Нүүдэлчин монголчуудын суурьшсан түүх төрт ёсны цадигтай нь харьцуулбал дэндүү залуу юм. Өнгөрөгч аравдугаар сарын 29-нд 381жилийнхээ нүүрийг үзчихлээ хэмээн яригдсан манай нийслэлийг 1912 оны хоёрдугаар сарын долооны харагчин үхэр өдөр, лхагва гарагт улсын нийслэл болгон зарласан Богд хааны зарлиг гарсан ажээ. Энэ баримт бичгээр шарын шашны төв Их Хүрээг Нийслэл Хүрээ болгон зарласан хэрэг. Харин Алтан тэвшийн хонхорт сүм хийд баригдан томоохон суурин үүссэн огноог түүхчид 1778 он хэмээн тогтоодог. Энэ огноогоор бол өнөөгийн Улаанбаатар үүсэн бий болоод 242 жил болжээ. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд хаант Монгол Улсыг тунхагласан өдрийг тэмдэглэж эхлээд байгаа шигээ зарлиг цааз нь бичгээрээ хадгалагдан үлдсэн нийслэл хотын өдрийг жил бүрийн хоёрдугаар сарын 7-нд тэмдэглэж байх нь зүй мэт. Өдөр бүр нэмэгдэж буй шилэн барилгын тоогоор түүхэн дурсгалт барилгууд ар араасаа алга болсоор байна. Хэлмэгдүүлэлтийн үед олон олон сүм хийдээ хүний эрхээр нураачихсан монголчууд одоо өөрсдийн зоргоор үлдсэн хэдийг нь тарааж сууна. Багаар бодоход зуу гаран жилийн түүхтэй цөөхөн хэдэн барилга сэлтийн ховор нандин зургийг үүх түүхийн хамт багтаасан энэ нийтлэлийг Улаанбаатар хотын музейтэй хамтран бэлтгэхдээ уншигч танд мэдээлэл өгөхийн сацуу үнэлэх аргагүй түүхэн дурсгалыг анхааралдаа аваасай хэмээн Хотын захиргаанаас хүсэх гэсэн юм. Улаанбаатар хотын захиргааны дагаж явах дүрмээ 1925 онд баталсан хотын иргэд ч нийслэлийнхээ намтар хуучийг мэддэг байх нь чухал юм. Улаанбаатар хотын музейн жижигхэн байшинд дэлгээд багтахгүй их түүхийн зах зухаас нь таны өмнө дэлгэж байна. Цаг төрийн жамаар нэрээ хэдэнтээ сольсон гудамжаараа нийслэлчүүд алхаж явахдаа ямархан үйл явдлын гэрч болсныг нь мэддэг байвал хичнээн бахархам билээ. Өнөөдөр Цогтбадамжавын байшин, Төмөр утасны хороо, Гоожингийн өндөр, Консулын дэнжийн нууц бүлгэмийн байшин, европ хийцийн анхны хоёр давхар байшин, Н.Рерихийн байшин мэтийн хэдэн байшин эрх зүйн хамгаалалтад байда аж. Гэтэл энэ хамгаалалтад хамруулсан атлаа нураачихсан нь ч бий. Мөн одоо эрх зүйн хамгаалалтад өнөө маргаашгүй зайлшгүй авах шаардалагатай ч барилгууд бий. Барилгачдын талбайн зүүн этгээд Дүрслэх урлагийн хойно залгаатай байгаа Оросын цагаан хааны аптекийн барилга, Хотын захиргааны ард буй Жигжиджавын байшин, Шар дэлгүүр тэргүүтэн үлдсэн хэдийг нь хамгаалалтад авахгүй бол нэг л өдөр газар нь өндөр үнээр зарагдаад үнэлж баршгүй дурсгал газрын хөрснөөс арчигдаж мэднэ. Эс тэгвэл бид түүхэн дурсгалт барилгуудын зургийг жаазлаад хананд өлгөх л үлдэнэ.

Нийслэл хүрээ 1912 он

Хан уулын ар (Богд уул), хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт 1778 онд шаваа тавьж суурьшсан Их хүрээ жил ирэх тусам өргөжжээ. Их хүрээний төв хэсэгт Богдын шар ордон, түүнийг тойроод шашны засаг захиргааны хамгийн бага нэгж болох 30 аймаг оршино. Зурагт тухайн үеийн Их Хүрээг тэр чигт нэг бүрчлэн харуулсан байх бөгөөд хашаа байшингийн хэлбэр дүрсийг яг таг гаргажээ. Зургийн хойд хэсэгт Шадивлингийн хийд түүний өмнө этгээдэд Буян Ерөөлтийн хийд, наана нь Дамбадаржаалин хийдийг тус тус дүрсэлжээ. Гандангийн дэнж хийгээд Мэгжид жанрайсигийн орчимд зөвхөн монголчууд амьдардаг байсан тул улаан өнгөөр ялгасан байна. Харин Баруун дамнуурчин буюу одоогийн Гэсэр сүмээс Тэнгис кино театр орчимд хятад иргэд амьдардаг байсан тул хөх өнгөөр харуулжээ. Баруун дамнуурчны урд талын Төвөд хорооллыг хар өнгөөр ялгасан нь харагдана. Зүүн дамнуурчин буюу өнөөгийн Чингис хаан зочид буудал орчимд хятад айлууд түүний хойгуур монголчууд суудаг байсныг өнгөөр нь хялбархан таньж болох аж. Харин Маймаачин буюу одоогийн Ботаникийн цэцэрлэг болоод Амгаланд хятад иргэд төвлөрөн суудаг байжээ. Дунд гол, Туул хоёрын дундах хэсгийг Өндгөн сүргийн нутаг гэдэг байсан ба энд зөвхөн Богдын мал сүрэг бэлчих учиртай байсан гэнэ. Зураг дээр Богдын Ногоон ордон тодорхой үзэгдэх бөгөөд эдүгээ бараг үгүй болсон Богдын цагаан ордон, Богдын хүрэн ордон хоёр байна.

