Ёсзүйн дело №2: Вагон шатаж л байг уу!
Вагон шатаж л байг уу! & Давхар саалттай үнээ буюу УБТЗ яагаад хөгждөггүй вэ?
“УБТЗ” ХНН-ийн суудлын вагон депод байсан Бээжин-Улаанбаатар чиглэлд явдаг “алдарт” 16 вагоны нэгэнд энэ сарын 22 буюу өнгөрсөн баасан гаригт цахилгааны богино холболт үүссэний улмаас гал гарч цахилгааны утас шатжээ. “Алдарт” гэхийн учир нь энэ сарын эхээр УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэн “16 хүйтэн амбаар” хэмээн нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан. Одоогоор мөнгө угаасан гэх хэргээр АТГ-т шалгагдаж буй Д.Жигжиднямаад холбогдох 20 гаруй хэргүүдийн нэг нь юм билээ. Гэтэл өнгөрсөн онд 6.3 сая ам.доллараар засвар хийсэн байдаг. Гал гарсан шалтгааныг тодорхойлохоор энэ сарын 22-нд 624 дүгээр вагонд үзлэг хийсэн актаар богино холболт үүссэн гэж үзжээ.
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2007 онд БНХАУ-ын Таншань хотын Вагоны үйлдвэрээс УБТЗ ХНН-ийн дарга В.Отгондэмбэрэл 13 суудлын вагон, вагон-ресторан, тээшний вагон болон дизель генератор суурьлуулсан тусгай вагоноос бүрдсэн цогц бүрэлдхүүнийг 13.26 сая ам.доллароор худалдаж авч байжээ. Тухайн үедээ өндөр үнээр худалдаж авсан гэх асуудал өрнөж байж байгаад чимээгүй болсон энэхүү вагонуудыг балаг одоо ч үргэлжилсээр байна. “Шинээр” худалдаж авсан вагонуудыг Монголд авчрах замд нэг вагон нь шатаж, тухайн үеийн Төмөр замын агентлагийнхан эрчимтэй хөөцөлдснөөр хохирлыг нь барагдуулж, тэр вагоноо сольж авсан байдаг. Гэтэл түүнээс хойш 10 жилийн дараа УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нь гэнэт энэ хэдэн вагоныг өндөр үнээр их засварт оруулах шийдвэр гаргасан нь олон мэргэжилтнүүдийн дургүйцлийг хүргэж байсан. Мэргэжилтнүүд их засварын хугацаа болоогүй байсан, төлөвлөгөөнд ч ороогүй байсан, учир нь тус вагонууд жил алгасаж Бээжингийн чиглэлд аялдаг байсан учир бодит ашиглалтын хугацаа нь таван жил орчим байсан гэдэг.
Хамгийн сэжигтэй баримт нь бол ЗТХЯамны хийсэн шалгалтын дүгнэлт байдаг. Тус дүгнэлтэнд хийгдсэн ажлуудыг тодорхойлох боломжгүй гэж бичсэн байдаг нь их олон зүйлийг өгүүлж байна. Тухайлбал үйлдвэрэгч Таншаний үйлдвэрээс өөр хувийн компаниар засварын газраар хийлгэсэн гэх мэргэжилтнүүдийн хардлага ортой байж болохыг бататгасан тийм дүгнэлт гарсан байлаа.
Нэгэн удаа АНУ-д амьдардаг 2 монгол залуу ярилцаж байхыг сонсов. Миний танил нөгөө залуугаас “Чи хаана ажиллаж байна?” гэж асуухад нөгөө залуу “Би шалан дээр ажиллаж байгаа” гэж хариулав. “Хэдэн саалттай юм бэ” гэж миний танил асуухад “Хоёрхон” гэж хариулахад “За,за. Боломжийн юм байна” гээд энэхүү богино яриа дуусав.
Энэ ярианаас юу ч ойлгоогүй би “Та хоёр сая юуны тухай ярьсан бэ?” гэж асуухад танил минь тайлбарлаж өглөө. “Шалан дээр ажиллана” гэдэг нь том худалдааны төв (shopping mall) шөнийн цагаар цэвэрлэхийг хэлдэг юм байна. “Хэдэн саалттай” гэдэг нь хэдэн хүний гар дамжсаныг хэлж байгаа юм байна. Тэгээд хоёр хүний гар дамжсан гэхээр бололцооны гэж үзсэн нь тэр гэнэ. Яг ийм “саалт” УБТЗ ХНН-т олон жил үргэлжилж байна...
