МАН гэдэг улс төрийн асар том хүчин нурж оронд нь АН гарч ирлээ. Шинэ нийгэмд төдийлөн дасч амжаагүй 1996 онд МАХН сонгуулиар ялагдаж үзсэн. Тэр жилүүдэд энэ бүлэглэлийнхэн тэгтлээ зутраагүй харин ч хожсон байх. 16 жилийн дараахь энэ ялагдал одоо тухайн намд маш хүндээр тусч магадгүй.  Өөрсдийгөө элит гээд бүр итгэчихсэн олон айл өрхийн амьдралд өөрчлөлт орж  эрх мэдэлгүй, нөлөөгүй байхын зовлонг үзэцгээнэ. Шудрагаар амьдрах, бор зүрхээрээ зүтгэх, хүнд сурталтныг царайчлах, нэг талд үйлчилдэг цагдаа шүүхээс айж эмээж явах ямар хэцүү гэж санана. Гэхдээ 1937 оны хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй юм чинь  энэ бол аймшиг бишээ.

Тээр жил төрд ажиллаж байгаад гудамжинд хөөгдөж гарсан ардчиллын угшилтай 15 мянга орчим албан хаагчид тэдний үр сад энэ өдрийг мөн ч удаан хүлээсэн дээ. Энэ хугацаанд төр засагт Ху намын нэг бүлэглэл гарч ирээд баахан идэж уугаад ханамагц дараагийн ээлжийнхэн орж ирдэг уламжлал тогтоод байв. Сонгуулиар аанай л ялж таарна гээд ээлжээ хүлээж байсан уртын урт цуваа Ардын намд бий. Одоо тэдний оронд Ардчилсан холбооны партизанууд орж ирэх ээлж ирсэн ба үүнд  ард түмэн төдийлөн хачирхаж гайхахгүй. Түүгээр ч зогсохгүй халж сольж идэж уугаад эхлэхэд “Аргагүй ээ аргагүй, одоо эдний ээлж юм чинь” гэцгээнэ. Их л сайндаа “Аль ч нам гараад ялгаа алга шив дээ” гэнэ биз. Тэгээд ч Ху нам засаг барихаар дураараа байж болдог, Ардчилсан намынхан гэхээр л үргэлж цоорхой оймстой явах ёстой ч юм биш.

Манай улс төр нийгмийн өнөөгийн төлөв байдал иймэрхүү байна. Өмнөх эрх баригчид нийгмийг шудрага бус болгож өнгө мөнгөний шинэ хорвоог зааж  дасгаж орхисон юм. Өнөөдөр мөнгө өвөртлөөд албан тушаал хайх, албан тушаалд томилогдоод үүрэгт ажлаа хийж чадахгүй байх зэрэг нь содон үзэгдэл биш. Хэвлэлүүдээр бол бүр улиг болчихсон сэдэв. Аливаа салбарт шинэ дарга томилогдож мөн сонгогдож очиход юу өөрчлөгдөхөв. Х компани тендерт дандаа ялдаг байсан бол энэ удаа У компанийн ногоон гэрэл дандаа асна. Энэ мэтчилэн хоёр гурван жил аж төрж байтал дараагийн сонгуулийн чимээ сонсогдоод эхэлнэ. 2016 оны сонгууль ойртох тусам алсын хараатай хийгдчихмээр байсан бодлогууд зогсож ард түмнээ өрөвдсөн, өглөг буян бодсон арга хэмжээнүүд хөвөрч, асар том бүтээн байгуулалт эхлэх гэж буй нээлт, тууз хайчлалт хөвөрнө. Сонгуулиар дахиад нэг ялахын тулд  улс төрийн нам улс орны орны эрх ашгийг хойш тавьцгаана. Гэхдээ нийгмийн салбарууд өөрийн жамаараа хөгжих нь хөгжөөд дампуурах нь дампуураад явж л байна. Харин мал их өсвөл хажуунаас нь харж суусан Хөдөө аж ахуйн яам өөрсдийгөө сайн ажиллаа, цөлжилт хүрээгээ тэлбэл Байгаль орчны яам муу байлаа гэхчилэн улс төрчид өөрсдийгөө дайвар эрхтэн биш гэдгийгээ  байнга сурталчилна.

Ингээд бодоод байхад  ээлжит сонгуулиар гарч ирэгсдэд татвар төлөгчдөөс орж ирсэн мөнгийг “идэж уух”-аас өөр ажил байхгүй мэт.



Дэвшилтэт үзэл бодолтой, нийгмийн идэвхитэй хэсэг аль ч улс оронд байдаг. Хуучнаар бол жаахан коммунисторхуу, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй, ядаж л гудманд  өдрөөр сариад зогсож буй согтуу толгойтой тэмцэлдээд өөрийгөө ч зовоодог нөхдүүд цөөнгүй. Ийм хүмүүсийг янз бүрийн хөдөлгөөн холбоо байгуулагчид, улс төр горилогчдоос ялгаж таньж дэмжиж өгвөл нийгэм илүү шудрага болох юм шиг санагддаг.