Богд уулын өвөрт Манзуширын хийдийг ч тодорхой дүрсэлсэн ажээ. Энэхүү зургийг 1912 онд Богдын дэргэдийн зураач Жүгдэр зурсан бөгөөд хожим 1946 онд зураач Д.Манибадар хуулбарлан буулгасан нь өдгөө Улаанбаатар хотын музейд эх хувиараа хадгалагдаж байна.

Гандангийн дэнж

Мэгжид Жанрайсигийн дуган

Далхын дэнж буюу Нарангийн энгэрийн зүүн хэсэгт 1809 онд Их хүрээний Цанид дацанг барьж, улмаар 1836-1839 оны хооронд V Богд Жавзандамба хутагтад зориулж Гандантэгчинлэн буюу Төгс баясгалант их хөлгийн сүм, Дашчойнхор, Идгачойлин, Цогчин дуган зэргийг байгуулсан нь тухайн үеийн Их хүрээний гол хэсэг болон өргөжжээ. Далхын дэнж дээр Гандантэгчинлэн хийд байгуулагдсан цагаас хойш тус дэнжийг “Гандангийн дэнж” хэмээн нэрлэх болсон юм. Жанрайсигийн дуган дөнгөж баригдаж ахуйд энэ гэрэл зургийг 1912 оны үед авчээ. Харин 1996 онд их шүтээнийг монголчуудын хандив болоод төсвийн хөрөнгөөр дахин сэргээсэн юм.

Их Хүрээ бүрэлдэх явцад хятад иргэд Баруун дамнуурчинд төвлөрөн сууснаар лам нарын салхин дээр харь шашинтан гарчихлаа гэж үзэн Далхын дэнж дээр Гандантэгчинлэн хийдийг барьсан түүхтэй. Их хүрээний хамгийн өндөр дуганд байх Мэгжид Жанрайсиг бурхныг VIII Богд Жавзандамбын зарлигаар 1911 оны долоодугаар сарын 20-ноос 1913 оны наймдугаар сарын 13-ны хооронд сүсэгтэн олны өргөлөөр Долнуурт бүтээлгэн, Монголд угсарч, алтдан залсан ажээ. Түүнийг тойруулан залсан түмэн Аюуш бурхадын нэлээдийг орос худалдаачин Ф.Москвитинаар зуучлуулан Польшид захиалан бүтээлгэсэн гэдэг. Жанрайсиг бурхныг 1937 оны Их хядлагын үед буулган ЗХУ руу ачуулсан ажээ. Ардчилсан хувьсгал ялж шашин шүтлэгээ сэргээхдээ монголчууд Жанрайсиг бурхныг 1991 оны хоёрдугаар сарын 13-наас 1996 оны аравдугаар сарын 26-ны хооронд төрийн санхүүжилт болоод ард түмний хандиваар барьж босгосон билээ. Мэгжид Жанрайсиг бурхан 26.5 м өндөр, 90 тонн жинтэй, суурийн зай нь 87 шоо дөрвөлжин метр юм.

Баруун дамнуурчин буюу Есөн гудамж

Хятад өргөн чөлөөнөөс Ж.Самбуугийн гудамж Гандангийн зүүн хүр орчимд Баруун дамнуурчин буюу Хятадын есөн гудамж бүхий хятад хороолол байв. Дан хятад иргэдээс бүрдсэн энэ хорооллыг цэнхэр өнгөөр ялган зуржээ. 1921 оны 7-р сарын 8-нд МАН-ын Төв хороо, Ардын түр засгийн газар, Монгол Ардын журамт цэрэг энэ гудамжаар Нийслэл Хүрээнд орж ирсэн учир тус өргөн чөлөөг “Коминтерний гудамж” хэмээн нэрлэж байв.

БНМАУ болон БНХАУ-ын хооронд найрамдалт харилцаа сэргэсэнтэй холбогдож 1950 оноос энэ гудамжийг “Мао-Цзедун”-ы, 1960-аад оноос “Найрамдал”-ын, 1972 оноос Ж.Самбуугийн, 1981 оноос Хувьсгалчдын, 1990 оноос Залуучуудын өргөн чөлөө, 2001 оноос дахин Ж.Самбуугийн гудамж хэмээн нэрлэж байв.

