байсан. Европын удирдлагууд Улаанбаатарт байна, тэд юу гэж үзэж байна гэхчлэн. Францын Ниццед айхтар террорист халдлага үйлдсэн. Гадаад хэргийн сайд нь Улаанбаатараас дээд түвшний уулзалтыг дуусгалгүй санд мэнд эх орон руугаа буцсан. Энэ талаар Улаанбаатарт чуулж буй АСЕМ-ын лидерүүд юу гэхнэв гээд  дэлхий харж байлаа. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаас гарсан “Улаанбаатарын тунхаглал” байна. Монгол Улсын нийслэл хотын нэрээр нэрлэгдсэн энэ тунхаглалыг ирэх 100 биш юм аа гэхэд, ирэх 50 жилийн турш ярьж магадгүй.  “Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг”, “Киотогийн протокол” гэдэг шиг “Улаанбаатарын тунхаглал” гэх баримт бичиг нэрлэгдэж явах боллоо. Даян дэлхийн улс орнууд 200 хол давсан, гэтэл тэд бүгдээрээ нийслэлээрээ овоглосон баримт бичиг гаргуулж чаддаг бил үү? Иймд би АСЕМ-ыг зохион байгуулсан асуудал дээр мөнгөн дүн яримааргүй байна.