Үндсэн хуулиа өөрчилснөөс Цэцийн шийдвэрийг буцаах нь дээр гэх эхний шийдэл
Одоогийн нөхцөлд асуудлыг шийдэх хамгийн хялбар бөгөөд эрсдэлгүй арга нь Цэцийн 2016 оны шийдвэрийг хүлээж авсан УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох. Харин тэр гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох энэ тэр бол бараг “наядугаар” асуудал байх аа.
Эрх баригч МАН-ын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж тавиад жил тойрч байна. Эцэстээ энэ асуудал улс төрийн бусад намуудын түвшинд ч гэсэн өндөр авч, хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт татагдаж орж эхэллээ. Гэвч энд нэг зүйлийг эргэн сануулахгүй өнгөрч боломгүй...
Анх энэ асуудал сөхөгдөх болсон шалтгаан нь Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахад хязгаар тавьсантай холбоотой. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдтайгаа нийлээд дөрөв хүртэл гишүүн сайдын ажлыг давхар хашиж болохоор зохицуулсан билээ. Хуулийн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсний дараа “Парламентын гаднаас тавигдсан шинэ сайд нар улс төрийн чадамжгүй” байгаа тухай шүүмжлэл гарч, ЗГХЭГ-ын дарга нь өөрөө энэ талаар байриа илэрхийлсэн байдаг. Товчхондоо, улс төрийн нам УИХ-д олон суудал авахын тулд шилдэг боловсон хүчнээ сонгуульд нэр дэвшүүлдэг. Гэтэл сонгогдсон гишүүд сайдын албан тушаал хашихыг хуулиар хориглосон нь Засгийн газрын чадавхийг бууруулж байна гэсэн санаа л даа.
Ингээд УИХ-д цөөнх байхдаа Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахаар “давхар дээл”-ийг эсэргүүцэн жагсаж байсан, олонхи болонгуутаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, давхар дээлийг хязгаарласан МАН сонгуулийн дараа өмнөх байр суурь, гаргасан шийдвэрээсээ 180 хэм эргэсэн байдаг юм. Гэсэн ч өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг үгтэй болохоор АН-ын бүлгийн хоёр гишүүнд /Ш.Адьшаа, Н.Ганибал/ захиалга өгч “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн тухай” Цэцэд өргөдөл гаргуулсан.
Уг нь бол “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн адил хүчин чадалтай” гээд Үндсэн хуульд өөр дээр нь биччихсэн учраас Цэц асуудлаар маргаан үүсгэх, шийдвэр гаргах боломжгүй.
Хоёрдугаарт, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар “Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор, Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгах” (21.2, 21.3) үүрэгтэй. Хэрэв өргөдөл, мэдээлэл гаргагч нь Цэцэд хандах эрх бүхий этгээд биш бол, эсвэл өргөдөл, мэдээллээр тавьсан шаардлага ньЦэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш бол Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаас татгалзаж тогтоол гаргах ёстой.
Гэвч өнгөрсөн хугацаанд Цэц аль ч талд нь шийдвэр гаргалгүй дүмбийж суусаар бүтэн зургаан сарыг өнгөрүүлсэн байна. Энэ бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал дээр эрх баригч намаас болгоомжлох болсон эхний асуудал. Магадгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал хаашаа, яаж эргэхийг харж хүлээж байгаа биз.
Нэмэлт өөрчлөлтийн төсөл УИХ-д хараахан өргөн баригдаагүй байгаа. Гэсэн ч МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болон УИХ-ын дарга нарын удаа дараа хийж буй мэдээллүүдээс шаардлагатай гэж үзэж буй нэмэлт өөрчлөлтүүдийн нэгдүгээрт сонгуулийн пропорциональ тогтолцоо, хоёрт УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, гуравт Ерөнхийлөгчийг парламенаас сонгодог болох асуудал явж байгаа. Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулж ирснээр нэгдүгээрт сонгогчийн санал гээгдэх явдлыг засч залруулна. Сонгууль шударга болно гэсэн үг. Хоёрдугаарт нэг намын дарангуйллыг халж, парламентад олон намын төлөөлөл орж ирнэ гэж байгаа. Гуравт буюу хамгийн гол нь МАН-д яг одоо тулгамдаад байгаа “давхар дээлний” асуудал ч гэсэн шийдэгдээд явчих юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар сонгосон тохиолдолд сонгогдсон гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахаар бол гишүүнээс нь чөлөөлөөд дараачийн нэр дэвшигч шууд тангараг өргөөд явдаг. Давхар дээлний асуудал үүсэхгүй гэсэн үг. Харин одоогийн мажоритари тогтолцоонд бол Үндсэн хуульд тавьсан хязгаарыг барихын тулд нэг бол парламентын гаднаас сайд нараа томилох, эсвэл тойрогт нь нөхөн сонгууль явуулахаас өөр аргагүй болдог. Нөхөн сонгууль явуулах нь тухайн тойргийн сонгогчдыг өгсөн саналыг үнэгүйдүүлж, сонгох эрхийг нь зөрчихөд хүрнэ.