Хөөгдсөн хятадын хөрөнгийг нураав

Баруун дамнуурчны есөн гудамжинд 1968 он хүртэл хятад иргэд амьдарч байгаад хөөгдөж гарчээ. 1970-аад оноос хятад иргэдийн байшин сав, хашаа хороог нурааж газар дор оруулжээ. Эхний зураг 1927 оных бөгөөд тухайн үеийн Өндөр хоршоо, өнөөгийн Дүрслэх урлагийн музей тод харагдана. Оросууд 1920-иод оноос нийслэлд хэрэглээний гүний худгийг гаргаж эхэлсэн гэдэг. Өнөөгийн Ж.Самбуугийн гудамжинд орших нэгэн гүний худгийн ойролцоох байшин одоог хүртэл яг хэвээр.

Худалдааны их зах

Өнөөгийн Жуулчны гудамж XIX зууны үед үүссэн их хөлийн худалдааны газар байсан юм. Энэ гудамж дундуур баруун Сэлбэ урсан өнгөрдөг байсан бөгөөд голын урд талд орших Махан дов (одоогийн Барилгачдын талбайн урд хэсэг)-оос баруун тийш Төмөрчний гүүр хүртэл, Махан довын хойдох голын араас баруун тийш Гандангийн дэнжийн хүр хүртэлх урт гудамж байжээ. Худалдааны гудамжинд махны зах, төмрийн зах, монгол урчууд байснаас гадна хятад, оросын худалдааны олон пүүс, гуанз байсан аж. Энэхүү гудамжийг 2002 онд Жуулчны гудамж гэж нэрлэх хүртэл “Худалдааны гудамж” хэмээн нэрлэж байлаа. Худалдааны гудамжнаас Мэгжид Жанрайсигийн дуган харагдах энэ гэрэл зургийг 1916 онд буулгажээ.

Махан дов

XX зууны эхээр Нийслэл Хүрээний худалдааны гудамжны зүүн үзүүр, баруун Сэлбэ голын өмнө талд махны зах нээгджээ. Зөвхөн энд мал нядлах зарлигтай учраас бой хийж мах худалдаалдаг тул олны дунд “Махан дов”, “Яргачны дов” хэмээн нэршжээ. Харин энэ зураг дээрээс харвал монголчуудын хоолны цэсэнд хятадуудын нөлөөгөөр хүнсний зарим төрлийн ногоо ороод байсныг харж болох юм. Хятад байцай, цагаан манжин, цоортой сонгино зарахаар дэлгэсэн монгол авгай содон харагдана.

Инжааны гүүр


Баруун Сэлбэ дээгүүр тавьсан энэ модон гүүр алт, мөнгөний хятад дархад төвлөрсөн Инжааны гудамж руу ордог байсан тул “Инжааны гүүр” хэмээн нэршжээ. Инжааны гудамж гэдэг нь одоогийн Туул ресторанаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар хүртэлх хэсэг юм. Францын зурагчин Степан Пассегийн 1913 онд Нийслэл хүрээнд хийсэн кино зургийн хальснаа Инжааны гүүр тодорхой үлдсэн байдаг.

Өндөр хоршоо

Их хүрээний худалдааны их захын зүүн хэсэгт, “Махан дов”-ын хажуухантай 1913-1915 оны хооронд хоёр давхар дүнзэн байшинг Хаант Оросын томоохон худалдаачин Гудвинцалыг бариулсан гэдэг аман яриа бий. Энэ байшин тухайн үедээ хамгийн том барилгад тооцогдож байлаа. Тус байшинд 1919 оноос Хятадын “Хао-Бу-Я” хэмээх банк, 1921 онд Оросын улаан цэргийн комендант байрлаж байжээ. Дараа нь Аж ахуйн яам, Харилцан туслалцах хоршооны ерөнхий хороо орж доод давхарт нь хивс нэхэх жижиг цех ажиллаж байсан юм. 1930 онд уг байшинг өргөтгөн Ардын харилцан туслалцах хоршооны төв дэлгүүр болгосон нь “Өндөр хоршоо” хэмээн алдаршжээ. 1930-аад онд Улсын их дэлгүүр буюу Өндөр хоршоонд хөдөөнөөс ирсэн хүн ороод гарч чаддаггүй будилдаг байсан тухай дурсамж тэмдэглэгдэн үлдсэн нь бий. 1961 онд Улсын их дэлгүүр шинэ барилгад орсноор тус байшинд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг байгуулжээ.

Урт цагаан

Өнөөгийн Жуулчны гудамж буюу Урт цагааны орчим бол XVIII зууны эцсээс XIX зууны дунд үе хүртэл үүссэн худалдаа, зах зээлийн гол гудамж, хөл үймээн ихтэй газар. I, II 40 мянгатын орон сууцны хорооллыг барих үед хуучин худалдааны гудамжийг өргөтгөж, гудамжны хойт талд хоршооллын худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг архитектор Б.Дамбийнямын зураг төслөөр 1959-1961 онд барьж босгосон нь “Урт

цагаан” хэмээн нэршжээ. Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1970 оны 79-р тогтоолоор худалдааны гудамжийг Октябрийн гудамжтай хамтруулан нэрлэж байсан юм.

