15 жилийн дараа онцгой эрхээ авсан “МТЗ” ТӨХК-ийн шинэ цаг тоолол эхэллээ
-Хил дамнасан төмөр замын асуудлыг Хятадын талтай нарийвчлан тохирох хэлэлцээ хийх эрхийг “МТЗ”-д өглөө-
Шинэ оны гараан дээр олон сайхан ажлыг эхлэхээр бэлэгдэн гараанаас гарсан Засгийн газар, энэ оныг “нүүрсний хулгайч” хайсаар үдэж байгаа нь харамсалтай. Арав гаруй жилийг хамаарах “нүүрсний хулгайн” хэрэг хариуцлага тооцох эзэнгүй өнгөрөх ёсгүй.
Мөн хариуцлага тооцохын тулд хэн нэгнийг хэлмэгдүүлж ч болохгүй. Энэ тухай цаашид үргэлжлүүлэн ярьж, бичицгээж, улс орны хөгжлийн арав гаруй жилийн түүхийг “хулгайн замаар” тасалдуулсан алдагдсан цаг хугацааны хохирлын тухай эцэсэн шийдэх нь гарцаагүй. Гэвч хуучин оноо үдэж шинэ оноо угтах мөч ирлээ. Бид тэрхүү алдагдсан цаг хугацааны тухай биш айсуй он жилүүдэд зөв бодлогоор, үр бүтээлтэй хөгжих тухайгаа ярих ёстой. Тиймээс ч Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих шалтгаан байна.
Засгийн газрын 2022 онд хийсэн ажлын хамгийн оргил хэсэг нь “Шинэ сэргэлтийн бодлого”, тэр дундаа “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хийсэн үе шаттай ажлууд гэж хэлж болно. Үүний өмнөх нийтлэлдээ УБТЗ ХНН-ийн зүгээс Замын дарга Х.Хэрлэнг томилогдон ажилласнаас хойш ямар бодлого баримталж, юуг, яаж өөрчилсөн талаар бичсэн. Энэ удаад “Монголын төмөр зам” ТӨХК өнгөрсөн нэг жилийн хугацаанд, үүний дотор П.Ганхүүг тус компанийг удирдах болсноос хойш ямар ажил амжуулсныг товч танилцуулж байна. Ийнхүү удирдлагуудынх нь томилогдсон хугацаагаар дурддаг нь тухайн байгууллагын бодлого төлөвлөгөө хоорондын залгамж чанар хэрхэн хадгалагддаг, ялангуяа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй холбоотой Шинэ сэргэлтийн бодлого, Боомтын сэргэлтийн хүрээнд хийж байгаа ажлын алдаа, оноог дэнслэхэд илүү шударгаар дүгнэгдэх болов уу гэж бодсон юм.
Шинэ сэргэлт-Шинэ гарц
УИХ-ын 24 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.6.1.1-д Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн байдаг. Дараа нь Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны 116 дугаар тогтоол батлагдсан. Энэ тогтоолоор баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын зураг төслийг хийх, ингэхдээ барих-ашиглах-шилжүүлэх концессийн нөхцлөөр гадаад дотоод хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэхийг салбарын сайд болон “МТЗ” ТӨХК-д даалгаснаар уг төслийг хамтран хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрийн шатанд төслийн урьдач нөхцлүүдийг тохирохоор ажиллаж байна. Ингээд ирэх оны эхний улиралд багтаан концессийн гэрээг байгуулж, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг ирэх оны 7 дугаар сараас өмнө Бичигт боомтын талаас эхлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн босоо төмөр замын коридорыг барьж ашиглалтад оруулснаар Монгол Улсын экспортын түүхий эд, ачаа тээврийг хөрш болон гуравдагч орны зах зээлд хүргэх шинэ гарц нээгдэнэ. Мөн зүүн чиглэлийн Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт төмөр замын төсөл нь дотоодын барааг экспортод гаргах, цаашлаад Монгол Улсыг транзит улс болоход томоохон үүрэг гүйцэтгэх төсөл эхэлж байгаа нь энэ. Ингэснээр Монгол Улс түүхэндээ ганцхан төмөр замын гарцаар урд хөрштэйгээ холбогдож байсныг нэмэгдүүлж, Ханги болон Гашуунсухайт боомтоор ойрын хугацаанд холбогдох нь. Үүний дагуу Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулсан нь саяхан нээлтээ хийсэн. “Монголын төмөр зам” ТӨХК дээрх 226.9 км төмөр замын дээд бүтцээс 56 км-ийг нь тус хамт олон өөрсдийн хүний нөөц, туршлага, техникийн хүчин чадлаар бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоод байна.
700 гаруй мянган тонн зүгшрүүлэх тээвэрлэлтийн ачааг тээвэрлэж, дэд бүтцийн ажлыг техникийн комисс хүлээн авлаа
Үүнээс гадна Зүүнбаян-Ханги төслийн бүтээн байгуулалтад хэрэглэгдэх 430 мянган тонн орчим тоног төхөөрөмж, ачаа барааг өөрийн төмөр замын суурь бүтцээр дамжуулан хямд өртөг, байгаль орчинд ээлтэй байдлаар шуурхай тээвэрлэж шинэ төмөр замтай болоход бодитой хувь нэмрээ оруулаад байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замаас 110 км-ыг нь “МТЗ” дотоодын нөөц бололцоо, чадавхид тулгуурлан “МТЗ” ТӨХК бие даан хэрэгжүүлж байгаатай бөгөөд монгол хүний гараар баригдаж буй анхны төмөр замыг бүрэн ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа энэ түүхэн ач холбогдлыг чамлах, үгүйсгэх аргагүй юм.
