Английн Ливерпүүл хотын нэгэн дунд сургуульд байхдаа Жон Леннон, Пол Маккартни хоёр үе тэнгийн олон багачууд залуучуудын нэгэн адил “I love you” (Би чамд хайртай) хэмээн дуулж байсан.

Гэвч цаашдаа Жон өөрийн уянга, өнгө, бодлын  “хэлхээ”-гээр шүлэг шадлан Полтой хамтран дуулсныг та бид мэднэ. “A day in the life” (Амьдралын нэгэн өдөр), “Yesterday” (Өчигдөр), “All you need is love” (Чамд зөвхөн хайр дурлал хэрэгтэй) эдгээр дуунууд XX зууны сонгодог бүтээл болсныг судлаач, шүүмжлэгчид нэгэнт тогтоон баталсан. Гэвчиг, Жон Ленноны уран бүтээл, амьдралын нэгэн талыг бид үл анзааран өнгөрчээ...

Жон Леннон – жүжгийн зохиолч, гүн ухаант, жүжигчин

Тийм ээ, түүнийг жүжгийн зохиолч, кино жүжигчин байсан гэдгийг шүлэг, дуу, хөгжим бичдэгээс нь хавьгүй цөөхөн хүмүүс мэдэх буй заа... “London evening standard” (Лондонгийн үдшийн стандарт) сонинд өгсөн нэгэн сурвалжлагдаа Жон Леннон “одоо бид Есүс Христ бурхнаас илүү олон хүмүүст шүтэгдэн, хүний зүрх сэтгэлд илүү хайр дурлал, энэрэл, хүнлэг үзлийг сэргээж байна. Энэ нь загалмайтан шашинтан төдийгүй олон түмэн орны ардын сэтгэлд нийцэж байгаа юм” хэмээн “айлдсан” ажээ. Энэ хэр зэрэг “үнэн”-д нийцэхийг “бурхан” мэдэг!

Дэлхийд алдаршсан бүтээл болох “Strawberry Fields Forever” (Гүзээлзгэнийн талбай мөнхөд) хэмээх утга уянгын ухаарал дуундаа тэрбээр бага залуу насны баясгалан Ливерпүүл орчмын үзэсгэлэнт байгаль бүхий газрыг нэрийдэн зохиожээ.

“Strawberry fields forever” түүнийг, тийм ээ зөвхөн Жоныг, “буудаж” алсныг би гайхдаг юм? Энэ “улс төрийн аллага” аймаар “галзуу” хүний адармаатай явдал уу? Бүү мэд.

Жон Ленноны гарал үүсэл нь Ирланд аж. О’Леннонайн хэмээх хуучин Ирланд гэр бүлээс удам угсаа нь хөтлөгдөж иржээ... 

Ирланд нь  Британы арлуудын нэгэн хэсэг бөгөөд тусгаар тогтнолын төлөө олон зуун жил тэмцэж ирсэн.

 “Бельфаст” дуутай цомогт төрөл төрөгсдийнхөө тухай (дугтуйн дээр) нийтэлсэн байдаг. Бүр бага балчираасаа Жон Леннон зураг зурж, түүндээ тайлбар бичдэг байжээ. Тэрбээр түүнээ хурц ёгт үг, далд утгатай зүйр үг, хэлц  санаа бичдэг байсан нь цаашдаа зөн ёрын жүжиг бичиж эхлэхэд нь дэм үзүүлсэн нь гарцаагүй ээ. Леннон үлгэр, ёгт шүлгийн хэдэн түүврээс гадна жүжгийн зохиолын  боть номтой ажээ. 1967 онд Америкийн зохиолч Адрин Кеннеди, жүжигчин Спинелли хоёр Лондонгийн алдарт “Old Vic” (Олд Вик) театрт “Нэгдүгээр үзэгдэл буюу гурав дах тайз засал”-ын жүжгийг нь найруулан тавьжээ. Английн хатан хааны Үндэсний театрын удирдагч суу билэгтэн Лоурэнс Оливье уг жүжгийг Шекспирийн театрын урын санд тоглуулж байжээ. Аз тааралдан Жон Ленноны жүжгийг Лондонд үзэх “завшаан” олджээ. Амьдралыг “нөлөөт толь”-нд тусган үзүүлснийг хараад анх удаа огт “шүүмжилсэнгүй” гүн бодолд автсан...

Мөн Жон Леннон 1966 онд дайны эсрэг кинонд жүжиглэснээр тодорхой хэмжээний “авьяастай” болохоо харуулсан юм. (Найруулагч Дик Лестер “Би дайны хэрхэн ялсан нь”) Цаашдаа Жон олон кинонд амжилттай тоглосон юм.

“Битлз миний анд”

"Yellow submarine /Шар шумбагч усан онгоц -аас  "Let it be /Хэзээд ийм байг”-ийг хүртэл...

“Yellow Submarine” буюу “Шар шумбагч усан онгоц ” пянз 1968 оны дундуур бичигдэж тус оны XII сард анх худалдаанд гарчээ. Түүнчлэн “Шар шумбагч” нэртэй хүүхэлдэйн кинонд зориулан дөрвөн ая бичигдсэн аж.