Зүүн хүрээ 30 аймаг, Богдын шар ордон

Сүүлчийн хааны төв цогцолбор Их хүрээний гол хэсэг болох Зүүн хүрээ 30 аймгийн төв дунд Богдын шар ордон, Батцагаан дуган, өндөр Майдарын дуган байрлаж байсныг цогцолбор хэмээн нэрлэж болно. Дэчингалба нэртэй, алтан дээвэртэй сүм- Богдын шар ордон нь 1806 онд баригдаж үзэмжтэй гоёмсогоороо, монгол-төвд маягаар баригдсан Батцагаан нэртэй 108 баганатай цогчин дуган томоороо, 1834 онд баригдсан 50 тохой өндөр баримал бурхант Майдарын сүм өндрөөрөө Хүрээ хотын сор нь болсон нэртэй барилгууд байжээ. Богдын шар ордон нь одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвөөс 4-р дэлгүүрийн хооронд байжээ.

Өчигдрийн төв талбай Шар ордны өмнөх Богдын өргөн чөлөө буюу Их чөлөө нь түүхэн чухал олон үйл явдлын гэрч болдог. Монгол Улс Манж чин улсын захиргаанаас гарч тусгаар тогтнол, төр улсаа сэргээсэнээ тунхаглаж, Богд Жавзандамба хутагтыг хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөх их ёслолыг 1911 оны 12-р сарын 29-нд энд хийж байв.1919 оны 11-р сард энэхүү талбайд олон хүн цугларч, Монголын тусгаар тогтнолыг устгаж, Монгол улсын хаан Богд эзэн Хятадын Ерөнхийлөгчийн хөрөгт мөргөхийг ч үзсэн удаатай. Харин 1924 онд Богд хаан өөд болсны дараагаас Их чөлөө ач холбогдлоо алджээ.

Богдын шар ордон цогцолборын туурь дээр Монголын пеонерийн ордны барилгыг архитектор Б.Чимэдийн зохиосон зураг төслөөр барьж, 1958 оны 10-р сард ашиглалтанд оруулсан юм. Шар ордноос үлдсэн ганц дурсгал болох хос чулуун арслан өдгөө буйр сэлгэж, Байгалийн түүхийн музейн урд байрлажээ.

Анхны хөшөө Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор 1931 онд “Бөмбөгөр ногоон” театрын өмнө К.И.Померенцевийн зураг төслөөр Д.Сүхбаатарт зориулсан гэрэлт хөшөөг босгосон юм. Суварга хэлбэрт энэ хөшөөний дөрвөн талд зүмбэрлэсэн зураг нүүрэн талд нь Д.Сүхбаатарын морьтой дүрс байсан аж. 1946 онд төв талбайг цардаж шинэ хөшөө босгоход хуучин хөшөөг нүүлгэн Цэргийн ерөнхий сургуулийн барилга буюу одоогийн Батлан хамгаалах яамны барилгын өмнө байрлуулжээ.

Өндөр хог

1921 оноос өмнө Сүхбаатарын талбайд Нийслэл Хүрээний хамгийн их хог овоорсон цэг байсныг бид тэр бүр мэддэгүй. Барон Унгерн Нийслэл Хүрээг чөлөөлөхийн хамт нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж зуу гаран жил хуралдсан их хогийг цэвэрлүүлжээ. Жүгдэрийн зураг дээр Өндөр хогийг тодорхой харуулсан байна. Нийслэл хүрээнд шашны ёслол, эргэл мөргөлд голчлон зориулагдсан их чөлөө, өргөн чөлөө, гол чөлөө зэрэг гудамж, талбайнууд цөөнгүй байснаас Зүүн хүрээний өмнөх энэ гол чөлөө нь хүрээний мөргөлийн замын гадна, Данжуурын хүрдүүдийн урд талд, дундуур нь Богдын залрах зам өнгөрдөгөөс өөр ямар ч зориулалтгүй, олон хороодын дундах гол чөлөө байжээ. Тийм ч учраас эргэн тойронд нь байгаа хорооныхон хогоо асгадаг гол газар байжээ.

Сүхийн талбай

1921 оноос тус гол чөлөөг Индэрийн талбай, дараа нь Сүхбаатарын чөлөө, 1946 онд Д.Сүхбаатарын хөшөө боссоноос хойш түүний нэрээр нэршжээ. Д.Сүхбаатарын хөшөөг С.Чоймбол барьсан бөгөөд энэ талбай дээр Монголын хамгийн чухал үйл явдал болсоор ирсэн юм. Монголчууд Октябрийн хувьсгалын баярыг 1922 онд Д.Сүхбаатарын өгсөн тушаал ёсоор Нийслэл хүрээнд монгол ардын цэрэг ёслолын жагсаал хийснээр тэмдэглэж эхэлжээ. Д.Сүхбаатарын хөшөөг хүрэл болгож түүнийг тойрсон 14 шавар арслан нь өдгөө Д.Сүхбаатарын төрсөн буурийн ойролцоо байна.

Өнөөгийн Энхтайвны өргөн чөлөө 40 мянгатын хорооллыг барих явцад үүсчээ. Тэр хүртэл Улаанбаатар хотын төв гудамж өнөөгийн Сөүлийн гудамж байжээ. Ленин клубын урдуур гарсан зам урагш эргэж Гаалийн хорооны араар гарсан байна. Гаалийн хороо гэдэг нь Драмын эрдмийн театр орчим юм.

