Эмх цэгцтэй харагддаг энэ залуу бол Их сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор, судлаач Ч.Өнөрбаяр. Судалдаг хүний үг л нийгэмд үнэ цэнтэй байдаг нь дэлхийн жишиг. Судлаачид, эрдэмтдийн орчноос хамгийн сайн бодлого гардаг. Ч.Өнөрбаярын давуу тал судлаач. Монголоор дүүрэн асуудал байна. Шийдлийг олохын тулд тухайн сэдвээр Нотлогч-Няцаагч хоёр талыг нийгмийн өмнө ил гаргаад мэтгэлцүүлэх нь улс төрийн хамгийн том соёл. Тэнд харин яг энэ Ч.Өнөрбаяр шиг мэргэжлийн судлаачид сууж байх ёстой. Монголд ийм мэтгэлцээний хамгийн том талбар нь УИХ-ын чуулган.

Гэхдээ Монголд ийм улс төр байдаггүйд л хамаг учир нь байгаа юм. Ийм соёлгүйн ард улс төрийн хор найруулга, хэдхэн хүний эрх мэдлийн төлөөх дайн, далд эдийн засаг, авлига, албан тушаалын гэмт хэрэг... тоочоод барахгүй муу муухай бий. Үүнийг сайн мэдэх хүмүүсийн нэг нь Ч.Өнөрбаяр мөн. Яагаад гэвэл тэр 27 настайдаа Монгол Улсын Үндэсний Аюулгүй Бадлын зөвлөл (ҮАБЗ)-ийн удирдах багт тохоон томилогдсон. Тэр тэндээс их “юм”-ыг ойлгоод гарсан санагддаг. Жижиг эрх ашгуудыг орхиж том эрх ашгийг нь л барьж авч энэ улс орны төлөө зүтгэе гэж. Улс төрчийн төлөвшил, үзэл санааны баримжаа нь энэ байх. “Заримдаа том гүрнүүд бидэнд сонголтыг биш тулгалтыг өгдөг юм” гэсэн Ч.Өнөрбаярын эрт хэлсэн энэ үгийн үргэлжлэлийг олж харах хэрэгтэй. Эрээвэр хураавар улс төр хийдэг нөхдийн амнаас ийм үг нэлээн хожуу гарна. За ер нь гарах ч үгүй байх. 

Өнөөдөр Ч.Өнөрбаяр Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. “АН жижгэрэх юм бол Монгол дэлхийд жижгэрэх болчихоод байна” гэж тэр ярьж байгаа. Сөрөг хүчний залуу сэхээтний энэ үг хүмүүст нэгийг бодогдуулж байна. Тэр эмх цэгцгүй шүүмжлэлээр сонгуулийг дуусгахгүй. Монголчууд яаж ч биенээ мэрлээ гэсэн улс дотроо учраа олцгооно. Ганцхан бидний дотроо байгаа маргаанд гадны хүчин зүйлийн нөлөө орчих вий гэж Ч.Өнөрбаяр болгоомжилж байна. 

Түүний замнал их “шилэн”-дээ. Арвайхээрт арван жилээ төгссөн. “Шихихутаг” хууль зүйн сургууль-МУИС-Эдинбургийн Их сургууль-Оксфордын Их сургуульд зочин судлаач. Боловсролын менежмент нь гэвэл энэ. Харин эрхэлсэн албан тушаалыг хүмүүсийн олонх нь мэднэ. Ер нь улс төрчийн замнал гэдэг алган дээр байгаа юм шиг энгийн, нийгэмд тодорхой харагдаж байх ёстой.Ч.Өнөрбаярын ямар гэр бүлд төрж өссөн, ямар сургуулиар боловсрол эзэмшсэн, ямар найз нөхдийн хүрээлэл дунд ажиллаж амьдардаг, эрхэмлэдэг үнэт зүйлс нь юу юм бэ... гэдгийг хаанаас ч харж болно. Тэр харьцангуй нээлттэй, нийгэм рүү ярьдаг. Нийгмийн зүгээс, сонгогчдын зүгээс өгдөг эхний онош бол энэ. Яах аргагүй шинэ нийгмийн, хөдөөнөөс гаралтай, үндэсний сэхээтэн мөн. Энэ дотор түүний бусдаас гэдэг юм уу, бусад нэр дэвшигчдээс ч ялгарах нэг онцлог бий. Тэрээр өөрөөсөө дээшхи бүтэн 8 үеэ, удам судраа Монголын төрөөр шалгуулсан сэхээтэн. Тухайн үеийн Монгол улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор ҮАБЗ-ийн удирдах багт ажиллах болоход тэгсэн юм билээ. Түүнийг төрд зүтгэх үед Монголын төр тийм байж. 