Пянзанд Жорж Харрисоны хоёр шинэ дуу байдаг. Тэдгээрт Энэтхэг содон хөгжмийн нөлөө тун содон сонсогдох бөлгөө. Жишээлбэл "Only a Northern Song" (Зөвхөн умард аялгуу дуу)ы хөгжмийн хэмнэлийг байнга сольж тоглосон байдаг бол Жон Пол хоёрын “Hey Bulldog” дуунаас амьдралын баяр баясгалан, шоглол, бүгдийг олж болно. Тэр дуу Битлзийн анхны дуунуудыг санагдуулдаг, мөн тоглоомоор нохойг дуудан “хуцдаг” “сонин” ч хэсэг бий...

“All you need is love” (Чамд зөвхөн хайр дурлал хэрэгтэй) дууг мөн тэр цомогт оруулсан нь санамсаргүй хэрэг бишээ! Дуунд хайр энэрэл, зөвхөн хүн төрөлхтөнд төдийгүй “амьд” ертөнцөд “хэрэгтэй” гэж дуулдаг. Битлзийн энэ дуугаараа дэлхийн олон сая хүний сэтгэлийн дахин хайраар хөгөлсөн билээ. “Хайр” хэмээгч бид бүхэнд хэрэгтэй гэсэн энэхүү уриа, үзэл баримтлалыг дэлхийн олон хөгжимчид түрж бадамлуулан дуулсан биш үү? Дуу Францын сүлд дуулал Марсельез -ээр эхэлдэг адил ардын дуу “Creensleeves”-ээр төгсдөг. Мөн “All together now” дууг Пол Маккартни цэвэр тунгалаг хоолойгоороо дуулсан нь зүрхэнд хоногшим сайхан...

“Шар шумбагч” цомгийн техникийн дуу бичлэгийн талыг урьдын адил Жорж Мартин бичиж, найруулсан. Тэрбээр сонгодог хөгжмийг эрстад хөгжимтэй хослуулж “наалдуулан” бичдэгээрээ “зар”-д гарсан “дархан” хөгжмийн найруулагч.

Олон дууны ая, жүжиг, киноны хөгжим лугаа уран дүрслэл, гүнзгий бясалгал, цог золбоотой байдлаараа тэднийг барин хэрхэн хувьсаж өөрчлөгдөж буй нь ажиглагдана.

“Sea of time” (Цаг хугацаа хэмээгч далай-тэнгис) дуунд энэтхэг хөгжмийн зэмсэг ашигласан нь Дорно дахины “бясалгал”-ын зураглалыг тодотгож сонордуулдаг. Тус цомогт Европын романтизм болон импрессионизмын шууд нөлөө их мэдрэгддэг. (“Pepperland Laid of Waste”, “March of the Meanies”) Битлзийн дүр төрхөд сонгодог хөгжмийн зохиолч Б.Барток, С. Прокофьев, Ж.Гершвин нарын аяс, өнгийн гармони зохирол ,үлгэр, сонгодог уламжлал гарцаагүй сонсогддог.

“Шар шумбагч” цомогт Иоганн Себастьян Бахын дэвсгэр аялгууны ая  хөгийн харьцааны замнал уламжлал мөн адил мэдрэгдэнэ. Цомгийн техник-удирдагч Жорж Мартин хэрэв пянзны үйлдвэрийн эзэн-дууны найруулагч болоогүйсэн бол Холливудэд (АНУ-ын кино студи-хот) хөгжмийн зохиолчоор чамгүй олзтой амьдрах байсныг тэмдэглэх нь илүүц биз ээ.  

“Let it be” (Хэзээд ийм байг ) буюу “Битлз”-ийн 13 (муу тоо) дах цомог тэдний хувьд сүүлийнх нь болсон юм. Тэрбээр 1970 оны 3 дугаар сарын 8-ны өдөр анх өргөн олон сонсогчийн гарч дээр очсон ажгуу. Пянз-цомог “Get Back” (Буцъя аа) киноны аялгуу болон зохиогдох “ёстой” байсан хэдий ч тэр үеэс Жон Леннон, Пол Маккартни нарын урьдын сайхан алдарт “хослол” цуурч, эв түнжин муутай болсон байдаг. Мөн Жорж Мартиныг дууны найруулагч Глин Жонсоноор “сольж” бүр сүүлдээ алдарт дуу хөгжмийн инженер Фил  Спектор “найруулан, монтажилж” бичсэн. Хэдий тиймэрхүү нөхцөл байдал үүссэн боловч Битлз бүтээл туурвилаараа шинийг эрх олж баяжуулан хөгжмийн сан хөмрөгийн “ид шид”-ээ гялалзуулан харуулсаар байсан юм.

“Хэзээд ийм байг /Let it be ” цомгийн гол үүргийг Пол Маккартни нэгэнт “зүй ёсоор” хүлээн авчээ. Тэрбээр хурц, цоглог, уянга, төгс цогцлон, тэмүүлэлтэй, сүр нүргээнтэй, сүлд дуудлагыг аль алиныг нь ч төгс хэрэглэдгийг бид цөм сайн мэднэ.

