Талбай дээр жагсч байгаа олон зуун залуус нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардахаас гадна энэ бүх завхралын шалтгааныг засч залруулахыг хүсч байна. Тэд улс төрийн намаар дамжиж, эрх мэдлийг хэтрүүлэн шударга бус байдал гаарсныг эсэргүүцэж олон мянган эгэл иргэдийн боломжийг хулгайлсныг жигшин дуу хоолойгоо нэгтгэж байна. 

Бас энэ байдал аль нэг дарга, бүлэглэл, засгийг сольсноор өөрчлөгдөхгүй бүхэл бүтэн тогтолцоогоор нь, системээр нь өөрчлөхгүй бол үр дүнд хүрэхгүйг ярьцгаах боллоо. Тэгэхгүй бол нэг хэсэг хүмүүс өөрчлөгдсөн ч дараагийнх нь гарч ирсээр л байх болно. Угаасаа дараагийн ээлжийнх нь бялуугаа хүртэхээр Засгаа унагалаа, Засаг байгуулагдлаа гэж хүлээн зөвшөөрдөг сэтгэл зүйтэй болчихсон байсан цаг хойно. Харин одоо орвонгоор нь өөрчилж байж, завхралын түймрийг дарах учиртай. Нийгмийн хатуу шаардлага, олон нийтийн хяналт, хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг нэхэж сөрсөн галаар цурамд оруулах шаардлагатай. Тэгэхгүй бол хэсэгхэн зуурын гал намжаагаад үлдээвэл хэсэг хугацааны дараа эргээд цогшиж, завхралын түймэр дахин үргэлжилнэ. 

Тэртээ ерээд онд буюу Ардчилсан хувьсгалын дараа шинэ хуучин үеийнхнийг нэгтгэсэн улс төрийн олон намын төлөөлөл бүхий Ардын их хурлын 430 гаруй депутат, бага хурлын 50 гаруй гишүүн 75 хоног хэлэлцэнШинэ Үндсэн хуулийг батлахдаа зарим зүйл заалтыг нь байнгын ажиллагаатай парламентад даатгаж үлдээж байсан гэдэг. Тэр үед нэгэн асуудал гарсан нь Ерөнхийлөгчийн хийгээд парламентын засаглалын алийг нь баримтлан явах тухайтад санал яг тэнцжээ. Хэдийгээр ардчилсан Үндсэн хуулийг төр иргэн, иргэний нийгмийн харилцааны суурь зарчмуудыг сайн хангасан хууль гэж үздэг ч засаглалын эрхийг тогтоохдоо эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй зарчмаар парламентад ч эрхийг нь өгч, Ерөнхийлөгчөө ч харж үзсэн бөөрөнхий шийдвэр гаргасан нь 30 жилийн завхралын эхлэлийг тавьсан гэж үзэх хүмүүс их бий. Парламентын засаглалтай гэж байгаа ч Ерөнхийлөгч ч ард түмнээс сонгогдчихно. Эв нэгдлийн бэлэг тэмдэг гээд ёслочихсон. Тэгсэн атлаа Ерөнхий шүүгчийг сонгоно, ерөнхий прокурор ч гараас нь гарахгүй. Үе, үеийн Ерөнхийлөгч нар намаасаа түдгэлзэж, нэр дэвшинэ, хэсэгхэн хугацааны дараа намынхаа хамгийн заналт дайсан болж хувирна. Эргээд нэгийгээ барина, базна. Шүүх прокурооор далайлгана, дарамтална. Намынхаа хамгийн нөлөөтэй хүн байж Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүн эргээд намдаа ч, юундаа ч, хэнд ч хамааралгүй, хэн ч үгийг нь сонсохгүй болохоор хямардаг юм шиг байгаа юм. Н.Багабанди Ерөнхийлөгч эсрэг нам нь давамгайлсан парламентаас Ерөнхий сайдаа томилуулах гээд Да. Ганболдын нэрийг оруулж ирэхэд долоон удаа буцааж байв. Нам нэгтэй Н.