1949 оноос хойш хүчин төгөлдөр байгаа гэрээг өнөөдөр хүртэл бид өөрчилж чадсангүй. М.Энхсайханыг Монгол улсын Ерөнхий сайд байхад тухайн үеийн УБТЗ-ын дарга Р.Раш нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн жишгээр Монголын тал нь 51 хувьтай болох санааг эрс эсэргүүцэж, “Орос ах наргүй бол бид баларна” гэж хэлээд болиулсан гэдэг. Энэ тухай тэр ярианд оролцсон гэх нэгэн ахмад төмөр замчин ярьсан юм. Бичлэгийг нь сонсоогүй, тэмдэглэлийг нь хараагүй.
Гэхдээ тэр үед ОХУ-ын Зам, харилцааны яамны сайд, дараа нь тэр нь аж ахуйн нэгжийн хэлбэрт орж “Оросын төмөр замууд” гэдэг компани болж өөрчлөгдөхөд түүний анхны Ерөнхийлөгчөөр томилогдсон Геннадий Фадеевгэгч маш том нөлөө үзүүлсэн гэдэг. Р. Раштай дотно харилцаагаа ашиглаж, тухайн үед салж бутарч, шинээр байгуулагдсан тусгаар улсуудад үнэгүй, бүхлээр шилжүүлж байсан төмөр замуудтай адил Монголд УБТЗ-ыг шилжүүлэх боломжийг хаасан.
Р. Раш нь энэ хүнтэй дотны найз гэдгээ нуудаггүй бөгөөд Г.Фадеевийн бичсэн“Миний хувь заяа-төмөр зам” гэдэг номны эхний хуудас дээрх дурсгалын үгсээр ч бахархаж явдаг юм билээ.
Магадгүй, энэ үед бид алтан боломжоо алдсан байх. Гэхдээ нэгэнт өнгөрсөн юмны хойноос харамсаад нэмэргүй.
Гэхдээ ардчилсан Монгол Улсын түүхэнд энэхүү УБТЗ-ыг үүсгэн байгуулсан гэрээг өөрчлөх гэж Монголын талаас ямар сайд, хэн гэдэг хүн хамгийн их чармайлт гаргав?
Миний үзсэн эсвэл надад олдсон материалаас үзэхэд энэ асуудлыг маш олон удаа гаргаж ирж, тодорхой шийдэл олох гэсэн хүн нь бол манай өнөөгийн ерөнхийлөгч, тухайн үеийн зам, тээврийн сайд Х.Баттулга яах аргагүй мөн.
2009 оны хоёрдугаар сард ЗТБХБ-ын сайд байхдаа УБТЗ-ын Хувь нийлүүлэгчийн хувьд тухайн үеийн ОХУ-ын Төмөр замын агентлагийн дарга Г.П. Петраковтай уулзаж, УБТЗ-ын дүрэмд оруулах өөрчлөлтүүдийг хэлэлцсэн боловч энэ асуудлаар Оросын тал завсарлага авсан байдаг.
Түүний дараа энэ асуудлыг тухай үеийн дэд сайд А.Гансүх ОХУ-ын тээврийн дэд сайдтай хэд хэд уулзаж, хэдэн санамж бичиг зураад энэ асуудал чимээгүй болсон.
Дараагийн зам тээврийн асуудлыг хариуцсан олон сайдуудад энэ гэрээ тус байгууллагын дүрмийг өөрчлөх хугацаа ч байгаагүй, сонирхол ч байгаагүй биз. Социализмын үеэс бидний сэтгэлд өгөөмөр сэтгэлтэй, инээмсэглэсэн орос хүний дүр үлдэж. Гэхдээ цаг хугацаа өнгөрч, бид ч өөр болж, тэд ч өөрчлөгдөж. Ингээд Оросын тал УБТЗ-д хэрхэн ашиг сонирхлоо хэрэгжүүлдэг талаар цаашид баримтаар харуулах болно.
Үргэлжлэл бий.