“Across the Universe” (Ертөнцийг туулан), “I Me Mine” (Би миний надад) “The long and winding road” (Урт, бэрх зам) зэрэг дуунууд нь уянгын намуухан аятай боловч гүн гүнзгий утга, яруу найргаараа XX зууны хөгжмийн түүхэнд үлдэх нь дамжиггүй.

Жорж Мартин буюу тав дах битл

Битлзийг дууны найруулагч хөгжмийн зохиолч Жорж Мартингүйгээр төсөөлөхөд хэцүү.

1962 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Битлзийн анхны бичлэгийг Жорж Мартин сонсож, дув дуугүй хэсэг сууснаа “Бөмбөрчнийг солих хэрэгтэй” гэсэнд Пит Бест – бөмбөрчнөөс (Хамбург хотноо тоглолтоос танилцсан Ринго Старыг  Битлзд авч) салах болсон.

 “Рони Сторм буюу Харрикенз” чуулгын бөмбөрчин Ричард Старки (хожим нь Ринго Старр) Битлзд нэгдсэнээр тэдний алдарт замыг хамт туулах болсон билээ. Жорж Мартин туршлагатай хөгжимчнөөс гадна туйлын их авьяаслаг, дууны найруулагч байсан. Тэрбээр “XX зуун бол “электрон” зуун, хэн үүнд эргэлзэнэ тэр өнөөгийн цаг хугацаанаас хожигдож, ертөнцийг үл ойлгож байна. Хэрэв өнөөдөр Бетховен амьд байсансан бол тэрбээр студи-бичлэгийн хамгийн хүчтэй хөгжимчин болж, Моцарт телевизийн “рекламын” хөгжим зохиодог байдаг байсан болов уу?” хэмээн сонинд  ярьсан. Жорж Мартин Битлзт акустик хөгжмийн “нууц” шидийг тайлан, уран сайхны  болон жинхэн мэргэжлийн түвшнийг дээшлүүлж, үг, ая, уянга утга  гурвын ухаарлыг нээсэн нэгэн мөн.

Жорж Мартиныг “Yesterday” (Өчигдөр), “Eleanor Rigby” (Элинор  Регби) нарыг студид бичихэд найрал хийлийн эгшиг, урин сонгодог хөгжмийн аяс оруулсан. Энэ дууны хэлбэрийг бүрмөсөн өөрчилж симфони чанартай болгосон. Жон Леннон хэлэхдээ “Бид улам сайн, техниктэй, аялгуу сайтай болсон. Бид техник “сурч” эхэлсэн.” Гэж Мартины тухай хэлсэн байдаг.

Цаашдаа Жорж Мартин Лондонд дэлхийд (1965 оны) хамгийн том буюу төгөлдөр дуу бичлэгийн студийг 400’000 мянган паунд стерлингээр худалдаж авсан. “Movd” системийн бүх синтезаторууд 16 зайтай бичлэгийн лент, орчин үеийн техникийн бүхий л арга барилтай “лантгар” том пуус болсон.

Жорж Мартины уран бүтээлийн ноён оргил нь 1974 онд Энэтхэгийн домогт “Mahavision”-ийн концертыг Лондонд “Апокалипсис” пянзыг гаргасан явдал юм. Жич: Апокалипсис – ертөнцийн мөхөл гэсэн утгатай үг.


“Хувь хувийн уран бүтээлийн зам”

Ринго Старр “гоцлон” концерт бүтээх гэж “ядарсангүй”. 1970 онд түүний анхны арван хоёр дуут “Сентиментал жоурней” (Уянгын аялал) пянз гарсан. Түүнд алдарт хөгжимчин Кунтан Жонс мөн найз Пол Маккартни нар тусалсан.

Мөн 1970 онд Ринго (АНУ-д) Нашвилл хотод “кантри” барилаар бичлэг хийсэн юм. (“Бисапоуз оф блюз”) Ринго өөрийн зохиосон “Coocky coocky” (Кушу кушу) дууг анх гитар даран дуулсан.

Рингогийн даруухан, эелдэг зан, чанар рок хөгжимчдийн талархлыг хүлээдэг байжээ. Старрын дуунд Жорж Харрисон, Эрик Клаптон, Клаус Ворман (1971 онд) “Рекс” чуулгын од Марк Боулан, Бобби Киз нар оролцож байсан нь үүнийг гэрчилнэ. 

1990 онд Ринго Старр тавин насныхаа босгыг давжээ. Өнгөрсөн жилүүдэд нь түүнд баян тансаг амьдрал, чөлөөт сэтгэлгээ, аз жаргал гээд бүгдийг авчиржээ. Тэрбээр жүжигчин, яруу найрагч, киноны хөгжим найруулагч гэх мэтээр бүгдийг хослуулан туурвидаг болжээ.

АНУ-д “Ринго Спэшл” нэвтрүүлэг-концерт өнгөрсөн жил нь мөн маш их амжилттай болж өнгөрчээ. АНУ-ын телевизэд ажиллахдаа Ринго Калифорнид аж төрдөг, байнга оршин суудаг газар нь Монако. (Европын тус улсад ашгийн татвар АНУ-аас  харьцангүй бага  offshore бүс  юмсанжээ.) Хантер Дэвисийн Битлзийн  тухай номондоо Ринго Старр сүүлийн жилүүдэд Битлзийг авч явсан хүн гэж бичсэн байдаг. Үнэхээр Битлз тарсны дараа түүний хамтран зүтгэгч нар Ринготой туйлын найрсаг байсан нь гайхамшигтай.