Энхбаярын Засгийн газрын үед ч тэдний дайсагналцал тун ил өрнөдөг байлаа. Ц.Элбэгдорж Н.Алтанхуяг нарын үед ч тэр. Ерөнхий сайд хийж байгаа хүний охины хэрэг гээд шүүх прокурор дээр явж л байв. Х.Баттулгын үед ч бас өөр өөрийн онцлогоор өрнөсөн. Энэ бүх үйл явдал хүн ярихаасаа илүүтэй тогтолцооны гажигаас үүссэн гажуудал байсан юм. Улс төрийн өдөр тутмын үйл явцад саад учруулж, эдийн засгаа ямагт савлуулдаг зовлон үүнээс улбаалан үүссээр байв. МАН хүч давамгайлсан парламент Үндсэн хуулинд өөрчлөлт хийхдээ бага сага асуудлаа шийдэх гэж оролдсон боловч удирдлагуудын нь Х.Баттулгатай ойр байсан тэдний харилцаа нь МАН-ыхныг хангалттай хөдөлгөж чадаагүй. Тэгээд л одоо дахин дахин өөрчлөлт ярьж ард олны дургүйцэл гайхашралыг хүргэсээр. Гэхдээ одоо тогтолцооны өөрчлөлтийг ярьж байгаа бол ярьсан шиг яриад завхралын шалтгаануудаа засах л хэрэгтэй. Сонгодог парламентаа бэхжүүлэх тодорхой алхмаа хийж, Үндсэн хуулинд сонгууль яг ямар тогтолцоогоор явахыг маш тодорхой заачих шаардлагатай. Тэгж байж сонгууль дөхөж ирээд өөрсдөдөө ашигтай хувилбарыг сонгодог марзан байдлаасаа гарч чадна. Олон нийт жижиг мажоритор бол маш их мөнгө шаарддаг жинхэнэ утгаараа мөнгөнийсонгууль болдог гэдгийг ойлгож байна. Хэдэн тэрбум шаарддаг хөрөнгийг гаргасан нэг нөхөр дараа нь тэр аргаараа шархаа нөхөх гэж оролддог гэдгийг нэгэнт мэддэг болсон. Томсгосон мажоритор нь ч ялгаагүй. Нэмээд намаараа өрсөлдөхөөс гадна нам дотроо ч нэгийгээ ухах шаардлага тулгардаг. “Би үхсэнээс чи үх” гэдэгтээ тулдаг л даа. Хамгийн гол нь энэ сонгуулийн систем нь оролцоог хангаж чаддаггүй. Намуудад өгсөн иргэдийн санал ч үнэгүйддэг, хүйсийн тэгш байдлыг ч хангахгүй ер нь нийгмийн бүхий л бүлгүүдийн оролцоог хангаж чаддаггүй. 2012 онд холимог тогтолцоо руу багахан алхам хийж 76 суудлаа 28 ба 48 гэж дийлэнх нь тойргоос багахан нь намын жагсаалтаар зурагласан ч 2016 оны сонгуулиар хойш нэг алхаж буцаад л жижиг мажоритор руугаа шилжсэн харамсалтай үйл явдал болсон юм. Ерөөсөө аль тогтолцоо өөрийн намд ашигтай байгааг дөхүүлж байгаад шийддэг тэр боломж эрх баригчдад байсан учраас ийм явдал болсон. Хэрэв Үндсэн хуулиндаа тусгаад өгчихвол увайгүй сэдлээр өөрчлөлт хийгээд байх боломжгүй болох юм. Холимог тогтолцоонд шилжвэл нийгмийн оролцогч талуудын тэгш оролцоог хангах үндэс бүрэлдэнэ. Түүнээс одоогийнхоор нэг мөнгөтэй нөхөр тойргоо усалж, усалж мөнгөөр гарч ирчихээд тэр аргаараа мөнгөө олохыг боддог. Баахан бизнесмэн төрд гарсны учир ч үүнтэй холбоотой. Бас сайжруулж байна гэж өөрчлөөд дордуулсан зүйл заалтаа ч нэгмөр засах ёстой. Улс төрийн нам байгуулахдаа сонгогчдын