Их улс төрд ийм эхлэл­тэй Ч.Өнөрбаяр нь аливаад хандахдаа түүхээ эргэж хар­даг, бас судалдаг нэгэн. Түүний өгсөн ярилцлагуу­даас ойлгогддог. “Бид түү­хээ­рээ бахархалгүй яах вэ. Монголын түүх бол дэлхийн түүх юм чинь. Гэхдээ түү­хэнд маань алдсан нь их бий. Үүнийгээ эргэн харж байх, болгоомжлох ёстой. Ядаж сүүлийн 100 жилийн түүхээ улс төрд байгаа хүн бүр санаж сэрэх ёстой. Ингэж байж цаашаа явна, их гүрнүүдтэй эн тэнцүү, харилцан ашигтай ажиллацгаах болно. Өнөө­дөр дотроо хэрэлдэж, муу­гаа дуудалцах бол дотоод асуудал. Гэхдээ хэрээс хэтэрвэл гаднынхан ашиглана. Ашиглаад зогсох­гүй дарамтална. Ийм түүх бидэнд өчигдөрхөн байсан. Тийм учраас би энэ талаас нь их болгоомжилдог” гэсэн нь улс төрийн хэрсүүжилт. Юм үзэж, нүд тайлсны шинж. Энэ бол үзэл санаатай улс төрчийн хэлдэг үг, бас төлөвшил. Эдийн засгийг хэн ч ярина, их түүхийг бол барагтай нь ярихгүй. Хуулийн реформыг хуульч бүр ярина, хулгайлагдсан эрх чөлөөний түүхийг барагтай нь тунгааж бодоогүй явдаг. Тийм учраас Ч.Өнөрбаяр “Харийнхны хувьд хамгийн аюултай этгээдүүд бол тухайн улсын үндэсний сэхээтнүүд нь байдаг. Тэднийг хүнд байдалд оруулдаг, шорон гянданд хорьдог. Болж өгвөл устгадаг” гэж ярьдаг нь хол явах бодол шүү.

“Энэ улс хэрүүлийн орон боллоо” гэж тэр бас дүгнэсэн. Энэ бол үзэл санаатай улс төрчийн зовнил. “Ганц том намтай, түүнийг нь тойрсон жижиг намууд бий болбол хэсэгхэн хүмүүсийн амьдрал сайжирч, бусад нь ядуурна.Энэ нь даамжирсаар эрх баригчид ба бусад гэсэн хоёр хэсэгт Монгол Улс хуваагдана. Эцэстээ нэг нэгнээ хамгийн ихээр үзэн ядаж өнгөт хувьсгалын эхлэл тавигдана. Энэ нөхцөл бүрдэхийг хүлээж байсан том гүрнүүд бидэн рүү үлээнэ. Үр дүнд нь ард түмний хайртай хүү гэсэн дарангуйлагч удирдагч гарч ирнэ. Тэр нь тоглоомын улстөрч, утсан хүүхэлдэй.Ингээд Монголын тусгаар тогтнол ганхах аюултай. Ийм зүйл рүү бид хэрхэвч орж болохгүй” гэж тэр үздэг. Ийм ирээдүйн эсрэг тэр улс төр хийж байгаа.Түүний энэ үзэл санаан дотор Монголын бүх проблем багтана. Мөнөөх л ядуурал, үнийн өсөлт, хавтгайрсан халамж, 30 гэр бүл, хөршүүдээс хамааралтай эдийн засаг... гээд. Асуудлыг харах, том зураг гаргах гэж энэ.

Ардчилал ганц АН-ын өмч биш. Эрдэм чадалтай нь дээшээ явдаг зарчим бол ардчиллын хамгийн чухал үнэт зүйл. Эрүүл шүүмж­лэл Монголын хөгжилд тустай. Сонгуульд зөвхөн өөрсдийнхөө ялалтыг бодож хандвал улсаа хорлож байгаа хэрэг. Геополитик хүнд ийм цаг үед АН-ыг арчина гэвэл Дэлхийн хамтын нийгэмлэгүүд Монгол улсад эргэлзэж эхэлнэ. Ханьсах улс орон үлдэхгүй ч байж мэднэ. Энэ бүх бодлогууд Ч.Өнөрбаярын үзэл санаанууд. Үзэл санааны улс төр хийнэ гэдэг зарим хүнийхээс огт өөр чиг баримжаа юм.

Ч.Өнөрбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр ажиллаж, Оюутан цэрэг хөтөлбөр, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль,Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын хууль гэх мэт

нийт 50 гаруй хуулийн төсөл дээр ажиллаж, 36 хуулийн төсөл өргөн барьснаас 23 хуулийн төслийг батлуулсан байдаг. Түүний хувьд хуулийг үнэ цэнтэй байлгах хангалттай туршлага гэсэн үг. Батлуулж хэрэгжүүлсэн хууль нэг бүрийнх нь ард Монголын хувь заяа дэнслэгдэж байсныг тэр л мэднэ. Тэр бүгдийг нийгэмд хэлэх нь түвэгтэй. Ойлгуулахыг хүсдэггүй нь түүний буруу. Түүнийг шүүмжлэх нээлттэй. Би ч шүүмжилдэг. “Яахаараа лицензийг тоог цөөлөх хууль баталж, гадны хөрөнгө оруулалтыг багасгадаг билээ” гэхчлэн. Өөдөөс Ч.Өнөрбаяр тоо л хэлдэг. “Монгол Улсын нийт газар нутгийн 75 хувь нь лиценз маягаар нэг улсаас хамааралтай болчихсон байлаа” гэхчлэн. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх ажлын хүрээнд ард түмэнд хүргэх боломжгүй мэдээлэл гэж тухайн үедээ байсныг учирладаг. Мэдээгүй учраас шүүмжлэл өнөөдөр ч хэвээрээ. 

“Үнэн үргэлж нуугдмал байдгаараа үнэ цэнтэй” гэсэн үг бий. Үзэл санааны улс төр хийдэг хүмүүстэй Үнэн, Үнэ цэн хоёр үргэлж хамт явдаг. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшигч Чадраабалын Өнөрбаяр бол үзэл санааны улс төрч гэдгийг энд би тодорхойллоо. Дүгнэх нь та нарын хэрэг...

П.Хашчулуун