Жорж Харрисон тэдний Таагүр Рабидронат...

Жорж Харрисоны анхны пянз 1968 оны эхээр гарсан. Энэтхэгийн Бомбее хотод зарим дуунуудыг бичсэн учир Энэтхэг хөгжмийн зэмсэг, аялгуу, хөг Дорнын сонгодог айзмыг санагдуулдаг. Рави Шанзар (Энэтхэгийн алдарт ситарчин)Жорж хоёр хамтрах болсон юм. Жорж Харрисоны гурав дах цомог “All things must pass” (Бүх зүйл өнгөрөн одох нь жам)дэлхийн хөгжмийн хит жагсаалтын дээгүүр байр эзэлж байсан.

Дэлхийн эстрадын шилдэг хөгжимчид түүнтэй ажиллахыг хүссэн юм. Мөн мянга мянган олон сая шүтэн бишригчид, сонсогчид түүнийг Битлзийн гишүүний хувьд сонсдог нь хэвээр ..

Ринго Старр, Жинжер Бейкер, Клаус Ворман, Гарри Брукер, Эрик Клаптон, Дэйв Мэйсон, Питер Дрейн, “Бэдфингер” чуулга гэх мэт олон нэрт хөгжимчид оролцсон “All things must pass ” цомгийг Битлзийн “Sergeant Pepper's Lonely Heart Club Band ” (Жагсаалын дарга түрүүч Пепперийн ганцаардсан зүрхүүдийн/зүрхтэнгүүдын  клубын чуулга)цомогтой харьцуулан адилтгаж Харрисоны гоцлолыг тэмдэглэж байжээ. “My sweet lord” ( Миний хөөрхөн хонгор Бурхан) нэг жилийн дотор найман сая ширхэг нь зарагдаж. Мөн тэр дуунаас дуулиант хэрэг мандаж 1963 онд алдаршиж байсан “He’s so fine” (Тэр маш сайн) дуутай ая төстэй байсан аж.

1971 онд АНУ-д Жорж Рави Шанкартай уулзан Бангладешт болсон өлсгөлөнг зүрх шимшрэн сонсож тэр сэтгэгдлийн доор “Bangladesh” дууг зохиосон бөгөөд мөн тийм нэртэй өргөлийн концерт зохион байгуулжээ. 1971 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хэдхэн цагийн дотор 40000 мянган тасалбар зарагдаж, концертод дэлхийн од гитарчин Эрик Клаптон, Америкийн алдарт дуучин Боб Дилан, Леон Рассел, Билли Престон, Клаус Ворманн, Ринто Старр, Жим Килтнер, “Бэдфингер” чуулга, өөрөө Жорж Харрисон нар оролцон гурван цагийн урт цомог-пянз, дөрвөн сая ширхгийг зарж арван зургаан сая ам.доллар Бангладешийн иргэний дайны дараах өлсгөлөнд хэлмэгдэгсдэд шилжүүлжээ.

Мэдисон Сквер Гарденд болсон концерт Жорж Харрисоны “Бангладеш” дуугаар эхэлсэн ...

“Миний найз Рави Шанкар ирлээ
Түүний харцанд гуниг төржээ
Мөхөж өлсөж байгаа оронд нь
Туслах туйлын хэрэгтэй гэлээ
Бангладеш, Бангладеш
Өлбөрч, өлсөж байгаа орон
Битгий хажуугаар өнгөрөөрэй
Бангладешт туслаарай!”
хэмээн уриалан дуулсан.

Жорж цаашдаа Энэтхэг хөгжим гүн ухаан, шашин шүтлэгийг ихэд сонирхон “Lving in the Material World” ( Бодит Хорвоод амьдрахуй)цомог пянз гаргасан. Чуулга тарсны дараа Жорж уран бүтээлийн болон хувийн амьдралын хэд хэдэн том цохилтод орсон. Түүний эхнэр Патти Бойд түүний найз Эрик Клаптонтой суусан юм. Тэр гоо бүсгүй модель хүүхэн: “Эрик Жоржоос хавьгүй илүү гитар тоглодог” гэж хэлсэн гэдэг. Харин Жорж: “Би хэтэрхий цагаан цайлган байжээ.” гэж хариулсан байдаг.

Парист “Битүү Морь" буюу “Dark Horse” пуус байгуулан мөн нэртэй 45 хурдтай пянз гаргасан.

Тэрбээр Оливи эхнэр, хүү Дхани хамтаар аз жаргалтай уран бүтээлийн өөдрөг бодол дүүрэн байна. Жорж Харрисон: “Өдөр болгон тайзнаа гарснаар цэцэрлэгтээ газар ухаж байсан дээр” гэж үздэг, шилдэг дууны уралдааны талаар Жорж: “Хэрэв дуу минь хүмүүст таалагдаж байвал би баярлана, би пянз бичих талаар тэмцэгч биш, хэрэв эс таалагдвал би гутрахгүй. Яагаад вэ? Гэвэл амьдрал үргэлжилсээр байгаа биз дээ?” хэмээн асуултаар хариулан зогсном.

