Капитал банк Хөгжлийн банкийг "Дээрэмдчихсэн" юм биш үү?
Ж.Мөнхбат гишүүн ээ! “Ангийн найз”-аа АТГ-аас хайхад хүрэх вий!
Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд ээлж дараалан Авилгатай тэмцэх газарт шалгагдах боллоо. Тус банкны Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Тэргүүн дэд захирал нь жилд аравхан сая төгрөгийн борлуулалттай цаасны компанид зээл авч өгөх гээд барьцаа хөрөнгө нь хүрэхгүй болохоор нь төрсөн ахынхаа байрыг зээлдэж барьцаа хөрөнгийг гүйцээгээд зээл аваад өгчихсөн ч байх шиг, одоо зарим газрын захирал нь АТГ-аас хэсэгтээ салахааргүй шинжтэй.
Хөгжлийн банкны олгосон зээлтэй холбоотой асуудал бараг улиг болж одоо зээлээс бусад авлигын чанартай асуудлуудыг хөндөх цаг болжээ. Тус банк нь зөвхөн зээл олгохоос гадна эх үүсвэр татан төвлөрүүлэх, тэрхүү татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг үр ашигтай удирдах үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл энэ талаар төрийн хяналт, шалгалтаар яг яаж шалгасан, юу илрүүлснээ мэдээлдэггүй.
Сүүлийн үед Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах замаар хувьдаа хөрөнгө мөнгө завшсан эсэх асуудал анхаарал татах боллоо. Харин яагаад Хөгжлийн банкны хэдэн зуун тэрбумаар тоологдох чөлөөт мөнгөн хөрөнгө ямар арилжааны банк, санхүүгийн байгууллагад ямар хүүтэйгээр байршдаг талаар хэн ч ярихгүй байна вэ?
Капитал банк Хөгжлийн банкийг "Дээрэмдчихсэн" юм биш үү?
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Г.Амартүвшин 2019 оны есдүгээр сарын 24-ний өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Капитал Банк дампуурсантай холбоотойгоор Хөгжлийн Банк 57 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх болчих гээд байна”. Мөн “Энэ /капитал банк/ санхүүжилттэй холбоотойгоор аль эрт үүссэн асуудалд Хөгжлийн Банк яагаад арга хэмжээ аваагүй вэ гэдэг бас нэг асуудал үүсэж байна. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэсэн байдаг. /https://www.dbm.mn/news/538 /.
# | ААН | Гүйцэтгэх удирдлага | Эзэмшигч | Үлдэгдэл |
1 | Эрэл ХХК | Эрдэнэбат овогтой Жаргалан | Даваахүү овогтой Сэргэлэн | 32,248,793.05 $ |
16,365,628.85 € | ||||
2 | Хөтөл ХХК | Мижид овогтой Бөхочир | Мижид овогтой Бөхочир | 90,072,290.73 $ |
3 | ТОСК ТӨҮГ | Жанцан овогтой Хичээнгүй | Аюуш овогтой Гантулга | 44,758,409.38 $ |
4 | Монгол Драй Милк ХХК | Болд овогтой Золхүү | Энхболд овогтой Эрдэнэбилэг | 17,856,345.14 $ |
5 | Кью Эс Си ХХК | Энхбаяр овогтой Шижир | Куалитистийл Корпорэйшн ХХК | 69,654,626.65 $ |
6 | Капитал банк | Агваанжамба овогтой Ариунболд | Чонофинанс ББСБ, Бишрэлтхолдинг ХХК | 57,920,367,656.80 ₮ |
Олон улсад ажиллаж байсан туршлагатай банкир Г.Амартүвшин гайхсандаа тэгж хэлээгүй байх. Энэ бол тэсрэлт байсан учраас зөвхөн наад захыг нь л цухуйлгасан биз.
Капитал банк буюу “Бишрэлт груп” ХХК-ийн хамаарал бүхий “Монгол Эм Импекс” ХХК болон “Монгол Мах Экспо” ХХК-ниудад тус бүр нь 15 сая ам.доллар (ойролцоогоор 40 орчим тэрбум төгрөг) болон 15.3 сая ам.доллар (ойролцоогоор 42.3 орчим тэрбум төгрөг)-ын зээлийг 2017 оны сүүлчээр олгох шийдвэр гаргасан байх юм.
Хамаарал бүхий Капитал банк нь дампуурч, Хөгжлийн банкинд 57.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байхад нэмээд 80 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон нь яг л “Дээрэмдчихэж” гэхээр харагдаж байна. Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн хөрөнгө удирддаг этгээдүүд ажлаа хийж чаддаггүй юу, эсвэл улс төрийн дарамт дор, айдас хүйдэс дор зээл олгодог уу?
