Үндсэн хуульд оруулах өөрчлөлт өнгөц байна
Засаг Төр тогтвортой, Хууль журам боловсронгуй, Хууль биелүүлэх сахилга хариуцлагын асуудлыг шийдэхгүй бол улсын эдийн засаг зохих хурдаар тогтвортой хөгжих, ядуурлыг арилгах боломжгүйг өнгөрсөн гуч шахам жилийн амьдрал харууллаа.
Улсын Их Хурлын гишүүдийн олонх Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсрогдсон гэж байгаа бол Монгол улсын Ехөнхийлөгч, Ардчилсан намын удирдлага өөр саналтай, зөвшилцөл үргэлжлэх, асуудал яаж шийдэгдэх нь тодорхойгүй байгаа бололтой.
Үндсэн хуулийн 14 зүйлд хамаарах гуч гаруй нэмэлт өөрчлөлтийн төслийг олж үзлээ. Төр засгийн ажилд эерэг нөлөөлж болох зарим нэмэлт өөрчлөлт тусгагдсан боловч боловсруулаад байгаа төслөөр Үндсэн хуульд өнгөц төдий өөрчлөлт оруулж, Төрийн тогтолцоог боловсронгуй болгож, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд ойртуулах хамгийн чухал тулгамдсан асуудал шийдэгдэхгүй үлдэх нь тодорхой болж байна. Ийм учраас цаашид Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулах шаардлага улам хурц хэлбэрт хүртэл үргэлжлэн тавигдсаар байх болов уу.
Засаг Төр тогтвортой, Хууль журам боловсронгуй, Хууль биелүүлэх сахилга хариуцлагын асуудлыг шийдэхгүй бол улсын эдийн засаг зохих хурдаар тогтвортой хөгжих, ядуурлыг арилгах боломжгүйг өнгөрсөн гуч шахам жилийн амьдрал харууллаа. Энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа үндсэн шалтгаан бол Манай улсын Парламентын Хууль тогтоох танхим буюу одоогийн Улсын Их Хурал, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, Шүүхийн байгуулагын ажилд хяналт тавьж байх ёстой Парламентийн Дээд Тахим буюу Ардын Их Хурлыг байхгүй болгосон, Төлөвшөөгүй буюу улс нийгмийн амьдралыг зөв авч явах чадвартай болоогүй улс төрийн намын мэдэлд Засгийн бүх эрх орсон хэрэг юм.
Манай Улс төрийн намууд төр засгийн эрх мэдлийн төлөө тэмцдэг боловч Монгол улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх хэтийг харсан бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлдэггүй, намын удирдлагад ажиллагсад болон нэрээр нь сонгогдсон төрийн түшээд бүгд бүтээлчээр шударга ажилладаггүй, олон түшээд нь авилга ашиглалын хэрэгт холбогддог зэргээс иргэдэд нэр хүндээ алдаж байна. Эд бүхэн бол улс төрийн намууд төлөвшөөгүйн илэрхийлэл. Үндсэн хуулийн зарим заалтын хэрэгжилт гажуудаж байдаг нь Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай, Төрийн албаны тухай, Ашигт малтмалын тухай, Хөрөнгө оруулалтын тухай зэрэг хуулийг Засгийн эрх барьж байгаа намууд Үндсэн хуулийн үзэл санааны үүднээс биш, намын буюу хэсэг бүлгийнашиг сонирхолын үүднээс гаргадагтай холбоотой.
Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд, тэдний хяналтад өгөх, Нам төвтэй засаглал байгааг өөрчилж Төр төвтэй засаглалтай болох ёстой бөгөөд энэ асуудлыг Парламентийг хоёр танхимтай болгох замаар шийдэхээс өөр аргагүй. Гэтэл Парламентыг хоёр танхимтай болгох асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулахад санаатайгаар авч үзэхгүй орхигдууллаа.