Тэр “тэр” чигээрээ гүн ухааны аялгуу яруутай уянгын намуу ая мэт санагднам.

Битлз тарсны дараа хамгийн их ажиллаж, бүтээж, амжиж яваа нь мэдээж Пол Маккартни!

Пол Маккартни буюу XX зууны сонгодог хөгжим

Мэдээж, тэр амжилт нь тэнгэрээс унаагүй...

Итгэхэд бэрх хэдий ч дэлхийд алдартай Пол Маккартны пянз бичихийн тул хамгийн их бэрхшээлийг туулсан юм. Продюссер Алан Клейн болон Пол хоёр шүүхээр “хөрөнгө, мөнгөө” хуваасан. 1970 онд анхны пянз нь түүнд алдар нэр нэмсэнгүй. Жон Ленноны нөхөрсөг шүүмжлэл, Жорж Мартины авьяас  хөгжмийн найруулгын техникийн  тусламж дутагдсаных биз ээ...

1971 онд “Wings” (Жигүүр) чуулга байгуулан “Wings wild life” цомгийн концертыг Европоор айлчлан тоглолтоор явсан. “Band on the run” гэх түүний тав дах цомог харин амжилтад хүрсэн. Пол тус пянзанд төгөлдөр хуур, гитар, челест, мелтрон гэх хэд хэдэн хөгжим дээр тоглосон нь сонсогчдын зүгээс ихэд сайшаагдсан. Хөгжмийн зохиолчийн хувьд кино, жүжигт нилээд дуу ая бичиж, шинийг илэрхийлсэн хөдөлгөөн зөрчилтэй, баян хэллэгтэй болохыг харуулсан.

1974 онд “MPL” Маккартны Паблишинг Лимитед – нотны хэвлэлийн пуус байгуулан шинэ, хуучин эстрадын дуучдын нот, номыг хэвлэх эрхтэй болсон ажээ. (Бадди Холмс, Ж.Гершвин, Скот, Джоплин болон  сонгодог аяс, симфони гэх мэт)

Битлз чуулгад байхдаа төдийлөн улс төр сонирхдоггүй байсан Пол 1972 оны хоёрдугаар сарын 19-нд “Give Ireland back to Irish" буюу Ирландыг ирландуудад нь буцаан өгөөч хэмээн дуу зохиосон. Мөн Маккартнигийн “Хи-хи-хи” нь Д.Нацагдоржийн  “Хи-хи-хи”-тэй утга нэг бөгөөд BBC хорьж байсан юм.

“Band on the Run ” цомгоос хойш өнөө хир дэлхийн сая сая сонсогчдыг баярлуулж буй. Тун саяхан  Стэнфорд их сургууль түүнд хөгжмийн шинжлэх ухааны доктор цол олгосон юм. Тэрбээр өөрийн эхнэр Линдад туйлын хайртай учир “Wings" чуулгад оруулсан бөгөөд  бүх л аялан тоглолтонд хамтран тоглодог ажээ.

Алдарт Rolling Stones  “Роллинг Стоунс” чуулгын ахлагч Мик Жаггер  Wings  бол Beatles  хойших хамгийн аугаа чуулга” гэж атаархал агуулалгүй айлдсан нь  байдаг.

Яг арван нэгэн жилийн өмнө 1980 оны 12-р сарын 8-ны өдөр 23 цагт Нью-Йорк хотод Манхэттон районд солиот Марк Чапмэны гарт Жон Леннон амь үрэгджээ. Эмгэнэлтэй энэхүү үйл явдалаар Битлсийн  хувь хувийн уран бүтээлийн зам дуусч  байгаа юм. Америкийн радио Жон нас барсныг зарлаж дуусаагүй байхад Дакота хэмээх түүний амьдран сууж байсан байшинд олон зуун хүн цугларсан байлаа. Дэлхий ертөнцийн олон мянган сая хүмүүс Лондон, Paris, Rom, Ливерпүүл, Москва, Берлин, Вена, Токиод рок хөгжмийн хамгийн алдарт яруу найрагчийг хүндлэн гашуудаж байсан билээ.

Түүний бичсэн “Энх тайванд найдвар өгөх тун” дууг дэлхийн дэвшлийн хүн бүхэн мэднэ. Бүр 60-аад оны үед Жоныг улс төрийн Битлз гэж нэрлэсэн ажээ. 1968 онд АНУ-ыг Вьетнамаас цэргээ татан авахыг шаардаж байсан юм. Иоко Онотой АНУ-д шилжин суух үед түүнд янз бүрийн саад тотгор учруулж байлаа.

Анхны хэдэн пянзыг Леннон эхнэр Иоко Онотой 

хамтран бичсэн. Гэвч түүний найз нөхөдтэйгөө Хатан хаан Элизабет зочид буудалд (Монреаль хотын) дуулсан “Give peace a chance” дууг цэлмэг тэнгэрт цахилгаан цохихтой адил үйл явдал болсон юм.