Дэлхийн II дайны дараа Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, хотын төв хэсэгт Д.Сүхбаатарын талбайг тойрсон олон барилга, байшинг 1946-1954 оны хооронд барьж ашиглалтанд оруулжээ. Эдгээр байшинг барихад Японы олзны цэргүүдийг 1945-1947 оны хооронд дайчлан оролцуулжээ. Тухайлбал, Засгийн газрын ордонг 1945-1951 оны хооронд барихад 300 гаруй, Д.Сүхбаатарын хөшөөг 1946 онд босгоход 8-9 японы олзлогдсон цэргийн хүчийг ашиглажээ. Мөн 1946-1948 оны хооронд өнөөгийн Хөрөнгийн бирж, тухайн үеийн Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театрын барилга, Алтай зочид буудлын байшин буюу өнөөгийн Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар байрлаж буй байшин, Гадаад харилцааны яамны барилга, 1946-1949 оны хооронд Улсын төв театр буюу одоогийн Дуурь бүжгийн эрдмийн театрын барилга гэх зэрэг 10 гаруй барилга, байшинг бариулжээ.

Хүн чулууны хонхор

Шав тавьсан хонхор 1639 онд Түшээт хан Гомбодоржийн дэд хөвүүн Занабазар Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөгдөн, “Өргөө” байгуулагдснаар өдгөөгийн Улаанбаатар хотын үүсэл тавигджээ. Их хүрээ 21 дэх удаагийн нүүлтээрээ Хан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт 1778 онд суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож хүн чулуун хөшөөгөөр шав тавьсан гэдэг. Энэ түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх зорилгоор 1994 онд тус шав тавьсан газрын хойхно хэсэгт мэлхий суурьт дурсгалын хөшөө босгосон юм. Нийслэл хотын Засаг дарга Ц.Баасанжав анх санаачилж, зураач Дашийн Наранжав зураг төслийг боловсруулжээ. Суурь нь монгол гэрийн буурийг бэлгэшээж, Төрийн шагналт, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Хойчийн хүмүүс мэдтүгэй, монголчууд нийслэлээ товлож шаваа тавьсан газар энэ болой” гэсэн бичээсээр чимэгдсэн.

“Явдаг” хөшөө Төрийн шагналт Н.Жамбаа 1948 онд эх загварыг нь зохиож, 1958 онд Урчуудын Эвлэлийн Хорооны барималын тасгаас эрхлэн босгосон “Эмнэг сургагч”-ийн хөшөө нь Чойбалсангийн өвлийн ордон буюу 30-р байрны хойноос Сүхбаатарын талбайн төв цэцэрлэгт, цэцэрлэгээс Сентрал тауэрын урд хүртэл “нүүдэллэсэн” удаатай.

Богдын өндгөн сүргийн нутаг

Өндгөн сүргийн нутаг хэмээх тусгай хамгаалалтын бүс Их Хүрээнд XIX зууны үе буюу VIII Богд Жавзандамба хутагтын үед бий болжээ. Өндгөн сүргийн нутаг гэдэг нь VIII Богд Жавзундамба хутагт болон түүний гэр бүлийнхний өдөр тутмын хэрэгцээний морь, тэмээ, үхэр, хонь, ямаа маллаж айраг, хоормог, сүү, цагаан идээ бэлтгүүлж, ордны дотоод хэрэгцээнд авч хэрэглэдэг байсан ба энэхүү тусгай хэрэгцээний малыг Туул гол, Дунд голын хоорондох хэдэн булгын савд адуулан малладаг байсан учир их л энхрий нандин сүрэг гэсэн утгаар ийнхүү нэрлэж, дээрх хоёр голын хоорондох нутгийг өндгөн сүргийн бэлчээр хэмээн үзэж энэ бүс нутагт бусдын морь малыг оруулах явдлыг цээрлэдэг байсан гэдэг. Өндгөн сүргийн нутагт Богдын Цагаан, Ногоон, Хүрэн гурван ордон байжээ.

Гунгаадэжидлэн буюу Цагаан ордон Туул голын хойд хөвөөн дээр 1840 онд V Богд Жавзундамба хутагтын зуны ордон болгож байгуулсан. Энэ сүмийг Богдын зуны цагаан ордон буюу эргэдэг цагаан сүм гэх бөгөөд мөргөлчид Ганжуур боть номыг үүрч сүм дуганыг тойрон эргэж байснаас ийнхүү нэрлэжээ. Энэхүү сүмийг аж үйлдвэрийн комбинатыг 1934 онд барихад нураасан бөгөөд одоогийн I цахилгаан станцын орчимд байжээ.