Сум Дүүрэг бүрээс иргэд нэрийг нь дэвшүүлээд сонгосон гишүүдтэй Ардын Их Хурал буюу төрийн эрх барих Дээд танхим бүхий Парламенттай байвал засгийн бүх эрх ард түмний мэдэлд ойртох, Иргэдийн дунд амьдарч байдаг Ардын Их Хурлын гишүүд нь Төрийн хуулийг иргэдийн амьдралын шаардлагад нийцүүлж байх, баталж гаргасан хуулийг сурталчилж хэрэгжүүлэх, хууль журмын зөрчилтэй тэмцэхэд иргэдийг зохион байгуулж оролцуулж байх зэрэг олон талын ач холбогдолтойг мэдэж байгаа боловч хоёр танхимтай парламентыг хайхрахгүй байгаа нь харамсралтай.
Одоо төрийн эрх барьж байгаа МАН, АН болон санаархаж байдаг бусад намууд эрх мэдэл албан тушаалын явцуу сонирхолоор Монголын Парламентийг хоёр танхимтай болгохын эсрэг ил далд ажиллаад байгаа, иргэдийн хараа хяналтад орохоос эмээгээд байгаа ч юм шиг санагддаг. Үүний нэг тодорхой жишээ бол 2017 онд Зөвлөлдөх ардчилал нэрээр зохиогдсон тархи угаах ажиллагаа байсан юм. Түүнийг зохион байгуулагчид мэдээлэлээс хол байдаг олон зуун хүнийг орон нутгаас цуглуулаад парламентийг хоёр танхимтай байлгахын эерэг сайн талыг үгүйсгэж, үндэслэлгүй сөрөг сурталчилгаа хийлгэж байсан. Тухайлбал: Парламентийг хоёр танхимтай болговол Төлөөллийн зарчмаас ухрана, Социалист дэглэмтэй улсад байдаг учраас хоёр шатлалтай парламент сөрөг үр дагавартай, Улсын Их Хурлын төсөв хэт ихсэнэ, Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн үйл явц удаашрана, цаг алдана, Улсын Бага Хурлын гаргасан хууль тогтоол амьдралд нийцэж байгаа эсэх талаас хяналт тавихад цаг алдана, Давхардал үүсгэнэ, парламентийн мөн чанар, бүрэн эрхийг алдагдуулна гэх мэт ухуулгыг экспертүүдээр яриулж байсан. Нэг эксперт нь Монгол улсын Үндсэн хуулийн “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ёстой” гэсэн суурь заалтыг буруу гэж ярьж байлаа.Засгийн эрх ард түмний мэдэлд байх нь буруу юм бол хэний мэдэлд байх ёстой вэ, ард түмнээ басамжилж байгаа хэрэг болох биш үү гэж асууж хариу авах юмсан гэж бодогдож байсан. Ийм тархи угаалга хийж хоёр танхимтай парламентын эсрэг санал гаргуулж байхыг хараад би дургүйцлээ илэрхийлж ил захидал бичхэд хүрч байлаа.
Тэр ил захидал “Үндэсний шуудан” сонинд 2017 оны 5 дугаар сард тухайн үеийн Ардын Их Хурлын ажлын хэсгийн ахлагч Лүндээжанцан, Зөвлөлдөх ардчилал гэгчийг санаачлагч Занданшатар нарт хаяглагдан нийтлэгдэж байсан. Харамсалтай нь уг ил захидалыг хүүний анхааралд өртөөхгүй байхаар нийтэлсэн байсан.
Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт энэ удаа өнгөц буюу төрийн тогтолцоог боловсронгуй болгох, Төр төвтэй засаглалтай болох буюу засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд ойртуулах асуудлыг анхаарахгүй, шийдэхгүй байхаар боловсрогдож шийдэгдэх бололтой.Тархи угаалт бийтгий давтагдаасай билээ.
Ерөнхий сайд асан, МАН-ын 1954 оны гишүүн Думаагийн СОДНОМ
2019-10-28