нэг хувьтай тэнцэх тооны саналыг авах тухай оруулсан санагдана. Одоо Дээд шүүхэд бүртгэлтэй гуч гаруй намд давуу талыг бий болгож байгаагаас яг талбай дээр байгаа залуу үеийнхэн үзэл бодлоо нэгтгээд цаашид нам байгуулна гэхэд хатуухан нөхцлийг сүүлд өөрчлөхдөө оруулчихсан байгааг буцаагаад засах л хэрэгтэй. Засвал зассан шиг засаад сайжруулаад явах л хэрэгтэй. Тухайн үедээ Ерөнхийлөгчид таалагдана таалагдахгүй гээд шийрэгнэн хийсэн өмнөх өөрчлөлтүүд бол дутуу алсан могой. Мөн намуудыг Дээд шүүхэд бүртгэдэг байдлыг ч өөрчлөх хэрэгтэй талаар талууд байр сууриа илэрхийлж байна. Эрх барьж байгаа нам шүүхэд нөлөөлдөг тэр гажуудал МАХН ба МАН-ын нэрийг шийдсэн хэрэг дээр ч, одоо АН-ын тамга тэмдгийн өнөөдрийн хэрүүл гээд олон завхралд хүргээд байгааг цөөнгүй хүн онцолж байна. 

Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулийг нь баталсан байх ёстойг нэг жилийн өмнө гэж өөрчилж өгсөн нь дэвшил болсон ч 2023 оны зургадугаар сараас өмнө батлах ёстой хуулийн сураг ч алга байна. Ээлжит бус энэ тэр яриад эхэлсэн өнөө үед тоглоомын дүрэм тодорхойгүй сунгаанаас юу гарах бол. Эргэлзээтэй л байна. Тиймээс яаравчлан ярих ёстой хуулийн нэг бол Сонгуулийн тухай хууль. Ер нь явах зам нь тодорхой, хуулийн заалт сэлт тодорхой байж талуудад шударга байдаг. Хэрхэх нь мэдэгдэхгүй байж байгаад хийдэг зүйл хуйвалдаан руу л түлхдэг. Тиймээс энэ хуулийг яаралтай батлуулах бас зүйл заалт бүрийг хянах нийгмийн шаардлага байна. Намын санхүүжилтийг шилэн болгож, ордог гардаг дээр нь хяналт тавьж бас санхүүжилтийг төрөөс шийдэх дараагийн алхам руу орох хэрэгтэй. Намын нэрээр эрх мэдэлд хүрсэн, хэмжээ хязгааргүй төрийн мөнгийг нүүрсний хулгай шиг иддэг хүмүүст нэмж санхүүжилт өгнө гэж юу байдаг юм гэж бодох улсууд гарах байх. Гэхдээ хуулиар санхүүжилтийг шийднэ гэдэг эргээд хяналтыг тогтоох гол хөшүүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол авлигын мөнгө намаар дамжиж байна гэдгийг Хууль зүйн сайд нь хүртэл хэлчихээд байна шүү дээ. Тогтолцооны түвшинд өөрчлөлт хийхгүй бол дараа нь дахиад л 60 тэрбумынхан гарна, ЖДҮ-чид гарна, Хөгжлийн банкийг тоногчид гарна, бас нүүрсний хулгайчид тасрахгүй. Хэчнээн их шуугисан билээ. Тэгээд хэнд ямар хариуцлага үүрүүлсэн билээ. УИХ-ын даргыг нэг буулгасан байх, ЖДҮ-гээс арга саамаа олж чадаагүй, ганц нэгээр туг тахисан байх, бусад нь бахь байдгаараа. Одоо л өөрчлөлтийг хийхгүй бол хулгай нүүрлэсэн завхрал зогсохгүй. Дараагийн удаа, дараагийн бүлэг нь, дараагийнхаа үеийнхэнтэйгээ ороод л ирчихнэ. Яг одоо л өөрчлөх цаг нь. Тэсгим өвлийн хүйтэнд өлчир мөлчиртөө биш үнэн бодит өөрчлөлтийг яг одоо хийгээсэй гэсэндээ залуус жагсч байгаа юм шүү.