Шаравпэлжээлэн буюу Ногоон ордон Монголын шарын шашны тэргyyн VIII Богд Жибзундамбад зориулж Шаравпэлжээлэн буюу Билгийг хөгжүүлэн бадруулагч хийдийн цогцолборыг 1893-1903 онд барьжээ. Оросын цагаан хаан 1903 онд Сибирийн нэгэн баян эзний хувийн сууцны загвараар нэгэн модон байшинг буриад мужаануудаар бариулан VIII Богд Жавзундамбад бэлэглэжээ. Энэ байшинг засварлан 1905 онд Богд Жавзундамбын өвлийн ордон болгожээ. 1926 онд Ардын Намын Төв Хороо, Засгийн газар Богдын өвлийн ордонг музей болгох шийдвэр гаргаж, 1954 онд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 464/46-р тогтоолоор Улсын Төв музейн харъяа музей болж ашиглаж байгаад 1961 оноос биеэ даан тусгаарлаж Богд хааны ордон музей болжээ.

Зайсан толгой

БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалан, алтан амиа өргөсөн Зөвлөлтийн эрэлхэг дайчдын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг 1956 онд Зайсан толгой дээр анх босгожээ. Хөшөөг анх чоддин буюу суварган хэлбэртэй, XVII зууны үеийн Монголын бага хаадын үеийн цайз хэрэм, бэхлэлтийн барилга байгууламжийн уламжлалыг хадгалан бүтээсэн юм. 1969 онд хөшөөг өөрчлөн сайжруулахаар болж, ерөнхий архитектор А.Хишигт нарын хүмүүс шинэ зураг төсөл зохиожээ. Хөшөөг 1969-1971 онд барьж байгуулахад ЗСБНХУ-ын нэрт инженер-конструктор В.В.Ханджи туг ба баримлыг томсгож, бодит хэмжээнд оруулах линалын аргыг хэрэглэж цутгадгийг анх удаа манайд нэвтрүүлжээ. Хөшөөний барилга байгууламжийн төсөвт нийт 8 570 000 төгрөг зарцуулагдсан байна. 1956 оноос өмнө Нийслэл хүрээг тольддог гол цэг нь Тасганы овоо байсан нь өөрчлөгдөж, Зайсан толгой руу ийн шилжсэнийг хотжилт, бүтээн байгуулалтыг өргөжсөнтэй холбон тайлбарласан ч бас болно. 1970 онд 89 метр өндөртэй байсан Зайсан толгойг 3 метр хэртэй тэслэх төлөвлөгөөтэй байсан ч нэг метрээр хэтрүүлсэн нь 40 гаруй жил нууцлагдаад 2011 онд ил болжээ.

Хүрээний олон яамны газар

Улаанбаатар хотын төв хэсэг (өнөөгийн Д.Сүхбаатарын талбай, МУБИС, Ленин клуб орчим). Улаанбаатар хотод 1938-1939 оноос эхлэн цардмал зам тавьж “Хувьсгалын зам” хэмээн нэрлэсэн байна. 1960 онд Хувьсгалын замыг Энхтайвны гудамж гэж нэрлэжээ. Тус зам дагуу 1929-1930 онд одоогийн МУБИС-ийн А байр (1935-1951 оны хооронд Засгийн газар байрлаж байсан), 1929 онд “Нардом” буюу Ленин клуб, 1946 онд Д.Сүхбаатарын хөшөө, 1948 онд төв цэцэрлэг гэх зэрэг худалдаа, үйлчилгээ, эмнэлэг сургууль, орон сууцны олон байшин барилгыг барьснаар хотын гол гудамж болон хувирчээ.

Сангийн яамны хороо

Баянзүрх дүүргийн 6-р хороо буюу Бөхийн өргөөний хойно орших Холбооны анхны барилга буюу олноо Төмөр утасны хороо хэмээгдсэн барилга 1913 онд баригдсан бөгөөд 1914 онд баруун талын залгааг барьж дуусгажээ. 1913 онд тус барилгад Үнэн алдартны шашны хөгжимчид байрлаж, зарим үед Богд хааны зуны ордонд тоглодог байсан аж. Улаанбаатар хотод үлдсэн түүхэн дурсгалт цөөхөн байшингийн нэгэнд өдгөө ресторан, дэлгүүр, нарийн боовны газар байрлаж байгаа нь хадгалалт хамгаалалтад нь сөрөг нөлөөтэй юм. Өдөр ирэх бүр шинэ шинэ барилгад шахагдан нурж буй түүхэн байшингуудыг хотын захиргаа харж хандах нэгэнт болжээ.