Улс төрийн өөр хүчин засаглалд гарч ирлээ гээд ардын хувьсгалын, ардчиллын эхний  жилүүд шиг хөл толгой огцом өөрчлөгдөх нь юу л бол. Харин хувь хүний ажиллаж амьдрах баримжаанд томоохон эргэлт гарч магадгүй. Түрүүн өгүүлсэн “Одоо манай идэх ээлж” гээд тоноод эхэлдэг хуучин цаг өөр болсон. Дөнгөж саяхан угжнаасаа хагацсан сөрөг хүчин дэл сул юм хаана байгааг андахгүй. Ардчилсан намынхны   “Дайнд ялсны хишиг”-ээ хүртэх санаархал болгон  дээр МАН гэдэг сайн дурын манаач сууж байна. МАН хэмээх хээл хахуулийн ертөнцөд нэвтэрхий суралцсан дээд боловсролтой мянга түмэн манаач  нартай болсон хойно энэ тал дээр санаа зовохооргүй болоод авлаа. Ийм ихэмсэг, баян чинээлэг сөрөг хүчин дэлхий дээр өөр байдаг ч юм уу бүү мэд.

Нийгмийн баялагийг хуваарилах , улс орныг удирдах чиг хандлага улам ухаалаг байхаас өөр замгүй боллоо. Нэр алдарт дуртай мулгуу этгээдүүд  төрийн албанд хахуульдан орцгоовол ард түмэн дахиж намд төдийгүй төрд итгэхээ больцгооно. Бид өөрсдөө ч улс төрчдийг ихэд эвддэг. Өмнө нь томцуул ард түмэнтэйгээ уулзах, танилцахаар орд өргөөнөөсөө үе үе гарцгаадаг. Тэр тоолонд ноосон малгай өмссөн малчин зудны тусламж хүсэх, “Толгойт”-ын эцэст буусан өрх толгойлсон эмэгтэй нүүрс нэхэж ард түмнийг төлөөлчихдөг. Эсвэл хурган дарга нарын бэлдсэн “жижиг дунд үйлдвэр”-тэй овжин этгээдийн  бүлт бүлт шаахыг сонсож үнэмшээд буцдаг. Эдгээр давхрагууд нь хэдий ард түмний төлөөлөл мөн боловч нийгмийн хөгжлийг урагшлуулагч гол хүчин нь биш. Сонгуулийн санал өгдөг хар массын эрх ашгийг их хамгаалахаар нэг удаа л ялалт ирэх болохоос урт хугацааны тогтвортой амжилтанд хэрэггүй гэдэг нь саяын сонгуулиар батлагдлаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид иргэн бүрт бараг сая төгрөг, сар бүр сар бүр өглөг хишиг, хувьцаа олгож, оюутнуудыг тэтгэж, малчдыг татвараас чөлөөлсөн. Тэрний хариуд ихэнх нь салаавч өглөө.

Энэ нь үндсэндээ ард түмнийг бүхэлд нь хахуульдсан явдал бөгөөд цөмөөрөө нийтийн савнаас их бага хэмжээгээр идэж уусан байна шүү дээ. Хамгийн бага хахууль хүртсэн нь оюутан хүүхэдгүй айлын иргэн бүр  21 мянгатай болж байхад томцуул хувьдаа уул уурхайтай болоод авав. Цаашид ийм дампуу амьдрал үргэлжлүүлэхийг улс орноо хөгжилтэй соёлтой байхыг мөрөөддөг нийгмийн идэвхитэй хэсэг хүсэхгүй. Төр зайдагнан ээлжээр  идэж уудаг жишиг одоо хол явахгүй болов уу гэж бодогдож байна. Хүний ярьж байгаа үгнээс эхлээд хүнсний бүтээгдхүүн хүртэл “хулхи”-гүй юм байхгүй болчихсон. Бусад улс орон шиг хөгжиж, ертөнцийн жирийн хүмүүс шиг амьдарч чадахаа больтлоо гажуудал газар авсан. Бүр гадаадад харлаад гарчихсан дуракууд хүний санаанд багтамгүй муухай арга сэдэж хулгай хийн түүнээ бахархан ярьж байна. Монголчууд бараг гэнэт гэмээр ийн ёс бусаар амьдрах сонирхолтой болсны эх үүсвэр бол төр өөрөө муу үлгэр жишээ үзүүлсэнд юм. Одоо хэдхэн жилийн дараа манай өнөөдрийн авилгалд идэгдсэн аж байдал домог болон яригдах байх.