Төслийн доод бүтцийн ажлууд хэдийнэ дуусч 700 гаруй мянган тонн зүгшрүүлэх тээвэрлэлтийн ачааг тээвэрлэсэн бөгөөд дохиолол холбоо, эрчим хүч зэрэг дээд бүтцийн ажлууд ч мөн дуусч шинэ оноо угтахаас 4-хөн хоногийн өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 27-нд техникийн комисс хүлээн аваад байна. Энэ бол “Шинэ сэргэлтийн” баяртай мэдээ мөн биз дээ?
Хэдийгээр төмөр замын өртөг, зардлыг боломжит байдлаар тооцоолж, олон улсын жишгээс хямдаар шийдсэн ч цаашид “Монголын төмөр зам”-ын өмнө төмөр замын үр ашгийг дээшлүүлэх чиглэлд олон сорилт тулгарах нь гарцаагүй. Тухайлбал, хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын төслийг цогц байдлаар ашиглахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, менежментийн шийдлийг оновчтой зохион байгуулах зэрэг олон том ажил угтаж буй.
Хөршүүд боомтын сэргэлтийг үнэлж байна
2023 онд Хятад улсын дипломат харилцаа нь “Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” үзэл баримтлалын дагуу цаашид өргөжин тэлэхийн зэрэгцээ цар тахлын нөхцөл байдал цаашид сайжрах дүр зурагтай байна. Ингэснээр хоёр орны хилийн боомтуудын ажиллагаа хэвийн байдалд орж, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтарсан төслүүдийн хэрэгжилт түргэсэж, Монгол Хятад хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа идэвхжихээр байгааг Хятадын хэвлэлүүд бичих боллоо. Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай автозамаар үе шаттай бүрэн холбож тээвэр, логистикийн өрсөлөх чадварыг дээшлүүлж ачаа тээврийн урсгал сайжирч транзит улс болох суурь нөхцөл ийнхүү бүрэлдэж буй нь Монгол Улсын эдийн засгийн байдлыг төдийгүй дэлхий дахинд үнэлэгдэх, гадаад харилцааны нэр хүндийг нэмэгдүүлнэ. Тиймээс ч Ази-Европыг холбосон бүс нутгийн логистикийн төв байгуулж дамжин өнгөрөх ачаа тээврийг нэмэгдүүлэх нь цаашид Монголын Засгийн газрыг улам эрчимтэй, хурдтай, итгэл даахуйц ажиллахыг шаардаж байна.
Энэ бүхэнд “МТЗ” ТӨХК бэлэн үү?
Экспорт, импортыг дэмжих зорилгоор Замын-Үүд дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлж төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хэсэгчлэн холимог тээвэр, чингэлэг тээврийн терминалыг шинээр байгуулж транзит тээврийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд судалгааны ажлууд болон зураг төсөл, ТЭЗҮ боловсруулаад байна.
Үндэсний төмөр замын компанийг бий болгох, олон улсад нэг цонхоор гарч, хөрш орнуултай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ажил шинэ түвшинд гарсан.
Монгол Улсад төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах чиг үүрэг бүхий “МТЗ” ТӨХК ирж буй онд 15 нас хүрнэ. Гэвч өнгөрсөн хугацаанд тэдний хийсэн ажлыг чамлахааргүй хэрнээ төмөр замын салбарын хөгжил, ач холбогдлыг чухалчлан харж нэгдсэн бодлогоор дэмжиж байсан эсэх нь эргэлзээтэй. Ашиглаж шамшигдуулсан, харамсаж халагламаар олон асуудал бий. Энэ тухай оны дараа тодорхой бичиж мэдээлнэ. Харин энэ Засгийн газрын үед Үндэсний төмөр замын компанитай байж, түүнийгээ хүчирхэгжүүлж нэг бодлого, зөв гольдролоор явах дүр зургууд одоо гаргаад байгаа шийдвэр, дэмжлэгүүдээс харагдаж эхэллээ.
Тухайлбал, Засгийн газраас “Хилийн боомтуудын төмөр замын талаар авах арга хэмжээний тухай” 446 дугаар тогтоол гарч Монгол-Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын төмөр замын байгууллагатай нарийвчлан тохиролцох хэлэлцээ хийх эрх үүргийг “МТЗ” ТӨХК-д олгосон.
Энэ хэлэлцээний хүрээнд Бичигт, Ханги, Шивээхүрэн боомтуудын өргөн, нарийн царигийн өртөөдийн урьдчилсан төлөвлөлт, хил дамнасан протоколын төсөл, төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай хийх хэлэлцээрт баримтлах Монгол талын удирдамжийн төслийг боомт тус бүрээр, хилийн боомтуудын төмөр замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах техникийн шаардлагын төсөл зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна. Өөрөөр хэлбэл, одоо онцгой эрхээ авсан “МТЗ” нарийн тохиргоо хийх хэлэлцээртээ бэлэн болжээ.
Ийнхүү 15 жилийн дараа Монголын төр “Монголын төмөр зам” компаниа “тоож”, дэмжиж, алдарт “РЖД” хүртэл “МТЗ” дээр очиж асуудлаа ярьж хэлэлцээ хийдэг болсон байна. Энэ бол Үндэсний төмөр замтай болсны эхний баярт мэдээ юм шүү.