Гоожингийн өндөр ХХ зууны эхээр Нийслэл Хүрээнд баригдаж, олноо “Гоожингийн өндөр” хэмээн нэршсэн байшин өдгөө Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, 21-р сургуулийн зүүн хойд талд оршдог. Энэ хоёр давхар байшинг Богд Хаант Монгол Улсын Ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн Орос улсад айлчилж ирээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүнтээ бариулжээ. Энд байрлаж байсан Монгол Улсын Бүгд Ерөнхийлөн Захирах яам буюу Засгийн газрын ерөнхий сайдын сууцны хоёр давхар хоёр байшингийн нэгийг Цэргийн яаманд, нөгөөг Сангийн яаманд шилжүүлснээр Сангийн яаманд шилжсэн энэ байшин нь Түшээт хан аймгийн Эрдэнэ ван Намсрайн нэрийн дор Сангийн яамны хороонд буюу Зүүн Сэлбийн зүүн хэсэгт өнөөгийн байгаа газартаа нүүн ирж, тус яамны ”Гадаад хүүгийн хэлтэс” энэ байшинд байрлаж байв. Энэ хэлтэс нь “Аливаа хүнд түрээслэн олгох, дэлхийн баялаг, ус голын ашгийн түрээсийг хураах, дотоод хүүд шилжүүлэх ба эрхлэн захирах, үзэж шийтгэх, түшмэл албаны орыг томилох” зэрэг албан үүрэгтэй байжээ. Ийм албан үүрэгтэй хэлтэс байрлаж, энэ ажлыг С.А.Козин зөвлөн явуулж байсан учраас тэр үед аливаа хоёр давхар байшинг “өндөр” гэж хүрээнийхэн тодорхойлж байсан болоод ч, нөгөөтэйгүүр Козин хэмээх нэрийг дуудахад бэрх тул монголчууд “Гоожин” хэмээн сунжруулан дуудах болсноос шалтгаалж “Гоожингийн өндөр” хэмээн олонд нэрлэгдэх болжээ. Энэ байшингийн нэгэн тасалгаанд Монголын хууль шастир хэвлэх газар бас байрлаж, тэнд 1919 онд Д.Сүхбаатар үсэг өрөгчөөр ажиллаж байсны дээр Хятадын түрэмгийлэгчид Богд хааныг энэ байшинд авчирч 1920 оны 10-р сарын 25-наас 12-р сарын 14 хүртэл гэрийн хорионд байлгажээ.

Сангийн яамны хороо

Нийслэл Хүрээнд Оросын буриад худалдаачин Цогт Гармаевич Бадамжав 1918-1919 оны хооронд энэ байшинг хувийн сууц болгон бариулжээ. Цогтбадамжав байшингаа хийц, загварын хувьд чамин өвөрмөц төрхтэйгөөр хийснээс гадна байшингынхаа орой дээр Оросын хаан ширээ унасныг модон ширээний дөрвөн хөлийг дээш харуулан хийсэн гэж яригддаг. Цогт Гармаевич Бадамжав нь 1899-1930 онд Монгол-Төвөдийг судлах П.К.Козловын экспедицийн орчуулагчаар ажиллахын зэрэгцээ Орос, Монголын хооронд худалдаа хийдэг пүүс болон Хятад, Англи, Герман пүүсүүдэд брокероор ажиллаж байжээ. Ардын хувьсгал ялсны дараа Цогт Бадамжав нь Эд хэрэглэгчдийн хоршоо, тээврийн байгууллагуудад ажиллаж байсны дээр Шүүх яамны зөвлөх байсан юм. Гэвч 1931 онд баривчлагдан 1937 онд ЗХУ-д буудуулан хороогджээ. Цогтбадамжавын долоон хүүхдээс Дэви, Осоржимаа хоёр нь эдүгээ Улаанбаатар хотод энх тунх амьдарч байна. 1944 онд МАХН-ын Төв хорооны 7-р тогтоолоор уг байшинд Д.Сүхбаатарын музей байгуулах шийдвэр гарч 1946 оны 3-р сарын 1-нд МАХН-ын 25 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын музейг байгуулжээ. 1953 онд Д.Сүхбаатарын музейг Х.Чойбалсангийн музейтэй нэгтгэж Сүхбаатар-Чойбалсангийн ордон музей болгон нэгтгэхэд эндээс музейн бүх зүйлс тэр музейд шилжиж, энэ байшинд Хэвлэлийн төв газар оржээ. Харин МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1960 оны 4-р сарын 11-ний өдрийн 106-р тогтоолоор “Хотын түүхийн үзэсгэлэн”-г “Улаанбаатар хотын Түүх, Шинэчлэн байгуулалтын музей” болгон өргөтгөсөн бөгөөд өнөөг хүртэл тус байшинд үйл ажиллагаагаа явуулж байна.

Зүүн дамнуурчин

Зүүн хүрээ аймгийн зүүн тал, Сэлбэ голын зүүн дэнж дээгүүр хойноосоо урагш чиглэн үүссэн Хятад хорооллыг монголчууд Хүрээний баруун талд XIX зууны эхэн үед Маймаачнаас тасарч үүссэн хятад хорооллоос ялгаж “Зүүн дамнуурчин” хэмээн нэрлэсэн байдаг. Өнөөгийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамнаас хойш, XII хорооллоос баруун тийш, Оросын соёлын төвөөс урагш Чингис хаан зочид буудлын орчимд Зүүн дамнуурчин байсан бөгөөд энэ газар Хятадын 10 орчим пүүс байжээ. XII хороолол баригдаж байгаа зургийг 1969 онд буулгажээ. 1965-1970 оны хооронд орон сууцны XII хороолол иж бүрэн цогцолбор хэлбэрээр баригдсан юм. Зүүн Сэлбэ голын баруун талд одоогийн Усан спорт сургалтын төвийн ойролцоо 1911 оны орчимд үүссэн Цахарын хороо, түүнээс баруун хойш Зүүн хүрээ гучин аймаг байрлаж байжээ.