“Хүн болгон үүний тухай ярих юм.
Багизм, шагизм, драгизм
Энэ ч “-изм”, тэр ч “-изм”,
эдгээр ч “-измууд”, тэдгээр ч “-измууд”
Харин бидний уриалж байгаа
Энх тайвныг ертөнцөд олгооч!
Хамтарч цөмөөрөө хийцгээе!”
гэж дуулсан байдаг. Тэр үед Леннон өөрийн энэхүү дуу нь түүнийг энх тайвны тэмцэгч, бүхний сүлд болгоно гэдгийг төсөөлөөгүй биз ээ...

Жон Ленноны Иоко Оно 1969 онд Торонто хотод “Пластик оно банд” цомог бэлтгэжээ. Жоныг шүтэгчдийн хувьд Иокогийн дуулах нь туйлын өвөрмөц сонсогддог байжээ. Тэд Европын сонгодог хөгжмийн уламжлал дээр өссөн учир Японы дууны аялгууг үл ойлгож Иоко Оног шүүмжилдэг байсныг нуух юунд вэ?

Жон Леннон Хатан хааны шагнал Их Британы одонг дайныг эсэргүүцэн буцаан явуулсан аж. Энэ явдал Англид шуугиан дэгдээсэн боловч дэлхийн энх тайвны төлөө тэмцэгч хүчнийхэнд маш их нөлөө үзүүлсэн аж.

Бертран Рассел (гүн ухаантан) Жон Леннонд: “Би таны хийсэн үйлдлийг бишрэн хүндэлсэн, дайн гэж юу болохыг олон түмэн эргэцүүлэн бодно гэж найдна” хэмээн бичсэн байдаг. Жон Леннон Анжела Дэвистэй уулзсаны дараахан Angel дуу зохиож, Ирландын эх орончдод сэтгэл харамгүй тусалж, НҮБ-ийн зохиосон Хүүхдийн төлөө жилд 1969 оны 12-р сарын 15-ны өдөр концерт тогложээ.

Жоны 1971 онд гаргасан Imagine буюу Төсөөлөл гүн ухаан, утга уянгын гол санаагаа энэ дуундаа шингээсэн юм.

“Ертөнц дэлхий энх тайван
Ерөөсөө цөмөөрөө аз жаргалтай

Ер бусын уянга – хорвоотой
Мөнх сайхан сэтгэлтэй
Оршино хэмээн чи төсөөлөөч!”
гэж дуулдаг.

Нийтлэгч сэтгүүлч Хантер Дэвист тэрбээр: “Би уншлаа. Миний төсөөлөн ургуулж бодсон дэлхийд хүн болгон чөлөөтэй, бие биеэ хайрлан хүндэтгэж, дуртай ажил төрлөө хийдэг хөгжим урлагийг дээдлэн биширдэг байх юм.” Хэмээн бичсэн байна. Ийнхүү өгүүлснийг нь төсөөлөн бодоход үнэхээр диваажин гэж Бурханы сургасан орныг мөрөөдсөн бололтой. Бодоход их бүтээл, яруу сонсголон аяс, уран бүтээлчийн гэгээн гэрэл, тэнгэрлэг туяа мөнх хэмээгч нь сайхны ертөнц рүү сэтгэл зүрхийг өртөөлүүлсэн буй заа...

Учир юунд вэ? Ер нь Битлзийн дуу, шүлэг, жүжиг, кино, хүүхэлдэйн кино, ном бүтээл бүхэн дэлхийн иргэншлийн нэгэн их түүхтэй үе байсан гэлтэй. Яахав эртний Европын Д.Веласкес, П.Рубенс, Рембрандт, Н.Пуссен италийн сэргэн мандалтын алтан үе, Дорно дахины Энэтхэгийн Таж Махал, Японы өнгөлт цоолбор Укин-Э гайхамшигт Эрдэнэ Зуу маань энэ бүхнийг санагдуулам төгөлдөр ертөнц хэмээн бодогдуулна.

Жон Леннон бол угаасаа хөгжимчин байхаасаа яруу найрагч, гүн бодолтон, нийгмийн өөдрөг дэвшилт үзэлтэн байсныг мэдэхгүй хүн үгүй биз. Нью Йоркд суурьшин амьдрахад халаасандаа нэг ч улаангүй байсан гэдэг. Ямар ч байсан Марк Чапмен  гэгч ёстой л зэрлэг араатны гарт амь үрэгдэхдээ олон сая Нью-Йоркчуудыг уйлуулан дэлхий даяар гашуудал зарлуулсан. Багад 23-р сургуульд суралцаж байхад биднээс дээд ангийн залуучууд ялангуяа Эбби (Аbbey)  хочтой Вeatles cover ийн жинхэнэ мангас Энхбат ах  Жон Ленноныг алчихсан гэж уйлж байсныг тодхон санаж л байна.

Алс холын бөглүү Монголд минь

Улаанбаатарын Бага тойрогт  бас нэг хүн чин сэтгэлээсээ уйлахыг (би нүдээр үзсэн) бодоход үнэхээр аугаа хэмээгч хүн бурхан байсан юм болов уу?

Йоко Оно гэж хэн бэ?