"Б.Чойжилжалбууг сонирхож байна"
Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн хөрөнгийн удирдлагыг Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газар хариуцдаг. Тус газрын захирлаар Б.Чойжилжалбуу ажилладаг. Түүнийг МАН-аас Сүхбаатар дүүрэгт Орон нутгийн сонгуульд өрсөлдөж байсан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай дунд сургуулийн нэг ангид сурч байсан, цаашилбал Т.Бадамжунай гэдэг “эрх мэдлийн мафиоз-ийн баруун гар гэхчлэн баялаг түүхээр нь мэднэ.
Тус банкны 2017 болон 2018 оны жилийн эцсийн аудитаар дүгнэгдсэн санхүүгийн тайлангаас харахад 1.2 болон 1.3 их наядын хөрөнгийг арилжааны банкуудад байршуулж, түүнээс 47.6 болон 55.6 тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлого олсон байна. Дунджаар бодоод үзэхэд жилийн 3.9% болон 4.2%-ийн хүүгийн орлого тус тус олсон гэсэн үг. Өнөөдөр иргэд, ААН-үүд хэдэн их наяд, тэрбум битгий хэл хэдэн сая төгрөг хадгалуулахад ойролцоогоор 13 орчим хувийн хүүтэйгээр хадгалуулдаг биз дээ. Гэтэл Хөгжлийн банк яагаад ийм их мөнгийг 4 хүрэхгүй хувийн хүүтэйгээр хадгалуулж байгаа юм бэ? Энэ их мөнгийг зээлийн хэрэгцээтэй ЖДҮ эрхлэгчид олговол эдийн засагт бодит хувь нэмэр үзүүлнэ гэдгийг бодож чадах хүн тус банкинд ч, Засгийн газарт ч байхгүй гэж үү?
Цааш нь “шиншилбэл”, Б.Чойжилжалбуу захирлын 2017 болон 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хардмаар санагдлаа. Жишээ нь тэрбээр 2017 онд 283 сая, 2018 онд 358 сая төгрөгийн хадгаламжтай байна. Хувийн хадгаламжийн жилийн хүү нь мөн 4 орчим хувийн хүүтэй байх даа. Хүүг нь ямар мэдээлэх биш. Улсын их хэмжээний мөнгийг захиран зарцуулдаг том банкны газрын захирал хувийн хадгаламжаа мөн адил бага хүүтэйгээр байршуулдаг болов уу, яадаг бол?
Мөн Б.Чойжилжалбуу захирал “Марс Гранд” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч юм байна. Энэхүү компани нь Богд Хан дархан цаазад уулын Жаргалантын аманд өндөр зэрэглэлийн хаус байшингуудыг барьж, 630-800 сая төгрөгөөр тус бүрийг нь зардаг. Тус компанийн борлуулалтын албатай холбогдон хаусын талаарх мэдээлэл авахад Чингис Хаан банкны 1%-ийн хүүтэй зээлээр энэхүү өндөр зэрэглэлийн хаусыг авах боломжтой гэнэ. Энэ бага хувийн хүүтэй зээлийг Б.Чойжилжалбуу захирал хувийн компанидаа яаж гаргуулаад байна аа? Ямар ховор нандин боломж вэ?
Энгийн иргэд ипотекийн 8%-ийн хүүтэй зээлийг авах гэж юу туулдаг гэж санана. Хэрэв Хөгжлийг банк “Чингис хаан” банканд чөлөөт мөнгөн хөрөнгөө байршуулдаг бол Б.Чойжилжалбуу захирал хувийн компанидаа хямд зээлийг тус банкаар гаргуулж болох уу? Ингэж албан тушаал, эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласан нь нотлогдвол ямар хариуцлага хүлээх бол? Энэ бүхэн ихээхэн хардлага дагуулж буй учраас Б.Чойжилжалбуу захирал та Хөгжлийн банкны их наядаар тоологдох чөлөөт мөнгөн хөрөнгийг ямар банкинд, хэдэн хувийн хүүтэйгээр байршуулсан талаарх мэдээллээ нийтэд ил болгон зарлах ёстой.
/http://xacxom.iaac.mn/?last_name=&org_id=&org_names=&first_name=%D1%87%D0%BE%D0%B9%D0%B6%D0%B8%D0%BB%D0%B6%D0%B0%D0%BB%D0%B1%D1%83%D1%83&position_name=&year= /