Конуслын дэнж

Зүүн дөрвөн замаас офицеруудын ордны зүүн гудамж хүртэлх дэнжийг 1860-аад оны үеэс “Консулын дэнж” хэмээн нэрлэж байв. 1860 онд Их хүрээнд Орос улсын консулын газар байгуулагдаж, байрлах хоёр давхар модон барилгын зөвшөөрлийг 1863-1865 онд Хүрээнд сууж хэрэг шийтгэх Манж сайдын газраас авчээ. Оросын консулын анхны оффис гэж нэрлэгддэг энэ байшин нь Их хүрээний анхны европ хийцийн давхар байшин юм. Их хүрээний хамгийн өндөр байшинд тооцогдож байсанд нь хүрээний лам нар “тахилын модноос өндөр юм бий болов” хэмээн дургүйцдэг байжээ.

Монгол орныг судалсан хийгээд Монголоор дамжин өнгөрсөн Орос болон Европын эрдэмтэд, жуулчид болох Н.М.Прежвальский, А.Я Бичурин, Т.Н Потанин, А.П Позднеев нар энд буудаллаж явсан тухайгаа тэмдэглэлдээ үлдээжээ. 1971 оны 12-р сарын 28-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор анх хамгаалалтад авсан энэхүү түүхэн дурсгалыг 1996 онд гадна дүр төрхийг өөрчлөлгүйгээр сэргээн барьжээ. Хамгаалагдсан байшинд өдгөө хотел ажиллаж байна.

Маймаа хот

Их Хүрээ суурьшиж эхэлсэн 1778 оноос хятад худалдаачид Хүрээнээ тусгай суурин байгуулж, Элбэг Амгалант гацаа гэж нэрлэжээ. Энэ гацаа нь олноо Маймаа хот гэж алдаршсан юм. Маймаачин хятад худалдаачид өглөө эрт худалдах зүйлээ дамнан Их хүрээнд авчирч, худалдаалаад, орой нь эргэж Маймаачиндаа буцдаг байжээ. Үүнээс үндэслэн худалдаачдыг "дамнуурчин", тэдний суух газрыг "дамнуурчны газар" хэмээх нэр үүсчээ. 1925 оноос  Д.Сүхбаатарын төрж өссөн Маймаачин хотын нэрийг “Амгаланбаатар” болгож өөрчилсөн юм. Зураг дээр Маймаачин хотын иргэд шашны ёслол үйлдэхээр сүмийн зүг явж байна. Монгол хэлний “наймаа”, “наймаачин” гэх үг чухамхүү “маймаа”-гаас үүсэлтэй юм.

Сүхбаатарын төрсөн буурь

Хүрээний хятад иргэдийн мөргөлийн газар Гэсэр, Эрлэг номун ханы, Одон зэрэг сүмүүдээс Дарь-Эхийн сүм өдгөө хадгалагдан үлджээ. Дарь Эхийн сүмийн төлөвлөлт, гоёл чимэглэл, өнгө будаг нь Хятадын сүм хийдийн уран барилгын хэв маягийг илтгэнэ. Сүм эргэн тойрон хөх тоосгон хэрэмтэй бөгөөд хэрмийн өмнө талд том хаалга байжээ. Дарь эхийн сүм жил бүрийн зуны эхэн сарын арван тавны өдөр “Дарь эх бурханы буултын өдөр” хэмээх шашны баярыг тэмдэглэж, хятад лам нар ном хурдаг уламжлалтай байсан аж. Дарь эхийн сүмийн урд монгол хятад чулуучид зүсмэл боржин чулуугаар арван нэгэн метр өндөр хоёр чулуун багана бүтээжээ. Баганан дээр хүн, амьтны дүрс, хээ угалз, бичиг үсэг зэргийг чадварлагаар сийлж, баруун талынхад нь “Олон тивийн амьтныг зуурдын орноос гэтэлгэн тэнхрүүлнэ” гэсэн бол зүүн талынх дээр нь “Түмэн амьтныг их энэрэнгүй сэтгэлээр аварна” гэж бичсэн байдаг.Дарь эхийн сүмийг 1937-1938 оны хооронд нураасан ч 1941 онд уран барилгын дурсгал хэмээн үзэн Улсын бага хурлын тогтоолоор тусгай хамгаалалтад авч, 1960 онд сэлбэн зассан байна. Сүмийг 1994-1995 онд сэргээн засварласан бөгөөд өдгөө Дарь эхийн хурал хурдаг юм. 1994 онд сүмийг дахин улсын хамгаалалтад авчээ. Д.Сүхбаатарын төрсөн буурь энэ сүмийн зүүн өмнө этгээдэд байх агаад түүний хөшөөг 2012 онд босгосон байна.

Дөчин мянгат

Улаанбаатар хотод 1958-1961 оны хооронд 40 мянган м2 ашигтай талбай бүхий нэгдүгээр 40 мянгатын орон сууцны 3, 4 давхар барилгыг соёл, үйлчилгээний газруудын хамт барьж ашиглалтад оруулсан нь Улаанбаатар хотод хорооллын журмаар барьсан анхны барилга байгууламж болсон юм. Орон сууцны 1-р 40 мянгатын барилгуудыг барьж эхэлснээр Сталины гудамж (өнөөгийн Сөүлийн гудамж)-тай залгасан чиг шулуун өргөн шинэ гудамж үүссэн бөгөөд Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1960 оны 59-р протоколоор Энхтайвны гудамж гэж нэрлэжээ.