Жон Ленноны Битлсээс гарах шалтгаан цаашдын бүтээл үзэл бодлыг сонирхож байгаа залуучуудад түүний эхнэр, япон-зураач Иоко Оногийн үзэл бодол, бүтээлийг судлах хэрэгтэй юм. Хамт ханилан амьдарсан жилүүдэд тэр Жонд маш их нөлөө үзүүлсэн юм. Мэдээж Йоко Оногийн түвшин бусад Битлүүдийн эхнэрүүдийнхээс хамаагүй илүү байжээ. Тийм учир Пол, Жорж, Ринго нар түүнийг Жонд хардан харамлаж харь элгийн хүн гэж байсан баримтууд байдаг.

1969-1970-аад онуудад Битлз тарах шинжтэй байсан болохоор мэдээж хэн нэгэн рүү буруугаа өгөх амархан байсан биз ээ? Одоо хир Йоко Оног зарим сэтгүүлчид хэл амтай зөрүүд япон хэмээн үздэг тал ч бий. Тиймээс түүний талаар мэдэх зүйлээсээ бичихээр шийдлээ.

Тэрбээр Токио хотод 1933 оны 2 дугаар сарын 18-ны өдөр төрсөн ажээ. Язгууртан сурвалжит хүний гэрт төрсөн учир Японы эзэн хаан Акихлтотэй нэг ширээнээ хамт суун суралцан цаашдаа аав ижийнхээ хүслээр банкны ажилтан болох ёстой байжээ. Гэвч Йоко Оно багаасаа уран зөгнөлд дуртай, жүжиг, шүлэг бичдэг, ээжтэйгээ бараг дэлхийн бүх орноор, харамсалтай нь Монголоос бусад, айлчлан аялж үзжээ. Мөн Японы гагусюны хотноо их сургуульд суралцаж байжээ. Эцэг нь банкны ажлаар Нью Йорк хотод суурьшин амьдрахад тус хотын Сара Лоренсын коллежид үргэлжлэн суралцжээ. Тэр үеэр Йоко бум түмэн шүлэг, өгүүллэг бичиж сонины газар явуулдаг байсан авч амжилтад хүрээгүй аж. Харин одоо яах байсан бол?

1957 онд Нью Йорк хотноо Йоко Оно анхныхаа нөхөр Японы хөгжимчин Тоши Ихиянаги хэмээгчтэй гэрлэжээ. Мөн цаашдаа авангард зураач Жон Кадт, Макс Эрнст, Энди Уорхол нартай хамтран зургийн үзэсгэлэн гаргаж байжээ. Цаашдаа Йоко Оно Тоши Ихиянагигаас салан кино найруулагч Энтони Кокстой сууж байжээ. Харин Жон Леннонтой 1966 онд өөрийнхөө зургийн үзэсгэлэн дээр танилцан улмаар 1969 оны 3-р сарын 20-ны өдөр Гибралтард албан ёсны гэрлэлтийн ёслол үйлджээ.

Мэдээж хүний амьдралд юм болохоор, зөрчил гэр бүлийн амьдралд нь гардаг л байж. 1973 онд тэр хоёр сайн дураараа үл мэдэгдэх хугацаагаар салжээ. 1975 онд эвлэрэн Нью Йоркд Жон Ленноны Дакота байранд 777 суурьшин 1975 оны 10 дугаар сарын 9-ны өдөр Оно Ленноны хүү Шон төржээ.

Жон Ленноны 1980 оны 7 дугаар сарын 6-ны өдөр сүүлийнхээ сурвалжлагад өгсөн ярилцлагадаа: “Би өөрийгөө дөчин настай гэж үзэхгүй байна. Би Йоко Онотой хүүтэйгээ олон жил аз жаргалтай амьдарна гэж бодож байна...” гэсэн байдаг.

Жон Ленноныг алж үрэгдсэний дараа Нью Йорк хотын дээд Генделийн нэрэмжит медалиар шагнажээ. Ингэж Пол, Жорж, Ринго нарын хувьд Билтз эргэн нийлэх горьдлого тасарч, хувь хувийн уран бүтээл л үлдэн, амьдралдаа Битлз болж нийлсэн алтан үе нь түүх болж үлджээ...

Хамбург хотод аялан тоглосон нь

1960 онд Германы  Хамбург хотод Битлз Рори Сторм чуулгатай  ээлжлэн тоглох ёстой байжээ.

Бруногийн Индра, Кайзер келлер ресторануудад Битлз 6-8 цаг тасралтгүй тоглож, ур чадвараа дээшлүүлэн байжээ. Мөн тэр үед туршлага багатай залуу хөгжимчид Рори Сторм бөмбөрчин Ринго Старртай танилцжээ.

Тодотгон хэлэхэд Битлзт Ринго Старраас өмнө Пит Бест бөмбөр тоглодог, мөн басс гитар дээр Стюарт Сатклиф тоглодог байсан юм. Цаашдаа Стюарт Хамбург зураач Астрид Кирхгеррдтэй гэрлэж үлдэж Пит Бестийг Хамбургаас эхлэн тоглолтонд оролцуулахаа больж байсны эцэст Битлзээс Жорж Мартины шаардлагаарбүрмөсөн  явуулсан ажээ.

“Битлз”-ийн менежер продюсер Брайн Эпштэйн .