Тийм болохоор пропорциональ тогтолцоог Үндсэн хуульд оруулж ирэх ёстой бас нэг шаардлага бол давхар дээлний асуудал. Гэвч болгоомжлох ёстой шалтгаан ч бас бий. Саяхан болсон хэлэлцүүлэг дээр ч гэсэн яригдаад өнгөрсөн. АН-ын гишүүд голцуу гаргаж тавьж байна лээ. МАН нэг асуудал ярьж оруулж ирээд, шийдвэр гаргахдаа огт өөр асуудал болоод явдаг шүү. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэнээрээ бид одоо ярьж байгаагаас огт өөр зүйлийн үүд хаалгыг нээчих вий гэж.
Жишээлбэл, сонгуулийн пропорциональ тогтолцоо ярьж эхлээд, хэлэлцүүлгийн шатанд нөгөөхөө унагаад оронд нь давхар дээлээ эргүүлээд оруулаад ирдэг ч юм уу. Мажоритари тогтолцоогоор хоёр сонгууль дараалан парламентад үнэмлэхүй олонхи болсон нам гэнэт яагаад энэ тогтолцооноос буцах болов? Энэ тэдний жинхэнэ сонирхол мөн үү? гэдэгт АН-ынхан төдийгүй өөр олон хүн эргэлзэж байгаа.
Тухайлбал, парламентад суудалтай гурван нам (МАН, АН, ХҮН) сууж байгаад МАН-ын генсекээс “Пропорциональ тогтолцоог УИХ дээр оруулаад ирлээ гэхэд танай намын бүлэг дэмжих нь баталгаатай юу?” гэж асуухад Д.Амарбаясгалан маш эргэлзээтэй гэмээр хариулт өгсөн. “Нам бол дэмжинэ. Гэхдээ гишүүдийн кнопыг нам хянахгүй” гэж. Намын бүлгийн гишүүдийнхээ 1/3-д нь үүрэг өгөхөд унагах хэмжээний нам шүү дээ. Тэгээд ч сүүлийн дөрөв, найман жил төсвийн хэдэн арван тэрбумаар тойргоо усалчихсан гишүүд намын жагсаалтаас илүү жижиг тойрогтойгоо үлдэхийг эрхэмлэнэ. Амин хувиа бодсон ч тэр шүү дээ. Оронд нь давхар дээлийг эргүүлээд оруулж ирье л гэх болов уу.
Тийм болохоор огт өөр замыг сонгож болох тухай УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа саналаа хэлж байна лээ. Ерөөсөө 2016 онд Цэцийн дүгнэлийг хүлээж авсан УИХ-ын тогтоолыг хүчингүй болгоё. Парламент өөрийнхөө алдаатай шийдвэрийг засчихад л пропорциональ чинь эргээд ирэх юмаа гэж.
Сануулахад, өнгөрсөн 7-8 удаагийн сонгуулиас ганцхан удаад нь л манайх сонгуулийг пропорциональ тогтолцоог ашигласан, 2012 оны УИХ-ын сонгуулиар. Сонгуулийн хуулийг тойргийн болон хувь тэнцүүлсэн системийг хослуулсан холимог байдлаар баталсны дараа ч гэсэн “Иргэний шууд сонгох эрхэнд халдлаа, Үндсэн хууль зөрчлөө” гэдэг гомдол Цэцэд очиж л байсан. Тэгэхэд Цэц “Шууд сонгох гэдэг нь иргэн өөрийн биеэр шууд саналаа өгөхийг хэлж байгаа болохоос биш хүн сонгохыг хэлдэггүй. Тийм болохоор Үндсэн хууль зөрчөөгүй байна аа” гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл үүнээсээ дөрвөн жилийн дараа буюу 2016 оны сонгуулийн өмнө дахин өргөдөл хүлээж аваад, өмнөх гаргасан шийдвэрээ үгүйсгээд “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг шийдвэр гаргасан. УИХ үүнийг нь хүлээж аваад пропорционалыг Сонгуулийн хуулиас хассан. Ийм л зүйл болсон.
Өөрөөр хэлбэл, тухайн үеийн парламентын олонхид Цэцийн шийдвэрийг хүлээж авах хувийн сонирхол байсан гэсэн үг. “Цэц нэг асуудлаар нэг л удаа шийдвэр гаргана” гэсэн хуулийн шаардлага, зарчмаа барьсан бол Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёсгүй байсан. Тийм учраас одоогийн нөхцөлд асуудлыг шийдэх хамгийн хялбар бөгөөд эрсдэлгүй арга нь Цэцийн 2016 оны шийдвэрийг хүлээж авсан УИХ-ын тогтоолыг хүчингүй болгоё гэдэг санаа. Бараг тэр нь ч дээр биз. Харин тэр гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох энэ тэр бол бараг “наядугаар” асуудал байх аа. Ямар ч байсан эрх баригч намын эцсийн зорилго биш гэдгийг ажиглагчид хэлж байгаа.