Мебелийн дэлгүүрийн эзэн мөрөөдөмтгий энэ залуу ерөөлөөр “Битлз ”-уудтай төрөлх Ливерпүүл хотдоо учирсан юмсанжээ.

Энэ явдал нь 1968 оны 10р сарын 28нд тохиожээ...

Брайн “My Bonnie” пянзыг дэлгүүрийн цомгоос олоогүй тул “Агуй” Caverna"клуб тоглодог “The Beatles ” чуулгыг үзэхээр зорьжээ. Харанхуй, чийг даасан клубд Брайны дотор муухай оргисон боловч (тэрбээр угийн бие муутай байсан юмсанж). Урт үстэй дөрвөн залууг хоолой хослуулан дуулахад сэтгэл уяран харанхуй, бүтэж үхэм “Агуй”-д байгаагаа огт мартан зогссон гэнэ. Ингээд 1961 онд менежер продюсер Б.Эпштэйн “Битлз” чуулга хоёрын хооронд контракт гэрээ байгуулж, Жон, Пол, Ринго, Жорж нар амьдралынхаа хамгийн чухал баримтанд гарын үсэг зуржээ. Шинэ продюсер менежертэй болсон “Битлз” тайзны хөдөлгөөн, хувцас, тоглолт, репетиц, бүх юм амжилтад хүрэх анхны алхмуудаа хийж эхэлжээ...

“Битлз”- түүний музей

“Битлзуудын”  төрөлх хот болох Ливерпүүлийн оршин суугчид Жон, Пол, Ринго, Жорж нарын дурсгалыг нандигнан хайрладаг нь бахарлалтай “Каверна” (Агуй) хэмээгч зоогийн газрын хонгил  дох танхимд “Битлз” – (Сити) хэмээгч үзэсгэлэн байгуулан ажиллуулсан багагүй амжилт олжээ. Гэвч санхүүгийн талаас дэмжлэг (спонсор) олоогүй тул хаагдаж... АНУ-ын Даллас хотноо “нүүдэл суудал” болон оджээ.

Азаар ийм байдал удсангүй 1997-онд Музейг сэргээх ажлыг оёдолчин Майк Бирн нээжээ. Тэрбээр хоёр жилийн турш эхнэрийн хамтаар гэрэл зураг, тэдний эдэлж хэрэглэсэн байсан эд, зүйлс, хөгжим зэмсэг, хувцас хунар цуглуулахын сацуу аливаа урлаг соёлын байгууллагын амин сүнсийг сэргээхэд хөрс болох “санхүү – эдийн засагт” энгийнээр мөнгө хэмээгчийг цуглуулсан мөн ивээн тэтгэгч байгууллага олжээ. Тэр нь Их Британийн Жуулчлалын Холбоо ажээ. Тэр байгууллага тусламж үзүүлж мөн жуулчлалын “маршрут”-замд албан ёсоор тус музейг албан ёсоор оруулжээ... Мөн Лондон хотын алдарт цэнгэлдэх хүрээлэн “Уэмбли” хүн чанга хэлэхийн аргагүй мөнгөн тусламж үзүүлжээ. М.Бирн байгуулсан музей арван найман өрөөтэй бөгөөд, Монгол улсын театрын музейгээс 6-7 дахин илүү юм. Нийтдээ 1 сая поунд стерлинг зарцуулагджээ. Ийм их мөнгө зарцуулан баймаж нь байгуулсан тус музейд жилдээ 150 мянган хүн үзжээ. Үнэхээр үзэх юм их байна. Жон Леноны тоглож байсан “ Цагаан төгөлдөр хуур”, “Роуд” “Сүмийн зөрөг” цомгийн дуу бичлэгийн студи, зарим үзэсгэлэнгийн танхимуудад “Beatles” ийн алдарт дуунуудыг дүрс бичлэгийн хамтаар сонсож болох ажээ. Тэр бүү хэл, дууны баатруудыг хүртэл хийж байрлуулсан байна. Жишээлбэл Mr. Postman (Ноён Шууданч)  Элеонор  Ригби бүсгүй, цагдаагийн малгайгаар гоёлдог ганган Рита... гээд л...  Музейн эзэн ярихдаа манайд зөвхөн битлзийг шүтэгчид төдий биш оюутан сурагчид, гадаадын жуулчид, хөгжим судлаачид ирдэг, мөн бид Ливерпүүлийн Пенни Лэйн гудамжаар, “Strawberry fields forever ” байшин дахь хүүхдийн цэцэрлэг, Леннон, Маккартни, Харрисон, Стар нартай .. холбогдолтой түүхт газрууд бас Сью Сатклифф, Брайн Эпштейн болон тэдний бага нас, залуу үе өнгөрөөсөн гудамж, талбайг үзүүлэн сонирхуулдаг гэсэн билээ.

Харин Жон, Пол, Жорж, Ринго нар төрөлх хотод нь музей байгуулсан тухай сонссон авч ажралгүй өнгөрөөжээ. Ямар чиг л байсан дэлхийн хамгийн алдартай чуулгын үзэсгэлэнг сонирхон тив дэлхийн хүмүүсийн тоо, аяны тоос “Битлз” музей рүү үл тасарна...



                                                                                    Парис 1991 он